| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00722/и |
| Дугаар | 35 |
| Огноо | 2018-01-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багт оршин суух, 1954 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ПИ54090119, Т овогт Б.Н-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1 дүгээр 64 айлын 16 тоотод оршин суух, 1953 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ53122811, Б овогт Л.Ч-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн, 2017 оны 10 дугаар сарын 23-ны иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь бонго пронтер маркийн машиныг А гэдэг залуугаас 10.000.000 төгрөгөөр худалдан авсан. Уг машинд ямар ч эвдэрсэн, сольсон зүйл байхгүй байсан. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ч, Х нар ирээд тэвштэй машин сонирхож байна, та машинаа өгчих гээд 1.500.000 төгрөг өгөөд зөрүүд нь пургон машин 7 хоногийн дотор авчирч өгнө гээд миний бонго пронтер маркийн машиныг аваад явсан. Чд өр болох 650.000 төгрөг өгсөн бөгөөд өр зээлгүй болсон гэсэн гарын үсэг хийж өгсөн ба үүнийг нотариатаар батлуулсан болно. Улмаар Хүслээгийн ах Ч намайг Ховд аймгийн Дөргөн суманд Б гэх хүний хашаанд байгаа пургон машиныг ав гэсэн. Уг машин нь 1989 оны УАЗ пургон байсан бөгөөд моторыг нь сольсон, араанд ордоггүй, суудал байхгүй кабин нь хаагддаггүй машин байсан. Уг пургон машин нь эвдрэл, гэмтэл ихтэй машин байсан тул би аваагүй. Тэгээд Ч-тай энэ тухай ярихад надад цагдаа шүүх үйлчлэхгүй гэж яриад утсаа тасалсан. Түүнээс хойш утсаа авахгүй байна. Одоо би уг машиныг буцааж авахгүй. Иймд хариуцагч Ч-гаас 10.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Л.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Би Б.Н-оос бонго пронтер маркийн машиныг 5.000.000 төгрөгт тохирч бэлэн 1.500.000 төгрөг өгөөд үлдсэн 3.500.000 төгрөгөнд Дөргөн сумын Б гэгчээс УАЗ-452 маркийн ачааны машин худалдан авч Б.Н-т өгөхөөр наймаа худалдаа хийсэн билээ. Б.Н нь бонго пронтер маркийн машин 10.000.000 төгрөгөөр үнэлсэн байна. Миний авсан бонго пронтер машин маш их элэгдэлд орсон, удаан хугацаагаар ашиглагдсан, энгийн мотор тавьсан, супер кроптой, тэр нь эвдэрхий, 3-4 хүн буюу олон эзэн дамжсан, бичиг баримтын маш их зөрчилтэй, олон жил татвар төлөгдөөгүй байсан. Б.Н-ын эзэмшлийн гэсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй учраас бид нар хоорондоо худалдах худалдан авах гэрээ хийгээгүй, аман хэлэлцээрээр тухайн машиныг 5.000.000 төгрөгт тохирч зарсан. Тухайн үед би дүү Х-ийн хамт очсон бөгөөд би Б.Н-т хээтэй шинэ гэр, малын торон хашаа худалдсан байсан бөгөөд түүнийхээ үлдэгдэл мөнгө болон бусад өрөө авахаар очсон. Тэгээд би гэр болон малын хашааны үлдэгдэл 650.000 төгрөг авна гэхэд мөнгө байхгүй гэхээр нь би гэрээ буулгаж аваад явна гэхэд миний өгсөн 1.500.000 төгрөгөөс 650.000 төгрөгийг гэр болон малын хашааны үнийн үлдэгдэлд өгсөн. Надад өгөх ёстой 650.000 төгрөгний бичгийг би 1 жилийн өмнө хийж өгсөн байсан. Би тухайн үед Б.Н-оос авах өр авлагаа бичсэн бичгийг нотариатаар батлуулан явуулсан байна. Тухайн гарын үсэгтэй бичиг Б.Н надаас авах мөнгө биш, би Б.Н-оос авах өр байгаа юм. Тэгэхдээ тухайн бичгийг нотариат батлахдаа бид нарыг бүгдийн байлцуулж байж батлах хуулийн заалттай байхад нотариат ч хууль ноцтой зөрчин хуурамч бичиг баримт батлуулсанд гомдолтой байна. Тухайн үед Н-оос машин авахдаа бид тухайн машиныг 5.000.000 төгрөгөөр авахаар тохирч гарын үсэг зурсан бичиг Н-т байгаа. Тэр бичгээ ирүүлэхгүйгээр миний авах өрний бичгийг нотариатаар батлуулсныг ойлгохгүй байна. Б.Н-оос худалдан авсан машинаа Увс аймагт авч ирэхэд ямар ч шаардлага хангахгүй байсан тул би Б.Н-той олон удаа утсаар ярьж “би машинаа буцаана, та хүрээд ир, би авах өр авлагаа ярилцъя” гэхэд ирэхгүй байсан бөгөөд машиныг буцаан авахгүй гээд байсан ба машин нь бичиг баримтгүй учир сэлбэгэнд 3.000.000 төгрөгөөр өгсөн. Би өөрийнхөө өрийг нэхээд Б.Н-ынд маш их зардал гарган 12 удаа очсон. Б.Н бид 2 олон жил наймаа худалдаа хийсэн бөгөөд би Б.Ноос 4.000.000 төгрөг авах авлагатай. Надад Б.Н 4.000.000 өгөхийг гэрчлэх гэрчүүд байгаа. Тухайн машин хадгалагдаж байгаа. Тухайн машины үлдэгдэл 3.500.000 төгрөгийг би тухайн үед өрөндөө авсан гэж үзэж байна. Надад Б.Н-т өгөх машины мөнгө байхгүй. Харин Б.Н-оос 500.000 төгрөг авах авлагатай юм. Б.Н нэхэмжлэлдээ өөрөө гарын үсэг зураагүй, өөр хүн зурсан байна. Б.Н-ын өөрийнх нь гарын үсэг надад хадгалагдаж байгаа болно. Иймд Б.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Л.Ч-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Миний бие нь бонго пронтер маркийн машиныг А гэдэг залуугаас 10.000.000 төгрөгөөр худалдан авсан. Уг машинд ямар ч эвдэрсэн, сольсон зүйл байхгүй байсан. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ч, Х нар ирээд тэвштэй машин сонирхож байна, та машинаа өгчих гээд 1.500.000 төгрөг өгөөд зөрүүд нь пургон машин 7 хоногийн дотор авчирч өгнө гээд миний бонго пронтер маркийн машиныг аваад явсан. Уг пургон машин нь эвдрэл, гэмтэл ихтэй машин байсан тул би аваагүй. Иймд хариуцагч Ч-гаас 10.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон байна.
Хариуцагч нь “Би Б.Н-оос бонго пронтер маркийн машиныг 5.000.000 төгрөгт тохирч бэлэн 1.500.000 төгрөг өгөөд үлдсэн 3.500.000 төгрөгөнд Дөргөн сумын Б гэгчээс УАЗ-452 маркийн машин худалдан авч Б.Н-т өгөхөөр наймаа, худалдаа хийсэн. Миний худалдаж авсан бонго пронтер машин маш их эвдрэлтэй, бичиг баримтын зөрчилтэй байсан. Б.Н-ын эзэмшлийн гэсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй учраас бид нар хоорондоо худалдах худалдан авах гэрээ хийгээгүй, аман хэлэлцээрээр тухайн машиныг 5.000.000 төгрөгт тохирч зарсан. Б.Н-той олон удаа утсаар ярьж машиныг буцаана гэхэд ирээгүй ба машин нь бичиг баримтгүй учир сэлбэгэнд 3.000.000 төгрөгөөр өгсөн. Би Б.Н-оос 4.000.000 төгрөг авах авлагатай. Тухайн машины үлдэгдэл 3.500.000 төгрөгийг би өрөндөө суутгаж авсан гэж үзэж байна. Иймд Б.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.
Талуудын хооронд автомашин худалдах-худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч Л.Ч нь нэхэмжлэгч Б.Н-оос бонго пронтер маркийн автомашины үнийн урьдчилгаанд 1.500.000 төгрөг өгч, зөрүүд нь пургон маркийн автомашин өгөхөөр тохиролцсон байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд хуульд уг гэрээг бичгээр байгуулах тусгай шаардлага тавиагүй тул талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Зохигчид бонго пронтер маркийн машиныг худалдахдаа урьдчилгаанд 1.500.000 төгрөг өгсөн, зөрүүд нь автомашин өгөхөөр тохиролцсон үйл баримтын талаар маргаангүй, харин бонго пронтер маркийн машиныг хэдэн төгрөгөөр тохиролцож худалдсан талаарх үнийн хувьд маргаж байна.
Нэхэмжлэгч нь бонго пронтер маркийн машиныг 10.000.000 төгрөгөөр хариуцагчид худалдахаар тохиролцож, 1.000.000 төгрөгийг бэлнээр, үлдэх 8.000.000 төгрөгт машин авах тухай агуулгатай Л.Ч, Л.Х нарын гарын үсэг бүхий бичмэл баримтыг шүүхэд ирүүлсэн боловч уг баримт нь эх хувиараа биш, хуулбарласан хувь байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүйн дээр, уг баримт дахь үнийн дүнгийн хэсэг болох 10.000.000 болон 8.500.000 гэх бичвэрүүд засвартай байна.
Мөн нэхэмжлэгчээс хариуцагчид худалдсан машиныг урьд нь М.А-аас 10 сая төгрөгөөр худалдан авсан хэмээн тайлбарлаж М.А-ийн гарын үсэг бүхий “Б.Н-т бонго маркийн машиныг 10.000.000 төгрөгөөр зарсан” гэх агуулгатай тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн ба уг баримт нь зохигчид машины үнийг тохиролцсон нөхцлийг нотолж чадахгүй болно.
Иймд дээрх баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй байна.
Харин бонго пронтер маркийн автомашины үнийг хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд буюу 5.000.000 төгрөгт тооцож гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ дээд хэсэгт хариуцагч Л.Ч-д холбогдох хэмээн түүний хаяг, бусад мэдээллийг бичсэн байх боловч нэхэмжлэлийнхээ төгсгөл хэсэгт “Л.Ч, Х нараас 10.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэж дурдсан байсан бөгөөд Б.Н-оос нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад “Миний машиныг Л.Ч худалдан авсан тул зөвхөн Л.Ч-с машины үнэ 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх тайлбарыг ирүүлсэн бөгөөд автомашиныг худалдаж авахдаа урьдчилгаа 1.500.000 төгрөг өгсөн, авсан талаар зохигчид маргаагүй тул машины үнэ болох 5.000.000 төгрөгөөс 1.500.000 төгрөгийг хасч үлдэгдэл 3.500.000 төгрөгийг хариуцагч Л.Ч-гаас гаргуулан нэхэмжлэгч Б.Нт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч нь “Б.Н-той олон удаа утсаар ярьж машиныг буцаана гэхэд ирээгүй ба машин нь бичиг баримтгүй учир сэлбэгэнд 3.000.000 төгрөгөөр өгсөн. Би Б.Н-оос 4.000.000 төгрөг авах авлагатай. Тухайн машины үлдэгдэл 3.500.000 төгрөгийг би өрөндөө суутгаж авсан” гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул машины үнийн үлдэгдэл 3.500.000 төгрөгийг нэхэмжлэгчээс Б.Н-оос авах ёстой гэх 4.000.000 төгрөгөөс хасч тооцох боломжгүй байна.
Б.Н-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан, нэхэмжлэгч нь нэхэмжлэл дээрээ гарын үсэг зурсан байсан учир нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд Б.Н нь Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багт оршин суудаг тул түүнд эрх, үүрэг тайлбарлах, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах, хэргийн материал танилцуулах, хариу тайлбар авах ажиллагааг Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр гүйцэтгүүлсэн ба нэхэмжлэгч Б.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан ирүүлсэн байх тул хариуцагч Л.Чгийн “Б.Н нэхэмжлэлдээ өөрөө гарын үсэг зураагүй өөр хүн зурсан байна. Иймд Б.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүйг дурдав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан хэмжээ буюу 3.500.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.950 төгрөгийг хариуцагч Л.Ч-гаас гаргуулан нэхэмжлэгч Б.Н-т олгох нь зүйтэй.
Хариуцагч Л.Ч-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Чгаас 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ч-гаас 70.950 /далан мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Н-т олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ