Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 138/ШШ2017/00984

 

 

           

 

 

 

 

 2017        10            25                                                     138/ШШ2017/00984

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******од холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хувь болох 33.750.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 4 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох, гуравдагч этгээд Г.*******, гэрч Г.Алтантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* бид хоёр 2006 онд танилцаж ойр дотно үерхэж эхэлсэн.  2009 оны 1 сарын 2-нд охин төрүүлсэн. Охин минь төрөх үед ******* нь Улаанбаатар хотод оюутан байсан. *******ыг сургуулиа төгсөж ирэхэд нь *******той хадмынхаа гэрт хамтран амьдрах болсон. Би 2010 онд сургуульдаа үргэлжлүүлэн суралцахаар явсан. 2011 оны 9 сард Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газарт хяналт шалгалтын улсын байцаагчаар ажилд орсон. 2012 оны 01 сараас  тоотод нөхөр хүүхдийн хамт амьдрах болсон. 2012 оны 10 сарын 18-ны өдөр ******* бид хоёр албан ёсоор хурим хийж манай хадам аав, ээж хоёр байрыг охин бид 3-т бэлэглэсэн. Бид аз жаргалтай сайхан амьдарч 2014 оны 10 сарын 13-ны өдөр хүү минь төрсөн. ******* нь надтай танилцахдаа эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан сум хоёрын хооронд хүн тээвэрт явдаг байсан. Тэр үед УАЗ-469 маркийн машинтай байсан. Тэр машинаа зараад дүүтэйгээ мөнгө нийлүүлж истана маркийн машин авсан. Энэ маргаанд истана маркийн машиныг хамааруулаагүй. Пургон машин дээр маргаж байгаа. Би мэргэжлийн хяналтын газарт ажилд ороод 2012 оны 01 сард цалингийн зээл авч машин тэргээ сайжруулан, нөхрийгөө Сүхбаатар аймаг руу мал мах авахуулахаар явуулсан. ******* нь мал мах авч зарж ашигтай ажиллаж байсан. Гэтэл ******* нь өөр эмэгтэй хүнтэй харилцаатай болж, шинэ оныг хамт угтсан гэдгийг санаандгүй байж байгаад би мэдсэн. Эмэгтэй хүнтэй холбогдсон асуудлыг нь би хэлэхгүй удаан хугацаанд хүлээж тэвчиж явсан. Нэг удаа *******од энэ тухай хэлэхэд гэмшиж, уучлалт гуйж байсан ч дахин эмэгтэй хүнтэй холбогдсон асуудал давтагдсан. Гэр бүл салах болж байгаа гол шалтгаан нь энэ асуудал юм. ******* надад “би уулзана гэсэн хүнтэйгээ уулзаж, ноён шиг амьдарна” гэж хэлдэг байсан. Энэ талаар хадам эцэг эхдээ захиа бичиж мэдэгдэж байсан. Би  тоот байранд хоёр хүүхэдтэйгээ амьдарсаар байгаа. Намайг 2013 оноос Отгонтэнгэр их сургуульд эчнээ ангид суралцаж байхад ******* нь байрандаа байдаг байсан. Байрандаа байдаг байхдаа янз бүрийн хүмүүс гэртээ авч ирдэг байсан гэсэн. ******* нь байрнаасаа хэзээ явах гэж байна гэх зэргээр дарамталдаг болсноос болж одоо би Сүхбаатар аймагт өөрийн аав ээж дээрээ амьдарч байна. Энэ байрыг хуриман дээр албан ёсоор бидэнд бэлэглэсэн тул бидний дундын өмч хөрөнгө гэж үзэж байна. Пургон маркийн авто машиныг би цалингийн зээл авч худалдаж авсан. Пургон машиныг бид 10 сая төгрөгөөр зарна гэж ярьж байсан. Миний хувьд пургон авто машиныг 5 сая төгрөгөөр үнэлсэн. ******* нь уг авто машиныг 1.5 сая төгрөгөөр зарсан гэж хариу тайлбартаа мэдүүлсэн байх тул энэ үнэлгээг зөвшөөрч байна. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авна. Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох       тоотын 2 өрөө байрыг 40 сая төгрөгөөр, пургон маркийн автомашиныг *******ын хэлснээр 1.500.000 төгрөгөөр үнэлж өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсгийг авах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид 2 гэр бүл болсноос хойш бусдын адил амьдарч байсан ч таарамжгүй харилцааны улмаас салахад хүрээд байна. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. 2 хүүхдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж, цаашид авч явж чадна.  Одоо ******* нь хүүхдүүдийг Сүхбаатар аймагт орхичихоод, өөрөө Улаанбаатар хотод байдаг.  тоот байр нь бидний байр биш, манай аавын байр юм. Манай гэр бүлийн хөрөнгө биш юм. Харин пургон авто машины хувьд хүнд 1.500.000 төгрөгөөр зарсан. Энэ мөнгийг хуваахад татгалзах зүйл байхгүй гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нэхэмжлэлдээтоот байрыг миний нэр дээр лизенгээр авсан гэж бичсэн байсан. Энэ нь бодит байдалтай нийцэхгүй байна. Хуриман дээр хүү бэр хоёртоо мөнгөн аяга, ач охиндоо зэс аяга, гурван хос дээл бэлэг болгож өгсөн. Тухайн байрны түлхүүрийг түр амьдарч бай гэж өгсөн. Тэр үед байрны урьдчилгаа болох 30 хувийг би төлсөн байсан. Байрны 70 хувийг Голомт банкнаас зээлж байрыг лизингээр авсан. Байрны зээл болон зээлийн хүүг би өөрөө төлөөд явж байгаа. Шүүх хуралдаанд гаргаж өгч байгаа орлогын баримт бол миний ХААН банкны хувийн дансанд орсон мөнгөний баримт байна. ******* сэлбэг ав гээд надад өгсөн мөнгөний баримт юм. Зээл төлдөг данс маань Голомт банкинд тусдаа байдаг.  Тухайн үед хүүхдүүд надтай хамт амьдарч байсан. Тэгээд түр тусад нь гаргах гэж байрны түлхүүрийг өгсөн. Бэлэглэх бодол байгаагүй.  Байр миний нэр байдаг учир *******ын нэхэмжилж байгаа ногдох хувийг өгөх боломжгүй... гэв.

 

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.*******од холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хувь болох 33.750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Б.******* нар нь 2008 оны 4 сарын 11-ний өдөр гэр бүл болсныг 2009 оны 2 сарын 09ий өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 66 дугаарт бүртгэсэн байна. Гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа 2009 оны 1 сарын 02-ны өдөр охин О., 2014 оны 10 сарын 13-ны өдөр хүү О. нарыг төрүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Гэрлэгчид нь 2008 оноос эхлэн хамт амьдарсан боловч сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс 2015 оны 5 сараас одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч эвлэрээгүй тул эвлэрүүлэх арга хэмжээг дахин авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Г.******* нь 2009 оны 1 сарын 02-ны өдөр төрсөн охин О., 2014 оны 10 сарын 13-ны өдөр төрсөн хүү О. нарыг өөрийн асрамжинд авах санал гаргасныг хариуцагч Б.******* эс зөвшөөрч маргадаг.

Охин О., хүү О. нар нь 2015 оны 5 сараас одоог хүртэл эх Г.*******ын хамт амьдарч байна. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх ... асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан байна.

   8 настай охин О.Дарийн ээжтэйгээ хамт байна гэсэн санал, хүүхдүүдийн насны онцлог, эхийн хайр халамж, хүүхдүүдийн хамт ойр дотно өсөж хүмүүжих боломж болон гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын гэр бүл, хүүхдийн хөгжил хамгааллын албанаас гаргасан шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн 2009 оны 1 сарын 02-ны өдөр төрсөн охин О., 2014 оны 10 сарын 13-ны өдөр төрсөн хүү О. нарыг эх Г.*******ын асрамжинд үлдээхээр шийдвэрлэлээ. 

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар “Гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ ... энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Эцэг эх нь насанд хүрээгүй болон ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” болно.  Иймд 2009 оны 1 сарын 02-ны өдөр төрсөн охин О., 2014 оны 10 сарын 13-ны өдөр төрсөн хүү О. нарыг тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар хариуцагч Б.*******од үүсч байна. Иймд хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Нэхэмжлэгч Г.******* нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Хэрлэн сумын 6-р баг  тоот 2 өрөө байрны үнээс /40.000.000 төгрөгөөр үнэлж/ өөрт болон хүүхдүүдэд ногдох хувь болох 30.000.000 төгрөг, пургон автомашины үнээс /5.000.000 төгрөгөөр үнэлж/  өөрт болон хүүхдүүдэд ногдох хувь болох 3.750.000 төгрөг буюу нийт 33.750.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч автомашинаа 1.500.000 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч Г.******* хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа багасган автомашины үнээс өөрт болон хүүхдүүдэд ногдох хувь болох 1.125.000 төгрөг нэхэмжилсэн болно.

Иймд хариуцагч Б.*******оос гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох автомашины үнэ 1.125.000 төгрөгийг гаргуулан Г.*******д олгох нь зүйтэй байна.

 

Харин хариуцагч Б.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.******* нар нь Хэрлэн сумын 6-р баг 64-29 тоот 2 өрөө байр нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнд хамаарахгүй гэж маргадаг.

 

Хэрлэн сумын 6-р багт байрлах тоотын 2 өрөө байр нь гуравдагч этгээд Г.******* өмч байх бөгөөд одоо Голомт банкны Дорнод салбарт орон сууцны зээлийн гэрээний барьцаанд байгаа болох нь тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Г.******* нь “... 2012 оны 10 сарын 18-ны өдөр Б.******* бид хоёр албан ёсоор хуримаа хийхэд нөхрийн эцэг, эх Хэрлэн сумын 6-р багт байрлах тоотын 2 өрөө байрыг бэлэглэсэн учир Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-д зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнд хамаарна” гэж тайлбарладаг.

Харин хариуцагч Б.*******, гуравдагч этгээд Г.******* нар нь “ ...уг орон сууцыг гэр бүл болоход нь зориулж бэлэглээгүй, тусдаа гаргах зорилгоор түр хугацаанд амьдар гэж түлхүүрийг өгсөн” гэж маргадаг.

Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн эд мөрийн баримт болох хуримын бичлэг бүхий CD бичлэгээс үзэхэд гуравдагч этгээд Г.******* эхнэрийн хамт орон сууц бэлэглэж түлхүүр гардуулсан бичлэг бичигдсэн байна.

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3-д “Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ” гэж заасан байна.

Талуудын маргаж буй орон сууц нь үл хөдлөх хөрөнгө учир Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасны дагуу “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно”.

Талуудын гаргаж өгсөн баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд Г.******* болон нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Б.******* нарын хооронд бэлэглэлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй байх тул хуульд заасан шаардлагын дагуу маргаж буй орон сууц гэрлэгч нарын өмчлөлд шилжээгүй болох нь тогтоогдож байна. Иймд  Хэрлэн сумын 6-р багт байрлах   тоотын 2 өрөө байрыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.*******оос 1.125.000 /нэг сая нэг зуун хорин таван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хувь болох 32.625.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

 1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* *******, ******* овогт *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар  2009 оны 01 сарын 02-ны өдөр төрсөн охин О., 2014 оны 10 сарын 13-ны өдөр төрсөн хүү О. нарыг эх Г.*******ын асрамжинд үлдээсүгэй.

 

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2зааснаар 2009 оны 1 сарын 02-ны өдөр төрсөн охин О., 2014 оны 10 сарын 13-ны өдөр төрсөн хүү О. нарыг тус бүрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б. *******оос  сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар  цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдсугай.

6. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.*******оос 1.125.000 /нэг сая нэг зуун хорин таван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хувь болох 32.625.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримт болох CD бичлэгийг /хуримын бичлэг бүхий/ хэрэгт хавсаргасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 513.864 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 218.714 /70.200+46.764+70.200+31.550/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

  9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

              10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ