Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2018/00304

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2018/00304

Улаанбаатар хот

 

                                       

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

                 Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байр, **** тоотод оршин суух, 1979 онд төрсөн, 39 настай, ****** регистрийн дугаартай, **** Ж-ийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, Оргил стадион 22, Моннис бьюлдинг, ***** дугаар давхарт байрлах, ******* регистрийн дугаартай, С ХХК -д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин олговорт 49.210.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ж, түүний өмгөөлөгч М.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Боорчи, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Чогчмаа нар оролцов.

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ  нь:

 

           Нэхэмжлэгч Н.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С ХХК -д ахлах мастераар ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар ажлаасаа халагдсан бөгөөд уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хянан хэлэлцэж, намайг уг албан тушаалаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 7.700.000 төгрөгийг С ХХК -иас гаргуулж шийдвэрлэсэн, Хариуцагч тал шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон Хяналтын шүүхэд гомдол гаргасан боловч хоёр шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. С ХХК  шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар өмнөх шүүхээр шийдвэрлүүлсэн ажилгүй байсан хугацааны 7.770.000 төгрөгийн цалингаа авсан. Харин шүүхийн шийдвэрт тусгасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүйн улмаас хөдөлмөрийн хуульд заасан хөдөлмөрлөх эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх боломжгүй болоод байна. Хариуцагч нь Н.Ж-ийн өмнө нь эрхэлж байсан ажил цомхотгогдсон гэж намайг сэргээн засварлах механикаар ажиллуулах тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь заалтыг зөрчсөн байна.  Учир нь миний ажиллаж байсан ахлах мастер нь G6 зэрэглэл буюу тухайн байгууллагын засварын хэлтсийг удирдаж байсан албан тушаал ба G4 буюу сэргээн засварлагч механикийн албан тушаал нь зэрэглэлийн хувьд буурч байгаа юм. Уул уурхайн салбарт засварын ахлах мастераар ажиллаж хүмүүсийг удирдаж ажиллуулна гэдэг нь нилээд туршлагатай хүний хийх ажил юм. Гэтэл нэхэмжлэгчтэй харилцан тохиролцолгүй сэргээн засварлагч механик буюу G4 зэрэглэлийн албан тушаал бууруулсан байж ажлын санал тавьсан боловч ажиллаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. С ХХК  нь шүүхийн шийдвэрийг үл биелүүлснээс болж, өөр байгууллагад ажиллах боломжгүй хоёр жил гаран болж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг Улсын дээд шүүхийн тайлбарт...  “адил чанарын өөр ажил, албан тушаал” гэдэгт цомхотгогдсон ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил эсхүл ойролцоо түвшингийн ажлын байр, албан тушаалыг ойлгоно гэж заасан. С ХХК  нь үнэхээр Н.Жийн эрхэлж байсан засварын мастерын орон тоо цомхотгогдсон бол түүний өмнө нь эрхэлж байсан ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил эсхүл ойролцоо түвшингийн ажлын байр, албан тушаалыг ажилтан, ажил олгогч харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулж, тушаал гаргах ёстой.  Гэтэл ажил олгогч буюу нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн байна. Ахлах мастерын албан тушаал, сэргээн засварлагч механикийн ажил албан тушаал нь өөр хоорондоо ялгаатай ажлын байр ба хөдөлмөрийн гол нөхцөл өөрчлөгдсөн байхад хөдөлмөрийн гэрээгээ эхэлж ярилгүй, тушаал гаргасан байдаг. Нэхэмжлэгч Дээд шүүхийн тогтоол гарсны дараа байгууллагадаа очиж захирал н.М-тай уулзахад чамайг хэр ажиллахыг харна, Таван толгой руу томилно гэсэн боловч хоёр сар хүлээсэн, гэтэл байгууллагаас дуудаж, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ажилд эгүүлэн томилох тушаалыг танилцуулсан, үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Талууд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2,3 удаа тохиролцох санал гаргаж байсан. Хариуцагч хүлээн зөвшөөрсөн боловч энэ талаар нааштай ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол гэж заасны дагуу ажилгүй байсан хугацаанд буюу 2016 оны 5 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэлх 19 сарын авах ёстой цалин буюу урьд авч байсан сарын дундаж цалин 2.950.000 төгрөгтэй хөлстэй тэнцэх олговор болох нийт 49.210.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Миний бие энэ хугацаанд хувиараа нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж байсан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Боорчи шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ж нь тус компанид ахлах мастераар ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд тэрээр тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж, өмнөх ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гарсан. Улмаар 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01147 дугаартай Улсын Дээд шүүхийн тогтоолоор маргааныг эцэслэн шийдвэрлэж, С ХХК  нь шүүхийн шийдвэрт заасан 7.770.000 төгрөгийг Н.Жид олгосон. Н.Ж-ийн өмнө эрхэлж байсан ахлах мастерын албан тушаал цомхотгогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу засварын хэлтэст сэргээн завсарлагч механик гэсэн ажлын байр санал болгосон. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/03R дугаартай гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн авах тухай тушаал гаргасан. Нэхэмжлэгч уг тушаалтай танилцаад энэ албан тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй. Ахлах мастер, сэргээн завсарлагч механик гэсэн албан тушаал нь зэрэглэлийн хувьд өөр боловч хийх ажил нь ойролцоо, цалин нь ижил, тийм их ялгаа байхгүй юм. Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэж байна. Иймд тушаал гарах хүртэлх буюу 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны цалинг нэхэмжилж болно, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                                                         ҮНДЭСЛЭХ  нь:

 

Нэхэмжлэгч Н.Ж С ХХК -д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин олговорт 49.210.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

    Н.Ж нь С ХХК -д ахлах мастераар ажиллаж байгаад тус компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15/423R тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байх бөгөөд уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэж, 3019 дүгээр шийдвэрээр Н.Ж-ийг С ХХК -ийн ахлах мастерийн ажил албан тушаалаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 7.700.000 төгрөгийг С ХХК -иас гаргуулж, Н.Жид олгож, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгож шийдвэрлэсэн байна.

 

         Хариуцагч тал дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаснаар гомдлыг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь зохигчдын тайлбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1274 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1147 дугаар тогтоолоор тогтоогдож байх бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

             

         Хариуцагч С ХХК  нь Н.Ж-ид шүүхийн шийдвэрийн дагуу 7.700.000 төгрөгийн олговрыг олгосон, түүнчлэн Н.Жийн урьд эрхэлж байсан ахлах мастерийн орон тоо хасагдснаас тус компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Ч.Мөнхбатын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/03-R дугаар тушаалаар Сэргээн засварлагч механикийн албан тушаалд томилж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, иймд тушаал гарах хүртэлх буюу 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх цалинг зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байгаа болно.

 

         Харин нэхэмжлэгч Н.Ж хариуцагч тал шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй, шүүхийн шийдвэрээр урьдхи ажилд эгүүлэн тогтоох байтал орон тоо хасагдсан гэх үндэслэлээр албан тушаалын зэрэглэлийг бууруулж, өөр ажилд томилсон нь хууль зөрчсөн тул шүүхийн шийдвэр гарснаас хойшхи ажилгүй байсан хугацаа буюу 2016 оны 5 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэлх 19 сарын цалин буюу урьд авч байсан сарын дундаж цалин 2.950.000 төгрөгөөр тооцож нийт 49.210.000 төгрөгийг нэхэмжилж байна.

 

         Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд хариуцагч С ХХК  нь Н.Ж-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр халсан гэх боловч орон тоо хасах болсон үндэслэл шалтгаан тодорхой бус, орон тоо хасагдсан болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэн, урьдхи ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гарч, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад хариуцагч орон тоо хасагдсан гэх үндэслэлийг зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар өөр ажилд томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т.. Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй гэж заасантай нийцэхгүй байна.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т…Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор… олгоно гэж зааснаар Н.Ж ажилгүй байсан хугацааны цалин олговор нэхэмжлэх эрхтэй.

        

        Н.Жийн сарын дундаж цалин 2.950.000 төгрөг болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг, Баянгол, Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 03019 дугаар шийдвэр  зэргээр тогтоогдсон ба Н.Жид шүүхийн шийдвэр гарснаас хойшхи ажилгүй байсан хугацаа буюу 2016 оны 5 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэлх 19 сарын цалинг урьд авч байсан сарын дундаж цалин 2.950.000 төгрөгөөр тооцож нийт 49.210.000 төгрөгийг С ХХК -иас гаргуулж, Н.Ж-ид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

          1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар С ХХК -иас 49.210.000 төгрөгийг гаргуулж, Н.Ж-ид олгосугай.

 

    2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, түүний урьдчилан төлсөн 404.000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, Н.Ж-ид олгож, С ХХК -иас 404.000 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

           

           3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                      

 

 

                           ДАРГАЛАГЧ                                    Д.ДАВААСҮРЭН