Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 96

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 31-11 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО82122901, Т овогт Б Ц-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багт оршин суух, 1984 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЖ84101015, Х овогт Б Б-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Б, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б-тай 2005 онд гэр бүл болсон. Улмаар 2006 онд охин Б.Б, 2010 онд охин Б.Б-ыг төрүүлсэн. Том охин Б.Б аавтайгаа, бага охин Б.Б надтай хамт амьдарч байгаа. Б нь надтай амьдрах хугацаандаа архи ууж, агсам тавьж зодож дарамталдаг байсан. Урьд нь шүүхэд олон удаа өргөдөл өгч байсан боловч Б-ыг уучлаад эвлэрч байсан. Одоо эвлэрэх боломжгүй учраас бидний гэрлэлтийг цуцалж өгөхийг хүсч байна. Хүүхдүүдийн хувьд бага охин Б.Б-ыг өөрийн асрамжид авна, том охин Б.Б-ийг аавынх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй” гэв.

Хариуцагч Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие архи уудаг нь үнэн. Гэхдээ би хөдөөнөөс аймагт нүүж ирээд амьдарч байхдаа архи дарс ууж агсам согтуу тавьж байгаагүй. Миний хувьд 2 охиноо өнчрүүлж, аав ээжгүй өсгөмөөргүй байна. Гэвч эхнэр Б.Ц надтай буцаж нийлэхгүй, хамтран амьдрахгүй гэж байгаа учраас би гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин 2 охиноо нэг нэгээр нь авч өсгөх хүсэлтэй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Б-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Б, Б.Ц нар 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр гэр бүл болж, мөн оны 7 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр охин Б.Б, 2010 оны 5 дугаар сарын 29-ний өдөр охин Б.Б нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбарууд, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачилга гаргаагүй, цаашид хамт амьдрах боломжгүй болох нь тэдний тайлбараар тогтоогдож байх тул Б, Б.Ц нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэрлэгчид нь 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Б.Б-ийг эцэг Бын, 2010 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Б.Б-ыг эх Б.Ц-гийн асрамжид үлдээхийг хэн хэн нь зөвшөөрсөн, мөн хүүхдийн санал болон ээнэгшин дассан орчин зэргийг харгалзан охин Б.Б-ийг эцэг Б-ын, охин Б.Б-ыг эх Б.Ц-гийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв. 

 

Шүүх охин Б.Б-ийг эцэг Б-ын, охин Б.Б-ыг эх Б.Ц-гийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.

 

Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-аас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:             

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Тайж овогт Б-н Ц, Х овогт Б-н Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Б.Б-ийг эцэг Б-ын, 2010 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Б.Б-ыг эх Б.Ц-гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Жаргалсайханд даалгасугай.  

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-аас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ