Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 116/ШШ2020/0022

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

          Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Хивсний 6-07 тоотод оршин суух Ж.Н-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Дорнод аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан,

         Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 12 сарын 11-ний өдрийн А/525 дугаар захирамжийн Ж.Н, Ө.О нарын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-ийн       30-р байрны хажууд байрлах 1170м2 газрын 70 хувь буюу 819м2 газрыг эзэмшигч Ж.Нтай газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Б.У, хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын иргэн Ц.А нь БНХАУ-ын иргэн М Фтай гэр бүл байхдаа Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-ийн 30-р байрны хажууд байрлах 1170м2 газар, түүн дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 220 000 000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд тэд таарамжгүй харилцаанаас болж салахдаа маргаан бүхий газар, үл хөдлөх хөрөнгүүдийг М Ф авч үлдэн, Ц.Атай тохиролцсон төлбөрийг бүрэн өгснөөр 1170м2 газар, үл хөдлөх хөрөнгийг БНХАУ-ын иргэн М Ф болон Монгол Улсын иргэн Ж.Н бид хоёр бүрэн шилжүүлэн авах эрх нээгдсэн. ...Иргэн Ө.О нь барилгын тусгай зөвшөөрөлтэй компанитай тул 1170м2 газар дээр орон сууц барьж хамтран ажиллаж, ашиг хуваахаар хэлэлцэн тохиролцсон бөгөөд Ө.О нь хамтран ажиллах, хөрөнгө оруулах баталгаа болгож 1170м2 газар дээр заавал өөрийн нэрээ оруулах шаардлагатай гэж тулгасан учир Ц.Агаас 2013 оны 05 сарын 24-ний өдөр газар эзэмших эрхийг шилжүүлэн авах хэлцэл хийхдээ уг газрын 70 хувийг Ж.Н, 30 хувийг Ө.О эзэмшихээр гэрээ байгуулж, аймгийн Засаг даргын 2014 оны 05 сарын 28-ны өдрийн А/261 дүгээр захирамжаар 21060000321 дугаар бүхий нэгж талбартай 819м2 газарт 15 жилийн хугацаатай, худалдаа үйлчилгээний зориулалттай орон сууцны газрыг эзэмшүүлж, 000441340 тоот гэрчилгээг 2014 оны 05 сарын 30-ны өдөр олгосон. Ө.Од 30 хувь буюу 351м2 газар эзэмшүүлж, 000441339 тоот гэрчилгээг олгосон. ...Ө.О нь “хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй байна. Зээл авахын тулд 819м2 газрын хамтран эзэмшигч болох шаардлагатай байна” хэмээн хууран мэхэлж, 2014 оны 09 сарын 02-ны өдөр хэлцэл хийн, улмаар аймгийн Засаг даргын 2014 оны 12 сарын 11-ний өдрийн А/525 дугаар захирамжаар дээрх газарт Ж.Н, Ө.О нар хамтран эзэмшигч болсон. Ө.О нь хамтран ажиллах гэрээний дагуу өөрөөс гаргавал зохих 2 сая юанийн хөрөнгийг гаргаагүйгээр үл барам маргаан бүхий газарт барилгын ажлыг явуулахдаа холбогдох хуульд нийцүүлж үйл ажиллагаа явуулаагүйгээс болж мэргэжлийн хяналтаас үйл ажиллагааг зогсоосон. Улмаар аймгийн Засаг даргын 2015 оны 07 сарын 29-ний өдрийн А/334 дүгээр захирамж гаргаж, манай газрыг хүчингүй болгосон. Үүнийг эс зөвшөөрч, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган, ...2016 оны 03 сарын 28-ны өдрийн шийдвэр, 2016 оны 05 сарын 20-ны өдрийн 320 дугаар магадлалаар аймгийн Засаг даргын 2015 оны 07 сарын 29-ний өдрийн А/334 дүгээр захирамжийг хүчингүй болгосон. ...2013 оны 05 сарын 24 болон 2014 оны 09 сарын 02-ны өдрийн Ө.Од газар эзэмших эрх шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцуулахаар иргэний шүүхэд хандахад, ...2018 оны 01 сарын 17-ны өдрийн 00061 тоот шийдвэр, 2018 оны 02 сарын 23-ны өдрийн 0007 дугаар магадлал, 2018 оны 06 сарын 29-ний өдрийн 1120 дугаар тогтоол гарч, аймгийн Засаг даргын А/525 дугаар захирамжийн үндэслэл болсон 2014 оны 09 сарын 02-ны өдрийн хэлцэл хүчингүй болсон. Миний бие өөрт олгогдвол зохих 819м2 газартаа ...гэрчилгээ гаргуулахаар төрийн эрх бүхий байгууллагуудад хандсан бөгөөд “Ө.Ог олж ир” гэж хууль бус шаардлага тавьж байх учир аргагүйн эрхэнд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандахад хүрсэн болно. Нэгэнт шүүхээр тогтоогдсон үйл баримтууд байгаа учир ...Засаг даргын А/525 дугаар захирамжид өөрчлөлт оруулж, 819м2 газартаа гэрчилгээ авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах хууль зүйн үндэстэй гэж үзэж байна. ...Иймд Дорнод аймгийн Засаг даргын А/525 дугаар захирамжийн Ж.Н, Ө.О нарын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-ийн       30-р байрны хажууд байрлах 1170м2 газрын 70 хувь буюу 819м2 газрыг эзэмшигч Ж.Нтай газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү.

              ...Аймгийн Засаг даргын 2014 оны 05 сарын 28-ны өдрийн А/261 дүгээр “...иргэн Ж.Н, Ө.О нарт тус тус ...газрыг орон сууцны зориулалттайгаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүл...” гэсэн захирамж гарсан. Гэтэл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ захирамжийг зөрчиж, 1170м2 гэсэн гэрчилгээг бүхэлд нь Ө.Од олгосон байдаг. Он, сар, өдөр, дугаар нь ижил 2 гэрчилгээ гаргасан байсан. Нэг нь 1170м2 Ж.Нд, нөгөө нь 1170м2 газрыг Ө.Од, хамтран эзэмшигчээр Ж.Н гээд бүхэлд нь олгосон байдаг. Хоёр гэрчилгээ хоёулаа захиргааны хэргийн шүүх дээр байгаа гэв.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ж.Нгийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай асуудал 3 шатны шүүхээр явж шийдвэрлэгдсэн. Шүүхийн эцсийн шийдвэр гарснаар Ө.Од 100 хувь эзэмшүүлсэн захирамж, гэрчилгээ хүчингүй болж, ...Ж.Нд 70, Ө.Од    30 хувиар олгосон гэрчилгээнүүд сэргэх ёстой. Гэтэл газрын албаныхан “...бид Ө.Ог оролцуулж байж энэ асуудлыг шийдвэрлэх ёстой...” гээд байдаг. Энд нэг онцлог асуудал нь захиргааны шийдвэр гүйцэтгэлийн асуудал яригддаг. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн  1.5-д зааснаар захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийхгүйгээр шууд гүйцэтгэл хийх зохицуулалт байгаа. “...Та нар шийдвэр гүйцэтгэлээр дамжуулж явах ёстой...”  гэсэн асуудал ярьж байна. Захиргааны байгууллага нэгэнт өөрөө оролцсон учир заавал шийдвэр гүйцэтгэлээр дамжуулахгүйгээр өөрсдөө хийх ёстой байдаг. Энэ зарчмыг зөрчсөн. Зөрчсөн шалтгаан нь захиргааны байгууллагын хувийн сонирхолтой шууд хамааралтай гэж харагддаг. Ө.Од 100 хувь эзэмшүүлж, гэрчилгээ гаргасан асуудлыг нь хүчингүй болгосон чинь “...бид хүчингүй болгож болдоггүй юм. Заавал Ө.О оролцож байж болдог юм. Дамнуулаад барилга барьсан учир болохгүй...” гэж яриад байдаг. Иргэний хуулийн 150 дугаар зүйлд бусдын эзэмшил газар дээр барилга барих эрхийн тухай асуудал байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн газар хэний эзэмшилд байхаас үл хамаарч барилга дээр тусдаа гэрчилгээ гардаг. Гэтэл энэ хүмүүс “...шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд заавал Ө.Огээс зөвшөөрөл авна...” гэсэн сонин зүйл яриад байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 1.5 дахь зохицуулалт энд хамаарахгүй мэт ойлгоод байх шиг байна. Шууд хамааралтай. Манай нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар аймгийн Засаг даргын 2014 оны 05 сарын 28-ны өдрийн А/261 дүгээр захирамж сэргээгдэнэ. Ингэснээр “...000441340 дугаартай, Б овогт Ж.Нд...2014 оны 05 сарын 28-ны өдрийн А/261 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 2106000321 дугаар бүхий 819м2 газрыг 15 жилийн хугацаатай...” гэсэн гэрчилгээ сэргээгдэх ёстой. Энэ гэрчилгээ хураагдсан байгаа. Үүнийг нь буцаагаад өгч болно. Эсхүл шинээр гэрчилгээ гарган өгч болно. Түүнчлэн Ө.О 3 шатны шүүх хуралдаанд өөрөө орсон учир мэдсэн. Шийдвэр гүйцэтгэлээс бичиг нь ирчихсэн байхад захиргааны байгууллага яагаад заавал Ө.Ог оролцуулах гээд хууль зөрчөөд байгаа юм. Иймд манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

         Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...маргаан бүхий газрын эзэмшигч иргэн Ц.А нь   2013 оны 05 сарын 26-ны өдөр өөрийн эзэмшил газраас 819м2 газрыг иргэн Ж.Нд, 351м2 газрыг Ө.Од хэсэгчлэн шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу аймгийн Засаг даргын 2014 оны А/261 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хэсэгчлэн шилжүүлж, эзэмшлийн зориулалтыг өөрчлөн, газар эзэмших эрхийн 000441340, 00041339 дугаар бүхий гэрчилгээг олгосон байна. Үүний дараа иргэн Ж.Н нь өөрийн эзэмшлийн 819м2 газраа иргэн Ө.Огийн эзэмшлийн 351м2 газартай хамтран эзэмшихээр гэрээ байгуулж, хүсэлтээ илэрхийлсний дагуу аймгийн Засаг даргын 2014 оны А/525 дугаар захирамжаар ...819м2 газар эзэмшигч Ж.Нгийн газар эзэмших эрхийг иргэн Ө.Огийн эзэмшилд буй 351м2 газар дээр нэмж, нийт 1170м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар иргэн Ө.О болон хамтран эзэмшигч иргэн Ж.Н нарт эзэмшүүлсэн байна. Гэтэл аймгийн Засаг даргын А/525 дугаар захирамжаар олгосон 1170м2 газар дээр маргаан гарч, ...иргэний хэргийн анхан шатны шүүхийн 138/ШШ2018/00061 дүгээр шийдвэр, ...Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 201/МА2018/00007 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 001/ХТ2018/001120 дугаар тогтоолоор “...иргэн Ж.Н, Ө.О нарын хооронд байгуулагдсан 2014 оны 09 сарын 02-ны өдрийн СМУ-н 30 дугаар байрны хажууд байрлалтай 819м2 газрыг Ө.Отэй хамтран эзэмшихээр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус байна...” гэж шийдвэрлэсэн байна. Энэ асуудлын хүрээнд ...иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3/298 тоот албан бичгээр “шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн нотариатын газар болон Улсын бүртгэлийн хэлтэст хандан асуудлаа шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг Ж.Нд хүргүүлсэн байна. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 08 сарын 04-ний өдрийн 2/1671 тоот албан бичгээр мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудын өгсөн албан бичиг болон шүүхийн шийдвэрт зааснаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар зөвлөсөн болно. Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5-д заасан аль үндэслэлд хамаарч байгаа нь тодорхойгүй байх бөгөөд аймгийн Засаг даргыг хуульд заасан ямар үүргээ биелүүлээгүй гэж үзээд байгаа, ...түүний улмаас ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хохироод байгаа нь ойлгомжгүй байна.

              ...Одоо маргаад байгаа асуудлыг Иргэний хууль талаас нь авч үзвэл “...эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсгэнэ...” гэж байгаа юм. Ө.О та хоёр яг энэ замаар дундын эзэмшил үүсгэсэн. Хоёулаа “...нэг газар дээр барилга байгууламж барина...” гэсэн. Хоёулаа “...хөрөнгөө нийлүүлнэ...” гэсэн. ...Гурван шатны шүүхээр асуудал шийдвэрлэгдчихээд байна. Түүнчлэн Иргэний хуульд “...хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрх ашгийг хүндэтгэж үзнэ...” гэж тодорхой заагаад өгчихсөн байгаа. Тиймээс Ө.Ог байлцуулж асуудлыг нэг мөр шийдвэрлүүлье гээд байгаа юм. Түүнээс биш танд энэ гэрчилгээг гаргаж өгөхгүй гээгүй. Иймд иргэн Ж.Нгийн аймгийн Засаг даргад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.    

            Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Аймгийн Засаг даргын 2014 оны А/525 дугаар захирамжаар олгосон газар дээр маргаан гарч, 3 шатны шүүхийн шийдвэрээр “...иргэн Алимаа, Ж.Н, Ө.О нарын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр, ...харин иргэн Ж.Н, Ө.О нарын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус...” гэж үзсэн. Энэхүү 3 шатны шүүхийн шийдвэр гарсантай холбоотойгоор Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэн Ж.Нд 2018 оны 3/298 тоот албан бичгээр “...шүүхийн шийдвэрийг үндэслэн нотариат болон улсын бүртгэлийн байгууллагад хандан асуудлаа шийдвэрлүүлнэ үү...”, ...аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 08 сарын 04-ний өдрийн 2/1671 тоот албан бичгээр “...шүүхийн шийдвэр болон ...иргэний хэргийн анхан шатны шүүхийн албан бичгийг үндэслэн мэргэжлийн чиг үүргийн байгууллагад хандан асуудлаа шийдвэрлүүлнэ үү...” гэсэн хариуг өгсөн. Нэхэмжлэгч Ж.Н ...энэхүү албан бичгийг эс зөвшөөрч... гэж байгаа юм. Гэтэл энэ албан бичиг нь ямар нэгэн хууль зүйн үр дагавар үүсгэх шинжгүй байгаа. Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад “...газар эзэмших эрхийн гэрчилгээ олгуулахыг даалгах...” гэж байгаа. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 сарын 20-ны өдрийн 0320 дугаар магадлалаар “...маргаан бүхий 1170м2 газрын үндсэн эзэмшигчээр Ж.Нг, хамтран эзэмшигчээр Ө.Ог томилж...”, харин “...газар эзэмших эрхийн гэрчилгээ олгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон...” байдаг. Иймд нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн хуулиар олгосон нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхлыг аймгийн Засаг дарга зөрчөөд байгаа нь ойлгомжгүй байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

             Хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Ж.Н, Ө.О нарын байгуулсан гэрээний дагуу аймгийн Засаг даргын 2014 оны А/525 дугаар захирамжаар Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, СМУ-ийн 30-р байрны орчимд 819м2 газрыг худалдаа үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшигч Ж.Нгийн газар эзэмших эрхийг тухайн байршилтай залгаа 351м2 газрыг эзэмшигч Ө.Огийн газар дээр нэмж нэгтгэн, нийт 1170м2 газрыг Ө.Од эзэмшүүлж, хамтран эзэмшигчээр Ж.Нг байхаар шийдвэрлэсэн байдаг. Харин Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 138/ШШ2018/00061 дүгээр шийдвэрээр “...Ж.Н, Ө.О нарын дунд байгуулагдсан 2014 оны 09 сарын 02-ны өдрийн ...газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцон...” шийдвэрлэсэн бөгөөд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 201/МА2018/00007 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 001/ХТ2018/001120 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Иргэн Ж.Н нь дээрх шийдвэрийн дагуу өмнө нь тусдаа эзэмшиж байсан 819м2 газраа сэргээн эзэмших хүсэлтийг ирүүлсэн боловч газруудыг нэгтгэн эзэмшиж байх хугацаанд иргэн Ж.Н, Ө.О нарын газрыг дамнасан хууль ёсны зөвшөөрөлгүй барилга баригдсан бөгөөд уг барилгын аль хэсгээр хэрхэн хуваагдах нь тодорхойгүй байгаа учир бид иргэний хүсэлтийг шийдвэрлээгүй байгаа болно. ...Энэ тухай бид иргэн Ж.Нд биечлэн уулзах бүртээ тайлбарлахаас гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандан иргэн Ө.Ог байлцуулах боломжтой гэдгийг албан бичгээр өгч байсан. Гэвч иргэн Ж.Н нь учир байдлыг ойлгохгүйгээр манай байгууллагыг удаа дараа буруутган гомдол гаргасаар байгаа билээ. Мөн манай газраас иргэн Ө.Отэй утсаар холбогдон учрыг тайлбарлан дуудсан боловч одоог хүртэл хүрэлцэн ирэхгүй байгаа болно гэжээ.

               Хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын зүгээс газрынх нь асуудлыг шийдвэрлэхгүй гэж хэлээгүй. Гол нь хяналтын шатны шүүх хоёр газар эзэмшигчийн хоёулангийнх нь эрхийг сэргээсэн. Гэтэл 1170 м2 газар дээр 924м2 байшин барьчихсан байна. Энэ байшин хэнийх нь вэ гэдэг нь тодорхойгүй байна. Тухайлбал, Ж.Нгийн байшин Ө.Огийн газар дээр байж болох юм уу. Ө.О үүнийг хүлээн зөвшөөрөх юм уу. Ийм учраас Ө.Ог байх шаардлагатай гээд байгаа юм. Энэ байшингийн асуудал шийдвэрлэгдсэний дараа газрын асуудал яригдах ёстой юм биш үү. Энэ талаар нэхэмжлэгчид удаа дараа хэлсэн. Хэн хэнийх нь газар дээр байшин дамнуулаад барьсан байна. Тиймээс хамтад нь байлгаж, асуудлыг шийдвэрлэе гэж байгаа болохоос биш шүүхийн шийдвэрийг буруу гэж үзээгүй гэв.

                Гуравдагч этгээд Ө.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж.Нгийн ...нэхэмжлэлд дурдсан үйл явдлууд 7 жилийн хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд энэ хүн өнөөдрийг хүртэл зөвхөн газар эзэмших эрхээ барьцаалж шантааж хийсээр байна. Хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлэхгүй, хэлсэн ярьснаасаа байнга буцаж, тохирсноосоо илүү ихийг авах хүсэлтэй байгаа болно. Аймгийн Засаг даргын хийх ажлыг иргэн миний бие зааж зөвлөх үүрэг хариуцлага байхгүй бөгөөд Засаг дарга хуулийн хүрээнд ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байдаг. ...Уг 1170м2 газар дээр баригдсан барилгад Ж.Нгийн оруулсан хөрөнгө оруулалт нэг ч төгрөг байхгүй бөгөөд газрын төлбөрийг бүрэн авч дууссан. Миний бие болоод гадаадын хөрөнгө оруулагчийн хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл дутууг ашиглаж, газар эзэмших эрхээрээ шантаажлан биднийг 7 жилийн турш хохироож байгаа болно гэжээ.

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

                Нэхэмжлэгч Ж.Н нь тус шүүхэд хандан “Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 12 сарын 11-ний өдрийн А/525 дугаар захирамжийн Ж.Н, Ө.О нарын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-ийн 30-р байрны хажууд байрлах 1170м2 газрын 70 хувь буюу 819м2 газрыг эзэмшигч Ж.Нтай газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгах” нэхэмжлэл гаргасан.[1]

            Анх Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 05 сарын 28-ны өдрийн А/261 дүгээр “Газар эзэмших эрхийг хэсэгчлэн шилжүүлэх, газар эзэмшлийн зориулалтыг өөрчлүүлэх тухай” захирамжаар[2] Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт СМУ-н 30-р байрны орчмын худалдаа, үйлчилгээний зориулалтаар 1170м2 газар  эзэмшигч Цэдэндамба овогтой Алимаагийн эзэмшил газраас 819мгазрыг эзэмших эрхийг Ж овогтой Нд, 351м2 газрыг эзэмших эрхийг Ө овогтой Од тус тус худалдаа үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмших шийдвэр гарсан.

              Гэтэл Ж.Н, Ө.О нарын хүсэлтийн дагуу Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 12 сарын 11-ний өдрийн А/525 дугаар захирамжаар[3] дээрхи А/261 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт СМУ-н 30-р байрны орчмын худалдаа, үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 819м2 газар эзэмшигч Ж.Нгийн газар эзэмших эрхийг Ө.Огийн эзэмшилд буй  351м2 газар дээр нэмж нийт 1170м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар Ө овогтой О болон хамтран эзэмшигч Ж овогтой Н нарт эзэмшүүлэх шийдвэр гарч, газар эзэмших эрхийн 000441431 дугаартай гэрчилгээ Ө.Огийн нэр дээр олгогдсон байна.

 

             Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Ж.Н, Ц.А нар “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2018 оны 01 сарын 17-ны өдрийн 138/ШШ2018/00061 дүгээр шийдвэрээр “...Ж.Н, Ө.О нарын дунд байгуулагдсан 2014 оны 09 сарын 02-ны өдрийн Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-н 30-р байрны хажууд байрлалтай 819м2 газрыг Ө.Отэй хамтран эзэмшихээр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон” бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж хэвээр батлагдсан.[4]

                Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 07 сарын 29-ний өдрийн А/334 дүгээр захирамжаар[5] холбогдох хууль тогтоомжийг зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа тул Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт СМУ-н 30-р байрны урд  талд худалдаа, үйлчилгээ, орон сууцны зориулалтаар газар эзэмшигч Ө овогтой О, Ж овогтой Н нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

             Дээрх 2015 оны 07 сарын 29-ний өдрийн А/334 дүгээр захирамж нь Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 28-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр хүчингүй болсон бөгөөд энэхүү шийдвэр нь Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж хэвээр батлагджээ.[6]

                  Нэхэмжлэгч Ж.Н нь дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гэрчилгээ олгох талаар өргөдөл[7] гаргасан байна.

Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас        2019 оны 04 сарын 15-ны өдрийн 250, 2020 оны 03 сарын 20-ны өдрийн 1/198 тоот албан бичгүүдээр өргөдөл гаргагчид  “... Ж.Н, Ө.О нар аль аль нь тус тусдаа газраа авах хүсэлтийг ирүүлсэн тохиолдолд бид захирамжид тусган оруулах боломжтой” талаар хариу хүргүүлжээ.[8]

                  Мөн нэхэмжлэгч нь 2020 оны 06 сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Засаг даргад “... Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-ийн 30-р байрны хажууд байх 1170м2 газрын 819м2 газарт Ж.Н надад газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож өгнө үү” гэх гомдлыг[9] гаргасан.

               Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 08 сарын 04-ний өдрийн 2/1671 тоот албан бичгээр[10] “... мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудын өгсөн албан бичиг болон шүүхийн шийдвэрт зааснаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдье” гэсэн хариуг хүргүүлсэн байна.

                  Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д Аймаг, нийслэлийн газрын албаны эрх хэмжээг хуульчилсан бөгөөд тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7-д “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, гэрчилгээ олгох”-оор, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Нэгэнт Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 07 сарын 29-ний өдрийн А/334 дүгээр захирамж нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болж эцэслэн шийдвэрлэгдсэн тул Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 12 сарын 11-ний өдрийн А/525 дугаар захирамжийн үйлчлэл сэргэх бөгөөд холбогдох хууль болон шүүхийн шийдвэрийг үндэслэн дээрх захирамжид өөрчлөлт оруулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагч нарт даалгаж, нэхэмжлэгч Ж.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1,107.5 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Нгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 12 сарын 11-ний өдрийн А/525 дугаар захирамжийн Ж.Н, Ө.О нарын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулахыг Дорнод аймгийн Засаг даргад, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-ийн 30-р байрны хажууд байрлах 1170м2 газрын 70 хувь буюу 819м2 газрыг эзэмшигч Ж.Нтай газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус даалгасугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн  48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргаас 35100 төгрөгийг, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 35100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ж.Нд олгосугай.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        П.АМАРЖАРГАЛ

 

[1] Хавтаст хэргийн 1-2-р хуудас

[2] Хавтаст хэргийн 74-р хуудас

[3] Хавтаст хэргийн 75-р хуудас

[4] Хавтаст хэргийн 42-62-р хуудас

[5] Хавтаст хэргийн 79-р хуудас

[6] Хавтаст хэргийн 15-41-р хуудас

[7] Хавтаст хэргийн 8-р хуудас

[8] Хавтаст хэргийн 9-12-р хуудас

[9] Хавтаст хэргийн 13-р хуудас

[10] Хавтаст хэргийн 14-р хуудас