| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2022/0059/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/52 |
| Огноо | 2022-03-18 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга Ч.Алтанзул Улсын яллагч Н.Баасанжав Шүүгдэгч Э.Мягмаржав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Мягмаржавт холбогдох 2223000070062 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Сонгино суманд амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Занги овогт Эрдэнэбатын Мягмаржав, РД:ИЛ92040715
Шүүгдэгч Э.Мягмаржав нь Завхан аймгийн Сонгино сумын Айраг нуур багийн Хүйтэн толгой гэх газарт Д.Норжмоогийн үхрийг итгэмжлэн хариуцан, маллаж байхдаа 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орчим улаан халзан зүсмийн 1 тооны тооны үхрийг завшиж түүнд 1.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч Э.Мягмаржав нь 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орчим Завхан аймгийн Сонгино сумын Айраг нуур багийн “Хүйтэн толгой” гэх газарт Д.Норжмоогийн эзэмшлийн үхрийг хариуцан, маллаж байхдаа 1 тооны үхрийг бусдад өрөндөө өгсөн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Үхрээ алдсан талаар мэдүүлсэн хохирогч Д.Норжмоогийн “...2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд Сонгино сумын Айраг-Нуур багийн нутаг “Хүйтэн толгой” гэх газраас өөрийнхөө 13 тооны үхэрнээс 1 тооны үхэр хулгайд алдагдсан... Манай хулгайд алдагдсан үхэр нь эвэртэй улаан халзан хоёр чих нь гол цуулбар имтэй, сувай үнээ байсан. ...манай хүүхдүүд үхрээ 5 өдөр хайж машинаар явахдаа 300.000 гаруй мянган төгрөгөөр шатахуун бензин хийж явсан. Мягмаржав нь байнгын үхрээ хариулдаг...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн гэрч О.Заяажаргалын “...манай нөхөр Э.Мягмаржав нь үхрийг бэлчээх хугацаанаас нь өмнө бэлчээсэн байсан. Тэгээд тухайн өдөр манай үхэрнээс орой ирэхэд нь бүртгэхэд 1 үхэр дутахаар нь бид нар маргааш өглөө нь эрт үхэр бэлчиж байсан газраас нь хайгаад олоогүй. Тэрнээс хойш тэгээд манай үхэр олдохгүй байгаа. Тухайн үед алдсан үхэр нь хоёр талын чих нь хоёр талаасаа цуулбар имтэй, улаан халзан сувай гунжин үхэр байсан. үхэр нь манай эмээ Д.Норжмоогийн эзэмшлийн үхэр байгаа юм. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй...” гэсэн мэдүүлгээр, Гэрч О.Хишигбуяны “...эмээ тэр өдрийн орой над руу утсаар үхэр ирсэн чинь манай сувай үнээ алга болсон байна гэж ярьж байсан. Улаан халзан сувай гунжин үнээ, хоёр чих нь цуулбар имтэй үхэр байсан. Манай эмээгийн яг унаган үхэр манай эмээ бид нар 2017 оны намар манай эгч Заяажаргал Завхан аймгийн Сонгино сумын бэр болоход нь Баянтэс сумаас хамт шилжиж Сонгино сумын Айраг-Нуур багт очиж байсан юм. Тэр жил тугал байсан юм. ...Э.Мягмаржав эмээгийн үхрийг хашаанаас нь тууж гаргасан гэж эмээ надад утсаар ярьж байсан...” гэсэн мэдүүлгээр, Э.Мягмаржаваас 1 тооны үхэр авсан талаар мэдүүлсэн гэрч Б.Батсайханы өгсөн “...Завхан аймгийн Сонгино сумын Айраг–Нуур багийн иргэн Э.Мягмаржав надаас 2019 оны өвөл 12 сараас эхэлж төлөгний мөнгө гээд 2 удаа авсан. ....өглөө би Э.Мягмаржавтай утсаар ярьж ах нь мөнгө төгрөгөө авмаар байна гэсэн ...Гандангийн баруун захад Э.Мягмаржав үхэр туугаад явж байхаар нь очиж уулзсан чинь надад нэг үхэр зааж өгсөн тэгэхээр нь чи надад бариад өгөөч гэсэн чинь дүү нь яаралтай ажилтай байна, та өөрөө манай үхрийг тууж хашаандаа очоод миний зааж өгсөн үхрийг барьж аваад бусдыг нь та цааш нь гаргаад орхичих гэхээр нь би тууж хашаандаа очиж зааж өгсөн үхрийг нь барьж аваад бусад үхрийг нь хашаанаасаа баруун тийш гаргаж тууж орхисон юм...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Э.Мягмаржавын хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хадам эмээ Норжмаагийн хүрэн халзан гунжин үхрийг төлөг авна гэсэн Батсайхан гэх хүнд 20 төлөгний өрөндөө 2020 оны 11 дүгээр сарын 15-ны үед Батсайхан гэх хүнд би хүрэн халзан хоёр чих нь цуулбар сувиа үхэр өгсөн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Э.Мягмаржавын үйлдлийн улмаас Д.Норжмоод 1000000 төгрөгний хохирол учирсан нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Завхан аймгийн Сонгино сумын Засаг даргын үнэ тогтоох комиссын шинжээч нарын “4 настай монголын хээлтэй үнээг 1000000 төгрөгөөр үнэлсэн” дүгнэлтээр тогтоогдож байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай тодруулсан. Мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Э.Мягмаржав нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн дээрх мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо. Бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд “иргэн хуулийн этгээдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн эсхүл гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд шүүгдэгчид улаан халзан зүсмийн 1 тооны үхрийг хариулуулахаар итгэмжлэн хариуцуулсан байна. Хөрөнгө завших гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэн хариуцсан этгээд өмчлөгч этгээдэд мэдэгдэлгүй дур мэдэн хууль бусаар авч, хувийн зорилгодоо ашиглаж захиран зарцуулсан шууд санаатай, шунахай сэдэлттэй гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Шүүгдэгчийн хувьд Д.Норжмоогийн итгэмжлэн хариуцуулсан улаан халзан зүсмийн 1 тооны үхрийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Э.Мягмаржавыг бусдын итгэмжлэн хариуцуулсан бод малыг завшсан буюу Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Э.Мягмаржав хохирогчид хохирлоо бүрэн барагдуулсан нь “хохирол төлсөн баримтаар тогтоогдож байгаа тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгч Э.Мягмаржавт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ. Шүүгдэгч Э.Мягмаржавыг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Э.Мягмаржав нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Занги овогт Эрдэнэбатын Мягмаржавыг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Э.Мягмаржавт Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Мягмаржавт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мягмаржавыг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл гэмт хэрэг санаатай үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мягмаржавт тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Э.Мягмаржавт 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч Э.Мягмаржавт нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА