| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00886/и |
| Дугаар | 89 |
| Огноо | 2018-02-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Галдан бошигт хорооллын, 12-14 тоотод оршин суух, 1992 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ92080528, Ц овогт С.Л-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р байрны 57 тоотод түр оршин суух, 1987 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ЛЮ87050614, Б овогт Б.М-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Л, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Улаанбаатар хотод Анагаах ухааны их сургуульд суралцаж байхдаа Б.М-тай танилцсан. Тэр надтай танилцахдаа ямар ч сургууль төгсөөгүй хэрнээ худгийн мастер, авто замын инженер гэж итгүүлэн худал хэлж, хуурч мэхлэн намайг жирэмсэн болгосон. Би сургуулиа төгсөөд хүүхдээ төрүүлэхээр аав, ээж дээрээ Улаангом суманд ирсэн. Тэр үед Б.М хотод үлдсэн. Би 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр охин Хуланг төрүүлсэн. Б.М-ыг ирэхэд миний ээж, аав ямар ч боловсрол, мэргэжилгүй түүнийг хөөцөлдөж тогоочийн курст суралцуулж, улмаар 6 албан газарт ажилд оруулсан боловч ажилдаа тогтож ажиллаж чадаагүй. Б.М надтай гэр бүл болоод 2 жил амьдрахдаа гэр орондоо юу ч хийдэггүй, гэр орноо өөд татах, охиноо өсгөж тэжээн тэтгэх талаар ямар ч санаачилга гаргадаггүй, цаашид надтай хамт амьдрах сонирхолгүй болсон. Б.М нэгэнт хоорондоо таарч тохирохгүй болсон гэдгээ ойлгоод гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцоод өөрийн хувцас бүх юмаа авч, шилжүүлгээ хийлгээд Улаанбаатар хот явсан. Мөн чи нэхэмжлэлээ бичээд баримтаа бүрдүүлээд шүүхэд хандаарай, би шүүхээс дуудахад очоод тайлбараа өгөөд явуулъя гэж хэлээд явсан боловч хотод очоод би чамаас салахгүй, очиж чадахгүй гэх мэтээр үнэн худал нь мэдэхгүй үг яриад байгаа. Б.М нь маш их худал хэлдэг, ямар ч байр суурьгүй хүн бөгөөд би юмны учир мэдэхгүй байхдаа энэ хүний худал хуурмаг үгэнд хууртаж амьдралаа алдаж, хохирсон. Энэ хугацаанд миний амьдралаар тоглож байсанд маш их гомдолтой байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд гэрлэлтийг цуцлуулж, охин М.Х миний асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие гэрлэлтээ цуцлуулах, асрамж болон тэтгэлгийг хуульд заасан журмаар тогтоолгоход татгалзах зүйлгүй. Харин миний охин М.Х-г эцэг надтай утсаар яриулахгүй, уулзуулахгүй байдаг учир эцэг хүний эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд саад болохгүй байхыг даалгаж өгнө үү. Ч.Л нэхэмжлэлдээ дурдаж бичээд байгаагаар миний хувьд ямар нэг худал хэлж, амьдралдаа санаачилгагүй, эхнэр хүүхдээ огт тоохгүй байсан зүйл байхгүй. Би 2017 оны 2 дугаар сард Улаанбаатар хотод ирж ажиллаж байхдаа боломжоороо эхнэр, хүүхдэдээ мөнгө шилжүүлж тус нэмэр болж байсан. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд одоо Улаанбаатар хотод ажиллаж, оршин сууж байгаа учир намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Л нь хариуцагч Б.М-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Б.М, С.Л нар 2013 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болж, 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр охин М.Х төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбарууд, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2017 оны 1 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачилга гаргаагүй, цаашид хамт амьдрах боломжгүй болох нь тэдний тайлбараар тогтоогдож байх тул Б.М, С.Л нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчид нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин М.Х-г хэн хэн нь эх С.Л-гийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн, мөн хүүхдийн насыг харгалзан охин М.Х-г эх С.Лгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин М.Х-г 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Б.М-аар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх хүүхдийг эх С.Л-гийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93.296 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-аас 93.296 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Лд олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Б.М-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэсэн хүсэлт ирүүлсэн тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийг эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ц овогт С.Л, Б овогт Б М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин М.Х-г эх С.Л-гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин М.Х-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.М-аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Жаргалсайханд даалгасугай.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93.296 /ерэн гурван мянга хоёр зуун ерэн зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-аас 93.296 /ерэн гурван мянга хоёр зуун ерэн зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Л-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ