| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Оюун |
| Хэргийн индекс | 116/2020/0028/З |
| Дугаар | 116/ШШ2020/0025 |
| Огноо | 2020-12-15 |
| Маргааны төрөл | Тендер, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 116/ШШ2020/0025
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн Дашбалбар сумын Тендерийн үнэлгээний хороо,
Хамтран хариуцагч: Дашбалбар сумын Засаг дарга Б.******* нарт холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Дашбалбар сумын “Хүүхдийн тоглоомын талбай байгуулах” Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулж, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/370 тоот “******* *******” ХХК-иас татгалзсан захиалагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтийн дагуу “******* *******” ХХК-тай гэрээ байгуулахыг, сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн захирал М.*******, хариуцагч Дашбалбар сумын Тендерийн үнэлгээний хорооны дарга Д.*******, хамтран хариуцагч Дашбалбар сумын Засаг дарга Б.*******, гуравдагч этгээд “******* *******” ХХК-ийн захирал У.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* Соёмбо” ХХК-ийн захирал М.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд барилгын засал чимэглэлийн болон барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажиллагаа тасралтгүй эрхэлж буй туршлагатай юм.
Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газраас зарласан ДОАДБСЗДТГ/202001027 дугаартай “Хүүхдийн тоглоомын талбай байгуулах” тендер шалгаруулалтад бид оролцож, тендерийн баримт бичигт заасан хугацаанд төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn хаягаар өөрийн тендерийг илгээсэн. Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/370 тоот албан бичгээр тендерээс татгалзсан тухай албан мэдэгдлийг манай компанид ирүүлсэн. Дээрх үндэслэл нь тендерээс татгалзах бодит үндэслэл болохгүй гэж үзэж, Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/5436 дугаар албан бичгээр “...шаардлага хангахгүй гэж үнэлсэн нь үндэслэлгүй байна” гэсэн.
Үнэлгээний хорооны шийдвэр, захиалагчийн ...мэдэгдэлд дурдсан манай компанийн ирүүлсэн тендерийн материалыг шаардлага хангасан гэж үзсэн атлаа манай тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг бид дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Манайхаас тендерийн баримт бичигт хавсарган өгсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолтод “******* *******” ХХК нь шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй ...хүчинтэй хугацааг 30 хоногоор тодорхойлов” гэсэн бөгөөд энэ нь /ТОӨЗ/-ний 27.1-д заасан тус тендерийн нээлтийн өдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар хүчинтэй байх шаардлагыг хангаж байгаа болно. Энэ тухай Сангийн яамны 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/5436 дугаар албан бичигт мөн дурдсан байдаг. Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.1-д “шүүхийн шийдвэр болон төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас гаргасан баримт бичиг” гэж заасан боловч уг хуульд хугацааны талаар зохицуулаагүй байна. Гэтэл захиалагч нь манай тендерийн материалыг шаардлага хангасан гэж үзсэн атлаа хууль болон тендер шалгаруулах журмыг зөрчиж, өөр компанийг шалгаруулахын тулд манай компанийг тухайн тендерт шалгаруулахгүй байх санаа зорилгыг агуулж үндэслэлгүйгээр татгалзсан. Түүнээс гадна шаардлага хангасан материалыг хүргүүлсэн байхад бидний өгсөн баримтуудыг хугацаа дууссан мэтээр үндэслэлгүй дүгнэлт гаргасан нь тендерээс шууд үндэслэл болохгүй зүйлээр татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Шүүхэд нэхэмжлэл гаргах үед Тендерийн үнэлгээний хорооноос гаргасан шийдвэрийг мэдээгүй байсан учир нэхэмжлэлийн шаардлагыг ерөнхийд нь гаргасан байсан. Хэргийн материалтай танилцахдаа Тендерийн үнэлгээний хорооноос гаргасан шийдвэртэй нь танилцсан учир нэхэмжлэлийн шаардлагаа ... 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулж, тус сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/370 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтийн дагуу “******* *******” ХХК-тай гэрээ байгуулахыг сумын Засаг даргад даалгуулах” тодруулж байна.
Иймд хариуцагч нарын эдгээр хууль бус ажиллагаа нь манай компанийн тендерт оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хуулийн дагуу гэрээ байгуулах эрх олж авах эрхийг ноцтой зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Дашбалбар сумын Тендерийн үнэлгээний хорооны дарга Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дашбалбар сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар зүйлийн 23-ны өдрийн А/47 тоот захирамжаар үнэлгээний хороо байгуулагдсан. ДОАДБСЗДТГ/202001027 дугаартай Хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажлын тендерийг тендер шалгаруулалтын онцгой журмаар 2020 оны 4 дүгээр сарын 23-нд, 5 дугаар сарын 18, 6 дугаар сарын 03-нд тус тус 3 удаа зарласан боловч удаа дараа оролцогч байхгүй шалтгаанаар амжилтгүй болж байсан. Уг тендерийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дахин зарлаж, 07 дугаар сарын 17-ны өдөр нээхэд “******* *******” ХХК, “******* *******” ХХК-ууд оролцож, үнийн санал, бусад холбогдох бичиг баримтыг ирүүлснийг хянан үзэхэд “******* *******” ХХК нь “******* ” ХХК-тай түншлэлийн гэрээ хийж нотариатаар батлуулсан гэрээний хамт материалаа ирүүлсэн байсан. Материалыг хянан үзээд “******* *******” ХХК-тай түншлэлийн гэрээтэй оролцож байгаа “******* ” ХХК-ийн шүүхийн байгууллагын тодорхойлолтын хугацаа хэтэрсэн байсан учир тендерийн шаардлага хангаагүй гэж үзэж уг тендерээс татгалзсан. “******* *******” ХХК-ийн ирүүлсэн тендерийн бичиг баримт шаардлага хангасан тул тус компанитай гэрээ байгуулах эрх олгох саналыг захиалагчид хүргүүлэх Үнэлгээний хорооны шийдвэр захиалагчид хүргүүлэхэд захиалагч 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/369 тоот албан бичгээр гэрээ байгуулах санал мэдэгдэж, “******* *******” ХХК-г шалгараагүй үндэслэлийг, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/370 тоот албан бичгээр хүргүүлсэн. “******* *******” ХХК 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/370 тоот албан бичгийг авснаас хойш Засаг даргын Тамгын газарт гэсэн албан бичгийг цахим шуудангаар илгээсэн. Албан бичгийг захиалагчид танилцуулахад тендерийн баримтандаа нотариатаар батлуулсан түншлэлийн гэрээтэй байна гэсэн албан тоотыг хариу илгээсэн. Үүнээс хойш шийдэлд хүрээгүй байснаар 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Сангийн яамны 6-1/5436 дугаартай гомдол хянасан тухай албан тоот ирсэний дагуу уг тендерүүдийг дахин хянан үзэж “******* *******” ХХК, “******* ” ХХК-ууд түншлэлийн гэрээг цахимд баталгаажуулаагүй байсан тул “******* *******” ХХК-ийг тендерт дангаараа оролцсон гэж үзэж бусад бичиг баримтууд шаардлага хангаж байгаа тул бага үнийн санал ирүүлсэн “******* *******” ХХК-тай гэрээ байгуулах эрхийг олгох саналыг захиалагчид хүргүүлэх дүгнэлтийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Үнэлгээний хорооны хурлаар шийдвэрлэн гаргаж, захиалагчид 3 удаа хүргүүлсэн боловч хүлээн аваагүй.
Үнэлгээний хорооны нарийн бичиг Захиалагчтай уулзах гэсэн боловч байхгүй аймагт ажлаар явж байсан учир утсаар ярьж тендерийг дахин зарлах боломжгүй юм байна “******* *******” ХХК-тай гэрээ байгуулахаас өөр аргагүй юм байна гэж хэлсэн. Эцсийн шийдвэрийг захиалагч гаргана. Сүүлд гаргасан шийдвэрийг эхлээд Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Засаг даргад танилцуулсан. Дараа нь би өөрөө орж мөн танилцуулахад “...өмнөх шийдвэрээ хүчингүй болгоогүй байж дараагийн компанитай гэрээ байгуулахад маргаан үүсэхгүй юм уу...” гэж байсан. Энэ асуудлаас болж өнөөдрийг хүртэл гэрээ байгуулагдаагүй явж байна гэв.
Хамтран хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Дашбалбар суманд хүүхдийн 2 тоглоомын талбай байгуулахаар цахимаар тендер зарласан. Хоёр удаа зарлаад оролцогч ороогүй учир 3 дахь удаагаа зарлахад “******* *******” ХХК, “******* ” ХХК хамтарч түншлэлээр, “*******-Өргөө” ХХК дангаараа оролцож, Үнэлгээний хорооноос “...хамгийн сайн тендер шалгарсан нь “*******-Өргөө” ХХК байна...” гэж захиалагчид саналаа ирүүлсэн. Үүний дагуу захиалагчийн зүгээс “*******-Өргөө” ХХК-д гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлсэн. “******* *******” ХХК “...барилгын үйл ажиллагааг олон жил явуулж байна...” гэсэн мөртлөө яагаад түншлэлээр орсон юм бэ. Манай тендерийн шаардлагыг хангахгүй байсан учир түншлэл авч орсон байна гэж ойлгосон. Хариуцагч Үнэлгээний хорооны дарга сая “...Сангийн яамнаас ирсэн бичгийн дагуу 08 дугаар сард дахин үнэлгээ хийсэн. Үүнийг Засаг даргад танилцуулсан...” гэж ярьж байна. Засаг даргын зүгээс “...та нар өмнөх “*******-Өргөө” ХХК-г шалгаруулсан үнэлгээгээ хүчингүй болгоогүй нөхцөлд Засаг дарга дараагийн компанитай гэрээ байгуулах боломжгүй. Энэ асуудлаа цэгцлээд орж ир...” гэсэн боловч одоог хүртэл өмнөх шийдвэрээ хүчингүй болгоогүй байгаа юм. Дараагийн нэг асуудал нь Улсын Их Хурал 2020 оны төсөвт 08 дугаар сард тодотгол хийсэн. Үүний дараа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мөн төсвийн тодотгол хийсэн. Ингээд Дашбалбар суманд ирэх орон нутгийн хөгжлийн сангийн зардлыг бууруулсан байдлаар орж ирсэн. Хүүхдийн 2 тоглоомын талбай байгуулах 60 000 000 төгрөгийн санхүүжилт төсвийн тодотголоор хасагдсан байгаа.
Аливаа асуудлыг нотлох баримт дээр үндэслэж ярих ёстой. Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаас “******* ” ХХК, “******* *******” ХХК-ийн хамтран ажиллах нотариатаар баталгаажуулсан түншлэлийн гэрээ, Сангийн яамнаас ирүүлсэн хоёрдмол утгатай албан бичиг зэргийг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Үнэлгээний хорооноос 07 дугаар сарын 20-нд болон 08 дугаар сарын 24-нд мөн хоёрдмол утгатай, хоёр шийдвэр гаргасан байгаа, гаргаж байгаа шийдвэр нь тендерийн бичиг баримтад тулгуурласан, хууль журмын дагуу гарсан байх ёстой. Хэн нэгэн даргын болон оролцогчийн хүсэл сонирхлоор гаргаж болохгүй, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хэрэгжих боломжгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд “******* *******” ХХК-ийн захирал У.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Дашбалбар сумаас зарласан “Хүүхдийн тоглоомын талбай байгуулах” ажлын тендерт орж шалгарсан. Тус тендерийн гэрээ байгуулах шатанд цуг орсон компани гомдол гаргаж тоглоомын талбайн угсралтын ажил хийх боломжгүй болоод байна.
Би асууж тодруулж байсан. Тэгэхэд танайх хүчингүй болсон, ”**************” ХХК-ийн талд шийдвэр гарсан гэж байсан. Хоёр дахь шийдвэрийг бидэнд албан ёсоор мэдэгдээгүй, өмнөх 7 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлт өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна. Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийг баримталж, өмнөх шийдвэрээ хэвээр үлдээж, дахин шийдвэр гаргах боломжтой байсан. Түүнчлэн тухайн шийдвэр тухайн компанийн талд гарсан ч цааш үргэлжлэх боломжгүй учир Тендерийн үнэлгээний хорооны өмнөх шийдвэрийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь тус шүүхэд 1/ Дорнод аймаг, Дашбалбар сумын “Хүүхдийн тоглоомын талбай байгуулах” тендерийн үнэлгээний хорооны шийдвэр, дүгнэлтийг хүчингүй болгох, 2020.07.21-ний өдрийн 1/370 тоот “**************” ХХК-иас татгалзсан захиалагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, 2/ ...тендерийн материалыг хууль тогтоомжид нийцүүлэн дахин хянан үзэж, үнэлгээ хийхийг үнэлгээний хороонд даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага[1] гаргасныг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эхний шаардлагын 2020.07.20-ны өдрийн болгон тодруулж, “Дашбалбар сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/370 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Тендерийн үнэлгээний хорооны 2020.08.24-ний өдрийн дүгнэлтийн дагуу “******* *******” ХХК-тай гэрээ байгуулахыг сумын Засаг даргад даалгуулах” хэмээн тодруулсан[2] болно.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлд тендер нээх тухай зохицуулж, 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” заасан.
Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/47 дугаар захирамжаар[3] тус суманд “Хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсаны дагуу, 2020.07.06-ны өдөр тендер сонгон шалгаруулалтыг нээлттэй зарласан[4]. Тендерийн үнэлгээний хорооны 2020.07.17-ны өдрийн хуралдаанаас[5] “Хүүхдийн тоглоомын талбай” байгуулах ажлын гүйцэтгэгчийн тендерийг нээхэд... “******* *******” “******* *******” ХХК-иуд материалаа ирүүлснийг ...шалгаруулалт явуулж “******* *******” ХХК-ийг тендерийн шаардлага хангасан гэж үзээд, Тендерийн үнэлгээний хорооны 2020.07.17-ны өдрийн хуралдаанаар тендерийн ажил гүйцэтгэгчээр “******* *******” ХХК-д олгохоор дүгнэлтийг гаргаж, саналыг[6] 2020.07.20-ны өдөр хүргүүлсэний дагуу, захиалагч сумын Засаг дарга “Хүүхдийн тоглоомын талбай байгуулах” ДОАДБСЗДТГ/202001027 тендерт шалгарсан “******* *******” ХХК-д 2020.07.21-ний өдрийн 1/369 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх, “**************” ХХК-д мөн өдрийн 1/370 албан бичгээр[7] тендерт ирүүлсэн материал шаардлага хангасан боловч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.1 дэх заалтын хугацаа дууссан тул саналаас татгалзсан хариуг хүргүүлсэн байна.
Тэрээр “******* *******” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргаж, 2020 08.17-ны 6-1/5436 тоот албан бичгээр[8], “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт нь 2020.06.26-ны өдрөөс 30 хоногийн хугацаанд хүчинтэй байгаа нь тус тендерийн нээлтийн өдөр буюу 2020.07.17-ны байдлаар хүчинтэй байхад шаардлага хангахгүй гэж үнэлсэн нь үндэслэлгүй, Сангийн сайдын 2020 оны 255 дугаар тушаалаар баталсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 3.3.1-д “ тендерт оролцогч нь түншлэлээр оролцох бол талууд цахим системээр дамжуулан гэрээ байгуулсан байх” гэж заасан. Худалдан авах ажиллагааны цахим системээс үзэхэд тус компани нь “******* ” ХХК-тай түншлэлийн гэрээг байгуулаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй” хариуг ирүүлжээ.
Дашбалбар сумын “Хүүхдийн тоглоомын талбай байгуулах” ажлын Тендер шалгаруулалтын үнэлгээний хороо нь 2020.08.24-ний өдөр ...“******* *******” ХХК болон “******* *******” ХХК-ийн материалыг дахин хянаж, ... оролцогчдын ирүүлсэн тендерийн материалыг задалж, хянан үзэхэд, талуудын түншлэлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан байдлыг үндэслэн бага үнийн санал ирүүлсэн “**************” ХХК-ийн тендерт шалгарсан гэж үзэж, захиалагч сумын Засаг даргад “Үнэлгээний хорооны дүгнэлт”-ийг[9] хүргүүлсэн болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаас харагдаж байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна”, 29 дүгээр зүйлийн 29.4 “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсаны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно”, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1. 30.1.1. шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй; 30.4 “Бүх тендерээс татгалзсан тохиолдолд 30.4.1.30.4.3-д заасны дагуу зохих шийдвэрийг гаргах” талаар хуульчилсан. Гэтэл Тендерийн үнэлгээний хороо нь 2020.08.24-ний өдрийн дүгнэлтийг хуулийн хугацаанд захиалагч сумын Засаг даргад хүргүүлсэн байгаа боловч ...өмнөх шийдвэрээ хүчингүй болгоогүй нөхцөлд дараагийн компанитай гэрээ байгуулах боломжгүй... шалтгаанаар зохих шийдвэрийг хуульд нийцүүлэн гаргаагүй удаашруулж хугацаа алджээ.
Гуравдагч этгээд “******* *******” ХХК-ийн захирал У.Ц нь “... асууж тодруулж байсан, ...танайх хүчингүй болсон “**************” ХХК-ийн талд шийдвэр гарсан гэж мэдсэн, ...хэргийн материалтай танилцахдаа дараагийн гаргасан шийдвэрийг харсан” гэх, нэхэмжлэгч компани тендерт шалгарсанаа шүүх дээр ирж мэдсэн зэрэг тайлбараас үзэхэд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд шаардлага хангасан, 28 дугаар зүйлд “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” заасныг захиалагч хэрэгжүүлээгүй байна.
Захиалагч сумын Засаг дарга нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 “энэ хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах”, 46.1.2 “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах”, 46.1.3 “Үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах”, 46.1.4 “худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөх, зохион байгуулах”, 45.1.5 “тухайн бараа ажил үйлчилгээг санхүүжүүлэх; хөрөнгийн эх үүсвэр батлагдсаны дараа худалдан авах ажиллагааг эхлүүлэх”, 46.1.6 “...гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих” зэргээр захиалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжтой.
Хариуцагч сумын Үнэлгээний хорооны дарга Д.Б нь Тендер сонгон шалгаруулсан 2020.08.24-ний өдрийн Үнэлгээний хорооны дүгнэлтийг хуулийн хүчин төгөлдөр байгаа талаар тайлбарлаж, “Хүүхдийн тоглоомын талбай байгуулах” тендерийн үнэлгээний хорооны 2020.07.20-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд, үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн гаргасан захиалагчийн 2020.07.21-ний өдрийн 1/370 тоот албан бичгээр, нэхэмжлэгч компанийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.1-д заасан хугацаа дууссан үндэслэлээр саналаас татгалзсан”-ыг Сангийн яам хянаж үзээд ...татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэжээ.
Шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж байгаа бөгөөд ...хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийх, захиргааны байгууллагын хариуцлагагүй ажиллагааны улмаас тендерт шалгарсан нэхэмжлэгч “**************” ХХК-ийн эрхийг хөндөх боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн ДОАДБСЗДТГ/202001027 дугаартай, “Хүүхдийн тогтлоомын талбай байгуулах” тендерийн үнэлгээний хорооны 2020.07.20-ны өдрийн дүгнэлт, захиалагчийн 2020.07.21-ний өдрийн 1/370 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, Тендерийн үнэлгээний хорооны 2020.08.24-ний өдрийн сонгон шалгаруулсан үнэлгээний дүгнэлт нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, ...хуульд нийцүүлэн “******* *******” ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагч сумын Засаг даргад даалгуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 112 дугаар зүйлийн 112.4.2, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3, 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан, Сүхбаатар аймгийн “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Дашбалбар сумын Тендерийн үнэлгээний хороо болон захиалагч сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Тендерийн үнэлгээний хорооны 2020.07.20-ны өдрийн дүгнэлт, захиалагчийн 2020.07.21-ний өдрийн 1/370 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, 2020.08.24-ний өдрийн Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн “******* *******” ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагч сумын Засаг даргад даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун / төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж, “************** ”ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОЮУН
[1] Хавтаст хэргийн 1-4-р хуудас
[2] Хавтаст хэргийн 85-р хуудас
[3] Хавтаст хэргийн 29-р хуудас
[4] Хавтаст хэргийн 31-р хуудас
[5] Хавтаст хэргийн 32-р хуудас
[6] Хавтаст хэргийн 33-р хуудас
[7] Хавтаст хэргийн 35-р хуудас
[8] Хавтаст хэргийн 8-р хуудас
[9] Хавтаст хэргийн 52-р хуудас