Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/227

 

 

 

                                                                                                                                                            

                                  2021/ШЦТ/227

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: Б.Буяндалай

              Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр  

              Шүүгдэгч: Ц.М

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цийн Мд холбогдох эрүүгийн 2112000000039 тоот хэргийг хэлэлцэв.

 

              Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, эмэгтэй, 43 настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, аав, хүүхдийн хамт Архангай ............ гэх газар оршин суух хаягтай, Б овогт Цийн М/РД:АЖ............./

 

                                    Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ц.М нь согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 17-80 УНЛ улсын дугаартай, хар хөх өнгийн Тоёота Приус-10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.1-А, 3.7-А, 12.3-д заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цагийн орчимд Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутагт байрлах “Петровис” шатахуун түгээх газрын түгээгчийн байрны гадна талд сууж байсан өөрийн нөхөр Б.Гийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

                          *Эрүүгийн 2112000000039 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

              *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Сийн өгсөн:

              “...2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр манай талийгаач хүү, Б.Г эхнэр Ц.Мгийн хамт өөрийн хар хөх өнгийн жижиг тэргээр Архангай аймгийн Өлзийт сумын төвд манайд ирээд гадуур гараад архи уучихсан унтахын өмнө ирээд унтаад маргааш өглөө нь ойролцоогоор 09 цагийн үед Өгийнуур сум руу харилаа гээд гарцгаасан. Би хөл муутай явж чадахгүй болохоор гэртээ үлдсэн. Тэгээд оройны хоол хийх үе болчихсон хоолоо хийгээд байж байхад манай ач охин, Б.Г ахыг Ц.М машинаараа дайраад амь насыг нь хохироочихсон байна гэж хэлсэн. Тэгээд би цочролд ороод тухайн үеийн үйл явдлыг санахгүй байгаа юм. Ц.М нь талийгаач хүүтэй маань хамт амьдраад 12 жил болж байсан. Өмнө өөр эхнэртэй байж байгаад салаад гэрлэлтээ салгаагүй байсан. Тэгээд Ц.М гэх 2 дагавар хүүхэдтэй хүүхэнтэй суугаад 1 хүү гарсан. Талийгаач Б.Г маань манай бага хүү бөгөөд сургуульд сурч байгаад 3 дугаар ангиас гарсан, архи жаахан уудаг байсан. Хүний арга эвийг олоод явчихдаг зантай хүн байсан. Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багт малчин байсан. Өвчин яриад байдаггүй байсан. Хааяа архи уучихдаг байсан. Манай бэр болон талийгаач хүү 2 хоорондын харилцаа гайгүй байсан. Надад хэлэх үг алга, хуулийн байгууллагын хүмүүс учир зүгийг нь олох байх л гэж бодож харж сууна. Үр хүүхдээ алдсан эх хүний сэтгэл ямар олигтой байв гэж дээ, шаналж сууж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 104-105 дугаар тал/

 

              *Гэрч С.Оийн өгсөн:

              “...2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө 09 цагийн орчимд би өөрийн ажил болох Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутагт өөрийн ажил болох Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутагт байрлах Петровис шатахуун түгээх газарт түгээгчийн ажлыг хийсэн. Би 5 дахь жилдээ энэ ажлаа хийж байгаа. Өглөө 09 цагаас маргааш өглөөний 09 цаг хүртэл хугацаанд түгээгчийн ажил хийдэг. Намайг ажлаа хийж байхад 15 цагийн орчимд хар хөх өнгийн Приус 10 маркийн машин ирж 10.000 төгрөгт А92 бензин авсан. Тэгтэл тэр машин дотор миний танил Б.Г, Ц.М, У.Б нар хамт сууж явсан бөгөөд У.Б нь миний ажлын өрөөнд оръё гээд байсан. Би хэрэггүй гэж эсэргүүцсэн боловч тэр 3 архи уусан согтуу байсан болохоор миний үгэнд орохгүй шууд манай ажлын өрөөнд ороод ирсэн. Тэр 3 нэлээн согтуу байсан бөгөөд манай ажлын өрөөн дотор Хараа юм уу Ерөө ч юм уу тийм нэртэй нэг шил архи гаргаж ирээд уусан. Надад өгсөн архи бүрийг би ууж байгаа дүр эсгээд уухгүй буцааж өгөөд байсан. Тухайн үед Ц.М нь ундаа авч ирэхээр нэг удаа гарч яваад Кола ундаа авч ирээд ууж байсан. Өдрийн цаг байсан болохоор манай ажил дээр машинууд ирж шатахуун аваад байсан бөгөөд би гарч, ороод яваад байсан. Тэгтэл сүүлдээ машинууд их ирээд байхаар нь та 3 одоо яв ажилд битгий саад учруулаад бай гэж хэлсэн. Ууж байсан архиа арай дуусгалгүй 2, 3 хуруу дутуу үлдээгээд аваад гарсан бөгөөд эхлээд Ц.М гарч явсан, араас нь Б.Г нь хүүхэдтэйгээ гарсан. Би араас нь гарсан бөгөөд Б.Г миний ажлын байрнаас гараад урд хэсэгт нь газар уначихсан юм. Би хажуу талаар нь гараад ажлаа хийгээд явсан. Тухайн үед цаг 17 цаг болох гэж байсан. Манай нутгийн Ж.М гэдэг залуу шатахуун авах гээд ирчихсэн байсан. Би шатахуун өгөөд зогсож байтал Б.Г нь хүүхэдтэйгээ хамт шатахуун түгээх газрын түгээгчийн байрны баруун урд талын буланд сууж байсан. Ц.М машинд суучихсан байсан. Машин нь шатахуун түгээх газрын баруун талд байдаг цахилгааны 3 хөлтэй модон шонгийн урд хэсэгт ертөнцийн зүгээр баруун тийш харчихсан зогсож байгаад буцаж эргэх хөдөлгөөн хийж байснаа хурдтай явж ирээд шатахуун түгээх газрын түгээгчийн байрны урд сууж байсан Б.Гийг шууд очоод мөргөж, түгээгчийн байртай няхаад зогссон. Тэгээд буцаж ухраад 10 орчим метр газар яваад машин зогссон бөгөөд тосол нь асгараад байсан. Жолооч талын хаалга онгойж Ц.М бууж ирээд Б.Г дээр очсон. Б.Г нь ухаан алдчихсан толгой, нүүр хэсгээс нь цус гарсан байсан. Тэр үед хажуу талд нь Б.Г, Ц.М нарын хүүхэд зогсож байсан. Миний ажил дотроос У.Б гарч ирсэн. Тэгээд би эрхлэгч Р.Д рүү утсаар ярьж болсон зүйлийг хэлсэн бөгөөд манай эрхлэгч цагдаад дуудлага өгсөн. Б.Г, Ц.М, У.Б нар хоорондоо маргалдаж, муудаагүй, баяр баясгалантай өөр хоорондоо юм яриад байсан. Хоорондоо юу ярьж байсныг тодорхой сайн санахгүй байна, энгийн л юм ярьж байсан. Би гадаа машин ирэхээр нь орж гараад байсан болохоор яриан дунд нь орж чадаагүй. Согтуу хүмүүс хоорондоо л яриад байсан. Б.Г, Ц.М нар нэлээн согтуу байдалтай орж ирсэн. Гараад явах үедээ бол бүүр их согтсон байсан. Б.Г нь миний ажил дээрээс гарч явахдаа өөрийн ухаангүй, тасарчихсан гэмээр болчихсон байсан. Гадаа гараад хаалгаар доошоо бууж чадахгүй газарт унаад өгсөн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Уруулаа дүрээд ууж байгаа юм шиг дүр эсгээд буцааж өгөөд байсан. Архийг нь У.Б аягалж өгөөд байсан. Б.Г, Ц.М нар хоорондоо муудаагүй, янз бүрийн маргаан хэрүүл болоогүй. Анх 10.000 төгрөгт шатахуун авах үед Ц.М өөрөө машинаа жолоодож ирсэн. Б.Г нь манай Өлзийт сумын хүн бөгөөд У.Б, Ц.М нар Өгийнуур, Батцэнгэл сумын гаралтай хүмүүс. Би бодохдоо Б.Гийн төрлүүд дээр ирээд буцаж байна даа гэж бодсон. Тэр 3 архи ихээр уусан байсан бөгөөд яв гэхээр явахгүй байгаад байсан. Би нэг нутгийн танил хүмүүс болохоор хөөж чадаагүй, сүүлдээ машин их ирээд байхаар нь арга үгүй болд тэд нарыг одоо гар гээд хөөсөн. Шууд чигээрээ их хурдтай очоод мөргөсөн. Хурдаа хасаж, тоормослох үйлдэл хийгээгүй байх. 17-80 УНЛ улсын дугаартай хар хөх өнгөтэй приус 10 маркийн машин байсан. Миний ажлын байр кантенирээр хийсэн болохоор газраас нэлээн өндөрт байдаг, хэр өндөр гэдгийг мэдэхгүй байна. Манай ажлын баруун талд байдаг 3 хөлтэй модон шон дээр байрлах хяналтын камерын бичлэгт энэ хэргийн үйл явдал маш тодорхой харагдаж байна лээ...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-33 дугаар тал/

 

              *Гэрч С.Оийн дахин өгсөн:

“...Тухайн үед би их балмагдсан байснаас буруу зөрүү ярьсан байна. Би тухайн болсон үйл явдлыг камерын бичлэгээс харахад Ц.Мгийн араас У.Б гараад явсныг би ажлынхаа камерын бичлэгээс дараа нь олж харсан. Ц.М нь тухайн үед яах учраа олохгүй их балмагдсан байсан санагдсан. Миний хувьд ч тэр У.Б, Ц.М нарын хувьд ч гэсэн их балмагдсан байдалтай байсан. Ц.М, Б.Г  нар нь хоорондоо маргалдсан зүйл байгаагүй, хоорондоо инээж хөхрөлдөөд сууж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 108-109 дүгээр тал/

 

*Гэрч Ж.Мийн өгсөн:

“...2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 16 цагийн орчимд байх би Өлзийт сумын төвийн зүүн талд байрлах Петровис шатахуун түгээх газраас шатахуун авахаар өөрийн эзэмшлийн портер маркийн хөх өнгийн автомашинтай очсон юм. Намайг очих үед шатахуун түгээх газрын баруун талд баруун хойд зүгт харж зогссон хар өнгийн Приус 10 маркийн автомашин байсан бөгөөд шатахуун түгээх газар дотроос нэг эмэгтэй хүн гарч ирээд тэр машины жолооч талын суудал дээр очоод суучихсан. Араас нь нэг эрэгтэй хүн, нэг эрэгтэй хүүхэдтэй хамт гарч ирээд эмэгтэй нь байшингаас гарч байгаад үүд хэсэгт унаад газар суучихсан, хамт явж байсан хүүхэд нь босооч явъя гээд татаж чангаагаад байсан. Ар талаас нь түгээгч С.О эгч гарч ирээд надад шатахуун өгсөн. Тэгтэл шатахуун түгээх газрын баруун талд зогсож байсан Приус-10 маркийн машин гэнэт яваад тойрч ирээд шатахуун түгээх газрын баруун урд талд сууж байсан эрэгтэй хүнийг их хүчтэй мөргөөд байшингийн ханатай няхаж зогсоод, шууд буцаж ухраад дахин зогссон. Машинаар мөргөх үед түн гэсэн их хүчтэй дуу гарсан. Машины жолооч талын хаалга онгойж, нэг эмэгтэй хүн бууж ирсэн бөгөөд талийгаач залуугийн эхнэр нь гэж дараа нь мэдсэн. Тэр хүмүүс архи уусан согтуу байгаа байдалтай харагдаж байсан. Би түгээгч эгчийг цагдаа дуудаарай гэж хэлчихээд яваад өгсөн. Би хэрэг болсон газар руу ойртож сайн хараагүй бөгөөд машинд мөргүүлсэн эрэгтэй хүн ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй л байгаад байсан. Тэр эмэгтэй машинд суух гэж явж байхдаа согтуу юм шиг гуйваад байсан. Бас байшингаас гарч ирсэн эрэгтэй хүн согтуу бололтой байшингаас гарч байхдаа унаад тэр чигтээ тэндээ суугаад байсан. Тэр хүмүүс маш их согтуу байгаа бололтой харагдаж байсан. Тэр машин зогсож байснаа гэв гэнэт хурдтай хөдлөөд тойрч ирээд шууд очоод мөргөчихсөн. Яагаад мөргөх болсныг мэдэхгүй байна. Приус машин байшин мөргөөд зогссон. Тоормос дарах, хурд хасах зэрэг арга хэмжээ аваагүй. Түгээгч эгч эрүүл байх шиг байсан. Хажуу талд байхад архи үнэртэхгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-36 дугаар тал/

 

*Гэрч Т.Мын өгсөн:

“...Би 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цагийн үед энэ хэргийн талаар утсаар сонссон бөгөөд миний төрсөн эгч Ц.М нь архи уусан согтуу байх үедээ машинаар өөрийн нөхөр Б.Гийг мөргөж амь насыг нь хохироосон байна гэж дуулсан. Энэ мэдээг сонсоод Архангай аймгийн Өлзийт суманд шөнийн 01 цагийн үед ирж хэргийн газрыг очиж харсан, намайг очих үед цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан. Би шатахуун түгээх газрын хяналтын камерын бичлэг болон машины явсан мөрийг өөрийн нүдээр харсан бөгөөд талийгаачийг шатахуун түгээх газрын урд сууж байхад нь миний эгч Ц.М машинаа жолоодож яваад шууд мөргөж байгаа дүрс бичлэг үлдсэн байсан. Машины мөр нь мөн тодорхой гарсан байсан. Би өөрийн аав Төгсцогтоор овоглодог, том ах болон том эгч Ц.М нар ээж Цаар овоглож явдаг, Дээр үед ах, эгч хоёрыг ээжийн нэрээр овоглосон. Яагаад тийм болсныг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-39 дүгээр тал/

 

*Гэрч Р.Дийн өгсөн:

“...2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай Петровис шатахуун түгээх газрын түгээгч ажил эрхэлж байсан С.О нь 88384891 дугаарын утсаар над руу 17 цаг 05 минутад залгаад Ц.М нь өөрийн нөхөр Б.Гийг машинаараа дайрчихлаа, алчих шиг боллоо цагдаад мэдэгдээд өгөөч гэж хэлсэн. Би 17 цаг 06 минутад цагдаад дуудлага мэдээлэл өгчихөөд ажил дээрээ яваад очтол манай шатахуун түгээх газрын түгээгчийн байрны баруун урд талын буланд Б.Г нь нас барчихсан, толгой, нүүр хэсгээс нь цус гарсан байдалтай баруун хажуу талаараа хэвтэж байсан. Ц.М болох хүүхэд нь машин дотор сууж байсан. Тэр үед У.Б гэдэг хүүхэн хэрэг гарсны дараа яанаа гээд орилоод байсан. Удалгүй цагдаа ирж хэргийн газрыг хамгаалалтад авсан. Ц.М, У.Б нар архи уусан согтуу байдалтай байсан. Манай байгууллагын гадна талын хяналтын камерт тухайн ослын бичлэг бүрэн бичигдсэн байсан. Манай түгээгч С.О нь архи уугаагүй эрүүл байсан. Б.Г, Ц.Мөнзаяа нар Өгийнуур суманд мал маллан амьдардаг. Манай байшингийн гаднах төмөр дотор тал руугаа хонхойж орсон байсан. Хавтгай төмрийн шрүп тасарч, сул болсон байсан. Эвдрэл гэмтлийн үнэлгээ гэж гаргахгүй, өөрсдөө янзлаад авчих боломжтой учир нэхэмжлэх зүйл байхгүй. Би төв рүүгээ мэдээг өгсөн болохоор манай байгууллагаас болон надаас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 40-42 дугаар тал/

 

*Гэрч Т.Мгийн өгсөн:

“...2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19 цагийн үед хөдөө намайг малдаа явчихаад гэртээ иртэл энэ хэргийн талаар надад манай гэрийнхэн хэлсэн. Тэгээд шөнө Өлзийт суманд  ирж хэргийн байдлыг харсан. Удалгүй аймгаас цагдаа нар ирж үзлэг хийсэн бөгөөд хэргийн үйл явц их тодорхой Ц.М эгч машинаа хурдтай жолоодож очоод байшингийн урд сууж байгаа Б.Г ахыг мөргөж амь насыг нь хохироосон байсан. Шатахуун түгээх газрын хяналтын камерт дүрс бичлэг нь үлдсэн байна лээ. Архи хэтрүүлэн хэрэглээд ийм зүйл болчихлоо гэж би бодож байна. Манай гэр талийгаачийн гэр хоорондоо их ойрхон байдаг бөгөөд энэ 2 хоорондоо муудалцаад маргалдаад байдаггүй 10 гаруй жил хамт амьдарч байгаа. Талийгаагчийн гэрт манай хөгшин настай аав амьдардаг бөгөөд аавыг их сайн асардаг байсан, архины хар гайгаас болж ийм хэрэг гарлаа гэж бодож байна. Миний төрсөн эгч Цийн М нь 1978 онд Өгийнуур суманд төрсөн. Би айлын 3 дахь хүүхэд бөгөөд Ц.М нь 1978 онд Өгийнуур суманд төрсөн. Би айлын 3 дахь хүүхэд бөгөөд Ц.М нь миний дээд талын эгч. Миний эгч сургууль цэцэрлэг гэж нээх явж байгаагүй. Бага насаа Өгийнуур суманд аав, ээж, ах дүү нарын хамт мал маллан өссөн. Төрийн болон хувийн байгууллагад ямар нэгэн ажил хийж байгаагүй дан мал маллаж амьдарч байсан. Талийгаач Б.Гтэй хамтран амьдраад 10 гаруй жил болсон бөгөөд бог бод нийлсэн 100 гаруй толгой малтай малчин өрх. Миний эгч өөрийн 2 дагавар 2 хүүхэд Б.Г ахтай нийлээд төрүүлсэн Га нарын хамт тавуулаа амьдарч байсан. Талийгаач Б.Г болон Ц.М нар нээх архи уугаад байдаггүй. Хэрүүл маргаан хийгээд байдаггүй хүмүүс. Ц.М эгч зан байдлын хувьд даруухан байгаагаараа байж байдаг, ажилч хөдөлмөрч зантай хүн...”гэх мэдүүлэг/хх-ийн 45-47 дугаар тал/

 

*Гэрч У.Бгийн өгсөн:

“...2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 11 цагийн үед Б.Г, Ц.М нар хүүхдийнхээ хамт манай гэрт машинтайгаа ирсэн бөгөөд машины сэлбэг болон бичиг баримтаа авах гэж ирсэн. Манай гэрт монгол архи 2 литр, Хараа архи 0.5 литрийн хоёр шил архийг бид 4 хувааж уусан бөгөөд Б.Гийн гэрт очиж нөхөр Т бид хоёр цагаан сарын боов хийхээр тохирч, хамтдаа Өгийнуур сум руу Б.Гийн гэр рүү явахаар болсон. Манай нөхөр Т архи уугаад тасарчихсан бөгөөд машины арын суудал дээр оруулаад унтуулчихсан байсан. Тэгээд Б.Г машинаа өөрөө жолоодоод сумын төвд байдаг Ангир нэртэй дэлгүүрийн гадна очсон. Би дэлгүүрт орж 2 шил 0.5 литрийн Хараа архи худалдаж авсан. Б.Г нь 0.75 литрийн архи авчихсан байсан. Хаанаас уг архийг авсныг мэдэхгүй байна. Тэгээд талийгаач Б.Г 10.000 төгрөгөөр шатахуун авна гээд сумын төвийн зүүн талд байдаг Петровис шатахуун түгээх газарт очоод 10.000 төгрөгөөр шатахуун хийлгэсэн. Тэгээд түгээгч С.Отэй нэг шил архи уухаар болоод шатахуун түгээх газрын ажилтны байр руу орж Б.Г, С.О, Ц.М бид 4 нийлээд 0.5 литрийн Хараа нэртэй архийг хувааж уусан. Манай нөхөр машин дотор тасраад унтчихсан байсан юм. Тэгээд архи уугаад сууж байхад С.О нь ундаа аваад ир гээд Ц.М явуулсан бөгөөд машинтайгаа дэлгүүр яваад 2 литрийн том ундаа авч ирсэн. Тэгээд би С.Отэй хамт ажлынхан өрөөнд сууж байсан бөгөөд Б.Г хүүхэдтэйгээ хамт гадагш гарч явсан. Ц.М бас гадна байсан бөгөөд С.О машинд ирсэн учир ажлаасаа гараад явсан. Намайг байшинд ганцаараа сууж байтал байшингийн гадна талаас хүчтэй мөргөсөн бөгөөд түн хийсэн дуу гарсан. Би юу болов гээд гайхаад сууж байтал гаднаас С.О орж ирээд Б.Гийг дайрчихлаа гэж надад хэлсэн. Би гараад хартал Ц.М нь машинаараа Б.Гийг мөргөж, амь насыг нь хохироосон байсан. Талийгаач байшингийн баруун урд талын буланд газар уначихсан байсан бөгөөд нүүр амнаас нь их цус гарч байсан. Тэрнээс хойш хүмүүс ирээд байсан, удалгүй цагдаа ирсэн. Талийгаач Б.Г маш их согтсон байсан. Тасарчихсан байсан байх гэж бодож байна. Ц.М бас л их согтуу байсан, гэхдээ харагдах байдлын хувьд хэвийн юм шиг л яваад байсан. Ц.М, Б.Г нар хоорондоо огт маргалдаж, муудалцаагүй. Хэвийн харилцаатай байж байсан. Осол болох үед би С.Оийн ажлын байранд ганцаараа байсан. Б.Г нь хүү Гын хамт байшингаас гарч яваад удаагүй байсан. Ц.М нь гадаа байсан яг хаана юу хийж байсныг санахгүй байна. С.О нь машинтай хүнд шатахуун зарж байсан. Миний нөхөр Т машин дотор унтаж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 50-52 дугаар тал/

 

*Гэрч У.Бгийн дахин өгсөн:

“...Би тэр өдөр Ник колонкын шатахуун түгээх станц дээр 0.5 грамм хэмжээтэй Хараа архийг Ц.М, Б.Г бид 3 хувааж уугаад, колониос Ц.Мгийн араас гарснаа бол санаж байгаа, харин машинд сууснаа бол санахгүй байна. Би нэлээн согтуу байсан. Тухайн үед айж сандарсандаа буруу зөрүүтэй мэдүүлэг өгсөн байна. Сүүлд би тухайн камерын бичлэгийг өөрөө үзээд, машинд сууж байснаа мэдсэн. Тухайн хэрэг болоход би колонки дотор биш машинд байснаа өөрийн нүдээр харсан. Б.Т, Ц.М нар нь урьд нь ирж байхдаа хоорондоо маргалдаж, муудсан зүйл бол байдаггүй. Тухайн өдөр ч гэсэн хоорондоо маргалдсан зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 112-115 дугаар тал/

 

*Гэрч Г.Огийн өгсөн:  

“...2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 15 цаг өнгөрсөн байхад Б.Г ах, Ц.М, У.Б эгч нар манай дэлгүүрт орж ирээд 0.5 литрийн Хараа архи 2 шил, 0.75 литрийн Хараа архи нэг шилийг аваад гарсан. Үүний дараагаар энэ хэрэг гарсан юм. Манай нөхрийг Ангир гэдэг болохоор Ангирын дэлгүүр гэж манай сумынхан ярьдаг юм. Б.Г ах, Ц.М, У.Б эгч нар маш их согтуу байсан. Би их согтуу байхаар нь манайд архи байхгүй, зарахгүй гэж хэлсэн чинь битгий сүржигнээд бай, бид нар одоо гарлаа ямар нэгэн асуудал байхгүй гээд гуйгаад байхаар нь зарчихсан. Дэлгүүр дотор хоорондоо маргалдаж, муудалцаагүй. Дэлгүүрээс гарч ирээд Ц.М нь нөхөр Б.Гийг чи машин барьж чадахгүй, би машинаа барина гээд машинаа жолоодоод яваад өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 53-55 дугаар тал/

 

              *Яллагдагч Ц.Мгийн өгсөн:

              “...2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Манай нөхөр Б.Г групп тогтоолгохоор Архангай аймгийн Өгийнуур сумаас Өлзийт сум руу ирсэн. Би өөрийн нөхөртэйгөө болон хүү Гатай хамт Приус машинаар ирсэн. Тэр өдрөө би Өлзийт сумын захиргаагаар бичиг баримт бөөгнүүлээд орой нь хадам ээж Сүнжидмаагийнд ирсэн. Манай ээжийнх сумын төвд ганц гэрээрээ байдаг. Тэр өглөө манай нөхөр Б.Гийн ах Тийн эхнэр У.Б нь манай гэрээр хүрээд ир гэж утсаар хэлүүлсэн байсан. Би Б.Г, Га нартай хамт гурвуулаа очсон. Тэдний гэрт очтол У.Б, Т нар архи уусан гэмээр согтуу байсан. Тэдний гэрт ороход Б.Гт 2 литр монгол архи гаргаж өгсөн. Тэр архинаас би уугаагүй. Б.Г, У.Б, Т нар хуваагаад уусан. Түүний дараа 0,5 л хараа нэртэй архи гаргаж ирээд задалсан. Тэр архийг Т, Б.Г, У.Б бид 4 уусан. Түүний дараа Ангираа гэх хүний дэлгүүрт очоод Б.Г, У.Б бид 3 орсон. Дэлгүүрээс миний нөхөрт У.Б эгч 0,75 л Хараа нэртэй архийг тамхитай авч өгсөн. У.Б эгч 2 шил 0,5 л Ерөөл нэртэй архи авсан. Түүний дараа У.Б эгч Петровис нэртэй шатахуун түгээх станц ороод 10,000 төгрөгт тааруулж шатахуун авч өгсөн. У.Б эгч Додого /О/ гэж дууддаг эмэгтэйтэй, Б.Гтэй хамт шатахуун түгээгчийн байр руу орсон. Би машинаа цаашлуулаад шонгийн хажууд байрлуулаад орсон. Тэнд бид 4 сууж байгаад 2 шил архиа ууж дуусчхаад би хүү Гатай хамт дэлгүүр рүү ундаанд явсан. Би ундаанд явахдаа машинаа жолоодож байсан. Орж ирээд ундаагаа өгтөл тэр 3 сүүлийн нэг шил архиа хувааж уугаад дуус ч байсан. Түүний дараа Би У.Б эгчтэй хамт дэлгүүр рүү ундаанд явсан. Дэлгүүрээс ундаа авч ирж байтал манай машинд согтуу унтаж байсан Т, У.Б эгчтэй маргалдаад байсан. Би юу гэж маргалдаж байгааг нь ойлгоогүй манараад байсан. Миний нөхөр колонкоос гарч ирж харагдаж байсан. Би урагшаа явж байсан. Т, У.Б нар хоорондоо татаж чангаалцаад байж байхдаа машины суудлын хойд талд байсан ундаа урагшаа миний хөл рүү унасан. Би ундааг авах гээд тонгойгоод тоормос гишгэх гэсэн боловч хаазаа гишгэж хурдаа нэмээд нөхрийгөө очоод мөргөсөн байсан. Би мөргөсөн болохоо мэдээгүй. Тэгтэл араас чи нөхрийгөө алчихлаа гээд У.Б орилоод байсан. Тэр 2 тэндээ би алаагүй шүү би алаагүй шүү гэж хэлээд маргалдаад байсан. Тэгээд би буутал миний нөхрийн толгойноос нь цус гоожиж байсан. Би түргэн дуудаач гэж хэлтэл тэр 2 маргаад байсан Би тэндээ тэгээд зогсоод байсан.  Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй. Машин бариад 5-6 жил болж байна. Би хөдөө замд ойр зуурын хэрэглээнд малд явах, усанд явахдаа м ш ин жолооддог. Төв суурин газарт машин жолоодож байгаагүй. Тэр өдөр Г машин барьж чадахааргүй байсан болохоор нь өөрөө машинаа жолоодсон. Энэ машиныг миний нөхөр Б.Г нь Т ахаасаа 3,300,000 төгрөгөөр 2020 оны 07 дугаар сард авсан. Мөнгийг нь өгсөн энэ бол манай гэр бүлийн дундын өмч хөрөнгө байгаа юм. Нэрийг нь шилжүүлж аваагүй байгаа. Тийн гэрт 0,5 л хараа нэртэй архийг уусан. Би монгол архи уугаагүй. Харин Т, Б.Г, У.Б нар 2 л монгол архи уусан. Шатахуун түгээх станц дотор 0,75 л Хараа нэртэй 1 шил архи, 0,5 л Ерөөл нэртэй 2 шил архийг У.Б, С.О, Б.Г бид нар хувааж уусан. Т бол архи уугаагүй машин дотор унтаад үлдсэн. Би юу гэж өөрийн нөхөр, үр хүүхдээ алах гэж байхав дээ. Би өмнө архи ууж байгаагүй. Тэр өдөр архи уугаад согтсон байсан. Би хэрэг гарах өдөр орж гараад зарим зүйлийг мартаж санаад байсан. Машин жолоодож явахад Т, У.Б нар машин дотор татаж чангаагаад намайг ч мөн хойноос татаад байхаар нь би энэ 2 хаана зодолдоод байгаа юм бэ гэж бодож байгаад урагшаа явж байтал гэнэт нөхрийгөө мөргөсөн байсан. Энэ үйл явдлыг  хүмүүс орилохоор нь би мэдсэн. Би гэнэт жолооныхоо хүрдийг мөргөөд сэрсэн. Буугаад хартал нөхөр минь унасан цустайгаа холилдсон байхыг харсан. Би тэгээд л ухаан орсон. Миний биеэс эмнэлгийн хүн цус авсан. Би шинжилгээ өгөх шаардлагатай гэж бодоод л өгсөн. Би өөрийн нөхөртэйгөө 2008 оноос хойш хамт амьдарч байсан. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Б.Г өмнөх эхнэр А гэрлэлтээ цуцлуулаагүй байсан болохоор бид 2 гэрлэлтээ батлуулаагүй байсан.  Манай нөхөр надад гар хүрч зодож үзээгүй. Архи уусан байсан ч мөрөөрөө унтаад өгдөг. Бидний дунд өр авлага өш хонзон байхгүй. Хамт амьдарсан 13 жилдээ нэг ч удаа гар хүрч үзээгүй. Манай нөхөр ямар ч хүнтэй маргалдаж зодолдоод байдаггүй. Тэр өдөр ямар ч хэрүүл байгаагүй. Бид нар бууз идээд унтаад өгсөн. Мөргөснийхөө дараа мэдсэн. Тоормосны шингэн гоожиж байсан, хааяа гацдаг санагдаж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 89-92 дугаар тал/

 

              *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаартай ”...Ц.Мгийн гэх цусанд 1.7 промиль спиртийн зүйл илрэв. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 57 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаартай ”...Талийгаач Б.Гийн биед гавлын орой, суурь яснуудын олон хэлтэрхий болсон ил хугарал, баруун нүдний ухархай, дух, хамар, эрүү ясны үйрч бутарсан ил хугарал, тархины аалзан бүрхүүл хальсан доорх тархмал цус харвалт, хуйхан доор цус хуралт. Зүүн талын 2-5-р хавиргануудын эгэмний дунд шугамаарх шууд бус хугарал, баруун талын 10,11-р хавиргануудын нугалмын хажуугийн шугамаарх шууд хугарал. Сээрний 10-11-р нугалам хоорондын их биеийн салж зөрсөн хугарал, нугас тасрал. Үнхэлцэгийн урд хана, голтод цус хуралт. Баруун хавирганы нум дагуу зөөлөн эдэд цус хуралт. Элэгний зүүн дэлбэнгийн ар ханын язрал. Баруун шилбэ ясны дунд 1/3 хэсгийн зөрөөтэй далд хугарал. Доод үүдэн шүднүүдийн булгарал, баруун хацар, баруун дээд зовхи, хөмсөг, духны баруун дээд хэсэгт язарсан шарх, зүүн зовхины дотор булангаас дээш духны зүүн дээд хэсэг, хөмсөг рүү салаалсан ангайж урагдсан шарх, баруун шуу, бугуйг хамарсан зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний дотор хажуу, шилбэний дотор дунд хэсэгт цус хуралт, баруун өвдөгний гадна хажуугаас шилбэний дээд хэсгийг хамарсан зулгаралт, зүүн мөр, суга, цавинд жижиг цус хуралтууд, зүүн өвдөгний урд хэсэгт өнгөц зулгаралт, баруун далны доод хэсгээс зүүн сүвээ рүү ташуу чиглэсэн тасархайтсан зулгаралтууд, хуухнагийн баруун хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Гавлын орой, суурь яснуудын олон хэлтэрхий болсон ил хугарал, баруун нүдний ухархай, дух, хамар, эрүү ясны үйрч бутарсан ил хугарал, тархины аалзан бүрхүүл хальсан доорх тархмал цус харвалт, дух хэсгийн тархины эдийн няцрал, зүүн зовхины дотор булангаас дээш духны зүүн дээд хэсэг, хөмсөг рүү салаалсан ангайж урагдсан, яс ил гарсан шарх, доод үүдэн шүднүүдийн булгарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-1, 3-1-2, 3-1-3, 4-52-5- д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт, зүүн талын 2-5-р хавиргануудын эгэмний дунд шугамаарх шууд бус хугарал, баруун талын 10,11- р хавиргануудын нугалмын хажуугийн шугамаарх шууд хугарал, сээрний 10-11-р нугалам хоорондын их биеийн салж зөрсөн хугарал, нугас тасрал. Элэгний зүүн дэлбэнгийн ар ханын язрал. Үнхэлцэгийн урд хана, голтод цус хуралт гэмтлүүд нь 3-1-6, 3-1-7, 3-1-10, 3-1-11-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт, баруун шилбэ дунд 1/3 хэсгийн далд зөрөөтэй хугарал гэмтэл нь 2-3-1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, биеийн гадаргуугийн бусад шарх, цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь нийтдээ 2-4-1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь амь хохирогчийн суугаа байрлалд авто машины эд ангийн мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр осол болох цаг хугацаанд үүснэ. Талийгаач нь гавал тархи, цээж хэвлийн хөндийн амьдрах боломжгүй хүнд гэмтлүүдийн улмаас осол болох цаг хугацаанд нас баржээ. Шинжилгээгээр зүрхний булчингийн эмгэгшил, элэг өөхлөлт, ходоодны салстын архаг хатингарт үрэвсэл өвчтэй байна. Үхэлд хүргэхгүй. Талийгаач Б.Г нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. /цусанд 4,2 промиль спиртийн зүйлийн илрэл/. Талийгаач Б.Г нь 3-р бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 62-64 дүгээр тал/

 

*Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дугаартай”...17-80 УНЛ улсын дугаартай Т.Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ц.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул.хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт, Мөн дүрмийн 3.1.А-д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй) гэсэн заалт, Мөн дүрмийн 3.7.А-Д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалт Мөн дүрмийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жолооч Ц.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.А, 3.7.А, 12.3- д заасан заалтуудыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол хэрэг гарсан байх үндэслэлтэй байна. Ц.М /АЖ78060600/ регистрийн дугаараар жолоочийн лавлагаа, мэдээллийн сангаас шүүхэд ямар нэгэн мэдээлэл гарч ирэхгүй байгаа нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. Зам тээврийн осол гарахад, замын орчин байгалийн нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Автомашины техникийн нөхцөл байдлыг тогтоох боломжгүй байна. Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээч эмч Б.Отгонжаргалын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Ц.Мгийн гэх цусанд 1,7 промиль спиртийн зүйл илрэв, Энэ нь согтолтын “ДУНД” зэрэгт хамаарна гэж дүгнэлт гарсан нь жолооч Ц.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 59 дүгээр тал/

 

              *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 111 дүгээр тал/

* Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-13 дугаар тал/

*Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 14 дүгээр тал/

*Ослын газрын схем зураг/хх-ийн 15 дугаар/

*Цогцсын гадна үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-23 дугаар тал/ зэрэг болно.

 

  Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Ц.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

              Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цагийн орчимд Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутагт байрлах “Петровис” шатахуун түгээх газрын түгээгчийн байрны гадна тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 17-80 УНЛ улсын дугаартай, хар хөх өнгийн Тоёота Приус-10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.1-А, 3.7-А, 12.3-д заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас осол гарган, иргэн Б.Гийн амь насыг хохироосон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

              Шүүгдэгч Ц.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Сийн”...Тэгээд оройны хоол хийх үе болчихсон хоолоо хийгээд байж байхад манай ач охин, Б.Г ахыг Ц.М машинаараа дайраад амь насыг нь хохироочихсон байна гэж хэлсэн. Тэгээд би цочролд ороод тухайн үеийн үйл явдлыг санахгүй байгаа юм...” гэх мэдүүлэг, гэрч С.Оийн”...Манай нутгийн Ж.М гэдэг залуу шатахуун авах гээд ирчихсэн байсан. Би шатахуун өгөөд зогсож байтал Б.Г нь хүүхэдтэйгээ хамт шатахуун түгээх газрын түгээгчийн байрны баруун урд талын буланд сууж байсан. Ц.М машинд суучихсан байсан. Машин нь шатахуун түгээх газрын баруун талд байдаг цахилгааны 3 хөлтэй модон шонгийн урд хэсэгт ертөнцийн зүгээр баруун тийш харчихсан зогсож байгаад буцаж эргэх хөдөлгөөн хийж байснаа хурдтай явж ирээд шатахуун түгээх газрын түгээгчийн байрны урд сууж байсан Б.Гийг шууд очоод мөргөж, түгээгчийн байртай няхаад зогссон. Тэгээд буцаж ухраад 10 орчим метр газар яваад машин зогссон бөгөөд тосол нь асгараад байсан. Жолооч талын хаалга онгойж Ц.М бууж ирээд Б.Г дээр очсон. Б.Г нь ухаан алдчихсан толгой, нүүр хэсгээс нь цус гарсан байсан. Тэр үед хажуу талд нь Б.Г, Ц.М нарын хүүхэд зогсож байсан. Миний ажил дотроос У.Б гарч ирсэн. Тэгээд би эрхлэгч Р.Д рүү утсаар ярьж болсон зүйлийг хэлсэн бөгөөд манай эрхлэгч цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,  гэрч Ж.Мийн”...Намайг очих үед шатахуун түгээх газрын баруун талд баруун хойд зүгт харж зогссон хар өнгийн Приус 10 маркийн автомашин байсан бөгөөд шатахуун түгээх газар дотроос нэг эмэгтэй хүн гарч ирээд тэр машины жолооч талын суудал дээр очоод суучихсан. Араас нь нэг эрэгтэй хүн, нэг эрэгтэй хүүхэдтэй хамт гарч ирээд эмэгтэй нь байшингаас гарч байгаад үүд хэсэгт унаад газар суучихсан, хамт явж байсан хүүхэд нь босооч явъя гээд татаж чангаагаад байсан. Ар талаас нь түгээгч С.О эгч гарч ирээд надад шатахуун өгсөн. Тэгтэл шатахуун түгээх газрын баруун талд зогсож байсан Приус-10 маркийн машин гэнэт яваад тойрч ирээд шатахуун түгээх газрын баруун урд талд сууж байсан эрэгтэй хүнийг их хүчтэй мөргөөд байшингийн ханатай няхаж зогсоод, шууд буцаж ухраад дахин зогссон. Машинаар мөргөх үед түн гэсэн их хүчтэй дуу гарсан. Машины жолооч талын хаалга онгойж, нэг эмэгтэй хүн бууж ирсэн бөгөөд талийгаач залуугийн эхнэр нь гэж дараа нь мэдсэн. Тэр хүмүүс архи уусан согтуу байгаа байдалтай харагдаж байсан. Би түгээгч эгчийг цагдаа дуудаарай гэж хэлчихээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч У.Бгийн”...Тэгээд би С.Отэй хамт ажлынхан өрөөнд сууж байсан бөгөөд Б.Г хүүхэдтэйгээ хамт гадагш гарч явсан. Ц.М бас гадна байсан бөгөөд С.О машинд ирсэн учир ажлаасаа гараад явсан. Намайг байшинд ганцаараа сууж байтал байшингийн гадна талаас хүчтэй мөргөсөн бөгөөд түн хийсэн дуу гарсан. Би юу болов гээд гайхаад сууж байтал гаднаас С.О орж ирээд Б.Гийг дайрчихлаа гэж надад хэлсэн. Би гараад хартал Ц.М нь машинаараа Б.Гийг мөргөж, амь насыг нь хохироосон байсан. Талийгаач байшингийн баруун урд талын буланд газар уначихсан байсан бөгөөд нүүр амнаас нь их цус гарч байсан. Тэрнээс хойш хүмүүс ирээд байсан, удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Огийн”...2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 15 цаг өнгөрсөн байхад Б.Г ах, Ц.М, У.Б эгч нар манай дэлгүүрт орж ирээд 0.5 литрийн Хараа архи 2 шил, 0.75 литрийн Хараа архи нэг шилийг аваад гарсан. Үүний дараагаар энэ хэрэг гарсан юм. Манай нөхрийг Ангир гэдэг болохоор Ангирын дэлгүүр гэж манай сумынхан ярьдаг юм. Б.Г ах, Ц.М, У.Б эгч нар маш их согтуу байсан...” гэх мэдүүлэг, Талийгаач Б.Гийн цогцост хийсэн шинжилгээгээр талийгаач нь гавал тархи, цээж хэвлийн хөндийн амьдрах боломжгүй хүнд гэмтлүүдийн улмаас осол болох цаг хугацаанд нас барсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

              Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Мгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн үйлдэл  болон уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой, Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг ойлгоно гэж заасан, мөн “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээдийг ойлгоно гэж тайлбарласан байх тул шүүгдэгч Ц.М нь тухайн  гэмт хэргийн субъект мөн байна.

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Ц.Мгийн гэх цусанд 1.7 промиль спиртийн зүйл илэрсэн байх бөгөөд шүүгдэгч Ц.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт болон жолооны үнэмлэхтэй эсэх лавлагаа зэргээр тогтоогдож байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

        

          Иймд шүүгдэгч Ц.Мг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.  

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан, энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г нь гавал тархи, цээж хэвлийн хөндийн амьдрах боломжгүй хүнд гэмтлүүдийн улмаас нас барсан болох нь Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 12 дугаартай дүгнэлт тогтоогдсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлбөргүйд тооцов.

 

         Шүүгдэгч Ц.М болон түүний өмгөөлөгч нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ц.М нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж,  мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “... Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно...” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “....Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт ...” заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна гэж заасан, шүүгдэгч Ц.М нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд багтаж байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас хоёр жилийг өршөөн хасах үндэслэлтэй байна. Харин тус Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан нэмэгдэл ял өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй байна.

 

              Шүүгдэгч Ц.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Цийн Мг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5/тав/ жилийн хугацаагаар хасаж, 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаас 2/хоёр/ жилийн хорих ялыг өршөөн, хассугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5/тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1/нэг/ ширхэгийг хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

7. Шүүгдэгч Ц.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР