Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/237

 

 

 

                                   2021/ШЦТ/237

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: Б.Буяндалай

              Хохирогч: Д.М  

              Шүүгдэгч: М.Э

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Мын Эт  холбогдох 1912001310350 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын ........... суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Мын Э/РД:АЭ............/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           

Шүүгдэгч М.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг Арслан цохионы 01-2Б тоотод оршин суух Д.Мын амбаараас монгол гутал, хромон гутал, цахилгаан хөрөө зэрэг эд зүйлийг хулгайлж, түүнд 550.000 төгрөгийг хохирол учруулсан, мөн тэрээр 2019 оны 02 дугаар сарын эхээр дээрх хаяганд оршин суух өөрийн төрсөн эгч М.Аын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            Хохирогч Д.Мын шүүх хуралдаанд  мэдүүлсэн: Энэ одоо насан туршдаа хулгай хийлээ. Хулгай хийхдээ дандаа аав, ээж, ах, дүү нараасаа хулгай хийдэг миний эд зүйл бүх юмыг энэ хулгай хийгээд дуусгасан. Хар элгийн өөр хүний юмыг хулгай хийж байгаа бол хамаа алга, өөрөө бодохдоо аав ээж хамаатан саднаасаа хулгай хийвэл хариуцлага хүлээдэггүй гэж ойлгоод бодоод яваа бололтой. Энэ хүнээс авах юм ч алга, хохирол төлбөр төлж чадахгүй хүн энийг одоо биеэр нь эдлүүлэх хэрэгтэй байна. Биеэр нь эдлүүлэхээр тогтоож өгвөл Архангай аймгаас өөр газар явуулж өгнө үү. Архангай аймагт байх юм бол энэ хүн дахин хулгай хийгээд л явна гэв. Нэхэмжлэх зүйл байхгүй  гэх мэдүүлэг

 

*Эрүүгийн 1912001310350 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

*Хохирогч Д.Мын өгсөн:

“...Би 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байх гэрээсээ гараад хөдөө ажлаар явсан. Тэгээд 02 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 01-26 тоотод байх гэртээ ирэхэд манай хашаанд байдаг үүдэн талын амбаарт байсан эд зүйлс алга болсон байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Тэгээд манай хүү М.Э намайг хөдөөнөөс ирсэн цагаас хойш байнга архи ууж согтуу байгаад байсан. Тэгээд би М.Эийг хаанаас мөнгө олж архи уугаад байгаа юм бол гэж бодоод амбаараас юм авсан байж магадгүй гэж цагдаад шалгуулсан. Би 32 угалзтай Монгол гутал, хар өнгийн хромон гутал, цахилгаан хөрөө, манай охин М.Аын гар утас зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Миний Монгол гутал 32 угалзтай шаргал өнгийн гутал, хромон гутал нь шинэвтэр хар өнгийн гутал байсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-21 дүгээр тал/,

 

*Хохирогч Д.Мын дахин өгсөн:

“...Манай охин М.Аын гар утас хулгайд алдагдаагүй, дээрх эд зүйлс хулгайд алдагдсанаас 2-3 хоногийн дараа гэрийн гадаа утсаар нь ярьж байгаад өгөлгүй авч явсан байсан. Манай хашааны үүдэнд байдаг амбаараас хулгайд алдсан. Би тухайн үед амбаараа цоожлоогүй орхисон байсан. М.Э манай охин М.А бид 3 манай гэрт хамт амьдардаг. Манай хүү М.Э манай гэрт орох эрхтэй хүн мөн. Би тухайн үед 3 шуудай үхрийн борцоо хулгайд алдсан гэж бодож байсан боловч уг 3 шуудай үхрийн борцоо хулгайд алдсан эд зүйл байсан амбаараас өөр амбаарт хийж түгжсэнээ мартсан байсан. Тийм болохоор 3 шуудай үхрийн борцоо хулгайд алдаагүй байсан. М.Эийн эвдсэн гэх цоожнуудыг би тухайн үед эвдэрсэн дахин ашиглах боломжгүй болсон байх гэж бодож байсан. Дараа нь би уг цоожнуудыг дахин шалгахад бүгд асуудалгүй цоожилж болж байсан. Тэгээд би уг цоожнуудаараа хашааныхаа амбааруудыг цоожилсон. Уг цоожнууд нь Хятад улсад үйлдвэрлэсэн, цагаан хар өнгийн цоожнууд байсан. М.Э нь миний төрсөн ганц хүү, надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...’’гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр тал/,

 

*Хохирогч М.Аын өгсөн:

“...Би 2019 оны 02 дугаар сарын эхээр амралтын өдрийн өглөө босоод гэрээсээ гараад хартал манай хашааны үүдэнд байдаг амбаарын хаалга нь онгорхой дэлгээстэй байсан. Тэгээд гайхаад очоод үзэхэд дотор нь байсан эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа намайг 2019 оны 02 дугаар сарын эхээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Арслан цохионы 1-2б тоотод гэртээ байж байхад 19 цагийн үед манай дүү М.Э гаднаас орж ирсэн. Тэгээд орж ирээд надад хандаж утсаар чинь нэг яриадахъя гэж хэлээд миний утсыг аваад гарсан. Тэгээд гэрийн гадаа утсаар яриад байсан. Тэгээд би хэсэг байж байгаад 30 минутын дараа гараад хартал манай дүү М.Э явчихсан байсан. Тэгээд миний гар утсыг надад авчирч өгөөгүй алга болсон. Миний гар утас хувэй пи-9 загварын хар өнгийн гар утас байсан өөр содон шинж тэмдэг байхгүй. Би тухайн гар утсаа хоёр жилийн өмнө Архангай аймгийн мобикомын салбараас 799.000 төгрөгөөс 70.000 төгрөг хямдруулаад авч байсан. Манай аавын монгол гутал, хромон гутал, цахилгаан хөрөө зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Манай аавын Монгол гутал нь битүү хээ угалзтай, хромон гутал нь хар өнгийн хромон гутал байсан өөр содон шинж тэмдэг мэдэхгүй байна. Манай гэрээс өмнө нь эд зүйл хулгайд алдагдаж элдэв янз болж байгаагүй болохоор тухайн үед эд зүйл байсан үүдний амбаараа цоожлоогүй орхисон байсан. М.Э манай хашааны үүдэнд байдаг амбаараас аавын монгол гутал, хромон гутал, цахилгаан хөрөө зэрэг эд зүйлсийг хулгайлсан байсан харин миний гар утсыг дараа нь утсаар яриад өгье гэж авч гараад дахин надад өгөөгүй. Өөр хулгайд алдагдсан эд зүйлс байхгүй...’’гэх мэдүүлэг/хх­­­-­ийн 29-32 дугаар тал/,

 

*Гэрч Э.Эын өгсөн:

“...М.Э гэдэг хүн миний аав. Манай өвөө Д.М манай гэрээс юм алга боллоо гэж байсан. Манай аав М.Э нь Улаанбаатар хотод ажил хийж байгаа гэж яваад их удаж байгаа. Өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 43-45 дугаар тал/ 

 

*Яллагдагч М.Эийн өгсөн:

“...Би 2019 оны 02 дугаар сарын эхээр аавыг эзгүйд амбаарт дотор байсан монгол гутал 1, орос хромон гутал, цахилгаан хөрөө зэргийг авч гэрээд өөрийнхөө гудамжны үзүүрт зогсож байсан Портертой залууд хөрөөг нь 17,000, хромон гутлыг 6000 төгрөгөөр зарсан. Монгол гутлаа 12.000 төгрөгөөр мотоцикльтой хүн зарсан. Аавын гутлууд болон хөрөөг зарсан өдрөөс 2, 3 хоногийн дараа эгчийн утсаар яриад зогсож байтал манай найз Балдорж гэх хүн намайг гудамжны дээд үзүүрт байх дэлгүүр дээр хүрээд ир гэхээр нь утсыг нь аваад явчихсан юм. Намайг очиход Балдорж 1 шил архи гаргаж ирээд тэрийг уучихаад дахин архи авахаар болсон чинь мөнгө байхгүй байсан. Тэгээд Балдорж утсыг маань авч гараад 25.000 төгрөгөөр зарчихлаа гээд архи аваад ороод ирсэн...’’гэх мэдүүлэг/хх-ийн 38-40 дүгээр тал/

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2019 оны 02 сарын 25-ны өдрийн 61  дугаартай:

“...4 жилийн өмнө аваад өмсөж хэрэглэж байсан 32 угалзтай монгол гутал, өмсөж хэрэглэж байсан дотоод хромон гутал, хэрэглэж байсан цахилгаан хөрөө, ХУАВЭЙ р9 маркийн хуучин гар утасны үнэлгээг 2019 оны 01 сарын байдлаар 870.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 48 дугаар тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 91 дүгээр тал/ зэргийг шинжлэн судалсан болно.

   Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг Арслан цохионы 01-2Б тоотод оршин суух Д.Мын амбаараас монгол гутал, хромон гутал, цахилгаан хөрөө зэрэг эд зүйлийг хулгайлж, түүнд 550.000 төгрөгийг хохирол учирсан, 2019 оны 02 дугаар сарын эхээр дээрх хаягт оршин суух М.Аын гар утас алдагдаж, түүнд 320.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Дээрх  гэмт хэргийг шүүгдэгч М.Э үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Мын”...Тэгээд 02 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 01-26 тоотод байх гэртээ ирэхэд манай хашаанд байдаг үүдэн талын амбаарт байсан эд зүйлс алга болсон байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Тэгээд манай хүү М.Э намайг хөдөөнөөс ирсэн цагаас хойш байнга архи ууж согтуу байгаад байсан. Тэгээд би М.Эийг хаанаас мөнгө олж архи уугаад байгаа юм бол гэж бодоод амбаараас юм авсан байж магадгүй гэж цагдаад шалгуулсан. Би 32 угалзтай Монгол гутал, хар өнгийн хромон гутал, цахилгаан хөрөө, манай охин М.Аын гар утас зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг, хохирогч М.Аын “...Би 2019 оны 02 дугаар сарын эхээр амралтын өдрийн өглөө босоод гэрээсээ гараад хартал манай хашааны үүдэнд байдаг амбаарын хаалга нь онгорхой дэлгээстэй байсан. Тэгээд гайхаад очоод үзэхэд дотор нь байсан эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа намайг 2019 оны 02 дугаар сарын эхээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Арслан цохионы 1-2б тоотод гэртээ байж байхад 19 цагийн үед манай дүү М.Э гаднаас орж ирсэн. Тэгээд орж ирээд надад хандаж утсаар чинь нэг яриадахъя гэж хэлээд миний утсыг аваад гарсан. Тэгээд гэрийн гадаа утсаар яриад байсан. Тэгээд би хэсэг байж байгаад 30 минутын дараа гараад хартал манай дүү М.Э явчихсан байсан. Тэгээд миний гар утсыг надад авчирч өгөөгүй алга болсон. Миний гар утас хувэй пи-9 загварын хар өнгийн гар утас байсан өөр содон шинж тэмдэг байхгүй. Би тухайн гар утсаа хоёр жилийн өмнө Архангай аймгийн мобикомын салбараас 799.000 төгрөгөөс 70.000 төгрөг хямдруулаад авч байсан...” гэх мэдүүлэг, тухайн алдагдсан эд зүйлсийн үнэлгээг гаргасан үнэлгээчин А.Бямбажавын 2019 оны 02 сарын 25-ны өдрийн 61 дугаартай дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Эт холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Иймд шүүхээс шүүгдэгч М.Эийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

              Хохирогч Д.М нь шүүх хуралдаанд нэхэмжлэх зүйлгүй, М.А нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхэд нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч М.Эийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв. 

 

              Шүүгдэгч М.Эт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

              Шүүгдэгч М.Эийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа боловч шүүгдэгч нь оршин суух тодорхой хаяггүй тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт зааснаар тус Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй байна.

 

              Шүүгдэгч М.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

               

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Мын Эийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эийг 500/таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоноогоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эийн цагдан хоригдсон 10/арав/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагаар тооцож ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч М.Эт хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч М.Э нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР