Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 201/МА2017/00037

 

П.Чимгээгийн нэхэмжлэлтэй,

Р.Ханджавд холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Я.Алтаннавч, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм, нэхэмжлэгч П.Чимгээ, хариуцагч Р.Ханджав, хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 19-ний өдрийн 138/ШШ2017/00900 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Р.Ханджавын давж заалдах гомдлоор П.Чимгээгийн нэхэмжлэлтэй, Р.Ханджавд холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 160000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 10 сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч П.Чимгээ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 24 дүгээр байранд байршилтай Кыра солонго дэлгүүрийн худалдагч Р.Ханджав нь 2017 оны 01 сарын 15-ны өдөр 10 хайрцаг улаан шонхор тамхи авахдаа үнэ 160000 төгрөгийг мобайлаар шилжүүлнэ гэж хүүд хэлсэн байсан. Гэтэл одоо болохоор бэлэн мөнгийг хүү Э.Энх-Эрдэнэд өгсөн гээд мөнгийг маань өгөхгүй байх тул 160000 төгрөгийг Р.Ханджаваас гаргуулан өгнө үү гэжээ.

  Хариуцагч Р.Ханджав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 дугаар сараас эхлэн манай дэлгүүр П.Чимгээгээс улаан шонхор тамхи худалдан авч борлуулах болсон. Тамхиа зээлээр аваад дараа нь дахин тамхи авах үедээ түрүүчийн авсан тамхины мөнгийг өгөх зарчмаар явдаг байсан. 2017 оны 01 сарын 03-ны өдөр 10 боодол тамхи зээлээр авсан. Түүний мөнгийг 2017 оны 01 сарын 09-ний өдөр Э.Энх-Эрдэнэд өгсөн. Хүү нь тэр өдөр мөнгөө авахаар ирэхдээ 10 боодол тамхи авчирч өгсөн. Түүний мөнгийг хүү Э.Энх-Эрдэнэд 2017 оны 01 сарын 20-ны өдөр бэлнээр 160000 төгрөгийг өгсөн. 01 сарын 20-нд Э.Энх-Эрдэнэ мөнгөө авахаар ирэхдээ 5 боодол тамхи авчирч ирснийг 02 сарын 17-ны өдөр Э.Энх-Эрдэнэд мөнгийг нь өгсөн. П.Чимгээгээс авсан тамхины мөнгийг бүрэн төлсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 19-ний өдрийн 138/ШШ2017/00900 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч Д.Ханджаваас 10 хайрцаг улаан шонхор тамхины үнэ 160000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Чимгээд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Чимгээгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 5450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Ханджаваас улсын тэмдэгтийн хураамжид 5450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Чимгээд олгож, ...шийдвэрлэжээ.

Хариуцагч Р.Ханджав давж заалдах гомдолдоо: ... П.Чимгээ нь надаас улаан шонхор тамхины 10 блокийн үнэ 160000 төгрөг нэхэмжлэн шүүхэд хандсан ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг ханган надаас 160000 төгрөг гаргуулан П.Чимгээд олгуулахаар шийдвэрлэсэн юм. Шүүхийн шийдвэрийг би зөвшөөрөхгүй байгаа ба шүүхээс нотлох баримтыг үнэлэхдээ буруу дүгнэн нэхэмжлэлийг хангасан гэж үзэж гомдож байна.

Болсон үйл явдлын хувьд би П.Чимгээгээс 4 удаа л тамхи авсан. Чимгээ нь дэлгүүрүүдэд зээлээр тамхиа тараан өгч дараагийн тамхи авахдаа мөнгөө авдаг байсан. Би ч ингэж харьцаж байсан. Өөрөө энд байхгүй, Улаанбаатар хотод байна гээд түүний хүү Энх-Эрдэнэ нь ирж тамхиа өгдөг мөнгөө авдаг байсан. Чимгээтэй утсаар л харьцдаг байсан. Миний хувьд бүх л гүйлгээг бэлнээр хийж байсан. Нэг удаа буюу 3 дахь удаагийн тамхи авчралт 2 дахь удаагийн мөнгө өгөхдөө би мобайлаар шилжүүлье гэж хэлээд хүү нь ээжтэйгээ яриад дансны дугаарыг нь авсан боловч би дансаар шилжүүлэх боломжгүй болоход мөнгөө бэлэн авъя гэснээр би хүүд нь 160000 төгрөгийг бэлэн тоолон өгч дэвтэр дээрээ хүүгээр нь гарын үсэг зуруулсан. Энэ тэмдэглэлийг шүүхээс нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэх үндэслэл болсон. Би мөнгө өгөөгүй бол хүү нь гарын үсэг зурахгүй, дахин тамхи өгөхгүй байх байсан. Өөрт байгаа бичмэл нотлох баримт буюу гар дэвтрээ шүүхэд гаргаж өгөөд нотолж байхад шүүхээс үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотолж чадаагүй гэж буруу дүгнэж байна.

...Харин эсрэгээр нэхэмжлэгч миний гаргаж буй нотлох баримтыг үгүйсгэж чадаагүй буюу нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байхад хангаж шийдвэрлэсэн нь миний эрхийг зөрчсөн байна. Мөнгө хүлээн авсан хүний гарын үсэг байна би өгсөн гэдгийг хариуцагч би л нотолж байгаа шүү дээ. Тэгвэл Чимгээ аваагүй гэдгээ юугаар яаж нотлоод байгаа юм. Үүнийг л шүүх анхаарах ёстой. Шүүхийн шийдвэрийн дагуу би түүнд дахин нэг илүү мөнгө төлж Чимгээ нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж байгаа юм биш үү. Тэгээд ч надад зээлээр худалдах худалдан авах гэрээний худалдагч талын үүргийг ногдуулж байна. Энэ тал дээр худалдагч тал бараа өгсөн баримт, мөнгө авсан баримт зэргийг илүүтэйгээр хангах ёстой. Харин би өөрөө ажлын орлого зарлагаа тэмдэглэж байдаг, энэ хүний намайг гүтгэж байгаад гомдолтой байна. Дахин харьцаж юм аваагүй.

Шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хууль ёсны байх, шударга байх зарчмыг хангаж чадаагүй. Нотлох баримтыг дутуу буруу үнэлж байна. Миний зүгээс өөрийн татгалзаж буй үндэслэлээ нотолж чадсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Чимгээ нь хариуцагч Р.Ханджаваас 10 хайрцаг /блок/ улаан шонхор тамхины үнэ 160000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Хариуцагч Р.Ханджав нь нэхэмжлэгч П.Чимгээгээс 2017 оны 01 сарын 09-ний өдөр 10 хайрцаг улаан шонхор тамхи худалдан авснаа маргаагүй, харин үнийг төлсөн эсэх талаар зохигчид маргасан байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзсэн нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан агуулгад нийцээгүй байна.

Иргэний хуульд худалдах, худалдан авах гэрээ болон зээлээр худалдах, худалдан авах гэрээг өөр хоорондоо ялгаатай, тус тусдаа бие даасан гэрээ болохыг зохицуулсан байна. Худалдах, худалдан авах гэрээнд худалдах эд зүйлийн үнийг нэг дор, хэсэгчлэн, дараа төлөхийг тохирох эрх талуудад байдаг. Ийнхүү хэсэгчлэн эсхүл дараа төлөхөөр тохирох нь гэрээний агуулгыг өөрчлөхгүй бөгөөд энэ нь төлбөр төлөх журмыг тогтоож буй талуудын эрх юм. Харин үнийг дараа, эсхүл хэсэгчлэн төлөх учраас талууд хүү тогтоож, худалдсан эд зүйлийн үнэ нэмэгдсэн байх нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн шинж болдог. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч нь 160000 төгрөгийн улаан шонхор тамхийг худалдаж авсан, үнийг дараа буюу мобайлаар төлөхөөр тохирсон байх ба ийнхүү үнийг дараа төлөх болсноор үнийг нэмэгдүүлсэн, хүү тооцсон агуулга байхгүй байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд зохигчдын хооронд нийт 4 удаагийн улаан шонхор тамхины худалдан авалт хийгдсэн байна. Тухайлбал хариуцагч Р.Ханджав нь нэхэмжлэгч П.Чимгээгээс 2017 оны 01 сарын 03-ны өдөр 10 хайрцаг улаан шонхор тамхи авч үнэ болох 160000 төгрөгийг 2017 оны 01 сарын 09-ний өдөр төлсөн, мөн өдөр дахин 10 хайрцаг тамхи авсан, 2017 оны 01 сарын 17-ны өдөр 10 хайрцаг улаан шонхор тамхи авч үнэ 160000 төгрөгийг 2017 оны 01 сарын 20-ны өдөр төлсөн, мөн өдөр 5 хайрцаг улаан шонхор тамхи авч, үнийг 2017 оны 02 сарын 17-ны өдөр төлжээ. Энэ талаар талууд маргаагүй.

Харин хариуцагч нь нэхэмжлэгчээс 2017 оны 01 сарын 09-ний өдөр авсан 10 хайрцаг улаан шонхор тамхины үнэ болох 160000 төгрөгийг 2017 оны 01 сарын 17-ны өдөр мобайлаар шилжүүлнэ гэж нэхэмжлэгчийн ХААН банкны дансны дугаарыг авсан атлаа үнийг шилжүүлээгүй байна.

Хариуцагч Р.Ханджав нь тамхины үнийг мобайлаар шилжүүлэх гэтэл дансанд мөнгө байхгүй байсан учир Чимгээгийн хүүд мөнгийг бэлнээр өгч, тэмдэглэлийн дэвтэртээ хүүгээр нь гарын үсэг зуруулсан. Энэ баримт нь Чимгээд тамхины мөнгийг төлсөн гэдгийг нотолж байна гэж тайлбар гаргаж байгаа боловч энэ баримтаар нэхэмжлэгч П.Чимгээд тамхины үнэ 160000 төгрөг өгсөн гэдгийг нотолж чадахгүй байна. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм. /хх-ийн 34 дэх тал/

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасантай нийцэж байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан тул зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч Р.Ханджавын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 09 сарын 19-ний өдрийн 138/ШШ2017/00900 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 ... гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.Ханджаваас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД Я.АЛТАННАВЧ

З.ЭНХЦЭЦЭГ