Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2021/00015

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00728 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1228 дугаар магадлалтай,

Д.М-ын нэхэмжлэлтэй,

“М-” ХХК, Ж.Г-т холбогдох,

Авто зогсоол барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “М-” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Дэмбэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алдармаа, хариуцагчийн төлөөлөгч С.Дэмбэрэл, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Д.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр М- ХХК-тай байгуулсан 122 тоот зээлийн гэрээнд холбогдуулан 2016 оны 08 сарын 30-ны өдрийн 227 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг мөн байгуулсан. Уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр туул гол гудамж, 87-р байр, зоорийн давхрын 58 тоот 18 м.кв Ү-2206023343, 000535924 гэрчилгээний дугаартай авто зогсоолыг барьцаалсан байдаг. 2016 оны 08 сарын 30-ны өдрийн 227 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр М- ХХК-аас ямар нэгэн мөнгө төгрөг зээлж аваагүй. Харин М- ХХК нь уг авто зогсоолыг барьцаалан Ж.Г- гэгчид 10.000.000 төгрөгийн зээлийг олгосон. Миний хувьд Ж.Г-ийг огт таньж мэдэхгүй атал М- ХХК нь хууль бусаар миний хөрөнгийг барьцаалж бусдад зээл олгосон байдаг.

Иймд М- ХХК-ийн барьцаанаас Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр туул гол гудамж, 87-р байр, зоорийн давхрын 58 тоот 18 м.кв, Ү-2206023343, 000435924 гэрчилгээний дугаартай авто зогсоолыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.                                               

Хариуцагч “М-” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Тус банк бус санхүүгийн байгууллага нь 2016 оны 08 сарын 30-ны өдөр иргэн Ж.Г-т 227 тоот зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр олгож, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ү-2206023343 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр туул гол гудамж, 87-р байр, зоорийн давхрын 58 тоот 18 м.кв авто зогсоолыг Д.М-ын 2016 оны 06 сарын 30-ны өдрийн төлөөлөгч С.Даваадолгорт олгосон итгэмжлэлийг үндэслэн барьцаалсан. Уг итгэмжлэл нь иргэн Д.М- төлөөлөгч С.Даваадолгорт 3 жилийн хугацаатайгаар авто зогсоолыг барьцаалах, худалдах, лавлагаа авах, барьцааны гэрээ, худалдах гэрээ болон барьцаалбарт гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон хуулийн хүчин төгөлдөр болно. Иргэн Ж.Г- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр туул гол гудамж, 87-р байр, зоорийн давхрын 58 тоот 18 м.кв авто зогсоолыг чөлөөлөх ямар ч хууль зүйн үндэслэлгүй.

Иймд иргэн Д.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Г- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би М- ХХК-аас зээл авахдаа иргэн Д.М-ын үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасан үндэслэлээр барьцаалсан болно. Иймд Д.М-ын гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00728 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-ийг баримтлан Д.М-ын өмчлөлийн Ү-2206023343 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр туул гол гудамж, 87-р байр, зоорийн давхрын 58 тоот 18 м.кв авто зогсоолыг М- ХХК-ийн барьцаанаас чөлөөлж, нэхэмжлэлийн Ж.Г-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М- ХХК-аас 126.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1228 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00728 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М- ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М- ХХК-ийн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч “М-” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Дэмбэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 сарын 28-ны өдрийн 1228 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх Д.М-аас С.Даваадолгорт олгогдсон итгэмжлэлийг үндэслэн байгуулсан 2016 оны 08-р сарын 30-ны өдрийн № 227 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр байхад Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан бусдын хууль ёсны эзэмшлийн автозогсоолыг

Мөнгөн буудай ББС6 ХХК-аас чөлөөлж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүх Д.М-ын өмчлөлийн автозогсоолыг тус ББСБ ХХК хууль бусаар эзэмшсэн гэдгийг тогтоолгүйгээр Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн нь буруу юм. Мөн давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 154-р зүйлийн 154.3 дах хэсэгт зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох боловч гуравдагч этгээдийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, барьцааны гэрээ байгуулах тохиолдолд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөс зөвшөөрөл авах нь өмчлөгчийн эрх ашигт нийцэх юм гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.  Тухайлбал:

Итгэмжлэлийн агуулга болон хуульд заасан шаардлага нь хуульд нийцсэн.

Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64-р зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан. Төлөөлүүлэгч нь “Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр туул гудамж, 87-р байр зоорийн давхрын 58 тоотод байрлах 18м2 автозогсоолыг барьцаалах, худалдах, лавлагаа авах, барьцааны гэрээ, худалдах гэрээ болон барьцаалбарт гарын үсэг зурах бүрэн эрхийг төлөөлөгч С.Даваадолгорт олгосон. Өмчлөгч Д.М- нь ингэж л хүсэл зоригоо илэрхийлсэн. Иргэний хуулийн 41-р зүйлийн 41.1 дэх зүйлд зааснаар хүсэл зоригийн агуулгыг үгийн шууд утгыг анхаарна гэж заасаар нь байтал шүүх уг итгэмжлэлд Д.М-ын хүсэл зоригийн илэрхийлэлд тусгагдаагүй өөр этгээдийн зээлийн гэрээний барьцаанд барьцаалах эрх олгосон гэх агуулга огт тусгаагүй байна гэх хуульд байхгүй шаардлагыг тавьж, хууль бус үндэслэлээр давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Мөн шүүхийн шаардаад байгаа С.Даваадолгор нь зээл авахдаа зээлийн барьцаанд тавих тухай агуулга итгэмжлэлд дурдагдаагүй. Барьцаалахдаа хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөл буюу хуулиар олгогдсон боломж болох Иргэний хуулийн 62-р зүйлийн 62.3 дах заалтын дагуу Д.М-аас С.Даваадолгорт олгосон 389 тоот итгэмжлэлээр төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн дагуу барьцаалж, улсын бүртгэлийн байгууллага барьцааны гэрээг хууль зөрчөөгүй байна гэж үзэн бүртгэлд бүртгэсэн. Итгэмжлэл олгосон өдрөөс хойш барьцаанд тавих хүртэл 2 сарын хугацаанд хэдийд нь ч Иргэний хуулийн 67-р зүйлийн 67.2. дах зүйлд зааснаар хүчингүй болгох болон хуульд зааснаар хүсэл зоригийн илэрхийллээ өөрчлөх эрх нь Д.М-ад нээлттэй байсан.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн тоот 182/ШШ2019/00728 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1228 тоот магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Д.М-ын “...авто зогсоолыг чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хариуцагч  “М-” ХХК  “...Ж.Г- нь 2016 оны 8 дугаар сарын 30-ний өдөр 10.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр туул гол гудамж, 87-р байр, зоорийн давхрын 58 тоот 18 м.кв авто зогсоолыг барьцаалсан, ингэхдээ өмчлөгч Д.М-аас С.Даваадолгорт олгосон итгэмжлэлийг үндэслэсэн, зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул авто зогсоолыг чөлөөлөх боломжгүй”, хариуцагч Ж.Г- “...Д.М-ын үл хөдлөх хөрөнгийг хуульд зааснаар барьцаалсан...” гэсэн тайлбарыг тус тус гаргаж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч “М-” ХХК нь Д.М-ын өмчлөлийн авто зогсоолыг хууль бусаар барьцаалж эзэмшиж байна гэж дүгнэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-т заасныг баримтлан авто зогсоолыг барьцаанаас чөлөөлж,  Ж.Г-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон,  давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч “М-” ХХХ хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр...,  шүүх Д.М-ын өмчлөлийн авто зогсоолыг тус ББСБ ХХК хууль бусаар эзэмшсэн гэдгийг тогтоолгүйгээр нэхэмжлэлийг хангасан нь буруу. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 154-р зүйлийн 154.3 дах хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Итгэмжлэлд Д.М- хүсэл зоригоо илэрхийлсэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 Хэрэгт авагдсан баримтаас үзвэл,  “М-” ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 30-ний өдөр Ж.Г-тэй зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаагаар эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон ба  зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор Д.М-ын өмчлөлийн дээрх  авто зогсоолыг барьцаалсан, ингэхдээ Д.М-аас С.Даваадолгорт 2016 оны 8 дугаар сарын 30-ний өдөр олгосон итгэмжлэлийг үндэслэжээ /хэргийн 10-16 дугаар  тал/.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

Мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болдог. Гагцхүү бусдын эд хөрөнгийг өөр этгээдийн үүрэгт барьцаалуулах эсэхийг тухайн эд хөрөнгийн өмчлөгч өөрөө гэрээ байгуулах, эсхүл ийнхүү барьцаалуулахыг зөвшөөрсөн байх учиртай.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д зааснаар барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүсдэг байна. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.2.-т зааснаар барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй бөгөөд барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байх ёстой байна.

Нэхэмжлэгч Д.М-  барьцааны гэрээний зүйл болох авто зогсоолын өмчлөгч болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023343 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээгээр тогтоогджээ /хэргийн 28 дугаар тал/.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нэг талаас “М-” ХХК, нөгөө талаас Д.М-ыг төлөөлөн С.Долгоржав нар байгуулсан боловч  нэхэмжлэгч Д.М- өөрийн өмчлөлийн авто зогсоолыг Ж.Г-тэй байгуулсан  зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулах зөвшөөрөл олгосон гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэргийн 27 дугаар талд авагдсан 2016 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн итгэмжлэлд Д.М- нь авто зогсоолыг барьцаалах, худалдах, лавлагаа авах, барьцааны гэрээ, худалдах гэрээ, барьцаалбарт гарын үсэг зурах эрхийг С.Даваадолгорт олгосон хэдий ч уг итгэмжлэлд “М-” ХХК-с Ж.Г-т олгосон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалах агуулга тусгагдаагүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, “М-” ХХК нь тухайн эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр барьцаалсан гэж үзэж  нэхэмжлэлийг хангасан нь зөв боловч  хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан шаардлагаа “...авто зогсоолыг чөлөөлүүлэх” гэж тодорхойлсон боловч  уг зогсоолыг бусдын зээлийн гэрээний үүрэгт барьцаалаагүй гэсэн үндэслэлээр барьцаанаас чөлөөлүүлэх агуулгатай байгааг хоёр шатны шүүх анхаараагүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр, магадлалын Тогтоох хэсэгт дурдсан  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасан  “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэсэн зохицуулалт нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэл болохгүй юм. Хуулийн энэхүү зохицуулалт эд хөрөнгөө шаардах өмчлөгчийн эрх нөгөө этгээд түүний өмчлөлийн зүйлийг хууль бусаар эзэмшиж байгаа нөхцөлд хангагдах учиртай тул нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна. 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар авто зогсоолын өмчлөгч бөгөөд тэрээр уг үл хөдлөх эд хөрөнгийг бусдын зээлийн гэрээний үүрэгт барьцаалаагүй болох  нь тогтоогдсон, энэ тохиолдолд  барьцаалагч буюу хариуцагч “М-” ХХК нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2-т зааснаар барьцааны зүйлийг худалдсан дүнгээс өөрийн шаардлагыг хангуулах эрхгүй болно.

 Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн “...хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх   бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1228 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00728 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1., 157 дугаар зүйлийн 157.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч  Д.М-ын өмчлөлийн Ү-2206023343 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр туул гол гудамж, 87-р байр, зоорийн давхрын 58 тоот 18 м.кв авто зогсоолыг “М-” ХХК-ийн барьцаанаас чөлөөлж, хариуцагч Ж.Г-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгч “М-” ХХК-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

              ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ