Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/242

 

 

 

 

 

                                   2021/ШЦТ/242

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: М.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бу овогт Мя Д холбогдох эрүүгийн 2112000000247 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч гагнуурчин мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт баг, Өндөр гэх газар оршин суух хаягтай, урьд 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүхээс Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Бургатай овогт Мын Дон/РД:АЖ9/

 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Яллагдагч Мягмарын Доржбаясгалан нь Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн Шар дэрс гэх газар 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн орчим иргэн Ж.Чтой маргалдсаны улмаас зодож, эрүүл мэндэд нь “дагз орчим хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            *Эрүүгийн 2112000000247 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Ж.Чойжхоролын өгсөн:

“...2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумаас аав ээжийн хамтаар Архангай аймгийн Өгийнуур сумын хүргэн Сэнгэбаатарынд мал тэмдэглэх гэж ирсэн байсан. Тэгээд найз охин болох М.Жавзанпагмын гэр рүү өөрийн машинаар очиход гэртээ ганцаараа байсан. Тэгэхээр нь би яагаад салах гээд байгаа юм бэ гэхэд аав ээж мэдсэн хоёулаа салъя гэж хэлсэн. Үүний дараа М.Жавзанпагмын ээж залгаад ах чинь очиж явна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийгөө ална гэж хэлээд тогооны авдар дээр байсан хутгыг аваад дээлийн өвөртөө хийхэд Жавзаа надтай булаацалдаж байгаа гараа хутганы үзүүрт зүссэн. Тэгээд удалгүй ах ирж байна гэхээр нь би хутгаа байсан газар нь эргэж тавиад гадаа машиндаа суугаад Жавзаа миний машины хаалгыг хаах гээд зогсож байхад ах М.Доржбаясгалан нь ирээд М.Жавзанпагма руу малаа эмхлүүлээч пиздаа минь гэж хэлээд над руу энүүгээр юугаа хийгээд байгаа пизда вэ гээд над руу дайраад үснээс зулгаагаад толгойн ар хэсэгт 2-3 удаа өшиглөсөн намайг машинаас буулгах гээд шанаа хэсэгт 2 удаа цохисон. Тэгсэн ээж миний гар утас руу залгахаар нь Мягмар ахын банди намайг зодоод байна та хүрээд ирээч гэж хэлэхэд над руу дайрч зодохоо больсон. М.Доржбаясгалан, Уянга, Л.Ууганбаяр, М.Жавзанпагма нар гэртээ орсон. Тэгээд би явах гэтэл машин асахгүй байхаар нь М.Жавзанпагмыг гэртээ ороод зодож байгаа байх гэж бодоод машины дуут дохиог дуугарахад гарч ирэхгүй байсан. Яг машинаа асаагаад гарах гэтэл Л.Ууганбаяр дээлээ тайлаад гараад ирэхээр нь хөдлөх гэтэл хойд хаалга онгойлгоод хаалганаас чирэгдэж гүйгээд зогс ална чамайг гээд байхаар нь би зогсохгүй явж байтал хойно ёо ёо гэхээр нь би машинаа эргүүлээд гэрлээ тусгаж харахад харагдахгүй байсан. Тэгсэн гэнэт гарч ирээд машины урд гэрэл хэсгээр шүргэгдээд унах шиг болохоор нь би шууд цааш яваад аав ээжийг аваад Архангай аймгийн Хотонт суманд байх гэртээ ирсэн. Миний толгойн ар хэсэгт баруун хөлөөрөө 2-3 удаа цохисон. Мөн баруун шанаа хэсэгт олон удаа баруун гараараа цохиод байсан яг хэдэн удаа цохисонг мэдэхгүй байна. Бид 2 өмнө айлд таарч байсан. Тэрнээс өөр таарч байгаагүй маргалдаж ч байгаагүй. Намайг ямар учраас зодсонг би мэдэхгүй байна. Би гомдолтой байна зүгээр байхад зодсон болохоор. Харин нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 121-122 дугаар тал/

 

*Гэрч Л.Ууганбаярын өгсөн:

“...2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийнуур гэх газар М.Доржбаясгалан, Уянгаа нартай хамт очоод буцаад оройдоо 20 цагийн үед Өгийнуур сумын Дойт багийн Шар дэрс гэх газар М.Доржбаясгалангийн гэрт М.Доржбаясгалан Уянгаа нарын хамт иртэл гэрийнх нь гадаа нэг жижиг суудлын машинтай залуу зогссон хажууд нь М.Доржбаясгалангийн дүү М.Жавзанпагма уйлсан зогсож байсан чинь М.Доржбаясгалан машинаас буугаад машинд сууж байсан залууг машиных нь хаалгыг онгойлгоод ганц хоёр цохиод яах гээд гэр эзгүйчлээд энүүгээр эргэлдээд байгаа юм гээд нөгөө залууг яв зайл гэсэн.  Уянгаа, М.Доржбаясгалан, М.Жавзанпагма нарын хамт М.Доржбаясгалангийн гэрт нь ортол удалгүй гэрийн гадаа байсан машинтай залуу гэрийнх нь гадаа машинаараа тойрч давхиад байх шиг байснаа гэрийн урд зогсох шиг болохоор нь би гэрээс гараад яах гээд байгаа юм чи яваач өвчтэй юм уу гээд хэлтэл явахгүй машин дотроо суучихаад дуугүй суугаад байхаар нь урдаас нь алхаад очтол өөдөөс машинтайгаа шууд чигээрээ ирээд дайрах гэхээр нь би хажуу тийшээ үсрэх гэтэл намайг машинаар мөргөж унагаагаад миний хоёр хөл дээгүүр машинтайгаа гараад явчхаад буцаж эргээд машинаараа дайрах гээд иртэл М.Доржбаясгалангийн дүү М.Жавзанпагма ирээд намайг гэр рүүгээ чирээд би баруун хөлөөрөө жийж зугтаагаад мотоциклийн ардуур орсон чинь машинтайгаа буцаж эргээд яваад өгсөн. Би зодож цохисон зүйл байхгүй. Би машин барьж байсан хүнийг танихгүй. Харин сүүлд сонсоход Архангай аймгийн Хотонт сумын Ж.Чойжхорол гэх залуу байсан. Би ямар шалтгаанаар мөргөснийг мэдэхгүй байна. Намайг М.Доржбаясгалангийн гэрээс гараад урдаас яваад очтол машинаараа ирээд мөргөсөн. Тухайн үед М.Доржбаясгалан, Уянгаа, М.Жавзанпагма нар архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Харин Ж.Чойжхоролыг архи согтууруулах ундаа хэрэглэснийг мэдээгүй. Би тухайн өдөр Өгийнуур сумын Өгийнуур гэх газар 3 лааз пиво уусан, согтоогүй байсан. Миний зүүн хөл нарийн шилбээр яг хугарсан. Намайг машинаараа мөргөчихөөд дахин дайрах гээд байсан учир маш их гомдолтой байна. Эмчилгээ хийлгэхэд зарцуулах мөнгөө нэхэмжилнэ... “гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар тал/

 

*Яллагдагч М.Доржбаясгалангийн өгсөн:

‘’…Би 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэрээсээ гараад Өгийнууранд дээр очиж хадмындаа байж байгаад 21 цагийн үед гэртээ ирэхэд манай гадна саарал өнгийн машин түүний хажуу миний төрсөн дүү М.Жавзанпагма уйлсан зогсож байхаар нь би машинаас буугаад очиход зүүн гараас нь цус гарсан бололтой нойлын цаасаар ороосон байсан. Би дүүгээсээ яасан гэж асуухад хутга булаацалдаж байгаад гараа зүссэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би машины жолооч талын хаалгыг онгойлгоход нэг залуу сууж байхаар нь толгой хэсэгт 2 удаа цохиход гараараа хаагаад байхаар нь би яв зайл гэж хэлээд байж байхад манай найз охин Уянга намайг гэр рүү аваад орсон. Үүний дараа Л.Ууганбаяр М.Жавзанпагма нар гэрт орж ирээд байж байтал гаднаас Ж.Чойжхорол гараад ир алалцъя гээд орилоод байхаар нь Л.Ууганбаяр гараад араас нь М.Жавзанпагма гарсан. Тэгсэн удалгүй машин хаазлах чимээ гараад Л.Ууганбаяр дайрчихлаа гээд орилохоор нь би гараад хартал Л.Ууганбаяр хөл дээрээ тогтож чадахгүй М.Жавзанпагма мотоциклийн хажууд чирээд ирсэн байсан. Би төрсөн дүү М.Жавзанпагмыг өмөөрч цохисон. Манай найз охин Уянга, Л.Ууганбаяр, М.Жавзанпагма нар байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 49-51 дүгээр тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 318 дугаартай“...Ж.Чойжхоролын биед дагз орчим хуйханд зөөлөн эдийн няцрал, 25-р шүдний булан эмтэрсэн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дагз орчмын хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 25-р шүдний булан эмтэрсэн гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Ж.Чойжхорол нь баруун, зүүн ухархайн дотор ханын хуучин жижиг цөмөрсөн хугарал гэмтэлтэй байна...” дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн Шар дэрс гэх газар 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн орчим иргэн Ж.Чойжхорол нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч М.Доржбаясгалан үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ж.Чойжхоролын”...Тэгээд удалгүй ах ирж байна гэхээр нь би хутгаа байсан газар нь эргэж тавиад гадаа машиндаа суугаад Жавзаа миний машины хаалгыг хаах гээд зогсож байхад ах М.Доржбаясгалан нь ирээд М.Жавзанпагма руу малаа эмхлүүлээч пиздаа минь гэж хэлээд над руу энүүгээр юугаа хийгээд байгаа пизда вэ гээд над руу дайраад үснээс зулгаагаад толгойн ар хэсэгт 2-3 удаа өшиглөсөн намайг машинаас буулгах гээд шанаа хэсэгт 2 удаа цохисон. Тэгсэн ээж миний гар утас руу залгахаар нь Мягмар ахын банди намайг зодоод байна та хүрээд ирээч гэж хэлэхэд над руу дайрч зодохоо больсон...” гэх мэдүүлэг, гэрч Л.Ууганбаярын”...2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийнуур гэх газар М.Доржбаясгалан, Уянгаа нартай хамт очоод буцаад оройдоо 20 цагийн үед Өгийнуур сумын Дойт багийн Шар дэрс гэх газар М.Доржбаясгалангийн гэрт М.Доржбаясгалан Уянгаа нарын хамт иртэл гэрийнх нь гадаа нэг жижиг суудлын машинтай залуу зогссон хажууд нь М.Доржбаясгалангийн дүү М.Жавзанпагма уйлсан зогсож байсан чинь М.Доржбаясгалан машинаас буугаад машинд сууж байсан залууг машиных нь хаалгыг онгойлгоод ганц хоёр цохиод яах гээд гэр эзгүйчлээд энүүгээр эргэлдээд байгаа юм гээд нөгөө залууг яв зайл гэсэн...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч М.Доржбаясгалангийн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 318 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч М.Доржбаясгалангийн хүний биед  дагз орчим хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Доржбаясгалангийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч М.Доржбаясгаланг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ж.Чойжхорол нь мөрдөн байцаалтын шатанд гомдолтой, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн бөгөөд, шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

 Шүүгдэгч М.Доржбаясгалан нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн шинж шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч М.Доржбаясгалан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Бургатай овогт Мягмарын Доржбаясгаланг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Доржбаясгаланг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Доржбаясгалан нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Доржбаясгалан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч М.Доржбаясгалан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Доржбаясгаланд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР