Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 138/ШШ2017/01092

 

 

           

 

 

 

 

2017          11           30                                                        138/ШШ2017/01092

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:ЛЮ91072309 регистрийн дугаартай, Аав овогт Хүрэлбаатарын Ариунцэцэгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ЖЯ91112537 регистрийн дугаартай, Маам овогт Долгорсүрэнгийн Ганзулд холбогдох,

 

Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг  2017 оны 10 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Ариунцэцэг, хариуцагч Д.Ганзул, нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Ариунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Ганзултай 2009 онд танилцаж улмаар үерхэж нөхөрлөж явсаар ойр дотно харьцаатай болсон. Нэг их удалгүй би жирэмсэн болж бид хамтран амьдарсан. Бидний дундаас хүү Тэлмүүн төрсөн. Бид энэ хугацанд гэрлэлтээ албан ёсоор батлуулж амжаагүй байсан. Гэтэл Ганзул нь удаа дараа зодож миний биед хүрч хүнд хохирол учруулж, хүү бид хоёрыг хөөж, сэтгэл санааны хүнд дарамтанд байнга оруулж байсан. Ийм учраас гэр бүлийн чимээгүй хүчирхийлэлд өртөж цаашид амьдрах нөхцөлгүй болсон. Миний бие өөрийн гэсэн ажилтай, эд хөрөнгөтэй бөгөөд хүүгээ тэжээгээд явах чадвартай боловч Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу Д.Ганзулаар эцэг хүнийх нь үүргийг ойлгуулж, ухааруулах үүднээс нэхэмжлэл гаргаж байна. Иймд 2011 оны 9 сарын 13-ны өдөр төрсөн хүү А.Тэлмүүний төрсөн эцэг нь Д.Ганзул мөн болохыг тогтоолгож, Д.Ганзулаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Ганзул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ариунцэцэгтэй гэр бүлийн харилцаатай болж улмаар бидний дундаас хүү Тэлмүүн маань төрсөн. Тэлмүүн нь миний төрсөн хүүхэд мөн. Миний хувьд эхнэр хүүхэдтэйгээ амьдармаар байна. Бид 2-ын амьдралд манай хадам тал их оролцдог. Ариунцэцэг заавал сална гэвэл хүүгээ ээжийнх нь асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв хүү маань хичээл сургуульд сурч чадахгүй, хүнд байдалд өсч хүмүүжих юм бол би асрамжын асуудлыг дахин гаргах болно.  Өсгөж хүмүүжүүлэхэд нь сар бүр хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хүү Тэлмүүнийгээ хичээлийн бус амралтын үед өөр дээрээ авчирч хамт байхыг хүсч байна. Мөн санасан үедээ утсаар ярьж баймаар байна. Энэ бүх эрхийг минь хааж боодог гэв.  

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.Ариунцэцэг нь хариуцагч Д.Ганзулд холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно.

Х.Ариунцэцэг, Д.Ганзул нар нь хууль ёсны гэрлэлтийн баталгаагүй гэр бүлийн харилцаа тогтоон амьдрах хугацаандаа 2011 оны 9 сарын 13-ны өдөр хүү А.Тэлмүүнийг төрүүлсэн болох нь 0000579049 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар нотлогдож байна. Иймд 2011 оны 9 сарын 13-ны өдөр хүү А.Тэлмүүний төрсөн эцэг нь Д.Ганзул мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар "Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ", мөн хуулийн 38 дугаар зүйлийн  38.1-д зааснаар “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” болно. Иймд 2011 оны 9 сарын 13-ны өдөр төрсөн хүү А.Тэлмүүнийг тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар хариуцагч Д.Ганзулд үүсч байх тул хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй байна.

  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт  зааснаар 2011 оны 9 сарын 13-ны өдөр төрсөн хүү Ариунцэцэгийн Тэлмүүний төрсөн эцэг нь Маам овогт Долгорсүрэнгийн Ганзул мөн болохыг тогтоосугай.

  2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2зааснаар  2011 оны 9 сарын 13-ны өдөр төрсөн хүү А.Тэлмүүнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,  11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Ганзулаас сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч Х.Ариунцэцэгт олгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар  цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.611 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Ганзулаас улсын тэмдэгтийн хураамжид 98.611 /70.200+28.411/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Ариунцэцэгт олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ