Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 201/МА2017/00038

 

    Э.Юын нэхэмжлэлтэй, Хэрлэн сумын

    ... дугаар цэцэрлэгт холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Я.Алтаннавч, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, нэхэмжлэгч Э.Ю, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч байгууллагын төлөөлөгч А.Т, хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 138/ШШ2017/00965 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тгийн давж заалдах гомдлоор Э.Юын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын ... дугаар цэцэрлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 11 сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Э.Ю шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2016 оны 3 сард ажлаас үндэслэлгүй халагдаж тус шүүхээр гомдол гарган ажилдаа эгүүлэн тогтоогдсон боловч шүүхийн шийдвэрийг шат шатны шүүхэд эсэргүүцэн гомдол гаргасаар байж 2017 оны 1 сарын 15-нд ажилдаа орсон. Тэр үеэс эхлэн намайг авахгүй 10 хоног хүлээлгэсэн. Ажилгүй байсан хугацааны цалингаа шүүхэд нэхэмжилснийг татаж ав байгууллагын нэр хүнд унагалаа гэж дарамталж, манай өмгөөлөгч хүртэл очиж уулзаж байсан. Ажилгүй байсан хугацааны мөнгийг гурван жилийн дотор төлнө гэж хуваарь хийж үүнийг зөвшөөр, тэгэхгүй бол чиний мууг чинь үзэх болно гэж заналхийсэн. Тэгээд цэвэрлэгээ хийсээр байхад цэвэрлэсэнгүй, дөнгөж цэвэрлээд дэвсгэр даавуугаа толийлгоод байхад хүүхдүүд цувж гараад үрчийлгэсэн байхад хүртэл намайг цэвэрлэсэнгүй гэдэг. Мөн 00-ын өрөө цэвэрлэчихээд байхад цустай ариун цэврийн хэрэглэлээ зориуд ил хаяж усаа татахгүй орхисон байдаг. Энэ байдлыг даргад хэлэхэд чиний хийх ажил гэдэг. Ямар ч үндэслэлгүй зүйлд арга хэмжээ авдаг. Надад нэг удаа цалингийн 20 хувиар арга хэмжээ авсныг цалингаа авах үед мэдсэн. Энэ талаараа өмгөөлөгчид хэлэхэд шүүхэд хандаж болно гэсэн боловч бас л шүүхээр явлаа гэх болов уу гэж бодоод аймгийн засаг даргад хандаж гомдол гаргасан. Уг гомдолд цэцэрлэгт байгаа хариуцлагагүй асуудлыг бичсэн боловч ЗДТГазраас ирсэн А нь шалгаад надтай уулзахгүйгээр эцэст нь миний эсрэг шийдвэр гаргаж тойрон хүрээлэгчдийн үгээр шийдсэн. Намайг ажилчдын хуралд ороход утастай эсэхийг шалгаж нэгждэг. Ажлын цагаар утсаар ярихыг хориглосон болохоор утсаа цүнхэндээ байлгадаг. Надад 4 сарын 28-ны өдрийн хурлаар миний тухай хэлэлцээгүй байж надад сахилгын арга хэмжээ авсан байсныг 5 сард цалин буухад миний цалин дутуу орохоор нь нягтлангаас яагаад цалин дутуу орсныг асуухад 20 хувиар арга хэмжээ авсныг мэдсэн. Энэ үед дөрвөн сард сануулах арга хэмжээ авсныг мэдсэн. Надад арга хэмжээ авч байгаа талаар танилцуулаагүй, тушаалуудаа өгдөггүй. 6 сард тайлан хамгаалах талаар надад мэдэгдээгүй. Би хийсэн ажлынхаа талаар бичиж өгсөн. Түүнийг хангалтгүй гэж дүгнэсэн байсан. Намайг удаа дараа сахилгын арга хэмжээ авагдсан, тайлан хангалтгүй гэсэн үнэлгээ авсан гэж 6 сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гаргасан тушаалыг авсан. Миний хувьд хийх ёстой ажлаа зохих ёсоор хийж, цэвэрлэх ёстой хэсгээ байнга цэвэрлэж байдаг. Намайг ажлаа хийсээр байхад нярав Т, эмч Г нар нь хийгээгүй байна гэдэг. Миний хувьд ямар зөрчил дутагдал гаргаснаа мэдэхгүй, намайг хов жив ярьлаа, ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргасан, өөрийн байгууллага хамт олны нэр хүндийг унагасан буруу ташаа мэдээлэл тараасан нотлогдсон гэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд хамт олонтойгоо ойр дотно байхыг хүсдэг боловч надтай ярьж ойр байсан хүнд арга хэмжээ авдаг учир хүмүүс надаас хол байдаг. Цэцэрлэгийн эрхлэгч А нь миний өмнөх шүүхийн шийдвэрээр гарсан ажилгүй байсан хугацааны цалин 2,4 сая төгрөг авахаас сард 67000 төгрөг л өгч байхаар тохиролцсон нь миний амьдралд хүндээр тусч байгаа. Би банканд цалингийн зээлтэй байсан учир цалинг минь шууд авдаг. Ажилгүй байсан хугацааны цалингаа аваад төлөгдөөгүй цалингийн зээлээ бөөнд нь төлнө гэж амласан боловч бүтээгүй энэ мэтээр намайг байнга хясан боогдуулж байсан. Намайг ажиллах хугацаанд ажилчдын хурал дөрвөн удаа хийсэн. Ажилчдын хурлаар ямар ч асуудалгүй байхад ямар нэгэн зүйлийг гаргаж миний тухай ярьдаг, үүнд нь тайлбар хийхэд ийм л хүн шүү дээ ёс суртахуунгүй гэж байнга хэлдэг. Ийм байдлаар эрх мэдлээ ашиглан зориуд гүтгэн гүжирдэж арга хэмжээ авч эцэст нь сахилгын арга хэмжээ давтан гаргасан, ажлаа муу дүгнэгдсэн хэмээн халлаа. Миний ажлыг дүгнэдэг хүн арга зүйч О, дарга А нар юм. Иймээс ажлаас үндэслэлгүй халагдлаа гэж үзэж гомдолтой байгаа тул ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч А.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Юын гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Юыг цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 6 сарын 30-ны өдрийн Б/16 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 38.1.2, 40.1.4, байгууллагын дотоод журмын 3.5, 6.2, 6.2.10, хөдөлмөрийн гэрээний 6.2.4, 6.2.9, байгууллагын хагас жилийн ажил дүгнэх комиссын дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргаж ажлаас халсан. Э.Ю нь 2017 оны 1 сарын 13-ны өдөр үйлчлэгчээр хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулан ажиллаж эхэлсэн юм. Э.Ю нь үүрэгт ажилдаа хангалтгүй ханддаг, байнга хов жив хөөцөлдөн байдаг, худал мэдээ мэдээлэл тараадаг, үүрэг даалгавар биелүүлдэггүй, ажил үүргээ биелүүлэх тал дээр байнга асуудал үүсгэдэг, хамт олонтойгоо харилцах харилцаа муу, ажлын байрны тодорхойлолтод заагдсан хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлдэггүйгээс хариуцлага тооцуулан хуульд зааснаар сахилгын зөрчил давтан гаргасан. Ажиллаж байх хугацаандаа 2017 оны 4 сарын 28-ны өдөр эрхлэгчийн тушаалаар Хөдөлмөрийн хууль болон байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, хамт олны хурлын 2017 оны 4 сарын 28-ны өдрийн шийдвэрийг үндэслэн Хөдөлмөрийн хуулийн 131.1.1-д зааснаар сануулах арга хэмжээ авсан. Гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн нь хяналт шалгалтаар удаа дараа тогтоогдсон, ажлын цагаар зөвшөөрөлгүй ажлаа орхин гарч өөрийн байгууллагын талаар буруу ташаа мэдээлэл өгсөн зөрчил гаргасан нь нотлогдсон бөгөөд энэ тушаалд гомдол гаргаагүй. 2017 оны 5 сарын 16-ны өдрийн 5/11 тушаалаар ХТХ-н 131.1.2-т зааснаар үндсэн цалинг 20 хувиар 2 сарын хугацаагаар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Зөрчил нь байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байран дээрхи ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргаж бусдад ажлын байрны дарамт үзүүлсэн, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн нь байгууллагын дотоод хяналт шалгалтаар байнга давтан дүгнэгддэг, ажлын цагаар ажлаа орхин гарч байгууллага хамт олны нэр хүндийг унагаасан буруу ташаа мэдээлэл тараадаг үйлдэл давтагдсан. Энэ зөрчил нотлогдсон бөгөөд энэ тушаалд гомдол гаргаагүй. Дээрхи зөрчил нь хамт олны хурлаар дандаа шийдүүлж байсан. Зөрчил гаргасан тохиолдолд үүрэг даалгавар өгөхөд биелүүлдэггүй. Боловсролын байгууллагын онцлогоос шалтгаалан хичээлийн жил дуусахад тухайн жилд хийсэн ажлаа тайлагнаж тайлангийн хурлын комиссоор дүгнүүлдэг. Уг комисс нь байгууллагын дотоод журмаар батлагдсан заалт, ажлын төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, багшажилтаны ёс зүйн дүрэм, ур чадвар зэргийг дүгнэн ажиллахаар эрхлэгчийн тушаалаар томилогддог. Тус цэцэрлэгийн өдөр тутамын ажилд эмч, нярав хоёр хяналт тавьж ажилладаг. Түүний дагуу Юд үүрэг даалгавар өгч түүнийхээ биелэлтийг ажил дүгнэх дэвтэрт тэмдэглэж авдаг. Дотоод хяналтын үйл ажиллагааг явуулдаг. Ю нь ажлаа хийдэггүй, ажлаа орхиж явдаг нь цагийн бүртгэлд бичигддэг, хов жив ярьдаг, ажлын тайлан бичилтийг хангалтгүй байсан зэрэг дутагдлууд гаргасан. Юд бичгээр өгсөн зүйл байхгүй. Намайг залуу хүн, шинэ гэж боддог юм уу миний өөдөөс нилээд маргадаг. Хавчиж шахсан асуудал байхгүй. Худлаа хэлж өөрийнхөө алдааг харахгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 138/ШШ2017/00965 дугаар шийдвэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Юыг Хэрлэн сумын ... дугаар цэцэрлэгийн үйлчлэгчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шивэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч Хэрлэн сумын ... дугаар цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, ...шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч А.Т давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 138/ШШ2017/00965 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч байгууллагын төлөөлөгч А.Т, өмгөөлөгч Д.Урансувд бид гомдол гаргаж байна.

... Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлээ тайлбарлахдаа сахилгын шийтгэл оногдуулсан тушаалуудыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасан сахилгын нэг зөрчилд сахилгын төрлийн шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэж хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл дээрх тушаалуудад дурдагдсан Э.Юын гаргасан гэх зөрчлүүд нь давтагдаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн Хөдөлмөрийн хуулийн 129 дугаар зүйлийн 129.1-д зааснаар “... эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заажээ. Гэтэл хариуцагч Хэрлэн сумын ... цэцэрлэгийн эрхлэгч Г.Аын гаргасан дээрх тушаалуудын цаг хугацаанаас үзвэл нэхэмжлэгч Э.Ю нь сахилгын шийтгэл оногдуулах арга хэмжээ авагдсан тушаалд гомдол гаргах боломж олгогдоогүй байгаа нь түүний хуульд заасан гомдол гаргах эрхээ эдлэх боломжийг олгоогүй байна гэж үзжээ. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Нэгдүгээрт, Хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулжээ гэдгийг ойлгомжгүй тайлбарлажээ. Э.Юд эхлээд буюу 04 сарын 28-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Гэхдээ хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн нь хяналт шалгалтаар удаа дараа тогтоогдож, ажлын цагаар зөвшөөрөлгүй ажлаа орхин гарч өөрийн байгууллагын талаар буруу ташаа мэдээлэл өгсөн тул сахилгын арга хэмжээ авсан. Байгууллагын дотоот хяналт шалгалт, чиг үүргийнхээ дагуу шалгасан албан хаагчийн шалгалтаар ажил үүргээ хангалтгүй хийдэг зөрчил гаргасан байгаа хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Байгууллагын талаар буруу ташаа мэдээлэл өгсөн болохыг хамт олны хурлаар хэлэлцсэн. АЗДТГ-т гаргасан гомдлынх нь дагуу БСУГ-с шалгалт хийгдээд гаргасан гомдлыг үндэслэлгүй гэсэн байгаагаас харахад тодорхой байна. Сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээг авахдаа хамт олны хурлаар нээлттэй хэлэлцэн шийдвэрлэсэн. Дараагийн арга хэмжээ нь 05 сарын 16-ны өдрийн Б/11 тоот тушаалаар цалинг 20 хувиар 2 сарын хугацаагаар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх 2 тушаалаар авагдсан шийтгэлийн хэлбэр нь давхардаагүй, 2 өөр шийтгэлийн хэлбэр болох юм. ...Энэ байдлаас харахад шийтгэлийн хэлбэр давхардуулаагүй, гаргасан зөрчлийн хувьд нэг зөрчил дээр давхар шийтгэл ногдуулаагүй байтал шүүх хэргийн үйл явдал бодит нөхцөл байдлыг зөв дүгнэж чадаагүй учраас хуулийг буруу тайлбарлахаас гадна нотлох баримтыг үнэлэхдээ алдаатай дүгнэлт хийсэн. ...

Хоёрдугаарт: Гомдол гаргах хугацаа олгоогүй гэдгийг буруу тайлбарласан байна. Э.Ю нь сахилгын шийтгэл 2 удаа оногдуулсан болохыг хамт олны хурлаар орохдоо мэдсэн, мөн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа сахилгын шийтгэл оногдуулсан болохоо мэддэг. Энэ 2 тушаалд гомдлоо гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.1-д заасан эрх зүйн ойлголт нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар зохицуулсан. Эрхээ эдлэх, эс эдлэх асуудал хөндөгдсөн хүний өөрийнх нь шийдэл. Хууль мэдэхгүй явдал нь хөөн хэлэлцэх хугацаа дуусахад нөлөөлөхгүй. Гэтэл үүнийг шүүхээс тайлбарлахдаа гомдол гаргах хугацаа олгоогүй буюу эрхийг нь эдлүүлээгүй гэж буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Ер нь шүүх нотлох баримтыг үнэн зөвөөр бүрэн дүүрэн үнэлж чадаагүй, тийм ч учраас шийдвэрийг гаргахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Ажилтан Э.Ю нь ажил олгогч Дорнод аймгийн Хэрлэн сумын ... дугаар цэцэрлэгт холбогдуулан “ Ажилд эгүүлэн тогтоолгох “ тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгуулллага эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Ажилтан Э.Юын шүүхэд гаргах гомдлын хугацаа нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасантай нийцэж байна.

Ажил олгогч Дорнод аймгийн .. дугаар цэцэрлэгийн эрхлэгч 2017 оны 06 сарын 30-ны өдөр Б/16 дугаар тушаалаар үйлчлэгч Э.Ютай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын дотоод журмын 3.5, 6.2, 6.16.10, хөдөлмөрийн гэрээний 6.2.4, 6.2.9, байгууллагын хагас жилийн ажил дүгнэх комиссын дүгнэлтийг үндэслэл болгожээ. / хх-ийн 5 дахь тал /

Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт нь зохигчдын хооронд үүссэн маргаанд хамааралтай тул ажил олгогчийн тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтад нийцсэн эсэхийг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол” ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалж болохыг зохицуулсан ба ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах /ажилтан ажлаас халах/ үндэслэлээ “ сахилгын зөрчил давтан “ гаргасан гэж үзжээ.

Ажил олгогч 2017 оны 04 сарын 28-ны өдөр Б/08 дугаар тушаалаар ажилтан Э.Юыг “хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн нь хяналт шалгалтаар удаа дараа тогтоогдсон, ажлын цагаар зөвшөөрөлгүй ажлаа орхин гарч өөрийн байгууллагын талаар буруу ташаа мэдээлэл өгсөн нь нотлогдсон“ гэж сануулах сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, байгууллагын дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.3.1, 6.12.1, 6.12.2, 6.12.3, хөдөлмөрийн гэрээний 5.5, 7.1, 2017 оны 04 сарын 28-ны өдрийн багш ажилчдын хурлын тэмдэглэлийг үндэслэл болгожээ. / хх-ийн 39 дэх тал /

Мөн ажил олгогч 2017 оны 05 сарын 16-ны өдөр Б/11 дугаар тушаалаар ажилтан /үйлчлэгч/ Э.Ю байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, багш ажилчдын ёс зүйн дүрэмд заагдсан ажлын байран дээр ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргаж бусдад ажлын байрны дарамт үзүүлсэн нь нотлогдсон, мөн байгууллага хамт олны нэр хүндийг унагасан, буруу ташаа мэдээлэл тараадаг үйлдэл нь давтагдаж байгаа учраас үндэсэн цалинг 20 хувиар 2 сарын хугацаагаар бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, байгууллагын дотоод журмйн 6 дугаар зүйлийн 6.12.1, 6.12.2, 6.12.3, хөдөлмөрийн гэрээний 5.5, 7.1, цэцэрлэгийн багш ажилчдын ёс зүйн дүрмийн 5.5, 5.7, 5.12, 2017 оны 05 сарын 16-ны өдрийн багш ажилчдын хурлын тэмдэглэлийг үндэслэл болгосон байна. / хх-ийн 40 дэх тал /

Ажилтан Э.Ю нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед “надад 2017 оны 04 сарын 28-ны өдөр сануулах сахилгын шийтгэлийн арга хэмжээ авсан гэдгээ мэдээгүй, тушаалаа танилцуулаагүй, 6 сард тайлан хамгаалах үед би байгаагүй. Дараа нь би хийсэн ажлынхаа талаар тайлан бичиж өгснийг хангалтгүй гэж дүгнэсэн байсан“ гэж тайлбар гаргасныг ажил олгогч тал нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан ажил олгогчийн 2017 оны 04 сарын 28-ны өдрийн багш ажилчдын хурлын тэмдэглэл, ажилчдын цэвэрлэгээ үйлчилгээний бүртгэл гэх баримтуудаар ажилтан /үйлчлэгч/ Э.Юыг Б/08 дугаар тушаалд дурдсан “хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн нь хяналт шалгалтаар удаа дараа тогтоогдсон, ажлын цагаар зөвшөөрөлгүй ажлаа орхин гарч өөрийн байгууллагын талаар буруу ташаа мэдээлэл өгсөн“ зөрчил гаргасан нь нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-ийн 134-137, 145-151 дүгээр талууд/

Учир нь ажилтны гаргасан зөрчил нь баримтаар тогтоогдсон байх шаардлагатай. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж дүгнэн түүнийг үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалттай нийцэж байна.

Иймд хариуцагч Хэрлэн сумын .. дугаар цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Хариуцагч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын .. дугаар цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 138/ШШ2017/00965 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хэрлэн сумын .. дугаар цэцэрлэг давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Л.НАРАНБАЯР

                ШҮҮГЧИД                                                             Я.АЛТАННАВЧ                                                                                                                                                      З.ЭНХЦЭЦЭГ