Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2015/0097

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 622 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б ХХК-ийн гүйцэтгэх захирал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сшүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: ...Манай компани Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Урт гэдэг газарт 7762Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа бөгөөд тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуулын үйл ажиллагааг хуульд заасны дагуу хийж гүйцэтгэн тайлан, төлөвлөгөөгөө Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаанд хүргүүлж, жил бүрийн төлбөрийг бүрэн гүйцэд төлж тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох зөрчил дутагдал гаргаж байгаагүй болно. Ашигт малтмалын 7762Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас өмнө геологи хайгуулын ажлыг хийж гүйцэтгэн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл хайгуулын ажлын үр дүнгийн нэгдсэн тайланг батлагдсан маягт, шаардлагад нийцүүлэн боловсруулж, анхдагч материалын хамт ашигт малтмалын газарт хүргүүлэн зохих журмын дагуу буюу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шинжээч томилуулан Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр тайланг хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа болно.

Манай компанийн зүгээс бидний эзэмшиж байгаа хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болж байгааг харгалзан үзэж 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр албан бичгээр 7762Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болж байгаа тул тухайн талбайд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайланг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн дүгнэлт гаргах хүртэл. хугацаанд тусгай зөвшөөрлийг хүчинтэй байлгаж өгөхийг хүссэн албан бичгийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүргүүлж байсан.

Мөн 2013 оны оны 7 дугаар сард дахин албан бичгээр хандахад мөн оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 4-4460 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдөр манай компанийн хайгуулын ажлын тайлангийн шинжээчээр Монгол Улсын зөвлөх инженер, геологич С. томилогдсон байгаа тухай хариу ирүүлж байсан.

Манай компанийн 7762Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хийж

гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайланг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхэд дүгнэлт гаргахаар томилогдсон шинжээч тайлан болон холбогдох материалыг судлан үзээд ордын хайгуулын судалгааны ажлыг газрын гадаргуугаас хангалттай түвшинд судалсан боловч хүдрийн биетүүдийг гүнрүү нь дахин нэмж судалгаа хийх, бүрэн гүйцэт судалгаа хийсэний дараа түүний үр дүнгээр нөөц бодож тайланг шинжээчид дахин танилцуулж хянуулахаар зөвлөж, буцаасан тул бид шинжээчийн дүгнэлтэд нийцүүлэхээр нэмэлт хайгуулын зарим ажлуудыг хийж, тайланд холбогдох өөрчлөлтийг оруулж байгаа болно. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг хадгалах хууль зүйн үндэслэлийг заасан бөгөөд тус зүйлд мөн хуулийн 32, 33 дугаар зүйлийг зөрчвөл энэ хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлээр цуцална гэж заасан. Манай компанийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 32, 33 дугаар зүйлийг хангаж ажиллаж байсан тул ордын нөөцийг хуулийн дагуу батлуулагдах хүртэл хугацаанд тусгай зөвшөөрлийг эзэмших эрх хадгалагдаж байгаа гэж үзэн ажиллаж байсан. Ордын нөөцийг батлуулах нь нилээд хугацаа, хөрөнгө, боловсон хүчин шаардсан ажил бөгөөд Ашигт малтмалын газраас томилогдсон шинжээчийн шаардлагад нийцүүлэх нь удаашралтай хугацаанд манай компанийн Ашигт малтмалын тухай хуульд заасан ашиглалтын нөөц батлагдмагц Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах эрх зөрчигдсөөр байсан юм. Гэтэл Улсын Их Хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан тус хуулийн Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээтэй холбогдолтой заалтыг хүчингүй болгож, тус 21 дүгээр зүйлийн 21.1.5-д Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулийн хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар гурван удаа сунгуулах эрхтэй байхаар хуульчилсан болно.

Манай компанийн хувьд 7762Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг явуулж байх хугацаандаа зөрчил, дутагдал гаргаж байгаагүй, тус талбайд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайланг Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу хүлээлгэн өгч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Ашиг малтмалын газраас шинжээч томилуулан ажиллаж, тус шинжээчийн зөвлөмжийн дагуу ордын нөөцийг бүрэн гүйцэд тогтоохоор ажиллаж байх хугацаанд Ашигт малтмалын тухай хуульд шинээр хуульд нэмэлт, өөрчлөлт орсны дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 21.1.5-д заасан эрхээ хэрэгжүүлэхээр Ашигт малтмалын газрын даргад манай тусгай зөвшөөрлийг дахин 3 дахь удаагаа 3 жилээр сунгуулах сунгаж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан юм. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс манай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон тул сунгах боломжгүй гэсэн хариуг 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 6-4985 тоот албан бичгээр ирүүлсэн болно. Энэхүү үйлдлийг манай компанид мэдэгдээгүй бөгөөд бид ирүүлсэн албан тоотоос нь мэдэн шүүхэд хандан шийдвэрлүүлэхээр болсон.

Манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасан хугацаанд хугацаа дуусахаас өмнө холбогдох шинжээч томилуулан Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр тайланг хэлэлцүүлэх шатанд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч байгаа, Ашигт малтмалын газраас шинжээч томилсон атлаа кадастрын хэлтэс нь тусгай зөвшөөрлийн бүртгэлд хугацаа дуусгавар болгон бүртгэл хийсэн, тусгай зөвшөөрлийн 9 жилийн хугацаа дуусч цаашид сунгуулах хуулийн боломжгүй, ашиглалтын өмнөх үйл ажиллагаа явуулж байгааг харгалзан үзээгүй тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэл хийсэн нь цаашид ордын нөөцийг Эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлөөр батлуулах боломжгүй болж манай компанийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсоноор манай компанийн Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах эрх байхгүй болсон бөгөөд харин зөвшөөрлийг хүчинтэй байлгах үүднээс хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг 3 дахь удаагаа 3 жилийн хугацаагаар сунгуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуульд заасан эрхийг хангаж хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авчшийдвэрлэх, тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлд зохих өөрчлөлт оруулахыг Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгч "Б" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Бт нэмэлт тайлбартаа: ...Манай компани Ашигт малтмалын 7762Х хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас өмнө геологи хайгуулын ажлыг хийж гүйцэтгэн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл хайгуулын ажлын үр дүнгийн нэгдсэн тайланг батлагдсан маягт, шаардлагад нийцүүлэн боловсруулж, анхдагч материалын хамт ашигт малтмалын газарт хүргүүлэн зохих журмын дагуу буюу тусгай зөвшөөрлийн хугацаадуусахаас өмнө 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шинжээч томилуулан Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр тайланг хэлэлцүүлэхээр дараалал хүлээгдэн ажиллаж байгаа болно.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөж байсан хууль тогтоомжийн дагуу байгуулсан ашиглалтын өмнөх гэрээг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын хугацаанд уг хуульдзаасан журмын дагуу шинэчлэн бүртгэж, гэрээний хугацаанд хүчинтэйд тооцож тухайн үед мөрдөж байсан хуулийн дагуу төлбөр төлөхөөр заасан.

Тус компани нь маргаан бүхий 7762Х хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй тул энэ асуудалд хуулийг буцаан хэрэглэх эсэхийг шийдвэрлэхээргүй байна. Харин тус хуулийн агуулга, зорилго нь цаашид хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй ашиглалтын өмнөх гэрээ байгуулахыг хуулиар хориглож байгаа бөгөөд харин үүний оронд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 12 жил болгон уртасгаж энэхүү хугацаанд хайгуулын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл эзэмшигч бүрэн дүүрэн хийж гүйцэтгэх цаг хугацааны боломжоор хууль тогтоогчийн зүгээс олгож байгаа боломж юм.

Иймд манай компанид үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалган шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалсан шийдвэр болох юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг "Урт" нэртэй 511.87 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын 7762Х тоот тусгай зөвшөөрлийг анх 2004 оны 6 дугаар сарын 24-ны өдөр "Н" ХХК-д олгосон байна.

Ашигт малтмалын хайгуулын 7762Х тоот тусгай зөвшөөрлийг Геологи уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2005 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 766 дугаар шийдвэрээр иргэн Б.Даваажавт, Геологи уул уурхайн кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ 2007 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 57 дугаар шийдвэрээр "Зүүн-Урт" ХХК-д, Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1973 дугаар шийдвэрээр "Ж" ХХК-д, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын2011 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 903 дугаар шийдвэрээр "Баян нөмрөг уул" ХХК-д тус тус шилжүүлэн бүртгэсэн байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсэгт зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилээр олгох ба хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт "...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 2 удаа сунгуулах" гэж заасны дагуу 7762Х тоот тусгай зөвшөөрөл нь 2004 оны 6 дугаар сарын 24-ны өдөр анх олгогдож тусгай зөвшөөрлийн нийт хүчинтэй байх 9 жилийн хугацаа 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар 48.3 дах хэсэгт "Хайгуулын тусгай зөвшөерөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн нэгдсэн тайланг батлагдсан маягт, шаардлагад нийцүүлэн боловсруулж, анхдагч материалын хамт төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө" гэж заасны дагуу 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө тайлангаа ирүүлж Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлээгүй, нөөц батлуулаагүй, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргаагүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэххэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон байна. Тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу цуцлагдах үндэслэл бүрдсэн тохиолдолд болон цуцалсан шийдвэр гарсны дараа тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэл хүргүүлдэг ба хугацаа дуусгавар болсон тохиолдолд тусгай зөвшөөрлийн эзэмшигчид мэдэгдэх болон дуусгавар болсон шийдвэр гаргах үүрэгтэй талаар ашигт малтмалын тухай хуулиар хуульчилаагүй болно.

Мөн Ашигт малтмалын тухай хуульд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн өөрчлөлтөөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа 12 жил болсон хэдий ч тус хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд хуулийг буцаан хэрэглэхгүй байх талаар дурдсан тул хугацааг сунгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг "хуульд өөрөөр заагаагүй бол иргэн хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны Захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны акт хүлээн авсанаас эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана" гэж зааснаар 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон талбайн талаар 2013 - 2014 онуудад Ашигт малтмалын газарт хандаж гомдлоо гаргажшийдвэрлүүлээгүй атал захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дах хэсэгт зааснаар "Б" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 622 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8, 21 дүгээр зүйлийн 21.1.15, 23дугаар зүйлийн 23.1, 23.2, 23.3, 48 дугаар зүйлийн 48.3, 48.4, 48.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг хэвээр хадгалахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах үүднээс одоо хүчин төгөлдөр байгаа хуульд нийцүүлэн хугацааг сунгаж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр тайланг хэлэлцүүлэх боломж олгон шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 7762Х дугаартай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө уг тусгай зөвшөөрлийн талбайд 2007-2011 онд хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг гаргаж, Ашигт малтмалын газрын Геологийн албанд гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлтийн дагуу Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь 2013 оны 06 сарын 04-ний өдөр шинжээч томилсон байна.

Томилогдсон шинжээч нь дээрх хайгуулын ажлын тайлантай танилцаад нэмэлт шаардлага тавин буцаасан нь нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсноос Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-23.4 дэх хэсэгт заасан Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах боломжгүй болсон зэргийг хариуцагч харгалзан үзээгүй байх тул мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар сунгах нь зүйтэй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь ашигт малтмалын хайгуулын 7762Х дугаартай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлогдож байгаа бөгөөд 24.2 дахь хэсэгт Энэ хуулийн 53.1.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд уг тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй бол уг талбайд сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно гэж заасныг дээрх шүүхийн шийдвэр зөрчиж байна.

Мөн нэхэмжлэгч нь уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсноос Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-23.4 дэх хэсэгт заасан Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах хүсэлтийг Ашигт малтмалын газарт ирүүлсэн талаарх аливаа хүсэлт, түүний хүлээн авч шийдвэрлэсэн шийдвэр, уг гэрээ байгуулсныг нотолсон нотлох баримт хэргийн материал байхгүй байтал шүүх хариуцагчийн буруугаас энэхүү гэрээг байгуулах боломжгүй болсон тул хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилээр сунгах гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

2014 оны 07 сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдан мөрдөгдөж эхлэхээс өмнө мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн нийт хугацаа 9 жил байсан ба нэхэмжлэгчийн хайгуулын 7762Х дугаартай зөвшөөрлийн 9 дэх жил нь 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар байх тул шүүх 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах гэсний дагуу нэмж 3 жилийн хугацаагаар тусгай зөвшөөрлийг сунгаж шийдвэрлэсэн нь хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчмыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын 7762Х дугаартай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө уг тусгай зөвшөөрлийн талбайд 2007-2011 онд хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд ирүүлээгүй, уг хайгуулын талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 622 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан байх тул хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Энэ хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан байх тул Б ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр дуусч ашигт малтмалын нөөц батлуулах ажиллагааны үед уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах эсэхтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд дээрх хуулийг хэрэглэх ёсгүй байна.

Анхан шатны шүүх дээрх хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилээр сунгахыг хариуцагчид даалгасан нь үндэслэлгүй байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин Б ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах өдөр буюу 2013 оны 6 дугаар сарын 24-нөөс өмнө хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Ашигт малтмалын газрын Геологийн албанд гаргаж, түүний дагуу шинжээч томилогдсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн нэгдсэн тайланг батлагдсан маягт, шаардлагад нийцүүлэн боловсруулж, анхдагч материалын хамт төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө гэж заасныг зөрчөөгүй байна.

Ашигт малтмалын газрын Геологийн албанаас тус компанийн хайгуулын үр дүнгийн тайлангийн талаар дүгнэлт гаргах шинжээч томилсон боловч шинжээч нь 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тайланг дахин танилцуулахыг зөвлөж буцаасан тул Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайланд дурдсан ашигт малтмалын ордын нөөцийн талаар шинжээчийн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргана гэсний дагуу төрийн захиргааны байгууллагаас ашигт малтмалын нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх үйл ажиллагаа явагдаагүй бөгөөд энэ хооронд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусчээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчээс дутуу ирүүлсэн мэдээ, тайланг шаардах эрхтэй гэж зааснаас үзвэл хайгуулын ажлын үр дүнгийн талаар дутуу ирүүлсэн мэдээ, тайланг шаардах боломжтой байна.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь томилогдсон шинжээч тайланг дахин ирүүлэхийг зөвлөсөн нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн дээрх 48.5 дахь заалтад нийцсэн үйл ажиллагаа мөн эсэхийг Геологийн алба болон шинжээч зэрэг зохих этгээдээс тодруулалгүй шинэ хуулийг буцаан хэрэглэж Б ХХК-ийг 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт, өөрчлөлт орсон Ашигт малтмалын тухай хуулийн 48.3-т зааснаар хайгуулын үр дүнгийн тайланг .... шинжээчийн дүгнэлт гаргуулан хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг зөрчсөн байна.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуульд төрийн захиргааны байгууллага хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хүлээн аваад ямар хугацаанд ашигт малтмалын нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх шийдвэр гаргах, шинжээч нь тайланг дахин танилцуулахыг зөвлөж буцаах эрхтэй эсэх, буцаасан тохиолдолд ямар хугацаанд дахин тайланг ирүүлэх талаар заагаагүй, харин тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө тайлангаа ирүүлж нөөцөө батлуулан ашиглалтын өмнөх үйл ажиллагаа явуулахаар зааснаас /23, 48 дугаар зүйл/ дүгнэхэд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч үр дүнгийн тайланг хүргүүлэх үедээ хайгуулыг бүрэн дүүрэн явуулж, ашигт малтмалын нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх боломжтойгоор ирүүлэх үүрэгтэй, өөрөөр хэлбэл дахин хайгуул явуулах боломжгүй байна.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан мэдээ, тайланг төрийн захиргааны байгууллагаас шаардсаны дагуу нэмж хүргүүлэх эрхтэй байх тул хариуцагч Кадастрын хэлтэс нь Б ХХК-ийн тайланг шинжээч ямар үндэслэлээр буцаасныг холбогдох этгээдээс тодруулсны дараа, өөрөөр хэлбэл ашигт малтмалын нөөцийг батлах боломжтой эсэхийг шийдвэрлэх /шинжээч нь нэмэлт мэдээ, тайлан шаардсан уу, эсхүл хайгуул нь дутуу хийгдсэнээс дүгнэлт гаргах боломжгүй гэж буцаасан уу/ хүртэл тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хэвээр хадгалах буюу Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасны дагуу уг талбайд сонгон шалгаруулалт явуулахгүй байх үүрэгтэй байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцсэн Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг хавсаргахаар заасан байх бөгөөд Б ХХК-ний хайгуулын үр дүнгийн тайланг эрх бүхий байгууллагын томилсон шинжээч буцаасны улмаас нөөцийг хэлэлцэж, төрийн захиргааны байгууллага нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгэх талаар шийдвэрлээгүй байх тул нэхэмжлэгч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжгүй байсан нь тодорхой юм.

Гэтэл уг нөхцөл байдлыг нэхэмжлэгч мэдэгдсээр байхад ашигт малтмал ашиглах өргөдлөө гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Энэ хуулийн 53.1.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд уг тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй бол уг талбайд сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно гэж заасныг зөрчиж байна гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 622 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.4 /2014.07.01-ний өдөр нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан/, 48.5-д зааснаар Б ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, ашигт малтмалын хайгуулын 7762Х тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байдлыг хэвээр хадгалахгүй байгааг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын нөөцийг улсын бүртгэлд бүртгэх эсэхийг захиргааны байгууллагаас шийдвэрлэх хүртэл тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хэвээр хадгалахыг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг буюу 7762Х тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ