Шүүх | Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пэрлээн Гандолгор |
Хэргийн индекс | 160/2021/0229/Э |
Дугаар | 2021/ШЦТ/246 |
Огноо | 2021-10-29 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | С.Бичинхүү |
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/246
2021/ШЦТ/246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Бичинхүү
Шүүгдэгч: Ц.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цгийн Эод холбогдох эрүүгийн 2112000000238 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ........... суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Цгийн Э/РД:АЖ............./
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2112000000238 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Д.Згийн өгсөн:
“...Би 2021 оны 08 дугаар сарын 25 өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Орхон багт найз Өгийдалайгийн хүүгийн найранд ирээд сууж байхад Ц.Э нь орж ирээд агсам тавиад байхаар нь миний дүү шинэ гэр барьж байгаа айлд яахнав дээ гэж хэлэхэд Ц.Э нь архины шил аваад миний толгой руу 2 удаа цохиод миний толгой 2 хэсэг газар хагарсан. Ц.Э бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ц.Э бид хоёр гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан. Ц.Э би хоёрын дунд ямар нэгэн өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Ц.Э бид хоёр маргалдсан зүйл болоогүй агсам тавиад байхаар нь миний дүү боль гэтэл үгийн зөрүүгүй архины шилээр миний толгой руу 2 удаа цохисон. Ц.Э нь миний толгой руу архины шилээр 2 удаа цохисон зүүн шанааг яз цохиж, толгой дээр цохиж толгой хагалсан. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Би Ц.Эыг цохиж зодсон асуудал байхгүй. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-7 дугаар тал/
*Хохирогч Д.Згийн дахин өгсөн:
“...Ц.Э миний эмчилгээнд дэмжлэг үзүүлж надад 433.000 төгрөг дансаар 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод намайг монос эмийн санд байхад миний данс руу шилжүүлсэн өөр байдлаар надад дэмжлэг үзүүлээгүй. Одоо миний бие эрүүл саруул болсон ямар нэгэн зовуурь байхгүй Ц.Э надаас уучлал гуйсан залуу хүн цаашид энэ асуудал дээрээ анхаарч төлөвших байлгүй. Ц.Эоос нэхэмжлэх зүйл надад байхгүй мөн гомдол санал байхгүй... “гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар тал/
*Гэрч Ө.Бын өгсөн:
“...2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хуримаа хийгээд 24 цагийн үед найр тараад би эхнэр О.Оийн хамт амарч байхад Ц.Э Ц.Мын хамт манайд хамт манайд согтуу ирээд намайг дуудаад би босч ирээд ширээн дээр үлдсэн байсан архийг авч өгөөд эндээс аягалаад уугаарай гэж хэлээд хууч хөөрөөд сууж байгаад би гадаа гарахад Д.З ах надтай зөрөөд манай гэрт орж ирсэн. Тэгээд би нойл орчихоод гадаа сууж байхад Д.З ах гарч ирэхэд толгой нь хагарсан шанаанаас нь цус гарсан байсан. Тэгээд би Д.З ахаас яасан бэ? ах гэж асуухад ах нь зүгээрээ зүгээр гээд би Д.З ахыг аавын гэр рүү оруулж өгөөд гэртээ ороход Ц.Э Ц.М хоёр яваад өгсөн байсан. Маргааш өглөө нь босоход Ц.Э манай морины уяаны хажууд унтаж байсан. Манай эхнэр О.О бид хоёр байсан өөр хүн байгаагүй. Ц.Э Д.З нар юунаас болж маргалдсан талаар би мэдэхгүй. Би Ц.Э нь Д.З ахыг зодож цохиж байхыг хараагүй маргааш өглөө нь Ц.Э нь Д.З ахыг архины шилээр толгой руу нь цохиж толгойг нь хагалсан талаар мэдсэн. Би тухайн үед гадаа байсан учир тухайн үед юу болсон талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-26 дугаар тал/
*Гэрч О.Оийн өгсөн:
“...2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хуримаа хийгээд 24 цагийн үед найр тараад хүмүүсээ явуулчихаад найрын бэлтгэл хийгээд их ядарсан байсан учир манай нөхөр Ө.Б бид хоёр унтаад өгсөн. Би тухайн үед юу болсон талаар мэдэхгүй. Би тухайн шөнө унтаж байсан учир Ц.Э, Ц.М нарыг орж ирснийг мэдээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-30 дугаар тал/
*Яллагдагч Ц.Эын өгсөн:
“…Би 2021 оны 08 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Орхон баг Булын дэнж гэх газар иргэн Д.Зтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан нь үнэн үйлдсэн гэмт хэрэгтэй маш их гэмшиж байна дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Би Д.Зтай хэрүүл маргаан хийгээгүй би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор санаад оролгүй архины шил аваад шидсэн байна лээ түүнээс өөр ямар нэгэн шалтгаан байгаагүй. Намайг цохиж зодоогүй. Би хохирогчид учирсан хохирол төлбөрийг барагдуулсан. Эрүүл мэндэд учирсан гэмтлүүдийг эмнэлгийн байгууллагаар үзүүлж харуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-43 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 295 дугаартай“...Д.Згийн биед Зигоматик ясны нумын шугаман хугарал. Духны зүүн талд язарсан шарх, зүүн шанаанд язарсан шарх, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Зигоматик ясны нумын шугаман хугарал. Духны зүүн талд язарсан шарх, зүүн шанаанд язарсан шарх, зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” дүгнэлт /хх-ийн 13-15 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Орхон баг, Булын дэнж гэх газар иргэн Д.З нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ц.Э үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Згийн”...Би 2021 оны 08 дугаар сарын 25 өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Орхон багт найз Өгийдалайгийн хүүгийн найранд ирээд сууж байхад Ц.Э нь орж ирээд агсам тавиад байхаар нь миний дүү шинэ гэр барьж байгаа айлд яахнав дээ гэж хэлэхэд Ц.Э нь архины шил аваад миний толгой руу 2 удаа цохиод миний толгой 2 хэсэг газар хагарсан. Ц.Э бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ц.Э бид хоёр гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ө.Бын”...Тэгээд би нойл орчихоод гадаа сууж байхад Д.З ах гарч ирэхэд толгой нь хагарсан шанаанаас нь цус гарсан байсан. Тэгээд би Д.З ахаас яасан бэ? ах гэж асуухад ах нь зүгээрээ зүгээр гээд би Д.З ахыг аавын гэр рүү оруулж өгөөд гэртээ ороход Ц.Э Ц.М хоёр яваад өгсөн байсан. Маргааш өглөө нь босоход Ц.Э манай морины уяаны хажууд унтаж байсан. Манай эхнэр О.О бид хоёр байсан өөр хүн байгаагүй. Ц.Э Д.З нар юунаас болж маргалдсан талаар би мэдэхгүй. Би Ц.Э нь Д.З ахыг зодож цохиж байхыг хараагүй маргааш өглөө нь Ц.Э нь Д.З ахыг архины шилээр толгой руу нь цохиж толгойг нь хагалсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Ц.Эын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 295 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Ц.Эын хүний биед духны зүүн талд язарсан шарх, зүүн шанаанд язарсан шарх, зигоматик ясны нумын шугаман хугарал бүхий бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Эын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Ц.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Д.З нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Ц.Э нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдаж гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Цгийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР