| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2017/03355/И |
| Дугаар | 183/ШШ2018/00130 |
| Огноо | 2018-01-16 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 183/ШШ2018/00130
| 2018 оны 01 сарын 16 өдөр | Дугаар 183/ШШ2018/00130 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Б эхэмжлэлтэй,
Хариуцагч: Эм ХХК -д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шийтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Чогчмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э ХХК -тай 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, Ховд аймгийн Цэцэг суманд байрлах, Хөшөөтийн уурхайд кемп зохион байгуулагч, түлшний няравын албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. Ажил үүргээ хэвийн хийж, гүйцэтгэж байхад 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Цагдаагийн хэлтсийн ахлах дэслэгч н.С гэгч манай кемп дээр ирж, танай байгууллагаас түлшний хулгайн гэмт хэргийн талаар гомдол гарсан. Таниас тайлбар авах хэрэгтэй байна гэж хэлээд тайлбар авсан. Нэр бүхий хүмүүсийг Ховд аймгийн Булган суманд байрлах Цагдаагийн хэлтэст дагуулан очиж, 7 хоног байцаалт авсан. Миний бие 14 хоног ажилллаж, 14 хоног амардаг бөгөөд байцаалт авах гэж манай кемп дээр ирэх үед нь миний амрах хугацаа болж байсан учир 7 хоног Булган суманд байцаалт өгөөд өөрийн зардлаар Улаанбаатар хотод ирсэн. 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатараас кемп байрлах Ховд аймагт ирэхэд ХАБЭ ажилтан н.Н бид хоёрыг ажиллуулахгүй гэсэн шийдвэрийг Хүний нөөцийн ажилтан н.Б хэлсэн. Тухайн үед нь байцаагч н.С-ээс хэргийн талаарх байдал болон ажиллуулахгүй байгааг хэлэхэд ажлаа хэвийн хийх ёстой. Цагдаагийн байгууллагаас та бүгдийг гэм буруутай гэсэн шийдвэр гараагүй байна гэсэн хариу өгсөн. Энэ талаараа хүний нөөцийн менежерт хэлэхийг гуйсны дагуу н.С байцаагч хүний нөөцийн менежер н.Б-т хэлсэн боловч манай байгууллага дотооддоо шийдсэн асуудал гэсэн хариу өгсөн. Үүссэн нөхцөл байдлаас хойш ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй. Тодруулахаар хүний нөөцийн ажилтан н.Батцэцэгийн утас руу залгасан боловч нэг ч хариу өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулиар албан тушаал түдгэлзүүлэхэд эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй бөгөөд шалгагдаж байх хугацаанд албан тушаал түдгэлзүүлэх эрх зүйн үндэс үүсээгүй гэж үзэж байна. Мөн намайг эрүүгийн хэрэгт холбогдсон талаарх нотлох баримт хавтас хэрэгт байхгүй байна. 2016 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээ өнөөдрийг хүртэл сунгагдаж байгаа гэж ойлгож байна. Хэрвээ хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бол яагаад ажил эрхлэхийг түдгэлзүүлээд байгаа юм бэ. Эдгээрээс харахад С ХХК -тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй байна. Иймд намайг өмнөх ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Миний бие 2017 оны 5 дугаар сарын 20-ныг хүртэл ажилласан ба надад 5 сарын цалинг өгсөн боловч буцаагаад татаад авсан. Иймд 2017 оны 5 дугаар сараас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус компанитай туршилтын 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан, Ховд аймгийн Цэцэг суманд байрлах, Хөшөөтийн уурхайд кемп зохион байгуулагч, түлшний нярвын албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон. Э ХХК нь Моннис ХХК-ийн охин компани юм. Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т... дадлагажих хугацаа дуусахаас өмнө эсхүл дадлагажих хугацаа дууссаны дараа ажилтныг жинхлэх бөгөөд ажилтантай байгуулсан гэрээг дуусгавар болгон шинээр байгуулна гэж заасан. С.Б нь манай компанийн дэд захирлаар дамжуулан ажилд орсон учраас ажилд хариуцлагатай хандах байх гэдэг үүднээс түлшний нярвын албан тушаалд томилж, улмаар үргэлжлүүлэн ажиллуулсан. 2017 оны 5 дугаар сард Хөшөөтийн уурхайд түлшний хулгай гарсан мэдээлэл манай байгууллагад ирсэн учраас бид холбогдох журмаар шалгаад Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Ингээд Цагдаагийн байгууллага гомдлын дагуу шалгалт хийж, холбогдох хүмүүсээс байцаалт авсан. Үүний үндсэн дээр удирдлагууд түлшний хулгайд холбогдох Хөдөлмөр аюулгүй байдлыг хариуцсан мэргэжилтэн н.Н, түлшний нярав С.Б нарыг уурхай руу нэвтрүүлэх хэрэггүй гэсэн зааварчлагаа өгсөн байдаг. Э ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар С.Н, С.Б нарыг ажлаас нь түдгэлзүүлсэн, мөн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан. Дотоод аудит ороод судалж байгаа учраас цаашид ажиллуулах шаардлагагүй гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгийг үндэслэн дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Эм ХХК -д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шийтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
С.Б Эм ХХК -тай 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг дуустал туршилтын 3 сарын хугацаатай L/16/22 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, Ховд аймгийн Цэцэг суманд байрлах, Хөшөөтийн уурхайд түлшний нярав, кемпийн зохион байгуулагчаар ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.Б нь намайг ажил үүргээ хэвийн хийж, гүйцэтгэж байхад түлшний хулгай гарсан, холбоотой байж болзошгүй гэх Э ХХК -ийн гомдлоор 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Цагдаагийн хэлтсээс байцаагч ирж, тайлбар авсан, хөдөлмөрийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулж, хугацаа дууссан боловч гэрээг цуцлаагүй, үргэлжлүүлэн ажиллуулсан, гэтэл гэрээний хугацаа дуусаагүй, хулгайн хэрэгт холбогдсон гэх талаарх баримт байхгүй байхад ажил эрхлэхийг түдгэлзүүлсэнд гомдолтой, иймд өмнөх ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 5 дугаар сараас шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин олговрыг гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагаа дэмжиж байна.
Харин хариуцагч Э ХХК 2017 оны 5 дугаар сард Хөшөөтийн уурхайд түлшний хулгай гарсан мэдээлэл байгууллагад ирсэн учраас Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, гомдлын дагуу шалгалт хийсэн, мөн дотоод аудит орж, судалсан учраас цаашид ажиллуулах шаардлагагүй гэж үзсэн, тэгээд ч хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, удирдлагаас С.Б-ыг ажлаас нь түдгэлзүүлсэн тушаал гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Э ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 49 дүгээр тушаалд... С.Б нь ажил үүрэгтэй нь холбогдуулан олгосон эрх хэмжээг хэтрүүлэн компанид хохирол учруулж, түлшний хулгайд сэжиглэгдэн шалгагдаж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 19, 44 дүгээр зүйлд зааснаар эрх бүхий бүхий байгууллагын шийдвэр гарах хүртэл эрхэлсэн тодорхой ажлыг түр хугацаагаар түдгэлзүүлнэ гэж зааснаар С.Б-ыг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс албан тушаал эрхлэхийг түр түдгэлзүүлсүгэй гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т ... “Хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтны тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно” гэж заасан байна.
Ажил, албан тушаал эрхлэхийг түр түдгэлзүүлэх зохицуулалтыг ажил олгогч шууд өөрөө хэрэглэдэггүй, бусад хууль тогтоомжоор эрх олгосон байгууллага, түүний зохих албан тушаалтнаас хуулиар урьдчилан заасан үндэслэл, журмын дагуу ирүүлсэн шийдвэр, тогтоолыг үндэслэн ажил, албан тушаал эрхлэхийг түр түдгэлзүүлэхээр заасан байхад Эм ХХК -ийн гүйцэтгэх захирал нь эрх олгосон байгууллага, түүний албан тушаалтны шийдвэр, тогтоолгүйгээр С.Б-ын ажлыг түр хугацаагаар түдгэлзүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалттай нийцэхгүй байна.
С.Б-ыг ажил үүрэгтэй нь холбогдуулан олгосон эрх хэмжээг хэтрүүлэн компанид хохирол учруулж, түлшний хулгайд сэжиглэгдэн шалгагдаж байгаа гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлаж байх боловч тэр талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, баримтаар тогтоогдохгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т...Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай ба хугацаагүй байна, 23.3-т... Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасан ба ажил олгогч, ажилтны хооронд 2016 оны 11 дүгээр сарын 24-нөөс 2017 оны 02 дугаар сарын 24-нийг дуустал туршилтын 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, дээрх гэрээний хугацаа дууссан боловч үргэлжлүүлэн ажиллуулсан нь зохигчдын тайлбар болон бусад баримтаар тогтоогдож байх тул ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
Хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, С.Б-ын ажлыг түр хугацаагаар түдгэлзүүлсэн, цаашид ажиллуулах шаардлагагүй гэж үзсэн гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд ажилтныг ажил олгогчийн санаачлагаар ажлаас халсан талаар ямар нэгэн тушаал шийдвэр гараагүй байх тул С.Б-ыг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэх үзэхгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэлэлцэхгүй, ажил олгогч Э ХХК ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэйг дурдах нь зүйтэй.
Харин түдгэлзүүлэх шийдвэрийг эрх бүхий этгээд үндэслэлгүй гаргасан байх тул С.Б-ын ажилгүй байсан хугацаа 2017 оны 5 дугаар сарын 01-нээс 2018 оны 01 дүгээр сарын 16 хүртэлх 8 сар, 12 хоногийг үндсэн цалин 800.000 төгрөгөөр тооцож /800.000х8сар/=6.400.000 төгрөг, /800.000:21.5х12хоног/=446.511 төгрөг, /6.84pg00.000+446.511/=6.846.511 төгрөгийг Э ХХК -иас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул С.Б-ын цалин олговроос шийтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл” тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчид хууль тогтоомжид заасан улсын тэмдэгтийн хураамжийг хариуцуулах нь зөв байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Э ХХК -иас 6.846.511 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Бт олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар дээрх олговроос шийтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Б улсын тэмдгийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Эм ХХК -иас 124.494 төгрөгийг гаргуулж улсын төсвийн дансанд оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН