| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00684/и |
| Дугаар | 64 |
| Огноо | 2018-01-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч П.Болор нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Малчин сумын 1 дүгээр багт оршин суух, 1968 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЖ68032518, С овогт П Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Малчин сумын 1 дүгээр багт оршин суух, 1986 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЖ86040118, Я овогт Б-ын О-т холбогдох,
Гэм хорын хохирол 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, цагдаа, шүүхэд дуудагдаж ирж, буцсаны зардал 276.400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, иргэдийн төлөөлөгч Х.Б, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б.О бэлчээр лүү нь манай адуу орлоо хэмээн автомашинаар хөөсний улмаас 2 адуу үхсэн билээ. Тухайн үед Б.О адууны хохиролд мөнгө өгнө гэж байсан боловч тохиролцоогүй учир цагдаад хандсан. Улмаар цагдаагаас зөрчлийн хэрэг биш гэж хэргийг хаасан. Иймд Б.О-аас 2 адууны үнэ болох 1.200.000 төгрөг, мөн адууг үхэхээс өмнө очиж үзэхээр машин хөлсөлсөн унааны зардал болон өнчирч үлдсэн унага тэжээх тэжээлийн үнэд 300.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ын сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь миний бие 20 гаруй тооны адуунаас 2 тооны адуу нь иргэн Б.О-ын буруутай үйлдлийн улмаас үхсэн талаарх гомдлыг 2017 оны 12 дугаар сард Цагдаагийн газарт хандаж шалгуулах явцад Б.О нь Цагдаагийн байгууллагад дуудагдаж ирсэн. Улмаар Цагдаагийн газарт хандаж шалгуулж шалтгааныг тогтоосны дараа Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүхэд хариуцагч Б.О-ыг холбогдуулж өгснөөр шүүх хуулийн дагуу дуудсан гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Б.О бол миний төрсөн хүү юм. Б.О нь өвөлжөөнийхөө хажууд 30-40 орчим адуу байсныг prius маркийн машинаараа 2 киллометр орчим газар тууж өөрийн эзэмшлийн сав газраасаа холдуулан гаргасан. Б.О нь уг адууг хөөгөөгүй, зүгээр л туусан. Энэ хугацаанд муудаж үхсэн адуу байхгүй. Уг адууг холдуулж орхисон газраас морьтой хүн аваад явсан. Үхсэн адуунууд хоосдож, баас алдаж үхсэн байсан. Энэ адууг Б.О-ын адуу хөөсөн газар машинаар ачиж хаячихаад адууныхаа үнийг нэхэх зохиомол хэрэг үүсгэхээр ярьж байсан гэдэг. Эдгээр үхсэн 2 адууг Б.О төлөх ямар ч учир байхгүй. Иймд П.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин энэ асуудлаас болж цагдаа, шүүх дуудахад land-80 маркийн машинаар 300 киллометр явж 70 литр бензин зарцуулсан. Дараа нь шүүхэд дуудагдан ирж 300 киллометр явж land-80 маркийн машиндаа 70 литр бензин зарцуулсан байгаа. Иймд бүгд 140 литр бензиний үнэ 246.400 төгрөг, 3 литр маслоны үнэ 30.000 төгрөг, цагдаа, шүүхэд дуудагдаж ирж, буцсаны зардал нийт 276.400 төгрөгийг нэхэмжлэгч П.Б-оос гаргуулж өгнө үү” гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч П.Б-ийн буруу. Нотлох баримт дутуу гэж үзэж байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Б.О-т холбогдуулан гэм хорын хохирол 1.500.000 төгрөг гаргуулах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 276.400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Миний 20 гаруй тооны адууг иргэн Б.О хөөсөн буруутай үйлдлийн улмаас 2 тооны адуу үхсэн. Энэ талаарх гомдлыг Цагдаагийн газарт шалгуулсан боловч зөрчлийн хэрэг биш хэмээн үзэж хэргийг хаасан. Иймд Б.О-аас гэм хорын хохиролд 1.500.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчээс цагдаа, шүүхэд дуудагдаж ирж, буцсаны зардал 276.400 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Б.О нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Малчин сумын Цагдаагийн хэсэгт хандан Б.О-т холбогдуулан гомдол гаргасан боловч зөрчлийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Уг зөрчлийг шалган шийдвэрлэсэн материалаас үзэхэд Б.О нь өөрийн өвөлжөөн газарт бэлчиж байсан П.Б-ийн адууг хөөсний улмаас 2 морь үхсэн болох нь хохирогч П.Б, гэрч А.Б, холбогдогч Б.О нарын мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд “Увс финанс аудит” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 357 дугаар “Гүү үнэлсэн тухай тайлан”-гаар уг 2 морийг 1.200.000 төгрөгөөр үнэлсэн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч Б.О-ын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч П.Б-д гэм хор учирсан, нэхэмжлэгч дээрх хуульд заасны дагуу шаардлага гаргах эрхтэй гэж үзлээ.
Нөгөө талаар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөвхөн нэхэмжлэгч ирүүлсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг боловч эдгээр баримтуудыг няцаасан, үгүйсгэсэн баримтуудыг шүүхэд ирүүлээгүй болно.
Харин нэхэмжлэгч П.Б нь унааны болон унага тэжээхэд зарцуулсан зардал 300.000 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг нотолсон баримтыг ирүүлээгүй, хэдэн төгрөгийн тэжээл худалдан авсан, унааны зардалд хэдэн төгрөг төлсөн эсэх нь тодорхойгүй байх тул энэхүү хохирлыг хариуцагчаас гаргуулах боломжгүй гэж дүгнэв.
Мөн хариуцагч Б.О нь өөрийн эрх ашгаа хамгаалах үүднээс цагдаа болон хууль хяналтын байгууллагаар шалгуулах хугацаанд гарсан зардлыг нэхэмжлэгч хариуцах учиргүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Б.О-аас 2 морины үнэ 1.200.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Бид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ын “цагдаа, шүүхэд дуудагдаж ирж, буцсаны зардал 276.400 гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, харицагч Б.Оаас нэхэмжлэл хангагдсан хэмжээ буюу 1.200.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Б-д олгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид 7.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 1.942 төгрөгийг хариуцагч Б.О-аас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Б.О-аас 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ын 276.400 /хоёр зуун далан зургаан мянга дөрвөн зуу/ гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 /гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, харицагч Б.О-аас 33.350 /гучин гурван мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Б-д олгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7.000 /долоон мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-аас 1.942 /нэг мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулан Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
П.БОЛОР