Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/243

 

 

 

 

 

 

                                   2021/ШЦТ/243

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх  

Шүүгдэгч: А.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Аийн Гт холбогдох эрүүгийн 2112000000263 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Түмний хүртээл ХХК-нд мужаан ажилтай, ам бүл 3, эхнэр, хадам ээжийн хамт ............. суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Аийн Г/РД:АЙ...................../

 

                             Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Аийн Г нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг Нуга гэх газар Тоёото Приус-30 маркийн 85-44 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан “Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж, улмаар явган зорчигч С.Аийг дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2112000000263 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эгийн өгсөн:

“...2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын төвийн гүүрэн дээр осолд орсон талаар эмнэлэгт байх хугацаанд мэдсэн. Би төрсөн дүү С.Атэй хамт байдаггүй, тухайн үед хажууд нь байхгүй байсан болохоор хэрхэн яаж осолд орсон талаар мэдэхгүй. Нутгийн хүмүүс архи ууж яваад осолд орсон талаар ярьцгааж байсан. Осолд ороод нэлээн хэд хоног ухаангүй эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан, осолд орсон үеэ бодвол биеийн байдал гайгүй болсон, ухаан орсон боловч юм ярьж чадахгүй, ганцаараа бааж шээж чадахгүй, хоолоо идэж чадахгүй, явж чадахгүй хэвтэрт байнгын асаргаанд байна. Яваандаа бие нь сайжрах байх л гэж бодож байна. Миний дүү С.А нь Архангай аймгийн Цэнхэр сум Буйлан багт малчин ажилтай хүн байгаа юм. С.А нь айлын 2 дахь хүүхэд байгаа юм, цэргийн алба хаагаагүй, Цэнхэр сумандаа 5-р анги төгссөн, энхэр 2 хүүхдийн хамт амьдарч байгаа. Архи дарс уух дуртай, тамхи татдаг, айлын мал малладаг, амьдрал ахуй даруй буурайдуу амьдралтай хүн байгаа юм. Эхнэр хүүхдүүд нь сургуульд суугаагүй, юмны учир утгыг мэдэхгүй боргил хүмүүс байгаа юм. Миний дүү хүн голохгүй таарсан хүмүүстэйгээ ямар хамаагүй олдсон архийг уучихдаг зантай хүн байгаа юм. Хүний мөрөөр элдэв ааш авир байхгүй хүн байгаа. Миний дүү осолд орох үедээ архи уучихсан согтуу байсан байх гэж бодож байна, осолд орох үед ганцаараа явж байсан сурагтай байсан. С.Аэд эмнэлгийн зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авсан, мөргөсөн гэх жолооч хүү боломжоороо тусалж, эм, тариа, эмнэлгийн төлбөр тооцоог бүрэн хийсэн, сайн хүүхэд таарсанд баярлаж байгаа, цаашдаа ч гэсэн эм, тарианы мөнгийг өгнө гэсэн. Байнгын холбоотой байгаа. Тухайн осол гэнэтийн зүйл болсон гэж бодож байна, эхнэр хүүхэд болон бидний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, жолооч хүү өөрийнхөө чадал чинээгээрээ байнга тусалж холбоотой байгаа. эм, тариа, эмнэлгийн төлбөр тооцоог бүрэн хариуцаж байгаа. Миний дүүд ч гэсэн буруутай зүйл байгаа, согтуу байсан байх л гэж бодож байна. Бидэнд төлбөр тооцоотой холбоотой баримт байхгүй, гаргаж өгөх материал байхгүй, жолооч хүүгээс нэлээн хэдэн төгрөг гарсан байх, бодож үзээгүй бидэнд сэтгэлээрээ тусалж дэмжиж байгаа..” гэх мэдүүлэг/хх-ийн 141-143 дугаар тал/

 

            *Гэрч Б.Лийн өгсөн:

            “...2021 оны 08 дугаар сарын 26-ны 15 цагийн үед Архангай аймгийн Хангай сумаас Гүрбазар, А.Г Гэрлээ, Гэрлээгийн ээжийн хамтаар Приус 30 маркийн тээврийн хэрэгслээр гарсан. Тэгээд Архангай аймагт хоол идээд 20 цагийн үед цааш явж байгаа Цэнхэр сумаас цааш 500 метрийн зайтай явж байхад тухайн осол болсон. Би жолоочийн эсрэг талын ард суудалд утсаар юм үзээд явж байхад гэнэт хүн гарч ирээд дайрсан. Би хэдэн км цагийн хурдтай явж байсан хараагүй. Гадна харанхуй болсон байсан. Цаг агаар ямар байсныг мэдэхгүй байна. Би замын хажуугаас хүн гарч ирэхийг харсан. А.Г гэдэг хүн барьж явж байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15 дугаар тал/

 

           *Гэрч Т.Мийн өгсөн:

           “...2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Хангай сумаас хүүхдүүдийн хамт 5-лаа Улаанбаатар хот орохоор Приус маркийн 85-44 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүргэн А.Г жолоо бариад хөдөлсөн. Тэгээд 20 цагийн үед байх Архангай аймгийн төв дээр ирж хоолны газарт хоол идээд хөдөлж би унтаад явж байтал машин гэнэт тоормос гишгээд зогсох үед би сэрсэн. Тэгээд юу болов миний хүү гэхэд замын хажуугаас хүн гэнэт гарч ирээд машин мөргөчихлөө гэж хэлсэн, тэгээд манай хүү А.Г эмнэлэг, цагдаа дуудсан. Намайг өндөр настай болохоор хүүхдүүд сайн юм хэлэхгүй машиндаа сууж бай гээд машинаас буулгаагүй, мөргөсөн хүнийг эмнэлэгт ухаангүй байна гэж хэлсэн. Би унтаж явсан болохоор хэр хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Хангай сумаас гарахад зөөлөн явж байсан, би зөөлөн явах талаар хүүхдүүддээ хэлж сануулж явсан. Архи, дарс огт хэрэглээгүй. Манай хүргэн А.Гийн машин байгаа юм. Би унтаж явсан болохоор хараагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-19 дүгээр тал/

 

           *Гэрч М.Бийн өгсөн:

           “...2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Хангай сумаас 15 цагийн үед А.Г ах эхнэр, ээжтэйгээ, Б.Л бид тав А.Г ахын Приус маркийн 85-44 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлсөн. Архангай аймгийн төв дээр 20 цагийн үед хоолны газар хоол идээд 20 цаг өнгөрөөгөөд хөдөлсөн, тухайн үед уг машинд жолоочийн хажуу талд эхнэр нь суугаад жолоочийн арын суудалд ээж нь суугаад би арын суудлын голд суугаад Ч миний хажууд суусан. Тэгээд цэнхэр сумаас дөнгөж хөдлөөд явж байтал машинд зөрөөд их гэрлээ шилжүүлж байх хооронд замын хажуугаар гэнэт нэг хүн гарч ирээд мөргүүлэх шиг болоод машинаа А.Г ах тоормослоод зогсоогоод машинаас буугаад мөргүүлсэн хүн дээр очиход толгой хэсгээс нь цуг их гараад зүүн гар нь хөдлөөд байсан, ахаа зүгээр үү гэж асуухад хариу хэлэхгүй байсан. Тэгээд А.Г ах эмнэлэг, цагдаа дуудсан. Би хурдыг нь хараагүй, би арын суудалд гар утсаа оролдоод явж байсан. Архи, дарс огт хэрэглээгүй. Би тухайн мөргүүлсэн хүнийг хараагүй, гэнэт л гараад ирсэн. Би тухайн үед сандраад цаг хараагүй, гэхдээ гадаа харанхуй болчихсон байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-23 дугаар тал/

 

           *Гэрч Г.Ггийн өгсөн:

           “...2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Хангай сумаас 15 цагийн үед нөхөр А.Г, ээж Т.М, Б.Л, М.Б би өөрийн эзэмшлийн Приус маркийн 85-44 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай нөхөр А.Г жолоодоод хөдөлсөн. Архангай аймгийн төв дээр 20 цагийн үед хоолны газар хоол идээд 20 цаг өнгөрөөгөөд хөдөлсөн. Тэгээд цэнхэр сум орж Цэнхэр сум хэтрээд явж байтал өөдөөс машин зөрж А.Гийг их гэрлээ шилжүүлэх хооронд замын хажуугаас гэнэт хүн гарч ирээд мөргүүлэх шиг болоод нөхөр машинаа тоормослоод зүүн тийшээ дарж зогсоогоод машинаас буугаад мөргүүлсэн хүн дээр очиход дээшээ харсан, толгой хэсгээс нь цус их гараад юм асуухад хариу хэлэхгүй, ухаангүй байдалтай байсан. Тэгээд А.Г эмнэлэг, цагдаа дуудсан. Эмнэлгийн машин ирээд аваад явсан. Би хурдыг нь хараагүй, гадаа харанхуй болохоор боломжийн хурдтай явж байсан. Архи, дарс огт хэрэглээгүй. Би тухайн хүнийг замын хажуугаас цаанаас гарч ирэхийг нь хараагүй, ямар ч байсан зам дээр нь замын хөвөөнөөс машин руу алхаж байх хэсгийг харсан, тухайн осол маш богино хугацаанд болж өнгөрсөн.  Приус маркийн 85-44 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай нөхрийн машин бөгөөд “Ними” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй байгаа. Манай өөрсдийн машин учир нэхэмжлэх зүйл байхгүй, өөрийн кампаниасаа банк бусаар гаргасан машин байгаа юм. 170.000 орчим төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа, зээл нь дуусаж байгаа, зээлээ төлөөд нөхөр А.Гийн нэр дээр шилжүүлэх бодолтой байгаа. Тухайн осол 21 цаг өнгөрч байхад болсон. Цаг агаар тогтуун, бороо, шуурга болоогүй, харанхуй үед болсон. Миний бие хэвийн байна, гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-28 дугаар тал/

 

           *Гэрч Н.Бы өгсөн:

           “...Би С.А гэх нутгийн ахтай 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 12 цаг өнгөрч байхад Батдэлгэртэй машинд 3 хурган хуц ачсан айлд буулган гээд явж байхад нь таарсан. Тэгээд бид хэд миний машинд 1 ширхэг том боргио нэртэй пиво хувааж уугаад Батдэлгэр хурган хуц тавих айл рүү түрүүлээд хөдлөөд миний машинд С.А ах хамт суугаад явж байхад миний машины шал гэрэл асаад байснаа гэнэт унтраад доголдоод байсан. Тэгсэн С.А ах би буугаад алхлаа айл руу явлаа гээд явган алхсан, би машинаа хөргөж байгаад сумын төв рүү орсон, тэрнээс хойш С.А ахтай уулзалдаагүй, маргааш нь С.А ахыг осолд холбогдоод ухаангүй аймгийн эмнэлэгт байгаа гэдгийг сонссон. Бид нар хамт пиво ууж байхад согтсон зүйл харагдаагүй, гайгүй байсан. Би өдөр нь салаад дахин уулзалдаагүй болохоор мэдэхгүй байна. С.А ах нь их л томоотой, хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй, архи жаахан уудаг хүн байгаа юм. Цэнхэр суманд өөрийн малаа маллан амьдардаг. Би хамт байдаггүй болохоор тэр талаар сайн мэдэхгүй байна. бие өвдлөө гэж сураг сонсогдоогүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 40-41 дүгээр тал/

 

 

           *Яллагдагч А.Гийн өгсөн:

“...Би өөрийн үйлдлээ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, надад маргах зүйл байхгүй. Би өөрийн боломж бололцоогоороо С.А гуайд тус дэм болж байнга холбоотой байгаа. Цаашдаа ч холбоотой байх болно. Одоогийн байдлаар эмчилгээний гарсан бүх зардлыг төлж барагдуулсан, би төлсөн мөнгөө тооцож үзээгүй байна. Ойролцоогоор 2 сая төгрөг болсон байх...” гэх мэдүүлэг/хх-ийн 179-180 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 332 дугаартай“...С.Аийн биед баруун талын зулай яснаас чамархай, суурь ясыг хамарсан шугаман хугарал, хугарлын харалдаа тархины хатуу бүрхүүл хальсан дээрх жижиг цусан хураа, зүүн талын дух, чамархайн дэлбэнг хамарсан голомтлог цус хуралт, няцрал, зүүн талын 8,9,10,11-р хавирганы зөрүүгүй хугарал, баруун талын хацар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Баруун талын зулай яснаас чамархай, суурь ясыг хамарсан шугаман хугарал, хугарлын харалдаа тархины хатуу бүрхүүл хальсан дээрх жижиг цусан хураа, зүүн талын дух, чамархайн дэлбэнг хамарсан голомтлог цус хуралт, няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун хацар ясны хугарал, зүүн талын 8,9,10,11-р хавирганы зөрүүгүй хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн эдгэрэлтийн байдлаас хамаарна...” дүгнэлт /хх-ийн 108-110 дугаар тал/

 

*Архангай аймгийн Автотээврийн төвийн Автотээврийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаартай:

“...Приүс-30 маркийн 85-44 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Г/АЙ94022813/ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч С.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6-т “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жолооч А.Г нь зам тээврийн осол гарахаас өмнө тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй байх үндэслэлтэй байна. Хэргийн газрын үзлэгээр осол болсны дараа тоормосны мөр гарсан байх үндэслэлтэй байна. Уг зам тээврийн осол нь явган зорчигч С.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6-т “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарсан байх үндэслэлтэй байна. С.А нь замын хөдөлгөөнд согтуу оролцсон байх үндэслэлтэй байна. Жолооч А.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх лавлагааг Google.mn сайтын жолоодох эрх шалгах хэсгээс үзэхэд 991941 дугаарын номертой тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын хүчинтэй үнэмлэхтэй байна. Жолооч А.Г нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Отгонжаргалын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 59 тоот дүгнэлтээр А.Гийн цусанд спиртийн зүйл илрээгүй гэх дүгнэлтээр эрүүл Приус-30 маркийн 85-44 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрүүл жолоодож явсан байх үндэслэлтэй байна. Явган зорчигч С.А нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Отгонжаргалын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 58 тоот дүгнэлтээр С.Аийн цусанд 1,9 промиль спиртийн зүйл илрэв гэх дүгнэлтээр замын хөдөлгөөнд согтуу оролцон байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт/хх-ийн 152-153 дугаар тал/

 

*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын газрын схем, согтуурал шалгасан тэмдэглэл/хх-ийн 2-11 дүгээр тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 184 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр А.Г нь Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг Нуга гэх газар Тоёото Приус-30 маркийн 85-44 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан “Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж, улмаар явган зорчигч С.Аийг дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч А.Г үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эгийн”...2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын төвийн гүүрэн дээр осолд орсон талаар эмнэлэгт байх хугацаанд мэдсэн. Би төрсөн дүү С.Атэй хамт байдаггүй, тухайн үед хажууд нь байхгүй байсан болохоор хэрхэн яаж осолд орсон талаар мэдэхгүй. Нутгийн хүмүүс архи ууж яваад осолд орсон талаар ярьцгааж байсан. Осолд ороод нэлээн хэд хоног ухаангүй эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан, осолд орсон үеэ бодвол биеийн байдал гайгүй болсон, ухаан орсон боловч юм ярьж чадахгүй, ганцаараа бааж шээж чадахгүй, хоолоо идэж чадахгүй, явж чадахгүй хэвтэрт байнгын асаргаанд байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Лийн”...Архангай аймагт хоол идээд 20 цагийн үед цааш явж байгаа Цэнхэр сумаас цааш 500 метрийн зайтай явж байхад тухайн осол болсон. Би жолоочийн эсрэг талын ард суудалд утсаар юм үзээд явж байхад гэнэт хүн гарч ирээд дайрсан. Би хэдэн км цагийн хурдтай явж байсан хараагүй. Гадна харанхуй болсон байсан. Цаг агаар ямар байсныг мэдэхгүй байна. Би замын хажуугаас хүн гарч ирэхийг харсан. А.Г гэдэг хүн барьж явж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Мийн”...Тэгээд 20 цагийн үед байх Архангай аймгийн төв дээр ирж хоолны газарт хоол идээд хөдөлж би унтаад явж байтал машин гэнэт тоормос гишгээд зогсох үед би сэрсэн. Тэгээд юу болов миний хүү гэхэд замын хажуугаас хүн гэнэт гарч ирээд машин мөргөчихлөө гэж хэлсэн, тэгээд манай хүү А.Г эмнэлэг, цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Бийн”...Тэгээд цэнхэр сумаас дөнгөж хөдлөөд явж байтал машинд зөрөөд их гэрлээ шилжүүлж байх хооронд замын хажуугаар гэнэт нэг хүн гарч ирээд мөргүүлэх шиг болоод машинаа А.Г ах тоормослоод зогсоогоод машинаас буугаад мөргүүлсэн хүн дээр очиход толгой хэсгээс нь цуг их гараад зүүн гар нь хөдлөөд байсан, ахаа зүгээр үү гэж асуухад хариу хэлэхгүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Ггийн”...Архангай аймгийн төв дээр 20 цагийн үед хоолны газар хоол идээд 20 цаг өнгөрөөгөөд хөдөлсөн. Тэгээд цэнхэр сум орж Цэнхэр сум хэтрээд явж байтал өөдөөс машин зөрж А.Гийг их гэрлээ шилжүүлэх хооронд замын хажуугаас гэнэт хүн гарч ирээд мөргүүлэх шиг болоод нөхөр машинаа тоормослоод зүүн тийшээ дарж зогсоогоод машинаас буугаад мөргүүлсэн хүн дээр очиход дээшээ харсан, толгой хэсгээс нь цус их гараад юм асуухад хариу хэлэхгүй, ухаангүй байдалтай байсан. Тэгээд А.Г эмнэлэг, цагдаа дуудсан. Эмнэлгийн машин ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Бы”...С.А ах би буугаад алхлаа айл руу явлаа гээд явган алхсан, би машинаа хөргөж байгаад сумын төв рүү орсон, тэрнээс хойш С.А ахтай уулзалдаагүй, маргааш нь С.А ахыг осолд холбогдоод ухаангүй аймгийн эмнэлэгт байгаа гэдгийг сонссон. Бид нар хамт пиво ууж байхад согтсон зүйл харагдаагүй, гайгүй байсан...” гэх мэдүүлэг, хохирогч С.Аийн биед баруун талын зулай яснаас чамархай, суурь ясыг хамарсан шугаман хугарал, хугарлын харалдаа тархины хатуу бүрхүүл хальсан дээрх жижиг цусан хураа, зүүн талын дух, чамархайн дэлбэнг хамарсан голомтлог цус хуралт, няцрал бүхий хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 332 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар,  шүүгдэгч А.Г нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болох нь Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 59 дугаартай“...А.Гийн гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэх дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Гийн авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч А.Г нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч А.Гийг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Г нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан  эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч А.Гт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан тул түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор мөн шүүгдэгч нь Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт оршин суудаг болох нь түүний мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч С.А болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдсан шүүгдэгчийн 991941 дугаар бүхий жолооны үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Аийн Гийг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жил 05/тав/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

            6. Шүүгдэгч А.Гт хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

           7. Шүүгдэгч А.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч С.А болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдсан шүүгдэгчийн 991941 дугаар бүхий жолооны үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР