| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2017/05567/И |
| Дугаар | 548 |
| Огноо | 2018-02-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 548
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж.О-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө.Б төв-д холбогдох,
“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажиллаж байсан хугацааны 2017 оны 8, 9 сарын цалинд 900,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны 2017 оны 11, 12 сарын цалинд 900,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.О, түүний өмгөөлөгч М.Жаргалсайхан, хариуцагч “Ө.Б төв”-ийн ерөнхий захирал М.Өлзийчимэг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхчимэг, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарбаа: “... “Ө.Б төв”-д 2014 оноос хойш ажиллаж байгаад 2017 оны 11 сарын 1-нд гэнэт ажлаас чөлөөлсөн. Миний ажил үүргийн хуваарьт нойл цэвэрлэх үүрэг байгаагүй, хөдөлмөрийн гэрээг хүчээр зуруулж нойл цэвэрлэ гэсэн шаардлага тавьсан. Би хувийн үхэр малаа саадаг ажилтай тул нойл цэвэрлэх боломжгүй гэдгээ хэлсэн. Би Улаанб******* хотоос 30 гаруй километрт ажилладаг, миний ажилд өдөр, шөнө гэж ялгаа байхгүй, байнгын анхаарал сэрэмж шаарддаг ажил. 2017 оны 7 сард хуралтай гээд гэнэт дуудсан учир хожигдож ирсэн, гэтэл тал талаас нойл цэвэрлэхгүй бол ажлаасаа гар гэж шаардсан. Би эгчтэйгээ ярилцаад хариу хэлье гээд хурлаас гарсан. Би хүсэлтээрээ гаръя гэж хэлээгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Миний цалинг 2017 оны 7 сард дутуу олгосон, 8 сард огт олгоогүй, 2017 оны 9 сард дутуу олгосон, ингэхдээ 2017 оны 7 сард олгосон тал цалингаа 2017 оны 9 сард олгосон цалингаас суутгаж авсан. Захирал нь хууль бус шаардлага гаргаж, хууль зүйн үндэслэлгүйгээр цалин хасах, ажлаас халах зэрэг өөрийн үзэмжээрээ хуульд нийцүүлэн ажиллахгүйгээс иргэн миний эрх, ашиг сонирхлыг зөрчин хохироож байгаа тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажиллаж байсан хугацааны 2017 оны 8, 9 сарын цалинд 900,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны 2017 оны 11, 12 сарын цалинд 900,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү ...” гэв.
Хариуцагч “Ө.Б төв”-ийн ерөнхий захирал М.Өлзийчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг анх энэ ажлыг авахад тус төв нь Монгол улсын “Гэр бүл хөгжлийн Өнөр бүл төв” нэртэй байсныг өөрчилж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/130 дугаар тушаалаар “Ө.Б төв” нэртэй болгон өөрчилж, бүтэц, дүрмийг шинэчлэн баталсан. Би бүтцийн тушаалыг ашиглан хэн нэгнийг ажлаас халах, сэлгэх санаа байгаагүй. Ажилчидтай хийсэн анхны хурлаараа бүх ажилчиддаа итгэл хүлээлгэж байгаагаа хэлэн, харин та бүхэн Төрийн энэ хариуцлагатай албанд хүн бүр хуулийн хүрээнд хариуцлагатай байж, Ажлын байрны тодорхойлолт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг сахин, хөдөлмөрийн сахилга баттай ажиллахыг уриалж ажлаа эхлүүлсэн. Мөн тэр хурал дээр би Та нарыг цагаан цаас гэж харж байна. Энэ шинэхэн цагаан цаасан дээр ямар зураг зурах нь Та бүхнээс шалтгаалах болно. Би зөвд зөөлөн байж, бурууд хатуу байж, Төрийн балчирхан үрс, 153 хүүхэд, мөн Төрийн албаны эрх ашгийг хамгаалж ажиллана гэдэг үгийг хэлж байсан. Тэр ч зарчмаараа өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Сахиулаар ажиллаж байсан Ж.О нь намайг ажлаа авснаас хойш 12 дугаар cap хүртэл нэг ч удаа ирж уулзаж, ажил байдлаа танилцуулаагүй, утсаар ч ярьж байгаагүй. Тиймээс 12 дугаар сарын эхээр Дэд захирал Д.Л*******, ЗСААХ-ийн дарга Ц.Б*******, ахлах инженер Г.О******* нарын хамт очиж зуслангийн ажил, байдалтай танилцаж байсан. Тэр үеэр Ж.О нь байгууллагын ажил гэхээсээ илүү өөрийнхөө эрхэлж байгаа аж ахуй, бизнесээ л их ярьсан. Боломж байвал сүү нийлүүлнэ, зун угаасаа гэрээтэй гэх мэт зүйлийг ярьсаар байсан. Мөн хамт олны чанартай зарим нэг нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцож байгаарай гэхэд би их завгүй, ганц Хараацай зуслан гэлтгүй ойр хавийн олон айлыг давхар харж ханддаг, хэдэн төгрөг нь хэрэгтэй юм даа, тэгээд ч би тэдэнтэй нийлэх дургүй гэж байсан. Ер нь Ж.О нь ажилдаа сэтгэл, зүтгэлгүй гэдэг нь олон зүйл дээр харагдаж байсан. Тухайлбал:
1. Зуслан жил бүрийн 06 дугаар сарын 05-ны өдрөөс /ихэвчлэн/ 08 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хүүхдүүд хүлээж авдаг. Бусад цагт эзэнгүй байдаг. Гэтэл үйл ажиллагаа явагдаагүй байхад цахилгаан ашигласны өр үүсч, манай байгууллага дээр 600,000 төгрөгийн төлбөр нэхэгдсэн. Гэтэл энэ байдалд хяналт тавиагүй. Нилээн их асуудал үүссэний дараа хавар утсаар 2 удаа ярьсан. Бид маш их зардал чирэгдэл болж байж, цахилгаан хулгайгаар хэрэглэж байсан айлыг илрүүлж, уг асуудлыг шийдвэрлэж байсан. /Тэр үеэр Дэд захирал Д.Л******* утсаар ярьж үүрэг өгөх гэхэд хэн бэ, тийм хүн танихгүй гэж хариулж байсан./
2. Ж.О нь нэг ч удаа байгууллагын шуурхайд сууж байгаагүй, ядаж утсаар мэдээлэл өгдөггүй байсан.
3. Зуслангийн үйл ажиллагаа эхлэх гээд очиход хашаа маш их хогтой, малын ялгадсаар бохирлогдсон байхад нь цэвэрлэх шаардлага тавихад энэ миний хийх ажил биш, гэх мэтээр эсэргүүцэж, улмаар түүний гэр бүлийн хүн болох Нямцэнд нь манай ажилчдыг хэл амаар доромжилж, сүрдүүлж байсан.
4. Зуслангуудын үйл ажиллагаа эхэлсэн тул зарим ажилчдын ажил, үүргийн хувиарт өөрчлөлт оруулах асуудлыг Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэх шаардлага гарч, хурлын дэгийн дагуу /2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар хуралдаан/төлөвлөгөө гарган хэлэлцэх асуудалд оруулсан. Ингээд зуслангуудын сахиул Ж.О, Д.Б******* нарыг өглөө 09 цагт ирэхийг мэдэгдсээр байхад Ж.О нь 11 цагийн үед ирсэн. Хоцорсон шалтгааныг асуухад өглөө эрт үнээ малаа саагаад, зарж борлуулчхаад ирлээ. Эртхэн зарж борлуулахгүй бол гашилчихна шүү дээ гэсэн тайлбар өгсөн. Зуны улиралд зуслангийн үйл ажиллагаа эхэлсэн тулд сахиулын ажлаа 2 cap завсарлаад, өдөрт 2 удаа 10.00-10.30, орой 17.00-17.30 гэсэн цагуудад 00 цэвэрлэгээ, усны зарцуулалтад хяналт тавих хэрэгтэй байна гэхэд би тийм цэвэрлэгээ, бохирын асуудалтай зууралдаж чадахгүй, малын хөх дэлэнтэй зууралддаг хүн, мал бузартана. Тэгээд ч сүү саалиа зарж борлуулахаас эхлээд зав, цаг муутай, гэхэд нь байгууллагаас та цалин авдаг, энэ мал аж ахуй чинь таны хувийн мал, тийм учраас та цалин авдгийн хувьд энэ зусланг хариуцаж байгаа учир хийх ёстой биз дээ” гэхэд “тэгвэл өргөдлөө өгөөд ажлаасаа гаръя” гэсэн санал тавьсан. Ажлаас гарах шиг амархан зүйл үгүй шүү. Сайн бодоорой гэхэд зүгээрээ, намайг чөлөөлөөд өг гэсэн. Үнэхээр шийдсэн бол өргөдлөө бичээд өг гэхэд, за би гарч бичээд ирье гэж гараад тэр чигтээ явчихсан байсан. 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн хариуцлагатай жижүүр хийх явцад Хараацай зуслан дээр очиж, сахиул Ж.Оыг дуудан уулзаж, Яагаад хурал хаяад алга болов?, Өөрийг чинь хүлээгээд, утас чинь холбогдохгүй болохоор хурлаа тараасан. 6 дугаар сарын цалин авсан уу энэ сард гэхэд авсан гэж хариулсан, юу хийв? гэхэд гэртээ байсан, мал аж ахуйгаа хариулаад, та нартай холбогдох гэхэд шүд өвдөөд гэсэн хариу өгсөн. Нэгэнт өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, асуудлаа шийдвэрлүүлээгүй, ажлаа хаяж, сураггүй болсон тул 7, 8 дугаар сарын цалин олгогдоогүй болно.
Намар болж, хүүхдүүд болон ажилчид зуслангаас буух болсон тул олон жил сахиул хийсэн, суурин амьдардаг зэргийг нь харгалзан, дахин итгэл хүлээлгэн ажил хүлээлцэхэд бас л нөхөртэйгөө нийлэн хэрүүл маргаан үүсгэсэн. 9 дүгээр сард төв дээр эгчтэйгээ цалин хөлс олгогдоогүй гэх асуудлаар ирж уулзахад өөрийнх нь байдлыг тайлбарлаад хэлэхэд ойлгосон, миний буруу байсан байна гэж хэлээд явсан. Ер нь шаардлага гараад сахиул Ж.Оыг дуудахад хүүхдээ сургуульд нь хүргэж өгсөн, машины дугаарын хязгаарлалттай, машин гарах боломжгүй байсан, нэгжгүй, цас ихтэй байсан гэх мэт шалтгаанаар товлосон цагтаа хэзээ ч ирж байгаагүй. Ажлын шаардлага тавихад заавал хариу тайлбар хэлдэг, шүүмжилдэг, хамт олныг үгүйсгэдэг, хамгийн сүүлд 11 дүгээр сард уулзаж ярилцахдаа захирлын зүгээс дахиж манай байгууллагын ажилд гэр бүлийн хүнээ бүү хутгалдуулж бай гэхэд би ажлаасаа гаръя, харин манай нөхрийг миний оронд ав гэсэн. Нөхөр Нямцэнд нь зан харьцааны хувьд маш их доголдолтой, өмнө нь тус төвд ажиллаж байгаад ажилтны бие махбодод гэмтэл учруулсан гэх шалтгаанаар сахилгын шийтгэлээр ажлаас халагдсан, одоо ч манай байгууллагын ажилтнуудыг байнга хэл амаар доромжилдог, би аавынд байсан, та нар намайг барахгүй шүү, ална, зодно гэх мэтээр байнга дарамт учруулдаг. Энэ мэтээр олон хүчин зүйл нөлөөлсний улмаас сахиул Ж.Оыг ажлаас чөлөөлсөн болно. Биднээс би халагдъя, харин надад гэнэт халагдсаны тэтгэмж 2 сарын мөнгө өгчих, тэгвэл би шүүхэд хандахгүй гэхэд нь би Та бүтцийн өөрчлөлтөд хамаараагүй, Ажлын байр /Албан тушаал/-ны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээнд заагдсан үндсэн ажил, үүргээ хангалтгүй биелүүлсэн, удаа дараа шаардлага тавихад хүлээж авдаггүй тул байгууллагын эд хөрөнгийг хамгаалж, хүүхдийн байгууллагад ажиллахад тэнцэхгүй байгаа учраас халагдаж байгаа гэдгийг нь хэлж чөлөөлсөн. Иймээс Ж.Оы нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна...” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулахдаа Ж.Од мэдэгдэж, гарын үсэг зуруулсан, хүчээр гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгнө гэхээр нь чөлөөлсөн, хүсэлтийг нь бичгээр аваагүй. Бид Ж.Од арга хэмжээ авах нөхцөл бүрдсэн байсан боловч хүнийг нь бодоод хүсэлт гаргасан учир чөлөөлсөн ...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.О хариуцагч “Ө.Б төв”-д холбогдуулан “ажилд эгүүлэн тогтоолгох, ажиллаж байсан хугацааны 2017 оны 8, 9 сарын цалинд 900,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны 2017 оны 11, 12 сарын цалинд 900,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 384,000 төгрөг гаргуулж, нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2018.01.18-ны өдрийн шүүх хуралдаанд “нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 384,000 төгрөг гаргуулж, нөхөн бичилт хийлгэх” гэсэн шаардлагаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх” гэж тодруулсан.
Хариуцагч тал “удирдлагаас өгсөн үүрэг даалгавар удаа дараа биелүүлээгүй, удирдлагуудтай уулздаггүй, ажлаа тайлагнадаггүй, ажлаасаа гарах хүсэлтээ өгсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Ж.О “Өнөр бүл” хүүхдийн төв төрийн байгууллагатай 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс сахиулаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2017 оны 11 сарын 1-ний өдрийн Б/158 дугаартай Ж.Оыг ажлаас чөлөөлөх тухай ерөнхий захирлын тушаалаар зуслангийн сахиулын үүрэгт ажлаас чөлөөлөгджээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөхөөр хуульчилжээ.
Ж.Оыг ажил олгогчийн санаачилгаар ажлаас нь чөлөөлсөн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6-д заасан үндэслэл баримтлаагүй, мөн хуулийн 40.1.1-40.1.6 дахь заалтын алийг үндэслэсэн нь тодорхойгүй байна.
“Өнөр бүл” хүүхдийн төв Ж.Отай 2017 оны 1 сарын 2-нд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан байх ба Ж.Оаар хүчээр гарын үсэг зуруулсан нь тогтоогдохгүй байх ба ажил олгогч гэрээний дагуу шаардлага тавьж, үүрэг даалгавар өгөх эрхтэй байна.
Ж.О байгууллагын удирдлагуудтай ирж уулздаггүй, ажилчдын хуралд тогтмол суудаггүй, гар утсаар ажлын талаараа мэдээлэл өгдөггүй, зуслангийн нойл цэвэрлэ гэхэд цэвэрлээгүй зэргээр удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх боловч эдгээр зөрчлүүдийг хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамдаа ноцтой зөрчил болохыг нэрлэн заагаагүй, үүрэг даалгавар биелүүлээгүй тохиолдолд хөдөлмөрийн хуульд заасан, тухайлбал сануулах, цалин бууруулах зэрэг сахилгын арга хэмжээ авалгүйгээр ажлаас нь чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасанд нийцээгүй гэж үзэхээр байна.
Хариуцагчийн төлөөлөгч нар ... нэхэмжлэгч Ж.Оыг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй, хүсэлтээ өгсөн ... гэж тайлбарлаж байгаа боловч Ж.О сахилгын ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн болох нь бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ж.Оыг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Ж.О сард 371,016 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байсан байх ба хариуцагч байгууллага түүний ажиллаж байх үеийн цалинг 2017.07 сард дутуу, 2017 оны 8 сард бүтэн, 2017 оны 9 сард дутуу олгосон нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх, Хөдөлмөрийн тухай хуульд заасан “ажилтны цалин хөлсийг хийснээр” олгоно гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.
“Ө.Б” хүүхдийн төвийн хөдөлмөрийн дотоод журамд цалинг сар бүрийн 10, 25-нд олгохоор тогтоосон байх ба Ж.Од 2017 оны 7 сард олгосон цалингаа 2017 оны 9 сарын 25-нд олгосон цалингаас суутгаж авсан нь цалингийн хүснэгт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Ж.О 2017 оны 7 сард олгосон цалинг 2017 оны 9 сарын 25-ны өдөр суутгаж авснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааны дотор, 2017 оны 11 сарын 21-нд шүүхэд хандсан байна.
Ж.О “Ө.Б” хүүхдийн төвийн “Хараацай” зуслангийн сахиулаар Улаанб******* хотоос 30 гаруй километрийн зайд ажиллах нөхцөлтэй, өдөр бүр Улаанб******* хот Баянзүрх дүүрэг Улаанхуарангийн гудамжинд байрлах төв конторт цагаа бүртгүүлэх боломжгүй нөхцөлд ажиллаж байхад ... удирдлагуудтай уулздаггүй, шуурхай хуралд тогтмол суудаггүй, зуны сард хувийн аж ахуйгаа эрхэлдэг ... гэх үндэслэлүүдээр ажлын цагийг тасалсанаар бүртгэж, 2017 оны 7 сард дутуу, 2017 оны 8 сард бүтэн, 2017 оны 9 сард дутуу цалин олгосон нь үндэслэлгүй байх тул 2017 оны 7 сард олгоогүй цалин 185,508 төгрөг, 2017 оны 8 сарын олгоогүй цалин 371,016 төгрөг, 2017 оны 9 сарын олгоогүй цалин 185,508 төгрөг, нийт 742,032 төгрөгийн үндсэн цалинг гаргуулах нь зүйтэй.
Ур чадварын нэмэгдэл болон тусгай албаны нэмэгдлийг байгууллагын захиргаа нь тухайн сарын ажилд нь дүгнэлт өгч, олгох эсэхийг шийдвэрлэх эрхтэй тул шүүх нэмэгдэл тооцож гаргуулах үндэслэлгүй.
Шүүх Ж.Оыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, 2017.11.01-нээс 2017.12 сарыг дуустлах хугацаанд ажилгүй байсан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ажилгүй байсан хугацааны цалинд 2017 оны 11 сард 371,016 төгрөг, 2017 оны 12 сард 371,016 төгрөг, нийт 742,032 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ж.Оыг “Ө.Б” хүүхдийн төв төрийн байгууллагын зуслангийн сахиулын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 742,032 төгрөгийг, ажиллаж байсан хугацаанд аваагүй цалинд 742,032 төгрөгийг тус тус хариуцагч “Ө.Б” хүүхдийн төв төрийн байгууллагаас гаргуулж нэхэмжлэгч Ж.Од олгож, нэхэмжлэлээс ажиллаж байсан болон ажилгүй байсан хугацааны цалинд илүү нэхэмжилсэн 315,936 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Ж.Оы ажиллаж байсан болон ажилгүй байсан хугацааны цалингаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу суутгаж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шийдвэрлэв.
Хариуцагчаас ирүүлсэн хэргийн 72-75-р хуудсан дахь баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангахгүй байх тул үнэлээгүй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, ажиллаж байх үеийн цалинд нэхэмжилсэн 900,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 26,150 төгрөг төлөх байтал 49,894 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 23,744 төгрөг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 70,200 төгрөг, гаргуулсан цалин 1,484,064 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 38,695 төгрөгийг тус тус гаргуулж хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Оыг “Өнөр бүл” хүүхдийн төв төрийн байгууллагын зуслангийн сахиулын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 742,032 төгрөгийг, ажиллаж байсан хугацаанд аваагүй цалинд 742,032 төгрөгийг тус тус хариуцагч “Ө.Б” хүүхдийн төв төрийн байгууллагаас гаргуулж нэхэмжлэгч Ж.Од олгож, нэхэмжлэлээс ажиллаж байсан болон ажилгүй байсан хугацааны цалинд нэхэмжилсэн 315,936 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Ж.Оы нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Өнөр бүл” хүүхдийн төв төрийн байгууллагад даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн төлсөн 49,894 төгрөгөөс илүү төлсөн 23,744 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ж.Од олгож, үлдэх 26,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ө.Б” хүүхдийн төв төрийн байгууллагаас 108,895 төгрөгийг гаргуулж, үүнээс 19,347 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Од олгож, үлдэх 89,548 төгрөгийг улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ