Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, Улсын яллагч Б.*******, Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.******* /цахим/, Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******аас Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.*******д холбогдох 2123001330166 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 01-нд Говь-Алтай аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн сумын багт оршин суух хаягтай, овогт *******ын *******, регистрийн дугаар *******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.******* нь Завхан аймгийн сумын багийн нутаг “Цахирын өвөр” гэх газраас 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр иргэн Р.*******гийн өмчлөлийн хүрэн азаргатай 7 тооны адууг хулгайлж 4,250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч М.*******гийн холбогдсон уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч М.******* нь Завхан аймгийн сумын багийн нутаг “Цахирын өвөр” гэх газраас 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр иргэн Р.*******гийн өмчлөлийн хүрэн азаргатай 7 тооны адууг хулгайлж 4,250,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: - Мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, мал, амьтан хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл болон тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-18-р хуудас/, - Хохирогч Р.*******гийн “...2019 оны хавар 4 дүгээр сарын сүлээр адуундаа явсан. Тэгээд адуугаа хайгаад олохоо байсан. Хүрэн азарга зөв талын гуян дээрээ чандмань, мөн зөв хаан дээрээ бүдэг б үсгэн тамгатай, сартай халтар гүү зөв гуян дээрээ нэмэх /+/ тамгатай, сартай халтар гүү зөв гуян дээрээ сартай дормон тамгатай, халиун гүү зөв гуян дээрээ ширээтэй саран тамгатай, сартай хүрэн байдас зөв талын гуян дээрээ б үсгэн тамгатай, хээр байдас зөв талын гуян дээрээ сартай дормон тамгатай, хар саарал унага тамга байхгүй байсан. Тэгээд би адуугаа хайгаад сумын 3-р багийн айл өрхүүдээр болон , , , , зэрэг сумын айл өрхөөр тухайн алдсан адуугаа хайж явсан. Алдсан 7 тооны адуугаа олчихвол, надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-25-р хуудас/, - Гэрч Ж.гийн “...Р.******* нь адуугаа алдчаад надаас сураглаж байсан. *******гийн адуу сумын багийн Цахирын өвөр мөн Таван ламын худаг гэх газраар байдаг байсан. Тэдний адуунууд “б” үсгэн тамгатай, мөн дормон тамгатай охин голдуу залуу адуунууд байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28-р хуудас/, - Гэрч Б.*******ын “...Р.*******гийн адуу 2019 оны хавар сумын багийн нутаг Таван лам, Цахир гэх газар нутаглаж байсан. Тэдний адуу нь зөв талын гуян дээрээ ширээ 2 онги тамгатай. 2019 оны хавар Р.******* адуугаа алдчихаад надаас сураглаж байсан. Би тэр алдагдсан 7 тооны адууг харвал зүс болон тамгаар танина.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/, - Гэрч Ж.ын “...Барагцаагаар 2-3 жилийн өмнө Говь-Алтай аймгийн Гуулин тосгоны нутаг Тохойн гол гэдэг газар намаржиж байхдаа ******* гэдэг хүнээс 2 гүү худалдан авсан. Тухайн үед ******* “ахаа би наймаанд хэдэн адуу аваад ирлээ. Нэг азаргаараа 7 ширхэг адуу сольчихлоо, мөнгөний хэрэг гараад байна, 2 ширхэг гүү худалдаад аваач” гэж хэлэхээр нь би худалдаж авсан юм. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. *******тай уулзаж тохиролцсон байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-37-р хуудас/, - Шүүгдэгч М.*******гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 05 сарын эхээр байх, одоо өдрийг нь сайн санахгүй байна. манайх хэдэн адуу алдаад олдохгүй байсан юм. Тэгээд Завхан аймгийн сум руу манай адуутай адилхан адууны сураг гараад би Говь-Алтай аймгийн Гуулин сумаас мориор Завхан аймгийн суманд 3 өдөр явж ирсэн юм. Тэгээд ирсэн хойно сураг нь гараад байсан адуу бас олдохгүй, би буцахаар болоод буцах замдаа сумын нутагт 7 тооны адуу байхаар нь Говь-Алтай аймгийн Гуулин сум руу туугаад явчихсан юм. Тууж очоод гэдэг ахад 2 гүү, нэг унагатай 3 адууг зарчихсан юм. Үлдсэн 4 адууг нь Улаанбаатар хотоос адуу авч байсан танихгүй хүнд зарчихсан юм. ...Хохирогч Р.*******д хохирлыг нь бүрэн барагдуулсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдол саналгүй тухайгаа мэдэгдсэн байх тул хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, уг мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар, өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчдөг. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан. Шүүгдэгч М.******* нь хохирогч Р.*******гийн 7 тооны адууг 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр хулгайлсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Уг цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан хууль зүйн тайлбарт “олон тооны мал гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно” гэж заасан байна. Иймд прокуророос шүүгдэгч М.*******д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнд дээрх хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох, шунахай сэдэлт, шударгаар хөдөлмөрлөхөөс зайлсхийх санаа зорилго нөлөөлсөн гэж үзэхээр байна. Мөн шүүгдэгч М.******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. - Хохирлын талаар: Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Р.*******гийн өмчлөлийн хүрэн азаргатай 7 тооны адууг хулгайлж 4,250,000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаартай хөрөнгийн үнэлгээчин Т.ийн дүгнэлт /хх-ийн 87-88-р хуудас/-ээр тогтоогдож байна. Шүүгдэгч М.******* нь гэмт хэргийн улмаас хохирогч Р.*******д учруулсан хохирлыг бзрэн төлсөн болох нь хохирогч Р.*******гийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгч М.*******гийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн иргэний нэхэмжлэгч Ж. нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. *******тай уулзаж тохиролцсон байгаа.” /хх-ийн 31-37-р хуудас/ гэсэн байх тул шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Иймд шүүгдэгч М.******* нь бусдад төлөх төлбөргүй байна. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч М.*******г шүүхээс Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус үндэслэл болгов. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч М.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. /хх-ийн 54-р хуудас/ Шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүхээс шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв. Харин шүүгдэгч М.******* нь тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 2 сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг тайлбарлах нь зүйтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч М.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 2 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна. Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч М.*******д “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журамтайг тайлбарласугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч М.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 2 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч М.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ