Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 01

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “У.Д.Сц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох,

            Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 сарын 28-ны өдрийн 9/04 дугаар тогтоолын 4-р хавсралтын 2 дахь хэсгийг  хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай  шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “У.Д.Сц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, гуравдагч этгээд ““Ч.У”” ХХК-ийн захирал Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “У.Д.Сц” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Газар эзэмшүүлэх тухай Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаар Захирамжаар “У.Д.Сц” ХХК нь Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг /Тухайн үеийн 3 дугаар /-ийн нутаг дэвсгэрт 36 000 метр квадрат газрыг хууль ёсоор эзэмшиж газар эзэмших эрхээ хэрэгжүүлэн кадастржуулан татвараа өнөөдрийг хүртэл төлсөөр ирсэн байдаг. Тухайн асуудлаар ““Ч.У”” ХХК нь Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэн өнөөдрийг хүрсэн байдаг.

Дээрх шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны хянагдаж байгаа бөгөөд шүүхээс нотлох баримт цуглуулах ажиллагааны үед Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 9/04 дугаартай тогтоолыг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас татан авч хэрэгт хавсаргасныг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өөрийн өмгөөлөгч Ж.Эаас олж мэдлээ. Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 9/04 дугаартай тогтоолын 4 дүгээр хавсралтаар шийдвэрийг гаргахдаа дараах эрх зүйн алдааг гаргаж манай компанийн эзэмшлийн газар дээр ИТХ-ын тогтоолыг давхцуулан гаргаж бусдад газар олгуулах нөхцөлийг бүрдүүлэн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчлөө....

Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 9/04 дугаартай Захиргааны хэм хэмжээ тогтоосон Захиргааны акт /тогтоол/ өнөөдрийг хүртэл буюу 2020 оны 01 дүгээр сарын 20-ны байдлаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянагдаж Төрийн мэдээлэл сэтгүүл болон http://uvs.khural.mn цахим сайтад байршуулагдаж мэдээлэгдээгүй байна.

Дээрх байдлаас үзвэл Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэлгүйгээр ноцтой зөрчиж албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлэн ашиглаж Иргэн, Хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж хохироож байна. Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй "У.Д.Сц" ХХК-д мэдэгдэж, тайлбар, нотлох баримт гаргах эрхээр нь хангаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчимд нийцэхгүй байна.

Иймд Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 дугаар 05 дугаар сарын 28-ний өдрийн 9/04 дугаартай Тогтоолын 04 дугаар хавсралтын 2 дахь хэсгийг  хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчээс Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын “аймгийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/04 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Газар эзэмшүүлэх тухай Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай захирамжаар “У.Д.Сц” ХХК Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг буюу тухайн үеийн 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 36.000 м/кв газрыг хууль ёсоор эзэмшиж, газар эзэмших эрхийг хэрэгжүүлж, кадастржуулж татвараа өнөөдрийг хүртэл төлж байгаа. Тухайн асуудлаар “Чандмань Увс” ХХК шүүхэд маргаан үүсгэсэн. Увс аймгийн Засаг дарга Д.Б Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын “аймгийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/04 дүгээр тогтоолыг үндэслэн “Чандмань Увс” ХХК-ийн захирал М.Мгийн хүсэлтээр 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/159 дугаартай захирамж гаргасан. “Чандмань Увс” ХХК-ийн захирал М.М нь Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт 2005 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 1 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байдаг.

Шүүхээс ажиллагаа хийгдэж 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тэмдэглэлийг хавтаст хэрэгт хавсаргасан. Уг хуралдааны тэмдэглэл дээр “Чандмань Увс” ХХК-д 19.650 м/кв газар олгох талаар үг өгүүлбэр байгаагүй ба энэ асуудал хэлэлцэгдээгүй байсан. Шүүхээс нотлох баримт шаардахад Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1030 дугаартай албан бичгээр  манай байгууллагын зүгээс Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуралдаанд Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн цэвэр усны нэгдүгээр эх үүсвэрийн газартай холбоотой төсөл оруулаагүй. Энэ талаар сонсох мэдэгдэх ажиллагаа хийгдээгүй гэх албан бичгийг ирүүлсэн. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/04 дүгээр тогтоол гарсныг  “У.Д.Сц” ХХК-д мэдэгдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа төлөвлөлт хийх ёстой байсан.

“Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно” гэж хуульчилсан байдаг. Төлөвлөлт хийгдэж байж иргэдийн Төлөөлөгчийн Хурлаар хэлэлцэгдэж, батлагдах ёстой байдаг. Мөн сонсох ажиллагааг заавал хийх ёстой байсан. Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-2-т зааснаар хот байгуулалт болон газар зохион байгуулалт хийж, төлөвлөгөө явагдах ёстой байсан. Төлөвлөлт хийгдэж байж иргэдийн Төлөөлөгчийн Хурлаар хэлэлцэгдэж, батлагдах ёстой байдаг. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар төлөвлөгөөнд заавал сонсох ажиллагаа хийгдэх ёстой байсан боловч хийгдээгүй.

Газрын тухай хуульд зааснаар Засаг дарга газар зохион байгуулалтын төлөвлөгөөний саналаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хүргүүлэх ёстой байдаг. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батална гэж заасан. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь хэсэгт “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоохоор тус тус хуульчлан зохицуулсан байдаг. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн “Засаг даргаас санал ирүүлээгүй” гэсэн албан тоот хэрэгт авагдсан. Энэ баримтаас харахад Засаг даргаас газар зохион байгуулалтын талаарх санал ирүүлээгүй гэдэг нь нотлогдож байна. Хуулийн дээрх заалтуудаас харахад орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын хэмжээ байршлыг тогтоох хуулийн нарийвчилсан зохицуулалтыг хэрэглээгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд сүүлд нөхөж хийсэн байна. Хурлын тэмдэглэлд тавдугаарт хэлэлцсэн асуудал дээр оруулсан гэдэг боловч тавдугаарт хэлэлцсэн асуудал нь Зүүнговь сумын газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын тухай асуудал яригддаг. Тэр газар нь иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 9/05 дугаар тогтоолоор батлагдсан байх ёстой байдаг. Гэтэл 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/04 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын 2 дахь заалтаар оруулж ирж хэлэлцсэн байдаг.

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тэмдэглэл дээр Чандмань Увс ХХК-д газар олгох талаар ямар нэгэн заалт байхгүй. Танилцуулсан тэмдэглэл дээр Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 9/04 дүгээр тогтоолын хавсралтад өөр газрууд бичигдсэн байсан. Харин Увс аймгийн Зүүнговь сумын Баяннуур, Алтан элс орчмын 104.7 мянган га газрыг байгалийн нөөцийн ангилалд оруулж, улсын тусгай хамгаалалтад авах саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 9/05 дугаар тогтоолоор дэмжсэн гэж бичигдсэн байсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 9/05 дугаар тогтоолоор гарсан Баяннуур, Алтан элс орчмын 104.7 мянган га газар гэсний доод талын хүснэгтэд нэмж татаад 2 дугаар хавсралтаар “Чандмань Увс” ХХК-д газар эзэмшүүлэхээр бичигдсэн байсан. Энэ асуудлыг Тагнуулын ерөнхий газарт шалгуулж байгаа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч нар нь эхлээд энэ асуудлыг дэлгэрэнгүй тайлбарласан төсөл, төлөвлөгөөтэй танилцаж байж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх ёстой байсан. Тусгай хамгаалалтад газрыг авч байгаа тохиолдолд эхлээд Хууль зүйн яаманд бүртгүүлэх ёстой байсан боловч бүртгүүлсэн зүйл байхгүй. Байгууллагын цахим хуудас дээрээс шалгаж үзтэл Хууль зүйн яаманд бүртгүүлээгүй мөн иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас гарсан тогтоол зөрүүтэй байсан. Ийм нөхцөл байдалтайгаар захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргаж “У.Д.Сц” ХХК-ийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасан байх тул нэхэмжлэл гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасны дагуу бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчимд нийцэхгүй байна. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Засаг даргын захирамж гаргахаас өмнө шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлтийг Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтэц, байгаль орчин, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч гаргасан. Дүгнэлт гаргахдаа хэргийн оролцогч нарын бүх эрхийг хангасан байдаг ба 19.657 м/кв газрын солбицлыг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/722 дугаар захирамжаар эзэмшүүлсэн гэх Чандмань Увс ХХК-ийн солбицлыг гаргасан. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын программд оруулсан “Чандмань Увс” ХХК-ийн эзэмшлийн 19657 м/кв Дулааны станц ХХК-ийн эзэмшлийн 36.000 м/кв газартай давхцал байгаа эсэхийг шалгаж үзтэл 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай захирамж болон 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/722 дугаар Засаг даргын захирамж хоорондоо давхцалтай байгаа нь гарсан. 36.000 м/кв газраас 19.104 м/кв газар нь тухайн газартай давхцалтай байгааг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Тухайн шинжээчийн дүгнэлтийн доод талд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч нар гарын үсэг зурсан ба “Чандмань Увс” ХХК-ийн захирал М.М нь шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Шинжээчийн дүгнэлт зөв гарсан байх тул өөр хүсэлт байхгүй гэж бичиж өгсөн байдаг. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн 03 дугаартай дүгнэлтийг нотлох баримтын шаардлага хангаж холбогдох нотлох баримтуудын хамт шүүхэд өгсөн байгаа. “У.Д.Сц” ХХК нь хэрэглэгчдийг дулаанаар хангадаг онцгой объект учир нүүрс буулгах, ажилчдын аюулгүй байдлыг хангах амрах байр байх ёстой. Аливаа юмыг амар хялбар аргаар шийдэж байгаа нь учир дутагдалтай байна. Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь төлөвлөлт хийж, үл хөдлөх эд хөрөнгө байгаа эсэхийг судалж, онцгой объект нь хааш хааш хэдэн м/кв газрын зайтай байж орчиндоо аюулгүй байхыг нарийвчлан тусгах ёстой байсан. Онцгой объект хариуцан ажиллаж байгаа тусгай зөвшөөрөлтэй компанид мэдэгдэх сонсох ажиллагаа заавал хийх ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтыг үнэлэхдээ үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж өгнө үү. Захиргааны ерөнхий хуулийн 74, 75, 76, 77 дугаар зүйлд заасан төлөвлөлт гэдэг зүйл хийгдээгүй байна. 2005 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаар захирамж гарснаас хойш 15 жилийн хугацаа өнгөрсөн байна. 15 жилийн хугацаанд нэмэгдэж баригдсан үл хөдлөх эд хөрөнгүүд маш их байгаа. Газрын доод талд явж байгаа шугам сүлжээнүүд нь Дулааны станцын өмчийн шугам сүлжээ юм. Эдгээр нөхцөл байдлуудыг судалж тогтоохгүйгээр хүснэгт татаад шийдэж болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлөн дарга Э.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 сарын 28-ны өдрийн 9/04 дугаартай тогтоолоор хэлэлцэж шийдвэрлэсэн.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн батлахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуулиудад холбогдох бүрэн эрхээ хэрэгжүүлж шийдвэрээ гаргасан.

Нэхэмжлэлд дурдсанаар ““Ч.У”” ХХК-ийн 19657 га газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг гаргуулахдаа газрын тухай хуулийн 20.1.3, 20.2.5 заасны дагуу газар эзэмшигч болон тухайн шатны Засаг даргатай тохиролцсоны дагуу аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулаптын газраас тооцоо судалгаа хийж боловсруулан хурлаар хэлэлцүүлж батлуулсан. 1986 оноос эхэлэн "“Ч.У”" ХХК-ийн 19657 га газарт өөрийн өмчлөлийн барилга байгууламжууд байрлаж үйл ажиллагаагаа эрхэлж ирсэн. Тус компанийн нөөцөд авсан газар нь цэвэр усны өргөгч станц, усан сангийн байгууламж байрладаг онцгой бүсэд хамаардаг тул тусгай орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан.

Иймээс У.Д.Сц ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:” Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт байрлах “У.Д.Сц” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад шүүхэд хариу тайлбараа гаргасан байгаа. Увс аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/04 дугаартай тогтоолоор хэлэлцсэн. Энэ асуудлыг хэлэлцэхдээ нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан “Чандмань Увс” ХХК-ийн 19.657 га газрыг төлөөлөгчдөөр хэлэлцүүлж хурлаар орсон. Энэ асуудлыг нэмэлтээр хурлын тэмдэглэлд оруулсан зүйл байхгүй. Хуралдаан болохоос өмнө хурлын хороод ажилладаг ба Байгаль орчин экологийн тэнцвэрт байдлын хорооны хуралдааны үеэр “Чандмань Увс” ХХК-ийн газрын асуудал хэлэлцэгдэж, хурлаар оруулахыг дэмжсэн. Маргаан бүхий газар нь 2005 оны Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын захирамжаар “У.Д.Сц” ХХК-д олгогдсон байдаг. Ховд аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх уг маргаантай асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаад түдгэлзүүлсэн. “У.Д.Сц” ХХК-ийн газартай давхцалтай 19.657 га газар нь шүүх дээр маргаантай байгаа учир “У.Д.Сц” ХХК-ийн өмч мөн гэдгийг шууд хэлэх боломжгүй. “Чандмань Увс” ХХК нь 1986 оноос эхэлж байгууллагын данс бүртгэлд тодорхой хөрөнгийг бүртгэж, үл хөдлөх хөрөнгүүдийг гэрчилгээжүүлсэн байдаг. Үл хөдлөх хөрөнгө маань газраас салгаж болохооргүй хөрөнгө байдаг учир тухайн газар нь “Чандмань Увс” ХХК-ийн газар гэсэн бүртгэлтэй байгаа. Төрийн байгууллагын үл хөдлөх хөрөнгө түүнд байгаа газар нь тухайн байгууллагын данс бүртгэлд бүртгэгдэж орон нутгийн өмчид тусгагддаг учир тусгайлан салгаж бүртгэж гэрчилгээ олгох боломжгүй. Аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар тус газрыг хэлэлцэн батлахдаа хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцсэн. Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас энэ асуудлыг оруулж ирж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулсан.

 Дэмжигдсэн асуудлыг заавал хурлын тэмдэглэлд тусгадаггүй. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/01 дугаар тогтоолоор усны эх үүсвэрийг хамгаалалтад авах асуудал хэлэлцэж, эрх ашиг нь тодорхой хэмжээгээр хөндөгдөж байгаа этгээдүүдэд мэдэгдэж саналыг аваагүй байна гэдэг үндэслэлээр уг тогтоолыг дахин хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон учир шийдвэр гаргаагүй. Маргаан бүхий газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг хуралдаанаар хэлэлцсэн. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5 дахь хэсэгт газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг газар эзэмшигч болон тухайн шатны Засаг даргатай тохиролцсоны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхээр заасан байдаг. Тэгэхээр одоогоор газар эзэмшигч нь Орон нутгийн өмчит “Чандмань Увс” ХХК байгаа тул “Чандмань Увс” ХХК-ийн захирлын гаргасан хүсэлтийг үндэслэн газрын асуудал хурлаар хэлэлцэгдсэн.

Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д зааснаар мөрөн, гол, усны эх үүсвэрийг хамгаалах зорилго бүхий усны нөөц газар гэж заасан байдаг. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргана гэж заасан бүрэн эрхийнхээ дагуу ““Ч.У”” ХХК-ийн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гарсан. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/04 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын 2 дахь заалтыг хэм хэмжээ тогтоосон акт гэж үзэх үндэслэлгүй юм.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн тогтоолд “Төрийн болон орон нутгийн өмчид төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшилд байгаа барилга байгууламжийн доорх газар эзэмших ашиглах эрхийг иргэн, хуулийн этгээдийн нэр дээр болгосныг цуцалж, тухайн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн нэр дээр баталгаажуулах арга хэмжээ авахыг орон нутгийн өмчит компаниуд болон нийслэлийн Засаг дарга болон аймгийн Засаг дарга нарт даалгасан тогтоол гарсан байдаг. Үүнтэй холбогдуулан Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн захирамж гарсан гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших ашиглах эрхийг хуулийн этгээдэд 2020 онд багтаан олгож дуусгахыг Барилга хот байгуулалтын сайд болон бусад аймаг нийслэлийн Засаг даргад даалгасан Монгол Улсын Засгийн газрын тогтоол байгаа. Үүний дагуу хуулийн этгээдэд газар олгосон асуудлыг бүгдийн цуцлах Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж ажиллах талаар яригдаж байтал 2020 оны Засгийн газрын тогтоолоор баталгаажсан. Маргаан бүхий газрыг хавсралтаар оруулж ирсэн асуудал яригдаж байна. Хурлын дараа хэн нэгэн нэмэлтээр хавсралт болгож оруулж ирсэн зүйл байхгүй. Энэ асуудал нь хорооны хурлаар хэлэлцэгдэж газрын төлөвлөлтөд орж ирсэн. “У.Д.Сц” ХХК-д мэдэгдэж сонсох ажиллагаа хийгдээгүй талаар нэхэмжлэгч тал тайлбар гаргаж байна. Бид “Чандмань Увс” ХХК-ийн эд хөрөнгө буюу усны эх үүсвэрийн хамгаалалтад авсан цэвэр усны өргөгч станц, усан сангийн барилга байгууламж тухайн газарт байрлаж байгаа тул “Чандмань Увс” ХХК-ийн өмчлөлийн газар гэж ойлгож “У.Д.Сц” ХХК-д мэдэгдэж санал авах ажиллагаа хийгдээгүй. Маргаан бүхий газар нь ““Ч.У”” ХХК-ийн санхүү тайланд бүртгэлтэй байхад “У.Д.Сц” ХХК-ийн эзэмшлийн газар гэж үзэх боломжгүй учир мэдэгдэх сонсох ажиллагаа хийгээгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Гуравдагч этгээд ““Ч.У”” ХХК-иас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ““Ч.У”” ХХК орон нутгийн өмчит компани нь Увс аймгийн Улаангом сумын 12-р багт 19657 м2 газрыг эзэмшдэг бөгөөд уг газарт цэвэр ус нөөцлөх усан сан, насосын станцын барилга байгууламж, аймгийн төвийн бохир усны/ төв насосын станц өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсаар ирсэн орон нутгийн онц чухал объект байгаа юм. Гэтэл У.Д.Сц ХХК нь 2005 оны 01 дү/ээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай 36000 м2 газар эзэмших хууль бус захирамжаар далайлган манай байгууллагын эзэмшиж буй 19657 м2 газрыг өөрийн эзэмшлийн газар гэж маргалдаж байгаа нь үндэслэлгүй байна. Үүнд:

Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай У.Д.Сц ХХК-д өмчилсөн 36000 м2 газрын захирамжийг хууль ёсны мөн үү гэдгийг шалгуулахад Улаангом сумын архивд дээрх захирамжтай холбоотой тодорхой шийдвэр байхгүй, хууль бус захирамж байна гэсэн албан хариулт ирснийг хавтаст хэрэгт хавсаргасан байгааг хууль хяналтын байгууллага сайтар нягталж үзэх нь зүйтэй байна.

2014 онд 2 байгууллагын дунд газрын маргаан үүссэнээр манай байгууллага Улаангом сумын 12-р багт байрлах 19657 м2 газраа албажуулж захирамж, гэрчилгээ гаргуулж авсан бөгөөд газрын захирамж дээр аймгийн орлогч дарга гарын үсэг зурсан нь шүүх дээр хууль бус болоод байсан тул холбогдох эрх бүхий байгууллагад нь уламжлаад ажиллаж байсан юм. Үүнтэй зэрэгцэн манай харьяа дээд байгууллага болох Увс нуур Тэс голын сав газраас Улаангом сумын ус хангамжийн эх үүсвэрийн төвлөрсөн цэгүүдийн эрүүл ахуйн бүс тогтоох, газрын координат татах төлөвлөгөөтлууд хийгдэж аймгийн хурлаас хэлэлцэгдэж батлагдсаны дагуу тогтоол шийдвэр нь гарч энэ шийдвэрийн дагуу өмнөх Засаг даргын орлогч зурсан тогтоол шийдвэрийг хүчингүй болгож 2019 оны 12 дугаар сарын 30 -ны өдөр аймгийн Засаг даргын захирамж гарсан болно. Компанийн захирал асан М.М нь аймгийн хурлын -өлөөлөгчийн хувиар уг тогтоол, захирамжид ямар байдлаар нөлөөлсөн зүйл байхгүй гэдгээ бидэнд хариуцлагатайгаар мэдэгдсэн.

Дээрх шийдвэр гаргахад оролцсон Увс Нуур Тэс голын сав газар болон Аймгийн иргэдийн хурал, Аймгийн Засаг даргатай холбоотой асуудлаа тухайн байгууллага нь тодруулах нь зүйтэй байх. Манай байгууллагын хувьд тухайн маргаан бүхий "ззарт аймгийн төв бохир усны насосын станц ажиллаж байгаа бөгөөд станц руу орж гарах эрх байхгүй айлын хашаагаар дамжиж өдөр тутмын үйл ажиллагаа явуулж байгаа нь ноцтой хүндрэл учруулж байгааг ойлгож уг маргааныг яаралтай шйдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсье” гэжээ.

Гуравдагч этгээд ““Ч.У”” ХХК-ийн захирал Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Чандмань Увс” ХХК-ийн өргөгч станц нь Орос улсын стандартаар баригдсан объектууд юм. Яагаад өргөгч станцын маргаан гаргаад байгааг тайлбарлавал 1997 онд “У.Д.Сц” ХХК-д 2 ширхэг гүний худаг гаргаж өгсөн. Гүний худгаас усаа хангадаг болсноос хойш “У.Д.Сц” ХХК-ийг усаар хангаж байсан буюу 3 дугаар өргөгч станц 1997 оноос хойш ажиллагаагүй болсон. Би 1999 онд “У.Д.Сц” ХХК-ийн даргаар томилогдон ажиллаж байсан. Маргаад байгаа газар нь “У.Д.Сц” ХХК-ийн газар биш. Тухайн үед өргөгч станцын хажуу талд торон хашаатай байсан. Өргөгч станц ажиллахгүй 2, 3 жил болсон учир “У.Д.Сц” ХХК-ийн хуучин дарга байсан Мижиддорж нь маргаан бүхий газар дээр 2 давхар оффис барьсан ба урд талд нь тоосгон хэрэм барьсан. Тухайн хэрмийн нарийн хаалгаар дамжиж “У.Д.Сц” ХХК-д ордог байсан.Намайг “У.Д.Сц” ХХК-ийн захирал байх үед “Чандмань Увс” ХХК-ийн захирлаар Батнасан гэж хүн байсан ба тэр хүн манай газрыг эзэмшиж ашиглаж байна гэдгийг хэлдэг байсан.  2003 оны хувьчлалаар маргаан бүхий газар нь “У.Д.Сц” ХХК-ийн өмчлөлд шилжсэн. Маргаан бүхий газрын гэрчилгээ нь “Чандмань Увс” ХХК-ийн эзэмшилд байсан учир газрын маргаан гарахгүй гэж бодсон байсан. ““Ч.У”” ХХК-ийн 19.659 м/кв газар “У.Д.Сц” ХХК-ийн газартай давхцаж байгаа талаар нэхэмжлэгч тал тайлбар гаргасан. Давхцахаас өөр арга байхгүй яагаад гэвэл цэвэр усны өргөгч станц байгаа газар нь давхцаж байгаа юм. “У.Д.Сц” ХХК-ийн 36.000 м/кв газар дотор “Чандмань Увс” ХХК-ийн харьяалалтай бохирын төв шугам явж байгаа. Хуульд зааснаар шугамын зурвас нь хоёр талдаа хэдэн м/кв газар байхыг зохицуулсан байдаг. “У.Д.Сц” ХХК-ийн 36.000 м/кв газар дотор “Чандмань Увс” ХХК-ийн бохир усны шугам явж байгаа тул үйлчилгээ явуулж чадахгүй болсон. Уг нь инженерийн мэргэжилтэй хүн хараад ойлгох ёстой учир энэ газарт маргаан гаргаад байх шаардлага байхгүй. Анхнаасаа “Чандмань Увс” ХХК-ийн эзэмшлийн газар юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч,хариуцагч,гуравдагч этгээд нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж, тал бүрээс нь үнэлээд  дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч  “У.Д.Сц” ХХК шүүхэд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 сарын 28-ны өдрийн 9/04 дугаар тогтоолын 4-р хавсралтын 2 дахь хэсгийг  хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч тал нь “Тогтоолын хавсралтаар “У.Д.Сц”-ын эзэмшлийн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахдаа мэдэгдэх сонсох ажиллагаа хийгээгүй, шүүхэд газрын маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар тусгасан нь үндэслэлгүй” гэж маргажээ.

Хариуцагчийн зүгээс” газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг гаргуулахдаа газрын тухай хуулийн 20.1.3, 20.2.5-д заасны дагуу тус газар нь цэвэр усны өргөгч станц, усан сангийн байгууламж байрладаг онцгой бүсэд хамаардаг тул тусгай хэрэгцээнд авсан” гэж хариу тайлбар гарган нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тухайн маргаантай газарт ““Ч.У”” ХХК-ийн дансанд бүртгэлтэй эд хөрөнгө байрладаг тул ““Ч.У”” ХХК-ийн газар гэж үзсэн ба У.Д.Сцад мэдэгдэх сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй,уг газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудал хорооны хуралдаанаар хэлэлцэгдэн дэмжигдэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн” талаар тайлбар гарган нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гуравдагч этгээд нь “маргаж байгаа газар нь манай компанийн цэвэр ус нөөцлөх сан, бохирын усны төв насосны станцын барилга байгууламж үйл ажиллагаа явуулсаар ирсэн,манай компанийн эзэмшлийн газар болно” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлсэн болно.

 

Нэхэмжлэгч тал маргаан бүхий тогтоолын хавсралтын талаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд хэргийн материалтай 2020 оны 05 сарын 14-ний өдөр танилцахдаа мэдсэн талаар нэхэмжлэлдээ дурджээ.

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2020.02.06-ны өдрийн  35 дугаар албан бичгээр тогтоолыг хавсралтын хамт Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн, шүүхээс хэргийн материалыг нэхэмжлэгчийн төлөөлөгчид 2020 оны 05 сарын 14-ний өдөр танилцуулсан талаарх баримтыг нэхэмжлэгч талаас хэрэгт хавсаргуулсан байна.

Хариуцагч талаас маргаж буй тогтоолын хавсралтын талаар “У.Д.Сц” ХХК-д мэдэгдээгүй талаар тайлбар гаргасан ба нэхэмжлэгч тал нэхэмжлэлийг 2020 оны 05 сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлснийг хуулийн хугацаанд гаргасан гэж үзлээ.

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5 сарын 28-ны өдрийн 9/04 дугаар тогтоолоор аймгийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн байх ба 4-р хавсралтын 2 дахь хэсэгт Улаангом сумын 12-р баг, Цэвэр усны 1-р эх үүсвэр гэх байршилд 1,97 га газрыг байгалийн нөөц газарт тооцон орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөсөн төлөвлөлтийг баталжээ.

Уг төлөвлөлтийг үндэслэн Увс аймгийн Засаг даргын 2019 оны 12 сарын 30-ны өдрийн А/959  дугаар захирамжаар ““Ч.У”” ХХК-д 19657м2   газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т “төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн,хуулийн этгээдийн эрх,хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж,саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно” гэж заасан ба мөн хуулийн 73.1.2-т зааснаар төлөвлөлтөд хот байгуулалт болон газар зохион байгуулалт хийх ажиллагааг хамруулахаар тусгасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 74-р зүйлд сонсох ажиллагаа явуулах журмыг, 77 дугаар зүйлд сонсох ажиллагааг хийхгүй байх нөхцлийг зохицуулжээ.

                  

Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгүүдэд улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө;аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө багтахаар заасан ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна” гэжээ.

 

Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүрэг энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно “гэж заасан ба орон нутгийн тусгай хамгаалалттай газрын зориулалтаар тусгай хэрэгцээнд авч болохыг заасан байна.

Мөн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5-д зааснаар газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг газар эзэмшигч болон тухайн шатны Засаг даргатай тохиролцсоны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд аймаг,сумын Засаг дарга өргөн мэдүүлэхээр заажээ.

 “У.Д.Сц” ХХК болон ““Ч.У”” ХХК-ийн хооронд газар эзэмшлийн талаар маргаантай байх ба ““Ч.У”” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анх хянан шийдвэрлэсэн Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.03-ны өдрийн 124/ШШ2018/0002 дугаар шийдвэрийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018.03.21-ний өдрийн 221/МА2018/0186 дугаар  магадлалаар хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэснийг  Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018.06.18-ны өдрийн 265 дугаартай тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэсэн байх ба тус хэрэг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 сарын 27-ны өдрийн 107 дугаар захирамжаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөсөн 1,97 га газартай холбоотой газар эзэмших эрхийн маргаан бүхий ““Ч.У”” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг дарга,Улаангом сумын Засаг даргад холбогдох, гуравдагч этгээд “У.Д.Сц” ХХК-ийн бие даасан шаардлагатай захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ.

Тус захиргааны хэрэгт Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч шинжээчийн дүгнэлт гаргасан байх ба 2019.12.30-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтээр Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 сарын 14-ний өдрийн А/722 дугаар захирамжаар эзэмшүүлсэн гэх ““Ч.У”” ХХК-ийн эзэмшлийн 19657 м 2 газраас 19104 м 2 газар нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 1 сарын 4-ний өдрийн 01 дүгээр захирамжаар эзэмшсэн гэх У.Д.Сц ХХК-ийн эзэмшлийн 36000 кв.м газартай давхцаж байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ““Ч.У”” ХХК болон “У.Д.Сц” ХХК-ийн давхцалтай газрын  маргаан шүүхийн шатанд эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад уг маргаантай газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмж тусган шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5, 16 дугаар зүйлийн 16,2 болон Захиргааны ерөнхий хуулийн 73.1,74 дүгээр зүйлийн 74.1-д заасан заалтуудтай нийцээгүй алдаатай шийдвэр болсон байна.

Өөрөөр хэлбэл уг газрын эзэмшигч нь тодорхой тогтоогдоогүй, газар эзэмшигчтэй тохиролцох хуулийн заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байхад тухайн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөсөн нь “У.Д.Сц” ХХК-ийн эрх ашгийг хөндсөн гэж үзэх үндэслэлтэй.

Мөн газрын маргааны нэг тал болох “У.Д.Сц” ХХК-д тухайн төлөвлөлтийн талаар сонсох ажиллагааг явуулаагүй нь буруу болно.

 Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 19-р зүйлд  “Байгалийн тодорхой хэв шинж, аль нэгэн нөөц, баялгийг хамгаалах, хадгалах, нөхөн сэргээх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг байгалийн нөөц газар гэнэ” гэж тодорхойлсон байх ба мөн хуулийн 20 дугаар зүйлд Мөрөн, гол, усны эх үүсвэрийг хамгаалах зорилго бүхий усны нөөц газар нь байгалийн нөөц газрын нэг төрөл байхаар заажээ.

Орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн маргаан бүхий газарт ““Ч.У”” ХХК-ийн бохирын өргөх станц ажилладаг,мөн ““Ч.У”” ХХК болон “У.Д.Сц” ХХК-ийн эзэмшлийн гэх барилга байгууламжууд байрладаг талаар талууд тайлбар гаргасан ба байгалийн нөөц газарт хамаарах шинжийг агуулаагүй байх тул Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасантай нийцээгүй байна.

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эзэмших эрхийн маргаантай газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөсөн төлөвлөлт нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасан “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдийн оролцоог хангах”, 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших,ашиглахад шударга ёс,тэгш байдлыг хангах”  зарчмыг хөндсөн гэж үзэх үндэслэлтэйг дурдав.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 сарын 28-ны өдрийн 9/04 дугаар тогтоолын 4-р хавсралтын 2 дахь хэсгийг  хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох  нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.3, Захиргааны Ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “У.Д.Сц” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 сарын 28-ны өдрийн 9/04 дугаар тогтоолын 4-р хавсралтын 2 дахь хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч “У.Д.Сц” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.