Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2015/1473

 

15 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2015/1473

Улаанбаатар хот

 

 

Д.Тунгалагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Д.Тунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Өнөрсайхан нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 467 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Тунгалагийн нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.Тунгалаг би 2005 онд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт мэргэжлийн дагуу хуулийн хүрээнд ажиллаж ирсэн. 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яманы Хүнсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд томилогдон 2 жил ажиллахад үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай сайн биелүүлж В болон А үнэлгээтэй дүгнүүлсэн. 2014 оны 2 дугаар сараас эхлэн жирэмсний амралтаа авч 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 3 дахь хүү П.Хан-Очийг төрүүлсэн. Амаржсаны амралтаа эдлэх хугацаандаа 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тухайн үед Төрийн нарийн бичгийн дарга байсан Х.Золжаргалд ажилдаа эргэн орох хүсэлтээ амаар тавьсан боловч Намар 09 дүгээр сард болъё, 09 дүгээр сарын 01-ний өдөр дахин хүсэлтээ тавихад Түр хүлээж бай гэх мэтээр олон дахин хойшлуулсан учраас Төрийн нарийн бичгийн даргын нэр дээр 10 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орох хүсэлтээ 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр бичгээр уламжилж өргөдөл гарган, боловсон хүчний асуудал хариуцсан ажилтанд албан ёсоор мэдэгдсэн. Гэвч тус яамны удирдлагын зүгээс ажилдаа эргэн орох хүсэлт тавьсан миний өргөдлийн хариуг хуулийн хугацаанд нь албан ёсоор өгөөгүй байж байгаад 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ганибалын Б/02 дугаар тушаалаар Ажлын хариуцлага алдсан гэсэн огт үндэслэлгүй шалтгаанаар албан үүрэгт ажлаас чөлөөөлөхөөр шийдвэрлэсэн. Иймд миний бие Төрийн албаны зөвлөлд хандсан ба тус байгууллагын 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаар тогтоолоор дээрх тушаалын надад холбогдох хэсгийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзээд хүчингүйд тооцсон. Миний бие 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр дээрх тогтоолыг үндэслэн ажилдаа эргэн орох хүсэлтээ тус яамны удирдлагад дахин бичгээр илэрхийлж, өргөдөл гарган өгсөн. Гэтэл тус яам нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дахь заалтыг зөрчин, шууд харъяалах дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлэхгүй байна. Иймд Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаар тушаал, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/04 дүгээр тушаалын Д.Тунгалагт холбогдох хэсгийг хүчингүй болгож Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хүнсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, 2015 оны 1 дүгээр сараас хойш хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартааД.Тунгалаг нь 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэргэжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан ба амаржсаны 60 хоногийн амралтыг 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн олгож, 06 дугаар сарын 06-ны өдөр дууссан. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу ажилтны гаргасан хүүхэд асрах чөлөө олгохыг хүссэн өргөдлийг үндэслэн Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар чөлөө олгож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийдэг. Гэтэл нэхэмжлэгч Д.Тунгалаг нь чөлөө авах, эсхүл ажилдаа эргэн орох талаар хүсэлт гаргаагүй тул түүнд хүүхэд асрах чөлөө олгох тухай шийдвэр гараагүй. Хөдөлмөрийн дотоод журмын 1-д төрийн албан хаагч нь холбогдох Төрийн албаны тухай хууль, Үндсэн хууль, Төсвийн тухай хууль, Дүрмийн тухай хууль, Нийтийн албанд хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад хууль тогтоомж, журамд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх, журмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөн ажиллахыг нийт ажилчин, албан хаагчдад даалгасан байдаг. Тэрээр 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ажилд орох өргөдөл өгсөн. Өргөдөлдөө 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл чөлөө хүссэн байсан ба түүний ажлаа хийгээгүй хугацааг нөхөж чөлөө болгох, чөлөө аваагүй байхад чөлөөний хугацаа сунгах боломжгүй байсан тул асуудлыг шийдвэрлээгүй байна. Д.Тунгалаг нь 2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалтай удаа дараа уулзаж ажилдаа орох талаар санал тавьж байсан гэдэг боловч амаар болон бичгээр бүртгэгдсэн тохиолдолд биелэгдэх үндэслэл болдог. Тэгэхээр ямар нэг бүртгэл байхгүй байна. Энэ хүний хууль журмаа мэдэхгүй байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан биш юм. Д.Тунгалаг амаржсаны амралт дууссан байхад дээрх хуулийн дагуу хүүхэд асрах чөлөө авалгүй Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлэлгүй орхисон байх тул ажлын хариуцлага алдсан гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэгт ажлаас 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар чөлөөлсөн ба Хүнс хөдөө, аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтнээр ажиллуулах асуудлыг шийдвэрлэхийг Төрийн захиргааны удирдлагын газарт үүрэг болгосон. Үүний дагуу Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар дээрх ажлын байранд томилсон боловч тэрээр ажиллалгүй уг ажлын байрны тодорхойлолтонд заасан албан үүргийг мөн биелүүлээгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 467 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн дүгээр зүйлийн 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг тус тус баримтланнэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хүнс хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Албан тушаалд томилох тухай Б/02 дугаар тушаал, мөн 12 дугаар сарын 22-ны өдрийн Ажилд томилох тухай Б/04 дүгээр тушаалын Даваагийн Тунгалагт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, түүнийг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.Тунгалагийн ажилгүй байсан 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл /7 сар 19 хоног/ хугацаагаар ТЗ-12-3 шатлалаар сард 800.928 төгрөгийн цалин, төрийн алба хаасан хугацааны 10 хувийн нэмэгдлийг зохих журмын дагуу тооцон олгож, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: ...Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг буруу тайлбарлаж, хуулийг дагаж мөрдөх хэм хэмжээг зохицуулсан Яамны эрх зүйн баримт бичгийг хэрэглээгүй, гэрчийн мэдүүлгийг буруу тайлбарлан үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Д.Тунгалагийн амаржсаны 60 хоногийн амралт нь 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр дууссан байдаг бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс албан ёсоор хүүхэд асрах чөлөө аваагүй болох нь нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон боловч шүүгч эдгээрийг үндэслэж шийдвэрлээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн гаргасан одоо мөрдөгдөж байгаа Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны хөдөлмөрийн дотоод журмын 8.8-д Хөдөлмөрийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасныг үндэслэн эхчүүдэд /зохих насны хүүхэдтэй эцэг, мөн насны хүүхэд үрчлэн авсан хүмүүс/ тэдний хүсэлтийг үндэслэн хүүхэд асрах чөлөөг Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар олгож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийнэ гэж заасныг нэхэмжлэгч Д.Тунгалаг мэдсээр байж төрийн жинхэнэ албан хаагчийн үүргээ биелүүлэлгүй орхигдуулсан. Шүүх Хөдөлмөрийн хуулийн 106.2-ыг үндэслэсэн нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Түүнчлэн хэрэгт авагдсан гэрч н.Золжаргалын мэдүүлэгт ..Д.Тунгалагтай ярилцах ажлын хариуцлагын асуудал байсан. Тэр нь нөөцийн махны ерөнхий ажил гүйцэтггэгч компани нь өөрийн туслан гүйцэтгэгч компанитайгаа маргаан гаргасан. Тэр 2 компанийн маргаанд Д.Тунгалаг даргатай холбоотой маргаан гарч ирж байсан Д.Тунгалаг даргын удирдаж байсан хүнсний газар нөөцийн махны бодлогыг удирдаж байсан гэсэн нь Д.Тунгалагийг хэрхэн ажлын хариуцлага алдсан, тухайн албан тушаалд томилохгүй болох шалтгаануудыг өөрийг нь очиж уулзах болгонд тов тодорхой удаа дараа хэлж, мэргэжилтнээр томилох боломжтойг нотолж байна. Мөн нэхэмжлэгч Д.Тунгалагийн хувийн утсанд байсан гэх мессэжний хуулгыг анхан шатны шүүх цахим шуудангийн хуулга гэж нотлох баримтын хэмжээнд үнэлж хэрэглэсэн нь ямар хууль тогтоомжийг үндэслэсэн болох, ямар хуулиар нотлох баримт гэж зөвшөөрөгдсөн болохыг заагаагүй уг баримтыг үнэлсэн нь ЗХХШТХ-ийн 31 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг цуглуулах, үнэлэх,үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Түүнчлэн шүүх Хөдөлмөрийн хуулийг буруу тайлбарлан, тус яамны хөдөлмөрийн дотоод журмыг огт үндэслээгүй нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоолгүй шийдвэрлэснийг харуулж байна. Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 467 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн ч хэрэглэгдвэл зохих хуулийг дутуу хэрэглэж, ажилгүй байсан хугацааг буруу тооцоолсон, түүнчлэн нөхөн олговрын хэмжээг үнийн дүнгээр тогтоогоогүй байна.

Нэхэмжлэгч Д.Тунгалаг нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар тус яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д заасан амаржсаны 60 хоногийн амралтаа эдэлжээ.

Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нь Хүнс, хөдөө аж ахуйн яам болж өөрчлөгдсөн боловч нэхэмжлэгч Д.Тунгалагийн Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байна.

Улмаар Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар урьд ажиллаж байсан албан хаагчдыг өөрчлөгдсөн бүтцэд нийцүүлэн дахин томилохдоо нэхэмжлэгч Д.Тунгалагийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалаас Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсгийг баримтлан ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр чөлөөлжээ.

Хариуцагч нь дээрх шийдвэрийг гаргах болсон үндэслэлээ Нэхэмжлэгч Д.Тунгалагийн амаржсаны 60 хоногийн амралтын хугацаа нь 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр дууссан атал Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан хүүхэд асрах чөлөө авах үүргээ биелүүлээгүй гэж тайлбарладаг.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.Тунгалаг нь тухайн үед Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Золжаргалд 2014 оны 6 дугаар сард ажилдаа орох санал тавьж байсан боловч хүүхдээ 1 нас хүрэхээр ажилдаа ор, газрын даргын албан тушаалд эргээд томилох боломжгүй, мэргэжилтнээр орох боломжтой гэж хариу өгсөн, 9 дүгээр сард ажилдаа орох хүсэлтээ тавихад 12 сард ажилдаа орох, эсхүл мэргэжилтнээр орох боломжтой талаар хариу өгч байсан нь гэрч Х.Золжаргалын мэдүүлгээр тогтоогдсон байх ба эрх бүхий албан тушаалтан Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөг бичгээр олгоогүй, ажилдаа эргэн орох тухай ажилтны хүсэлтийг хүлээж авахгүй, урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйд нэхэмжлэгчийг буруутгаж ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах..., Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй... гэж заасантай тус тус нийцэхгүй байна.

Тодруулбал, Д.Тунгалагийн ажилдаа эргэн орох хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй, урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилохгүй хугацаа алдуулсан захиргааны буруутай үйл ажиллагаанд хүүхэд асрах чөлөө аваагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах, түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, тус яамны Хөдөлмөрийн дотоод журмын 8.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй, энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасан бөгөөд ажил олгогч нь бага насны хүүхэдтэй эмэгтэйн хөдөлмөр эрхлэх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ.

Дээр дурдсанаар Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаар тушаал хуульд нийцэхгүй байх тул Д.Тунгалагийг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хүнсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хоол, үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/04 дүгээр тушаал нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Харин шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс тооцсон нь буруу бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэгтгэн үнийн дүнгээр тогтоогоогүй байх тул зөвтгөж зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Зүй нь нэхэмжлэгч Д.Тунгалаг Үйлдвэр, хүнс хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргад 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан хүсэлтдээ 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа эргэн орох тухайгаа илэрхийлсэн байх ба ажил олгогч тухайн хугацаанд ажилд нь эгүүлэн томилж ажиллуулаагүй буруутай тул түүний ажилгүй байсан хугацааг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэл /10 сар 14 хоног/ тооцож,Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгчийн нэг сарын цалинг албан тушаалын болон төрийн алба хаасан хугацааны 10 хувийн нэмэгдэл болох 881.021 төгрөгөөр тогтоож /хэргийн 150-р тал/, ажилгүй байсан 10 сар 14 хоногийн цалин хөлстэй тэнцэх 9.208.090 төгрөгийг /10сар х 881.021=8.810.210, 881.021:31 хоног =28.420х14 хоног=397.880 төгрөг/ хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 467 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн гэсний дараа 100 дугаар зүйлийн 100.1 гэж нэмж, 2 дахь заалтыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Тунгалагт ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9.208.090 /есөн сая хоёр зуун найман мянга ер/төгрөг олгож, зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ О.НОМУУЛИН