| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2018/0026/Э |
| Дугаар | 32 |
| Огноо | 2019-04-03 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 32
Д.М-, Ц.Э-, А.Б- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс:166/2018/0026/Э/219/2019/0012
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд
Прокурор Б.Сүрмандах
Шүүгдэгч Д.М-
Ц.Э-
А.Б-
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар
П.Буманзаяа
О.Сарантуул
Нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны 27 дугаар шийтгэх тогтоолтой Д-н М-, Ц-ийн Э-, А-гийн Б-нарт холбогдох 201509000506 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Б-, Ц.Э-, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, П.Буманзаяа, О.Сарантуул нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Баянсан овогт Д-н М-,
Монгол улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Боржигон овогт Ц-ийн Э-,
Монгол улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Боржигин овогт А-гийн Б-.
Шүүгдэгч Д.М-, Ц.Э-, А.Б-нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, бүлэглэж 2015 оны 07 дугаар сарын 02-ны өглөөний 06 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, “Улаан хад” хүнсний дэлгүүрийн орчимд Б.Э-ийг өдөж, хоргоосон гэсэн шалтгааны улмаас Д.Н-ийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор:
-Шүүгдэгч Боржигин овогт А-гийн Б-, Баянсан овогт Д-н М-, Боржигон овогт Ц-ийн Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1.д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар шүүгдэгч А.Б-, Д.М-, Ц.Э- нарыг тус бүр 5 жил хорих ялаар шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч А.Б-, Д.М-, Ц.Э- нарт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2.т зааснаар шүүгдэгч А.Б-ийн цагдан хоригдсон 249 хоног, шүүгдэгч Ц.Э-ын цагдан хоригдсон 11 хоног, шүүгдэгч Д.М-ын цагдан хоригдсон 182 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцох.,
-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-, Д.М-, Ц.Э- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар давж заалдах гомдолдоо:
...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Тухайлбал анхан шатны шүүхийн 2019.01.10-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ “...Д.М-ын хохирогч Д.Н-ийн толгой, дагз хэсэг рүү тоосгоор цохисон үйлдэл, шүүгдэгч А.Б-, Ц.Э- нарын хохирогч Д.Н-ийг унасан байхад нь толгой дээр нь хэд хэдэн удаа дэвссэн үйлдэл зэрэг нь хохирогчийн биед учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой, өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.М-, А.Б-, Ц.Э- нарын үйлдлийн улмаас хохирогч Д.Н-ийн биед дагзны яс хургарал, хатуу бүрхүүл доорхи цусан хураа бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.Б-, Д.М-, Ц.Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1.д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ” гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад эрх зүйн үүднээс зөв дүгнэлт хийгээгүй, хохирогч Д.Н-ийг зодож цохиогүй Д.М-ыг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж 5 жилийн хорих ял оногдуулсан нь хуулийн заалтыг буруу хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл болж байна.
Эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд Д.М- нь хохирогч Д.Н-ийн эрх чөлөөнд халдаж түүнийг зодож цохисон гэх үйлдэл тогтоогддоггүй бөгөөд харин ч шүүгдэгч А.Б-мөрдөн байцаалтын шатанд 2015.07.12-ны өдөр өгсөн 2 удаагийн мэдүүлгээр тоосго, чулуу авч хохирогч Д.Н-ийг цохиж унагааж дээрээс нь Ц.Э-ын хамт өшиглөж, дэвсэж зодсон гэдгээ хүлээн мэдүүлсэн байдаг.
....Шүүгдэгч А.Б-ийн гэрчээр болон, сэжигтэнээр анх өгсөн мэдүүлгүүдэд хууль зүйн үүднээс үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхисон нь ЭХХШТ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13.т “Шүүх... тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ. Мөн зүйлийн 14.т “нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэсэн хуулийн заалтуудыг шүүх шийдвэр гаргахдаа баримтлахгүй хууль зөрчсөн байна.
Дээр дурдсан нотлох баримтуудаар хохирогч Д.Н-ийг А.Б- чулуугаар толгойн тус газар цохиж унагаасан, мөн Ц.Э-ын хамт толгойн тус газар нь өшиглөж, дэвсэж зодсон болох нь тогтоогдож байгаа бөгөөд хэрэгт хамааралтай бүхий л мөрдөн байцаалтын ажиллагааг хийсэн боловч Д.М- нь хохирогч Д.Н-ийг цохисон гэх үйлдэл тогтоогдохгүй байх тул түүнийг энэ хэрэгт гэм буруутай гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар 5 жилийн хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн 2019.01.10-ны өдрийн 27 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлнэ үү... гэжээ.
Шүүгдэгч А. Б-ийн өмгөөлөгч О.Сарантуул давж заалдах гомдолдоо:
...хохирогчид учирсэн дагз ясны хугарал, хатуу бүрхүүл доорх цусан хураа гэсэн гэмтлийг яг хэн учруулсан, бусад гэмтэл нь хүнд зэргийн гэмтэл мөн эсэх талаар шүүх хуралдаанд судалсан шинжээч эмчийн тайлбарыг хэрхэн дүгнэн үзсэн талаар огт дүгнэсэнгүй.
Шүүгдэгч Д.М-ын үйлдлийг хохирогч Н-ийн толгой дагз хэсэг рүү тоосгоор цохисон гэж тодорхойлсон, мөн 2018 оны шүүх хуралд оролцсон шинжээч эмчийн тайлбараар хохирогчид учирсан дагз ясны хугарал нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн дүнд үүснэ, дээрх хугарлаас бусад нь хөнгөн гэмтэлд хамаарна гэж мэдүүлсэн байхад уг нотлох баримтыг огт үнэлсэнгүй.
А.Б-газар унасан байхад нь толгой руу өшиглөсөн талаар ярихдаа шүүхэд миний үйлдлийн улмаас хөнгөн гэмтэл учирсан байхыг үгүйсгэхгүй үүнийг би зөвшөөрч байна, энэ буруугаа хүлээж байна гэж хэлсэн. Гэтэл эдгээр нотлох баримтыг хэрэгт хэрхэн хамааралтай, ач холбогдолтой, хуууль ёсны гэж үзсэн эсэх талаар., эсвэл хууль ёсны биш, ач холбогдолгүй талаар няцааж үгүйсгэсэн үндэслэлийг дүгнэж тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн заасан шаардлагыг хангахгүй байна.
Мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.1.д заасан үндэслэл буюу А.Б-ий ...намайг өшиглөх үед нүүрэнд зүүн нүдний ухархайн хугарал, тархи доргилт зэрэг гэмтэл үүссэнийг зөвшөөрч байна гэснийг, мөн Эрүүгийн хуулийн 6.5.д заасан гэмт хэрэг анх удаа үйлдсэн, бусад туслалцаа үзүүлсэн (хохиролд мөнгө төлсөн) зэрэг нөхцөл байдлыг яагаад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй байгаа нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн 6.7.д заасан гэм буруугаа (цохисноо хүлээн зөвшөөрч байгааг) хүлээж байхад хариуцлагыг хөнгөрүүлэх зүйл заалтыг хэрэглэхгүй байгаа нь шүүгдэгч А.Б-ий эрх зүйн байдлыг дордуулж байна.
Хэрэв дагз ясны хугарал нь тухайн хэсэгт үйлчилсэн хүчний үйлчлэлээр үүсч байгаа бол дагз хэсгээр нь тоосгоор цохисон, ухаан алдаж унасан нөхцөл байдалтай шалтгаант холбоотой байна.
Хэрэгт оролцсон оролцоо бүр өөр өөр байхад тэдгээрийн ялгаа заагийг гаргахгүй бүгдэд нь адил хэмжээний ял оногдуулж буй нь Эрүүгийн хуулийн 1.3.т заасан шударга ёсны зарчим... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байна гэсэнтэй нийцэхгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн 27 дугаартай шийтгэх тогтоолын 1., 2 дахь заалтад хууль хэрэглэсний хувьд өөрчлөлт оруулж А.Б-д оногдох ял, хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү... гэжээ.
Шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгч П.Буманзаяа давж заалдах гомдолдоо:
...Шүүх 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Ц.Э-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа хэрэг прокурорт буцаагүй, дахин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй /нэмэлт нотлох баримт цуглуулаагүй/ шинээр нөхцөл байдал илрээгүй байхад шүүх өөрөө үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн нотлох баримтаар Ц.Э-ыг бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсон нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасаан ...шударга шүүхээр шүүлгэх, Эрүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1.д ...энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлин 2.т заасан ...гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал ...шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Иймд Ц.Э-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Шүүгдэгч А.Б-давж заалдах гомдолдоо:
...Би хохирогчийг унасан байхад нь биеийн хэсэг рүү өшиглөсөн гэж мэдүүлснийг дэвссэн гэж бичсэн байсан. Миний хувьд бага насны 2 хүүхэдтэй, амьдралаа авч явдаг зэрэг байдлыг харгалзан үзнэ үү. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Ц.Э- давж заалдах гомдолдоо:
...2018.01.09-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанаар надад холбогдох хэргийг цагаатгасан. Мөн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Үүнээс хойш дахин мөрдөн байцаалт явуулаагүй, дүн шинжилгээ хийгээгүй атал 2019 оны 01 сарын 10-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанаар намайг гэм буруутайд тооцож 5 жил хорих ялаар шийтгэсэн нь ойлгомжгүй байна. Иймээс надад холбогдох хэргийг дахин нягталж, ял халдаалгүй үнэн зөвөөр шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар тайлбартаа:
...Хохирогч Д.Н-ийг шүүгдэгч А.Б-толгойн тус газар нь чулуугаар цохиж унагаасан бөгөөд Д.Н-ийг газар унасан байхад нь Ц.Э- цохьсон. Д.М- нь Д.Н-ийг цохьсон нь тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.М-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул тайлбартаа:
...А.Б-нь хохирол төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа тайлбартаа:
...Гэрч н.Э- мэдүүлэгтээ “Ц.Э- Д.Н-ийг дэвсээгүй, би мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлсэн, Ц.Э- цээжин тус газар нь өшиглөсөн” гэж хэлсэн. Гэрч н.Болдцэцэг, н.Идэрчулуун нарын “хохирогч Д.Н-ийг газар унасан байхад нь дэвссэн” гэсэн мэдүүлгээр Ц.Э-т ял халдааж байгаа нь учир дутагдалтай тул дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Э-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.Э-ыг цагаатгаж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.М- тайлбартаа:
...Эргэлзээ бүхий гэрчүүдийн мэдүүлгээр намайг гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа нь үндэслэлгүй. 3 гэрч яагаад 16 хоногийн дараа мэдүүлэг өгсөн юм бэ, хохирогчийг хэн, хэрхэн зодуулж байгааг хараад зогсоогүй. Хэрэг болсон өдөр халзан толгойтой хүн тоосгоор цохиж унагаасан гэж анх хэн ч мэдүүлээгүй. Гадны нөлөөтэй үгсэн тохиролцож надад ял халдааж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.Б-тайлбартаа:
Тайлбар байхгүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Э- тайлбартаа:
Тайлбар байхгүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэж дүгнэлт хийсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Д.М-, Ц.Э-, А.Б-нарыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ, бүлэглэж 2015 оны 07 дугаар сарын 12-ны өглөөний 06 цагийн үед Дархан сумын 1 дүгээр баг, “Улаан хад” хүнсний дэлгүүрийн орчимд Б.Э-ийг өдөж, хоргоосон гэсэн шалтгааны улмаас хохирогч Д.Н-ийг зодож түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1.д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрийг 5 жил хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, тэдний цагдан хоригдсон хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцох, мөн тэд бусдад төлөх төлбөргүй ба хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг шүүгдэгч А.Б-, Ц.Э-, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, П.Буманзаяа, О.Сарантуул нарын давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 39.9 дүгээр зүйлд заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзээд шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцэхгүй байх тул хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд :
1./ Шүүгдэгч Д.М-, Ц.Э-, А.Б-нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь 2019 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаартай байхад шүүх хуралдааны тэмдэглэл нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны 23 дугаартай байгаа нь ...шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн., нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл тэмдэглэл нь шийтгэх тогтоолын удиртгал хэсгээс зөрүүтэй гарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6.д заасан шаардлагыг ноцтой зөрчжээ.
2./ Хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Д.Э-ын гэрт шүүгдэгч Д.М-, А.Б-, гэрч О.Идэржаргал болон түүний найз охин Б.Э-, Болормаа, Болорцэцэг, нар архи ууж байгаад 2015 оны 07 дугаар сарын 12-ны өглөөний 06 цагийн үед эхлээд Б.Э-, Болормаа, Болорцэцэг, Эрдэнэчулуун нар гарч явсан., араас нь А.Болор-Эрдэнэ О.Идэржавхлангийн хамт түүний найз охин Б.Э-ийг буцааж авч ирэхээр явж байсан..,
Энэ үед “Улаан хад” хүнсний дэлгүүрийн орчимд гэрч Ж.Мөнхчулууныд архи уусан хохирогч Д.Н-, гэрч Б.Батцэцэг, Баттөмөр, Ж.Мөнхчулуун нар гэрч Д.Пүрэвбат, П.Алтанчимэг нарын хамт явж байгаад Б.Э-тэй тааралдаж Баттөмөр түүнийг “ямар гоё шивээстэй охин бэ” гэж хэлэхэд нь Б.Э- араас нь ирж явсан О.Идэржавхлан, А.Болор-Эрдэнэ нарт “намайг хоргоогоод байна” гэснээс тэдний хооронд маргаан үүсч улмаар зодоон болж шүүгдэгч Б-, Мөнхчулуун хоёр зодолдсон., шүүгдэгч Д.М- хохирогч Н-тай зууралдаад толгой руу нь тоосгоор цохиход хохирогч Н- газарт унаад босож ирээгүй, гэрч Батцэцэг, Э- хоёр үсдэлцсэн., гэрч Баттөмөр шүүгдэгч Ц.Э-ыг ирэхэд нь зодолдож түүний мөнгөн гижийг тасалж, цамц нь урагдсан., хохирогч Н-ийг газарт хэвтэж байхад нь шүүгдэгч Б-толгой руу өшиглөсөн дараа нь шүүгдэгч Ц.Э- очиж хохирогчийн мөр лүү өшиглөсөн үйл баримт болжээ.
Дээрх үйл баримтын улмаас хохирогч Д.Н-ийн биед “...дагз ясны хугарал, хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн нүдний ухархайны дотор ханын хугарал, тархи доргилт, баруун бугалга баруун шууны ясны цус хуралт бүхий хүнд хохирол...” учирсан бөгөөд энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн талаар шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 10727 дугаар дүгнэлт гарсан байна.
Мөн шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Б.Долгормаа ... Ар дагз ясны хугарал нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаа хүчтэй цохих үед үүсэх боломжтой.., дагзаараа савж унахад ар дагз ясны хугарал үүсэх боломжтой.., мөн олон удаагийн цохилтоор ч үүсэх боломжтой.., нэг удаа эсхүл хөл нүцгэн өшиглөхөд үүсэх боломжгүй.., хатуу гадаргууд хавсарсан тохиолдолд үүсэх боломжтой.., мөн шороон гадаргуу дээр үүсэх боломжгүй., газар нь хадархаг газар байсан ч хөл нүцгэн толгой дээр дэвсэхэд ар дагзны ясны хугарал үүсэх боломж муутай.., гэмтлийн хатуу бүрхүүлийн доторх цусан хураа гэдэг нь гавал ясны хугарлаас үүдэлтэй .., өөрөөр хэлбэл хатуу бүрхүүлийн цусан хураа дангаараа үүссэн үед гэмтлийн хүнд зэрэгт хамаарагддаг ч энэ тохиолдолд мөн дагз ясны хугарлаас үүссэн гэж үзэх боломжтой ..., гэсэн тайлбар, мэдүүлэг өгчээ.
Эдгээр үйл баримтаас үзвэл хохирогч Д.Н-ийн биед учирсан хүнд хохирлыг тухайн тохиолдолд хэн учруулсан болох өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.М- футболкондоо тоосго боогоод хохирогч Н-ийн толгой руу араас нь цохиход тэрээр дахиж босож ирээгүй талаар гэрч П.Алтанчимэг, Д.Пүрэвбат нар тогтвортой мэдүүлдэг., нөгөө талаар хэргийн газарт / хохирогчтой хамт явсан хүмүүс дээр / хамгийн түрүүнд шүүгдэгч А.Б-гэрч О.Идэржаргал нар ирсэн, дараа нь Ц.Э-, Д.М- хоёр ирээд “Түмээ“ гэж хэн бэ гэхэд нь хохирогч Н- “...би...” гэж хэлэхэд нь түүнийг М- цохисон талаар гэрч О.Идэржаргал мэдүүлсэн., гэрч Ж.Мөнхчулуун Н-ийг өндөр бор, шивээстэй залуу цохиж унагаасан талаар мэдүүлжээ.
Түүнчлэн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э- А.Б-нар “...газарт унасан байсан хохирогч Н-ийн толгой руу өшиглөсөн нь үнэн...” гэж мэдүүлсэн бөгөөд харин шүүгдэгч Д.М- ...очоод Идэржаргалыг салгасан., энэ үед түүнийг Баттөмөр намайг хавсарч унагаасан., хамгийн сүүлд би түргэн дуудсан гэж... хохирогчийг зодсон талаар болон өөрөө зодоонд оролцоогүй мэтээр мэдүүлэг өгч анх мөрдөн байцаалтын шатанд гэрчүүдийн мэдүүлсэн тухайн үед нэрийг нь хэлээгүй “шивээстэй залуу., цагаан эрээн судалтай морякан футболкатай залуу ., футболкандаа тоосго боогоод цохисон” гэсэн мэдүүлгийг үгүйсгэсэн байна.
Мөн гэрч Т.Болормаа 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдөр анх мэдүүлэг өгөхдөө тэнд Э- нэг эгчтэй зодолдож байсан ., цаашаа нь нэг хүн газарт хэвтэж байсан., тэрийг хэн зодсоныг хараагүй..., гэж мэдүүлж байснаа дараа нь дахин 2015 оны 8 сарын 7., 9 сарын 30., 2016 оны 3 сарын 16., 2017 оны 1 сарын 16 нд өгсөн мэдүүлэгтээ дээр анх өгсөн мэдүүлгийн агуулгыг бүгдийг өөрчилж “....Э- Н-ийг цохиход тэр бөгтийгөөд байсан., тэгээд дахиад нүүр лүү цохиосон.,” гэж бүр эсрэг мэдүүлэг өгсөн.,
Гэрч Б.Болорцэцэг 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдөр анх мэдүүлэг өгөхдөө ... хүмүүс хоорондоо маргалдаад зодолдоод байхаар нь харахад ...Э- нэг эмэгтэйтээ заамдалцсан байсан., цаана нь нэг хүн газарт хэвтэж байсан.,хэнийг хэн яаж зодсоныг хараагүй гэж., гэрч Эрдэнэчулуун, Идэржаргал нар мөн мэдүүлгийн агуулгыг өөрчилж өгчээ.
Гэтэл анхан шатны шүүх дээрх зөрүүтэй мэдүүлгийн хэний өгсөн аль мэдүүлэг хэний хэдийд өгсөн мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа болон нотлогдож байгаа., тэдгээр нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдсэн эсхүл нотлогдсон талаар харьцуулан шинжлэн судлаагүй, түүнчлэн хэргийн бусад нөхцөл байдал, тухайн үйл баримт шинжээчийн дүгнэлт, тайлбар нь шүүгдэгч нарын хэрэгт оролцсон оролцоог тогтоох ямар үндэслэл болж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, тухайлбал шүүгдэгч болон гэрчүүдийн эхний мэдүүлэг мөн болсон үйл баримтаар хохирогч Д.Н-ийг хэн цохиход унаад босож ирээгүй болох., дараа нь ирж өшиглөсөн шүүгдэгч нарын үйлдэл хохирогчид учирсан гэмтэлтэй холбогдох шалтгаант холбоотой эсэх., гэмтэл хатуу мохоо зүйлээр үүсгэгдсэн гэдгийг шинжээчийн тайлбар, дүгнэлтээс үндэслэн Дархан-Уул аймагт 07 дугаар сарын 11-д халууны хэм хэд орчим байхаас шалтгаалж шүүгдэгч нар гэрийн углааштай байсан эсэх., үүнээс хамаарч зарим шүүгдэгчийн хөл нүцгэн өшиглөхөд хүнд гэмтэл үүсэх эсэхийг тогтоогоогүй.
Мөн шүүх гэрчүүд зөрүүтэй мэдүүлэг өгсөн талаар дүгнэлт өгсөн боловч 2015 оноос хойш буюу цаг хугацааны явцад мэдүүлгээ бүр өөрчилсөн., ингэж өөрчилж байгаа нь хэргийн талаар буюу тухайн үйлдэлд хэн оролцсоныг эсхүл оролцоогүйг өөрчилсөн шинжтэй байгааг анхаарч эдгээрийг бусад нотлох баримт, үйл баримттай холбож тухайлбал нотлох баримтыг дурдах биш шүүхийн хэлэлцүүлэгт үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, харьцуулан судлахдаа харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлэгт эрх зүйн дүгнэлт хийж үйл баримтыг тогтоогоогүй байна.
Иймд анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэж, тухайн үед үүссэн үйл явдалд бодит дүгнэлт хийж, хэргийн сэдэлт, санаа зорилгоос үүдэн гэм буруугийн хэлбэрийг зөв тогтоох, үүнээс хамаарч үйлдлийг зөв зүйлчлэх, нотлох баримтаар тогтоогдохгүй үйл баримт байгаа бол хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж тухайн этгээдийн гэмт хэрэгт оролцсон оролцоо болон хуульд заасан бусад нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д-н М-, Ц-ийн Э-, А-гийн Б-нарт холбогдох, 201509000506 дугаартай, 4 хавтастай, эрүүгийн хэргийг мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.
2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д. М-, Ц. Э-, А.Б-нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР