Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 00065

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                           С.Баянжаргал

             Улсын яллагч                                         Э.Ариунболд

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Ш.Цэдэн

             Хохирогч                                                 С.Өвгөнхүү

                         Шүүгдэгч                                                       Ц.Туулгазар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн Ц.Туулгазарт холбогдох 201618020140 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

                                            Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Урайнхай, 1977 оны 08 дугаар сарын 21-ний өдөр  Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, дээд боловсролтой, Барилгын техникч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгий Мандал сумын 7-р баг Нарангийн 75 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн №41 тоот Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД: МК:77082111/ Оорцог овогт  Цэндийн Туулгазар.

Ц.Туулгазар нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 20 цагийн орчим иргэн С.Өвгөнхүүг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг Хайлаастын гудамжинд зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                           

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Туулгазар мэдүүлэхдээ: ... 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дэнж гэх газар өндөр настан Нямжавын нэрэмжит сурын харваа болсон. Тэнд сурын харваа болоод, би нэг айлд жаахан архи уусан. Тэгээд тэр айлаас гараад ирсэн чинь Өвгөнхүү, Нямсүрэн эгчийн гудамжинд Тоогийтой 0,75 граммын архи уугаад сууж байсан. Намайг дуудаад байхаар нь очсон. Очиход архинаасаа нэг хийж өгөхөөр нь уусан. Тэгээд дээшээ эгчийнхээр орчихоод буцаад хүрээд иртэл Орлом эгчийн үүдэн дээр таарсан. Би ч халчихсан, Өвгөнхүү ч нэлээн халамцуу байсан. Өвгөнхүү намайг чи муу түрийний бөөс толгойд гарлаа гээд бид хоёр маргалдсан. Тэгэхэд Орлом эгч ах дүү улс байж битгий муудалцаад бай, ор гэсэн. Тэгээд Орлом эгчийнд орчихоод гарч ирэхэд араас дагаад гараад ирсэн. Гарч ирээд хэрүүл өдөөд байсан. Тэгээд л маргалдсан. Би өөрт нь хэлсэн. Чи надтай маргалдаад байх шаардлага байхгүй дээ. Чи бид хоёрын хооронд нэг адууны авлага байгаа билүү гэхэд чи надаас юу авах гээд байгаа юм бэ гээд ам руу салаавч өгөхөөр нь нэг цохиод унагаасан. Би цохисноо хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу. Тэр үед Нямсүрэн эгч гарч ирээд ор ор гээд намайг оруулсан. Дараа нь би гэртээ байж байтал цагдаа ирсэн, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлнө, цаашид бие биендээ муу зүйл саналгүй эвтэй байж чадна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Өвгөнхүү мэдүүлэхдээ: ... Өмнө нь сурын холбооны тэргүүнээр намайг тавих гээд байхад би болохгүй гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр тамга, тэмдгээ өгөх гээд л тэр сурын харвааны хурал руу явсан юм. Тэгээд л энэ хэрэг болчихлоо. Туулгазар намайг биеэ хянах чадваргүй байхад нэг цохиж унагасан. Тэгэхэд миний бүх шүд унаад, толгой тархи хавдаад, хавирга сүвээ гэмтсэн. Энэ нэг удаагийн цохилтоос биш гэж би бодож байна. Тэр үед гэрч гарч ирээгүй байсан бол би өдийд алуулах байсан. Ухаан алдсан хүнийг л цохиж балбаад байсан. Тэр бор морь энэ хүнд хамаагүй. Би энэ хүний гараас хүлээж аваагүй. Нөгөөтэйгүүр мөрдөн байцаагч бид хоёрыг эвлэрэхийг санал болгосон. Би архи ууснаасаа болж өөртөө болоод хүнд гай болчихлоо гэж хэлсэн. Тэгээд миний шүдийг л хийлгээд өг. Тэгээд л дуусгая гэж хэлсэн. Ер нь энэ хэрэг бид хоёрын хоёулангаас нь болсон асуудал. Би өөрийн төрөлхийн эд эрхтэнээсээ бүрэн салсан. Шүд хийлгэхдээ учиргүй үнэтэй шүдийг нь би хийлгэхгүй. Би бодит судалгаа хийгээд үзэхэд 1,000,000 төгрөг л болж байсан. Тийм болохоор дээрхи мөнгийг нэхэмжилж байна. Гэхдээ хэрэгт нотлох баримт гаргаж өгөөгүй байгаа. Миний хохирол төлбөрийг Ц.Туулгазар төлнө, цаашид бие биендээ муу зүйл санахгүй явж чадна гэж шүүх хуралд мэдүүлж байгаа тул би гомдол саналгүй, ялыг нь хөнгөрүүлж өгнө үү гэв.

            Мөрдөн байцаалтанд хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Өвгөнхүү мэдүүлэхдээ: ... Би  2016 оны 07 дугаар сарын 01-ний Дэнж дээр сур харваж байгаа хэдэн хүн дээр очсон юм. Тэгээд тэнд байж байхдаа аймгийн сурын аварга шалгаруулах тэмцээний талаар ярилцаж байгаад Туулгазартай маргалдаж маргаан гарсан. Тэгээд Туулгазар бид хоёр маргалдаад тэндээс гарч явсан. Тэгээд гадаа гараад Туулгазар намайг гудамжинд гаргаад маргалдаж байгаад миний нүүр лүү цохьсон. Тэгээд би ухаан балартаад унасан чинь дээрээс нүүр нүдгүй нүдэж зодож байтал манай бэргэн эгч Нямсүрэн гарч ирж салгасан. Намайг салгаж авах гэж байхад наадахыг чинь гүйцээчихье, алчихъя гэж байсан. Мөн надаас салгаад холдсон чинь чамайг гэрт чинь очиж алнаа гэж заналхийлсэн нь миний сэтгэл санаанд асар их хэмжээний цочрол дарамт үүссэн. Иймд Туулгазар гэх хүнд гомдолтой байна. Мөн би Туулгазараас шүд хийлгэхэд шаардлагатай дундажаар бодоход 1,000,000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 6-7 дугаар хуудас/

           Мөрдөн байцаалтанд гэрч Т.Нямсүрэн мэдүүлэхдээ: ... Хэдний өдрийг нь санахгүй байна. Гэрийнхээ гадаа гарсан чинь Өвгөнхүү газар хэвтчихсэн хамар амнаас нь цус гарсан байдалтай байсан. Туулгазар хажууд нь зогсож байсан. Тэгэхээр нь би Туулгазарыг ингэж нэгийгээ зодож болохгүй гэж хэлээд гэртээ дагуулаад орсон. Өвгөнхүү хэвтээд үлдсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 8 дугаар хуудас/

           Мөрдөн байцаалтанд Ц.Туулгазар мэдүүлэхдээ: ... Би эгчийндээ оччихоод эргээд гэртээ харих гээд явж байтал Өвгөнхүү, Орлом эгчийн гадаа хаалга нүдээд зогсож байсан намайг хажуугаар нь өнгөрөөд явах гэсэн чинь Өвгөнхүү намайг хөөе гэж дуудаад бид хоёр маргалдаад байж байсан чинь Орлом эгч гэрээсээ гарч ирээд бид хоёрыг та хоёр маргаад яах вэ манайд ор гэж гэртээ оруулсан. Орлом эгчийнд орсон чинь тэднийд 2-3 хүн архи тойруулаад сууж байсан. Би тэр үед хийж өгсөн архинаас нь нэг татчихаад явлаа гэж гарсан чинь Өвгөнхүү араас гараад ирсэн. Тэгээд Өвгөнхүү надаас хэрүүл өдөөд чи пязда минь сурын холбооны тамга, тэмдэг аваад тэргүүн болчихоод томроод байна уу гэхлээр нь би тэр тамга, тэмдгийг нь авбал ав гэж хэлсэн. Тэр үед би Өвгөнхүүд чи ер нь надад нэг адууны өр байгаа даа гэж хэлсэн чинь чи надаас юу авдаг юм гээд миний нүүр лүү цохиод авсан тэгэхлээр нь би зөрүүлээд өөрийнх нь нүүр лүү нь баруун гараараа нэг цохьсон чинь Өвгөнхүү газар унасан тэгээд босч ирээгүй би нэмж цохиж зодоогүй. Тэр үед Нямсүрэн эгч гэрээсээ гарч ирж таараад бид хоёрыг боль гэж хэлээд намайг гэр лүүгээ аваад орсон. Би тэднийд хэсэг сууж байгаад гараад ирсэн чинь Өвгөнхүү явчихсан байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 17 дугаар хуудас/. 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн №157 тоот  дүгнэлтэнд:

                 1. С.Өвгөнхүүгийн биед хамрын нуруу, доод уруулын дотор салстад язарсан шарх. Дээд үүдэн зүүн 2,3-р шүд булгарч унасан, баруун 2-р шүд хөдөлгөөн орсон, зүүн хацар, цээжний баруун тал, баруун ташаанд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

                 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                 3. Дээрх гэмтэл нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр бусдад зодуулснаар үүсгэгдсэн байх боломжтой.

                 4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонги алдагдуулна./ ХХ-н 10-р хуудас/

          Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 22 дугаар хуудас/, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Сэлэнгэ аймаг Мандал сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 21 дүгээр хуудас/, 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №41 тоот Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн Шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 25-28 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ц.Туулгазар нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 20 цагийн орчим иргэн С.Өвгөнхүүг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг Хайлаастын гудамжинд зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан  хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмыг хангасан, тэднийг байцаахдаа хууль зөрчөөгүй, хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, мөн шинжээчийн дүгнэлт нь хууль ёсны, үндэслэл бүхий эргэлзээгүй байна гэж үзэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Ц.Туулгазар нь тодорхой сэдэлттэй буюу хувийн таарамжгүй харьцаанаас болж хохирогч С.Өвгөнхүүгийн нүүрэн тус газар гараараа цохиж зодсоноос түүний биед хамрын нуруу, доод уруулын дотор салстад язарсан шарх. Дээд үүдэн зүүн 2,3-р шүд булгарч унасан, баруун 2-р шүд хөдөлгөөн орсон, зүүн хацар, цээжний баруун тал, баруун ташаанд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн гэмтэл бие махбодид нь учруулсан буюу түр хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна. Прокуророос энэ зүйл ангиар хэргийг зүйлчлэн шүүхэд ирүүлсэн нь тохирсон байна.

Шүүгдэгч Ц.Туулгазарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн №41 тоот Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан байх ба энэ хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй нь Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялтайд тооцох хугацаа дууссан байх тул анх удаа гэмт хэрэг їйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Туулгазар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзаж шүүгдэгчид хуульд заасан хэмжээгээр торгох ялаар шийтгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Өвгөнхүү нь шүд хийлгэхэд шаардлагатай дундажаар бодоход 1000000 төгрөг Ц.Туулгазараас нэхэмжилж байна гэсэн боловч хавтаст хэрэгт хохирлын нотлох баримт авагдаагүй учир шийдвэрлэх боломжгүй байна. Харин энэ гэмтлийн улмаас учирсан болон цаашид эмчлүүлэхэд гарсан зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Туулгазар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Оорцог овогт Цэндийн Туулгазарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Туулгазарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 /есөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар Ц.Туулгазар нь торгох ялаас ноцтойгоор зайлхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг  анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, Ц.Туулгазар  нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Өвгөнхүү нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлийг цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардалаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Туулгазарт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт  зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.    

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.