| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зүмбэрэллхамын Шүрэнчулуун |
| Хэргийн индекс | 169/2021/0115 |
| Дугаар | ШЦТ/2021/123 |
| Огноо | 2021-12-03 |
| Зүйл хэсэг | 13.6.2., 17.1.2.1., 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Оргилболд |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 03 өдөр
Дугаар ШЦТ/2021/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Б.Оргилболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам, Д.Цоодол
Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Цд холбогдох ...... тоот хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, төрсөн, ... настай, мужаан мэргэжилтэй, оршин суух, 2005, 2007 онд 2 удаа ял шийтгүүлж байсан, М овогт Б Ц гэв. РД:/ЗЮ......../
Шүүгдэгч Б.Ц нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт “Азийн хөгжлийн банк”-ны санхүүжилтээр баригдаж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв”-ийн барилгын талбайд байрлах ажилчдын гэрт 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн үүрийн 06 цагийн орчимд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаж хохирогч Б.Ш, Ц.О нарыг хоёр гартаа хутга барин манай эхнэрийг ажиллуулахаа болихгүй бол ална гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн,
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Аман бууц” гэх газарт оршин суух иргэн Д.Агэрээс 2021 оны 08 дугаар сарын 15-ны үүрийн 05 цагийн орчим урьд нь агсам тавьж байсан гэх шалтгаанаар мотоцикл, 3 ширхэг хазаар, зурмал бурхан, газын плитка зэрэг эд зүйлийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан,
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Баруун улаан” гэх газарт оршин суух Ч.Эгэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хууль бусаар нэвтэрч ааруул, гар утас, бурхан, бэлэн мөнгө, шүрэн бугуйвч зэрэг эд зүйл хулгайлж 600.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан,
Дундговь аймгийн Адаацаг сумын 3 дугаар багийн иргэн Д.АХэнтий аймгийн Дархан сумын нутагт отор нүүдлээр явж байгаад 2021 оны 06 дугаар сарын эхээр алга болсон зөв талын гуяндаа задгай чандмань тамгатай 4 тооны адууны, 2 нь болох 2 тооны алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт “мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
А. Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн талаар:
- Хохирогч Б.Шын: “...Дундговь аймгийн төвд баригдаж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн төв”-ийн барилгын хашаанд унтаж байхад цуг хашхираад чанга дуугарахаар нь сэрсэн. Тэгэхэд 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн өглөө 06 цаг өнгөрч байсан. Урд талын гэрт нэг хүн Мнөхөр нь ирсэн байна гэж мэдсэн. Тэгсэн удаагүй миний байсан гэрт орж ирээд “Отгоо хаана байна хутга шаана, хаана байна ална гээд хашигчаад манай эхнэрийг ажиллуулаад нутгаас хүн ажил хийлгэж болохгүй бүгдийг чинь ална гээд хоёр хутга гартаа барьчихаад хооронд нь хавираад хаалга руу болон шалан дээр хутгаараа зоогоод буцаагаад аваад байсан.”Би тэгэхээр нь “эхнэр чинь энд ажиллахгүй байгаа та хоёрын асуудал бид нарт ямар хамаатай юм” гэсэн чинь худлаа хэллээ гээд хутга шаачихна шүү гээд өөдөөс 1-2 удаа алхсан тэгснээ эхнэрийн машин нь барилгын хашааны гадаа байсан гээд бүгдийг чинь ална шүү машины цонх хагална, дугуйг нь хагална гэж хашхираад байгаад гэрээс гараад гадаа газар руу хоёр гартаа барьсан байсан хутгаараа ээлжлээд шаагаад байсан тэр үед бас пизданууд минь бүгдийг чинь ална гээд хашхирч байгаад мотоциклоо унаад яваад өгсөн. Ц гэгч амарч байхад ална хядна гээд хашхирч, хоёр гартаа хутга барьчихаад айлган сүрдүүлж хүмүүсийг айлгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85/
- Хохирогч Ц.Огийн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн өглөө унтаж байхад гаднаас нэг хүн ална аа хоёр гартаа хутга барьчихаад хооронд нь хавираад та нарыг ална гээд шал руу хутгаараа нэг шааж байгаа харагдсан тэгээд гадаа гараад та нарыг ална машины цонхоо хагалуулах уу гэж байгаад л хашаанаас гараад явсан. Тэр үед 06 цаг өнгөрч байсан. Өмнө бас тэр залуу ирээд 07 сард өдрийг санахгүй байна барилга дээр ирчихээд барилгын даамал О маргалдаад байх шиг байсан холоос харсан юм. Тэгэхэд манайд ажилладаг Мнөхөр нь гэж мэдсэн. Хүмүүс тэр хүнийг Ц гэж яриад байсан. Богинохон төө хэртэй хутга барьсан байсан. Би барилгын хашаанд барьсан 4 гэрийн баруун хойд талын гэрт эхнэртэйгээ хоёулаа байсан. Дахиж ирээд айлгаад байх вий гэж айж байна өөр санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81/
- Хохирогч Т.Ц“...Би 2021 оны 08 сарын 06-ны өдөр сэрчихээд орондоо хэвтэж байхад гаднаас хоёр гартаа хутга барьчихсан Мнөхөр орж ирээд манай энэ бригадын дарга хаана байна гэхээр нь хойд гэрт байгаа гэж хэлсэн тэгсэн короногийн үед аймгаас хүн ажиллуулах ёсгүй та нарыг бүгдийг ална хутгаараа зоогоод ингээд бүгдийг чинь ална чинь ална шүү гэж байгаад гэрээс гараад яваад миний унаж байсан гэрийн хойд талын байсан гэрт ороод чанга чанга дуугараад байсан яг юу ярьсныг сайн сонсоогүй. Тэр үед 06 цаг өнгөрч байсан. Нэг гартаа бор иштэй, нөгөө гартаа цагаан иштэй хутга барьчихсан байгаа иштэйгээ нийлээд төө орчим урттай байсан. Би Обаяр, Улаанаа /жинхэнэ нэрийг сайн мэдэхгүй / гэх хоёр хүнтэй хамт байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87/
- Гэрч Д.Оы “...Би 2021 оны 08 сарын 06-ны 05-ны өдрөөс хойш Дундговь аймгийн Сайнцагаан суманд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв” –ийн барилгын ажлыг хариуцаж хийлгэж байгаа юм. Тэгээд би Дундговь аймгийн төвөөс хэдэн хүн авч ажиллуулсан тэр дунд Мнөхөр гэгч Ц гэдэг залуу ирээд бригад ахалж байгаа хүн хэн бэ гээд над руу хутга бариад дайрахаар нь би хажууд байсан модыг бариад авсан чинь Ц гэгч зогсоод газар руу хутгаараа шаагаад “бүгдийг чинь ална гэж” байгаад хашаанаас гараад яваад өгсөн. Тэгэхэд манай ажилчид хараад зогсож байсан. Дараа нь 2021 оны 08 сарын 06-нд Ц гэгч нь өглөөний 06 цагт ажилчдын амарч байсан 3 гэрт орж “О хаана байна гээд 2 хутга хооронд хавирч алнаа гэж хашхираад” байсан бас хутгаараа гэрийн гадаа газарт шааж байгаад яваад өгсөн гэж манай ажилчид хэлсэн. Бас машин тэрэгний цонх шил дугуйг хагална гэж хэлсэн гэсэн. Би тухайн өдөр хөдөө явсан байсан юм. 2021 оны 08 сарын 06-ны өдөр ажилчдын 3 гэрт 13 хүн байрлаж амарч байхад тэр Ц гэгч орж айлгаж , амгалан тайван байдлын алдагдуулсан байсан. Энэ хүн улаа дараа манай ажил дээр ирж хутга барьж айлган сүрдүүлж ажилчдын амгалан тайван байдлын алдагдуулж байгаад гомдолтой байна хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Тэр Ц гэгчийн энхэр М нь арматурчин боодог юм. Хар иштэй хуванцар бариултай 25 орчим см урттай хутга байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 89/
- Гэрч Б.М: “...Би нөхөр Оы хамт Дундговь аймагт 2021 оны 06 сарын 05-ны өдрөөс хойш барилга дээр ажиллаж байгаа юм. Дундговь аймгийн төвөөс М гэдэг эмэгтэйг ажиллуулж байгаа юм. Тэгсэн 2021 оны 07 сарын 18-ны өдөр 11 цагийн үед байх тэр Мнөхөр гээд Ц гэдэг залуу барилга дээр ирээд “ахалж байгаа хүн хаана байна гээд манай нөхөр рүү хутга бариад ална” гээд дайрахаар нь нөхөр хажуудаа байсан модыг бариад авсан чинь газар руу хутгаараа шаагаад арилж хашхирч байгаад яваад өгсөн. Бас 2021 оны 08 сарын 06-ны өдөр нөхөр бид хоёрыг хөдөө байхад өглөө 06 цагийн үед Ц гэгч ирж ажилчдын амарч байсан 3 гэрт орж “Отгоо хаана байна ална гээд хоёр хутга хооронд нь хавирч хашхирч байгаад” бас хутгаараа газар руу шааж байгаад яваад өгсөн гэж ажилчид ярьсан. Ц гэгч амарч байсан хүмүүсийн гэрт нь орж амгалан тайван байдлыг алдагдуулж айлгасан байсан. Тэр Мнөхөр Ц гэгч удаа дараа манай ажилчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа явдалд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Ямар байсан цаасанд боосон хутга байсан ямар хийц хэмжээтэй болохыг анзаарч хараагүй. Тухайн үед айж сандарсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 92/
- Гэрч Б.Згийн: “...Би Дундговь аймгийн төвд “хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв”-ийн барилгын ажил хийх гэж ирсэн юм. 2021 оны 07 сарын 18-ны 10,11 цагийн үед бие засах гээд явж байсан чинь туранхай бор залуу цаастай юм барьчихсан /тэр нь хутга байсан/ О ахын ойролцоо “Манай эхнэр Мг яагаад ажиллуулаад байгаа юм гүй гээд хутгаа бариад О ах руу алхсан чинь О ах хажуудаа байсан модыг бариад авсан чинь хашхираад хутгаа газар руу хутгаараа газар шаагаад байсан. 2021 оны 08 сарын 06-ны өдөр унтаж байсан чинь миний амарч байсан гэрийн баруун талын гэрт нэг хүн хашхираад “М гэдэг хүнийг яагаад ажиллуулаад байгаа юм ахалж байгаа хүн чинь хаана байна хашхирахаар нь өмнө ирсэн Мнөхөр нь байна гэж мэдсэн тэр үед цаг 06 цаг 30 минут болж байсан. Миний амарч байсан гэрийн баруун талын гэрээс гарч яваад байгаа сонсогдсон тэгж байхад тэр хүн юм хооронд үрээд байсан /дараа нь Ц эгчээс сонсож байхад тэр хүн хоёр хутга хооронд үрээд байсан юм байна лээ. / Хойд талын гэрч орчихоод Та нарыг бүгдийг чинь ална шүү Луусын хар Ц гэж сонссон уу асуугаад үзээрэй бүгдийг чинь хутгалж ална машины цонхыг хагалаад өгье, дугуйг хагалаад өгье гээд хашхирч байгаад явсан. Нөхөр Н бид хоёр тухайн үед гэрээс гараагүй тэр гэрт нөхөр бид хоёр хоёулаа байсан өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97/
- Гэрч Д.Мгийн: “...Би аймгийн төвд баригдаж байгаа “хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв”-ийн барилга дээр 2021 оны 07 сараас хойш арматурчин хийж байгаа. Би 2021 оны 07 сард өдрийг нь сайн санахгүй байна барилга хариуцаж байгаа О “танай нөхөр ирээд явсан чамайг ажиллуулаад байна битгий ажиллуулаарай, хутга барьсан” гэж хэлсэн. Тухайн үед би байгаагүй болохоор юу болсон талаар мэдэхгүй байна. Бас 2021 оны 08 сарын 06-ны өдөр бас орж ирээд манай эхнэрийг нууж ажиллууллаа битгий ажиллуулаад бай гээд хутга гаргасан гэж л О дарга надад хэлсэн надад өөр мэдэх зүйл байхгүй. Ц 2021 оны 06 сард ганцаараа мотоциклтой явж байгаад аваарт тэрнээс хойш янз бүрийн юм яриад ааш зан догшин болоод сонин болсон байсан. Тэр аваарт орсноос хойш хотод очиж эмчлүүлсэн гэсэн ээж нь тэгж хэлсэн. Ослоос болоод толгойдоо гэмтэл авсан гэсэн би би Цтэй уулзалгүй сар гаран болж байна. Ц 2021 оны 06 сараас овоон дээрээс бурхан тахил авч ирсэн байхаар нь буцааж тавь гэсэн чинь тавихгүй гээд тэр үйл явдлаас хойш бид хоёр хоорондоо хэд хэдэн удаа маргалдаад тэгээд л би хүүхдүүдээ аваад явсан. Гэр нь түрээсийн байсан болохоор хүнд нь буцааж өгсөн. Би Цг агсам тавиад байдаг байсан болохоор цагдаад дуудлага өгдөг байсан. Ц намайг цохиж зодож гэмтээж байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99/
- Яллагдагч Б.Цгийн “...Би мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121/
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 77/ болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Б. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэгсийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн талаар:
- Хохирогч Д.Аийн: “...Би 2021 оны 08 сарын 14-ны орой хөдөө гэртэй архи уучихаад ганцаараа унтаж байгаад 15-ны өглөө сэрээд харахад гэрийн гадаа байсан улаан өнгийн Дауюн маркийн 54-71 дуз улсын дугаартай L7GPCKLY4H1057569 арлын дугаартай мотоцикл, гэр дотроос 3 ширхэг хазаар, 1 ширхэг хар өнгийн хуванцар савтай шар эрээн өнгөтэй газан плитка 8х8 хэмжээтэй гуулин гуутай Манзушир нэртэй зурмал бурхан, шар дурдан бүс зэрэг эд зүйл алга болсон байсан. Сайнцагаан сумын Ц гэх хүнийг би сэжиглэж байгаа. Мотоцикл маань улаан өнгөтэй, шар бүрээстэй, жижиг хивсэн бүрээстэй 2017 онд үйлдвэрлэгдсэн мотоцикл байсан. Бурхан нь хуучны гуулин гуутай зурмал бурхан байсан. Хазаарууд нь канадан толгойтой 2 ширхэг хазаар, 1 нь суран толгойтой 3 хазаар байсан. Газан плитка хар өнгийн хуванцар савтай шар эмжээртэй плитка байсан. Бүс нь 5 метр орчим урттай шар дурдан бүс байсан. Би гомдолтой байна алдсан зүйлсээ буцаан авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31/
- Хохирогч Ч.Э“...Би 2021 оны 08 сарын 13-ны орой 18-19 цагийн үед хөдөө гэртээ эхнэртэйгээ хамт байж байгаад хонио эргүүлэх, бууцнаас хөрзөн авах ажилтай явчхаад 1 цаг орчим болоод эргээд гэр рүүгээ ирж байтал гэрийн гаднаас нэг зүйл хөдлөөд яваад өгсөн. Харуй бүрий болж байсан болохоор сайн мэдээгүй. Тэгэхээр нь араас нь гэрлээрээ тохитол гэрэл асаахгүй шууд баруун тийшээ Дундговь аймгийн чигт яваад өгсөн. Тэгэхээр нь гэртэй иртэл гэрийн цоожийг эвдсэн байхаар нь ороод үзтэл зүүн хойно байх хөлдөөгч дээр тавьсан байсан торон ууттай ааруулыг авсан, хойд талын баруун авдар дээр байсан 15 см өндөр шаазан Богд Зонхова бурхан болон хүзүүнд нь байсан бугуйн 21 ширхэгтэй улаан өнгийн шүрэн эрх, мөн хажууд 21.000 төгрөг, мөн 2 ширхэг шаазан янзага, зүүн авдар дээр байсан Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Бурхан маань цагаан өнгийн шар малгайтай см орчим өндөр дотор тал нь хөндий шаазан бурхан байсан. Шүрэн бугуйвч нь улаан өнгийн ширхэгтэй шүрэн эрх байсан. Гар утас нь хар өнгийн дэлгэгддэг хавтастай хар өнгийн Samsung Note-5 маркийн гар утас байсан дотор нь юнителийн 86128973 гэсэн дугаар байсан. 0923 гэсэн пин кодтой байсан асахаараа дэлгэцэн дээр нь манай 2 ач хүүгийн зураг байгаа. Ааруул маань том жижиг дугуй ааруул байсан. Ойролцоогоор 4-6 орчим кг байсан байх гэж санаж байна. 2 шаазан янзага нь саарал өнгийн, нэгнийх нь хүзүү нь салсан байсныг буцааж наасан сэвтэй байсан. Харуй бүрий болж байсан болохоор сайн харж чадаагүй. Машин мотоцикл аль нь байсныг мэдээгүй.Хэдэн хүн байгааг нь ч харж чадаагүй. Хар бараан юм хөдлөөд яваад өгсөн. Алдсан зүйлээ буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 172/
- Яллагдагч Б.Цгийн “...Тэртээ тэргүй энэ дээр хэлсэн барьсан нь үнэн юм чинь ярих юм байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54/
- Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл 1-р хх-ийн 3, 149/
- Хэргийн газар шүлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4-8, 150-154/
Дэлгэрхангай сумын үнэлгээний комиссын актууд /хх-ийн 61-63, 86-87, 118-119/
- Эд зүйл болох “Мотоцикл 1 ширхэг, суран хазаар 3 ширхэг, газын плитка 1-ширхгийг хүлээлгэн өгөх тухай тэмдэглэл /1-х хх-ийн 26/
- Эд зүйл болох “Самсунг ноте-5” маркийн гар утас 1 ширхэг, 3 кг 890 гр цагийн өнгийн том, жижиг дугуй ааруул-ыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-х хх-н 167/
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 67 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 183-184/
- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч Н.ж 2021.08.24-ний өдрийн 53 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 187-188/
В. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн талаар:
- Хохирогч Д.А“...Би Хэнтий аймгийн Дархан сумын нутагт отор нүүдлээр явж байгаад 2021 оны 06 сарын эхээр өөрийн адуун сүргээсээ зөв талын гуяндаа задгай чандмань тамгатай цавьдар халзан морь, зөв талын гуяндаа задгай тамгатай хонгор морь, зөв талын гуяндаа задгай чандмань тамгатай хул буурал үрээ зэрэг 4 тооны адууг алдаад Төв аймгийн Баянчандмань сумын нутаг, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутгаар хайгаад сураг гараагүй тул олж чадаагүй тухайн үед манайх Адаацаг сум руу нүүх гээд алдсан 4 тооны адуугаа ахиж хайгаагүй. Миний алдсан 4 тооны адуу дандаа манай өөрийн унаган адуу байгаа юм. Хар морь нь одоо 11 настай, зөв талын гуяндаа задгай чандмань тамгатай биерхүү том морь байгаа юм, хул буурал үрээ 5 настай зөв талын гуяндаа задгай чандмань тамгатай эмнэг үрээ, цавьдар халзан морь 8 настай зөв талын гуяндаа задгай чандмань тамгатай, хонгор морь 10 настай зөв талын гуяндаа задгай чандмань тамгатай сайн харсан хүнд зөв талын нүдний дээд хэсэгт сартай мөн олойр буюу олмын мөрөөр цагаан үс ургасан морь байгаа юм. Би 2021 оны 06 сарын эхээр алдсан 4 тооны адуунаас 2 морийг 2021 оны 08 сарын 20-ны өдөр олсон, тухайн морьд нь зөв талын гуяндаа задгай чандмань цавьдар халзан морь, хонгор морийг олсон. Тухайн 2 морийг Сайнцагаан сумын иргэн Ц гэх хүн тууж явсныг олж тогтоосон, харин үлдсэн хар морь буурал үрээг зэргийг олоогүй байна. Манай алдсан 4 тооны адууг Хэнтий аймгийн Дархан сумаас Дундговь аймгийн Адаацаг сум руу гүйж явахад нь Сайнцагаан сумын иргэн Ц гэх хүн тууж явсан юм шиг байна лээ. Харин миний алдсан 4 тооны адуунаас хоёр нь тууж яваад баригдсан. Би үлдсэн хоёр мориныхоо сургийг гаргаагүй байгаа. Би олдоогүй байгаа 11 настай хар зүсмийн морио 2.000.000 /хоёр сая/-д үнэлнэ, миний алдсан хар морь биеэр том тараг тэвээрэг сайтай морь байсан, 5 настай хул буурал үрээгээ 1.500.000 /нэг сая таван зуу мянга/ төгрөгт тус тус үнэлж байна. Би Ц гэх хүний тууж явсан цавьдар халзан морь, хонгор морио нийтэд нь 2.000.000/хоёр сая /төгрөгт үнэлж байна. Үлдсэн 2 тооны морио Ц гэх хүнээс нэхэмжилмээр байна. Миний 2 морийг тууж явсан Сайнцагаан сумын иргэн Ц гэх хүнийг сэжиглэж байна, яагаад гэвэл миний алдсан гэх 4 тооны морь нэг өдөр бөөндөө алга болсон байсан би тухайн үед нутгаа даа бөөндөө явчихсан гэж бодсон юм миний алдсан 4 тооны морийг замаас нь Сайнцагаан сумын иргэн Ц гэх хүн салгаж туусан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 14-15/
- Гэрч П.Б “...Манайх Дэрэн сумын 1-р баг Хөх галуу гэх газар нутаглаж байсан юм. Тэгсэн 2021 оны 08 сарын 17-ны өдөр 12 цаг өнгөрч байхад цэнхэр мотоциклтой хүн ирсэн. Тэр хүн хэлэхдээ 2 адуу наадам уралдуулах гэсэн юм хүүхдээрээ бариулаад өгчих гэхээр нь хүүгээ хамжаад өгчих гээд бариулсан. Тэр залуу хэлэхдээ 6 сард осолд ороод эгэм хугарсан гэж хэлсэн. Тэгээд маргааш нь тэр залуу ирж 2 адуу авъя гэхээр нь зөвшөөрсөн. 2 адуугаа уяад хонуулчихъя гэж захиад орхисон . би тэр залууг явсны дараа уяан дээр очиход цавьдар халзан морь, сартай хонгор морь их тарган хөлөрсөн байсан. Уядаг гэхээр морь байгаагүй. Тэр хүн ганцаараа явсан нэрийг нь асуугаагүй туранхай шөвгөр залуу байсан. Манайд ирэхдээ цагаан саарал өнгийн дээлтэй байсан. Цавьдар халзан морь зөв талын гуян дээрээ задгай чандмань тамгатай байсан, сартай хонгор морь нь зөв талын гуян дээр задгай чандмань тамгатай байсан. Тэр 2 адуу таанатсан байсан. Тэр 2 адуу орхисон хүн 2021 оны 08 сарын 20-ны өдөр манайд мотоциклтой ирэхээр нь 2 адуу чинь таанатсан байна гэсэн чинь хатгах хутга байна уу гэхээр нь байхгүй гэсэн. Хүүхдүүд тэр 2 морийг хатгасан байна гэж хэлсэн. 2021 оны 08 сарын 20-ны өдөр 2 адуу орхисон залууг манай нөхөр хаанахын хэн гэдэг хүн бэ гэсэн чинь Луусын Батбаяр гэдэг хүн гэсэн. Тэр залууг 2021 оны 08 сарын 17-ны өдөр манайд ирсэн байхад хаанаас явж байгаа талаар асуухад Дэлгэрийн Чойрын хийдийг дамжуулаад тууж ирлээ гэсэн, яг хаанаас туусан талаар хэлээгүй. Тэр хүн уралддаг морь гэж хэлж байсан. Тэр хүн хэлэхдээ ламаас асуусан чинь хөлөөр нь аваачиж уралдуулах юм бол түрүүлнэ гэж хэлсэн гэсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 17/
- Гэрч Д.М“...Би Ц гэх хүнтэй 2003 оноос хойш одоог хүртэл хамт амьдарч байна. Ц бид 2 албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Дундаасаа 4 хүүхэдтэй. Манай нөхөр Ц Сайнцагаан сумын 6-р багийн Эрчмийн 1-2 тоот хаягаар явдаг, нөхөр бид 2 нэг хаяг болж чадаагүй байгаа юм. Манай нөхөр Цгийн нэр дээр ямар нэгэн мал байхгүй, харин өөрийн нэр дээр хонгор даага, хонгор үрээ байсан, энэ зун наадам болбол уяна гэж байгаад алдсан сургийг нь гаргаж чадаагүй. Цд хонгор морь, болон хүрэн халзан зүсмийн морь байхгүй. Манай нөхөр Цд ямар нэгэн үнэт эдлэл болон үнэ хүрэх чулуу байхгүй. Би 2 жилийн өмнө Улаанбаатар хотын Нарантуул зах дээрээс цагаан өнгийн чулуун хөөрөг 50.000 төгрөгөөр авч өгч байсан юм манай нөхөр Цд яваа. Б.Цд адуу мал худалдаж авах үнэтэй хөөрөг болон чулуу мэт эд зүйл байхгүй...гэх мэдүүлэг /2-хх-ийн 23/
- Яллагдагч Б.Цгийн “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй мэдэхгүй байна. Тухайн үед юу болсон талаар сайн санахгүй байна. Би нэг айлд очоод хоёр адуу орхисноо мэдэж байна. Чойрын хийдийн тэр хавьд алдсан хоёр адуугаа хайж яваад тэндээс л авч явсан байх. Наадам Дэрэнгийн нутагт болно гэж байсан болохоор тэр хавьд айлд аваачиж орхисон байх. Хэнийд гэдгээ бол мэдэхгүй байна. Чойрын хийдийн тэнд лам дээр очиж мэргэлүүлсэн. Би 2021 оны 10 сарын 06-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гараад ковидын шинжилгээ өгсөн чинь эерэг гараад тэгээд эмчилгээ хийлгээд тусгаарлалтад байсан болохоор ирэх боломжгүй байсан болохоор өнөөдөр ирж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 49/
- Яллагдагч Б.Цгийн иргэний үнэмлэхийг лавлагаа /1-р хх-ийн 207/
- Яллагдагч Б.Цгийн оршин суугаа газрын тодорхойлолт /1-р хх-ийн 62/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1-р хх-ийн 132/
- Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Г. Гэм буруугийн асуудал, оногдуулах ял шийтгэлийн талаар:
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.Ц нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт “Азийн хөгжлийн банк”-ны санхүүжилтээр баригдаж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв”-ийн барилгын талбайд байрлах ажилчдын гэрт 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн үүрийн 06 цагийн орчимд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаж хохирогч Б.Ш, Ц.О нарыг хоёр гартаа хутга барин манай эхнэрийг ажиллуулахаа болихгүй бол ална гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Аман бууц” гэх газарт оршин суух иргэн Д.Агэрээс 2021 оны 08 дугаар сарын 15-ны үүрийн 05 цагийн орчим урьд нь агсам тавьж байсан гэх шалтгаанаар мотоцикл, 3 ширхэг хазаар, зурмал бурхан, газын плитка зэрэг эд зүйлийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Баруун улаан” гэх газарт оршин суух Ч.Эгэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хууль бусаар нэвтэрч ааруул, гар утас, бурхан, бэлэн мөнгө, шүрэн бугуйвч зэрэг эд зүйл хулгайлж 600.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан, Дундговь аймгийн Адаацаг сумын 3 дугаар багийн иргэн Д.АХэнтий аймгийн Дархан сумын нутагт отор нүүдлээр явж байгаад 2021 оны 06 дугаар сарын эхээр алга болсон зөв талын гуяндаа задгай чандмань тамгатай 4 тооны адууны, 2 нь болох 2 тооны алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Цг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хүч хэрэглэхээр заналхийлж халдсан гэмт хэргийг, алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг тус тус үйлдсэн, гэм буруутайд тооцлоо.
Хяналтын прокуророос шүүгдэгч Б.Цд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэн Д.Агэрээс эд зүйл хулгайлсан, мөн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэн Ч.Эгэрээс эд зүйлс хулгайлсан гэх хэргүүдийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тусад нь зүйлчилж ирүүлснийг үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэгт тооцон Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, харин оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хүч хэрэглэхээр заналхийлж халдсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь хохирогч Д.А, Ч.Ээ нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Б.Ш, Ц.О нар шүүгдэгчид холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, хохирогч Д.А 2 тооны адуугаа буцаан авсан тул бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч нь хохирогч Д.А, Ч.Ээ нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба мөн эрүүгийн хуулийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Цд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг барагдуулсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаж, бусад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Цгийн цагдан хоригдсон хоногийг хорих ял эдлүүлэх хугацаанд оруулан тооцож, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М овогт Б Цг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хүч хэрэглэхээр заналхийлж халдсан гэмт хэргийг, алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Цд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Цд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цгийн цагдан хоригдсон 47 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ШҮРЭНЧУЛУУН