Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймаг, Улаангом сумын 3 дугаар баг, 7 дугаар гудамжны 36 тоотод оршин суух, 1975 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЖ75092600, Ш овогт Ж-н Б,

 

            Хариуцагч: Увс аймаг, Улаангом сумын 3 дугаар баг, 7 дугаар гудамжны 36 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОТ78111791, Х овогт М-н Б нарт холбогдох, 

 

Зээлийн үндсэн үлдэгдэл 49.833.473 төгрөг, зээлийн хүү 6.834.020,58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.268,95 төгрөг, нотариатын зардал 17.000 төгрөг, нийт 56.686.762,53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, зээлийн хүү 3.391.406,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.090,55 төгрөг, нийт 3.394.497,3 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, хариуцагч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын захирал Ю.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Ж.Б, М.Б нар нь тус банкнаас 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр 1250022989 тоот зээлийн гэрээг байгуулан 50.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 19.5 хувийн хүүтэйгээр нийтийн орон сууц худалдан авах зориулалтаар 240 сарын хугацаатай буюу 2036 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1250022989 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 365 хоногт 18 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон нийтийн орон сууцыг /Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, 55 айл, 33 тоот, 69 м.кв, 2 өрөө орон сууц, Ү-1520004235/ барьцаалсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваариа 2016 оны 10 дугаар сараас эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2017 оны 1 дүгээр сараас хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй зээл төлүүлэх талаар удаа дараа шаардан уулзсан боловч зээлдэгч нь зээл төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээл төлөх санаачилга гаргахгүй байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн 451.1, 221.3, 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу 1250022989 тоот орон сууц худалдан авах зээлийн үндсэн үлдэгдэл 49.833.473 төгрөг, зээлийн хүү 10.225.427,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.359,5 төгрөг, нотариатын зардал 17.000 төгрөг, нийт 60.081.259,83 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Ж.Б, М.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх уг зээлийг орон сууц худалдан авах зориулалтаар аваагүй бөгөөд барьцаанд тавьсан байр манай өөрийн байр байсан. Манай гэр бүлийн нэр дээр байдаг “Баянцагаан зам” ХХК нь Хас банкинд бизнесийн зээлтэй байсан бөгөөд зээлээ графикт заасан хугацааны дагуу төлж чадахгүй байсан. Энэ компанийн хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг төлүүлэх зорилгоор жилийн 8 хувийн хүүтэй зээл өгнө гэж Хас банкны ажилтнууд ярьсан. Гэвч зээл аваад эргэн төлөлт хийхэд 19.5 хувийн хүүтэй байсан. Удахгүй 8 хувь болгоно, эх үүсвэр ирсэн гэсээр байхад хүүг нь бууруулж өгөөгүй. 2017 оны 6 дугаар сард ямар нэгэн гэрээний өөрчлөлт оруулж бидэнд мэдэгдээгүй. Хас банк анхнаасаа тохиролцооны дагуу хүүтэй зээлээ олгосон бол бид энэ зээлээ төлөөд явах байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний өндөр хүүгээр төлсөн зээлийн төлбөрийг зээлийн үлдэгдлээс хасч өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Ж.Б, М.Б нарт холбогдуулан зээлийн үндсэн үлдэгдэл 49.833.473 төгрөг, зээлийн хүү 6.834.020,58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.268,95 төгрөг, нотариатын зардал 17.000 төгрөг, нийт 56.686.762,53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн хүү 3.391.406,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.090,55 төгрөг, нийт 3.394.497,3 төгрөгөөр нэмэгдүүлжээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.

 

Хариуцагч Ж.Б, М.Б нар нь Хас банкны Увс аймаг дахь салбараас 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр 1250022989 тоот зээлийн гэрээ байгуулан 50.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 19.5 хувийн хүүтэйгээр, орон сууц худалдан авах зориулалтаар 240 сарын хугацаатай зээлдсэн ба зээлийн барьцаанд Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, 55 айл, 33 тоот хаягт байрлах, 69 м.кв, улсын бүртгэлийн Ү-1520004235 дугаар бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр уг зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 365 хоногт 18 хувийн хүүтэйгээр хэмээн  өөрчилжээ.

 

Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байх боловч хариуцагч Ж.Б, М.Б нар нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, зээлийн эргэн төлөлт хийхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хариуцагчийн дансны хуулгаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч нараас зээлийн үндсэн үлдэгдэл 49.833.473 төгрөг, зээлийн хүү 10.225.427,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.359,5 төгрөг, нийт 60.064.259,83 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Хас банкны салбарын захирлаар ажиллаж байсан М.Пүрэвхүүгийн тухайн үед ашиглаж байсан компьютер болон албаны мэдээлэлд үзлэг хийхэд хариуцагч Ж.Б, М.Б нарын зээлийн хүүг 19,5 хувиас 8 хувь руу шилжүүлэх зөвшөөрөл нь төв банкнаас ирээгүй байсан тул хариуцагч нарын  “Баянцагаан зам ХХК-ийн хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг төлүүлэх зорилгоор жилийн 8 хувийн хүүтэй зээл өгнө гэж Хас банкны ажилтнууд ярьсан. Гэвч зээл аваад эргэн төлөлт хийхэд 19.5 хувийн хүүтэй байсан. Удахгүй 8 хувь болгоно, эх үүсвэр нь ирсэн гэсээр байхад хүүг нь бууруулж өгөөгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

 

Түүнчлэн хариуцагч нар нь түрүүчийн зээлийг төлүүлэх зорилгоор дахин бидэнд зээл олгож түрүүчийн зээлийг хаасан, 2017 оны 6 дугаар сард гэрээний өөрчлөлтийн талаар бидэнд мэдэгдээгүй гэж тайлбарлаж байх боловч нэгэнт хариуцагч нар нь зээлийн хүү болон зориулалт, нөхцөлийг зөвшөөрөөд Хас банкнаас зээл авсан, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1250022989 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний нөхцөлд хариуцагч Ж.Б, М.Б нар гарын үсэг зурсан байх тул тэдний дээрх тайлбар үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Хас банк нь “нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн баримтуудыг нотариатаар батлуулсны зардал хэмээн 17.000 төгрөг гаргуулна” хэмээн нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шүүхэд мэдүүлэх эрхтэй бөгөөд уг эрхээ эдэлснийхээ төлөө гарсан зардлыг өөрөө хариуцах ёстой учраас нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. 

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ж.Б, М.Б нараас зээлийн үндсэн үлдэгдэл 49.833.473 төгрөг, зээлийн хүү 10.225.427,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.359,5 төгрөг, нийт 60.064.259,83 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нотариатын зардал 17.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 512.333,81 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан хэмжээ буюу 60.064.259,83 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 458.271 төгрөгийг хариуцагч Ж.Б, М.Б нараас гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгох нь зүйтэй.

Хариуцагч М.Бд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагч М.Б-гийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ш овогт Ж-ийн Б, Х овогт М-ын Б нараас зээлийн үндсэн үлдэгдэл 49.833.473 /дөчин есөн сая найман зуун гучин гурван мянга дөрвөн зуун далан гурав/ төгрөг, зээлийн хүү 10.225.427,33 /арван сая хоёр зуун хорин таван мянга дөрвөн зуун хорин долоон төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.359,5 /таван мянга гурван зуун тавин есөн төгрөг таван мөнгө/ төгрөг, нийт 60.064.259,83 /жаран сая жаран дөрвөн мянга хоёр зуун тавин есөн төгрөг наян гурван мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нотариатын зардал 17.000 /арван долоон мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож болгосугай.

 

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ж.Б, М.Б нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, 55 айл, 33 тоот хаягт байрлах, 69 м.кв, гэрчилгээний 000376833 дугаартай, улсын бүртгэлийн Ү-1520004235 дугаар бүхий 2 өрөө, Ж.Б-гийн нэр дээрх орон сууцаас үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 512.333,81 /таван зуун арван хоёр мянга гурван зуун гучин гурван төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б, М.Б нараас 458.271 /дөрвөн зуун тавин найман мянга хоёр зуун далан нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14  хоногийн  дотор  Увс  аймгийн  Эрүү,  Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ