Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 101

 

      Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Т овогт Г-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн ЗД холбогдох,

    Ажилгүй байсан хугацааны цалин 26.469.433 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Б миний бие 2012-2016 оны хооронд Увс аймгийн х даргаар ажиллаж байсан. Гэтэл 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Д.Б улс төрийн зорилгоор А/428 тоот захирамж гарган ажлаас чөлөөлсөн. Ажлаас үндэслэлгүй халагдсан талаар Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Шүүх хурал 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж шүүх хуралдааны явцад хариуцагч талаас эвлэрэх санал гаргасныг хүлээн авч 3 зүйл дээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан шүүхээс “Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 30 дугаартай шүүгчийн захирамж гарсан болно. Эвлэрлийн гэрээний 3 дахь заалт болох 2017 оны нэгдүгээр улиралд багтаан төрийн захиргааны ангилалын ажлын байраар хангах үүргээ хариуцагч тал биелүүлээгүй бөгөөд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 186 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж гарсан боловч одоо хүртэл хариуцагч тал биелүүлээгүй байна. Анх ажлаас халсан 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/428 тоот захирамжаа хууль бус болохыг хүлээн зөвшөөрч 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б/98 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг дахин гаргасан. Миний хөдөлмөрлөх, ажил хөдөлмөртөө тохирсон цалингаа шударгаар авах эрхийг минь зөрчиж байгаа тул энэ хугацаанд өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзэж энэ нэхэмжлэлийг гаргасан. Би улсад 26 жил ажилласан. Цалингийн зээлтэй сард 1 сая орчим төгрөг төлдөг. Намайг дуудаж уулзаж ажлын байр санал болгосон боловч ороогүй гэж байна. Нэг д удаа дуудаж уулзсан Улаангом коллежид оруулах боломж байна гэж хэлж байсан. Гэтэл Улаангом коллежид төрийн захиргааны албан тушаал байхгүй, үйлчилгээний албан тушаал тул ажиллах боломжгүй. Миний бие сарын хөдөлмөрийн хөлс 1.776.472 төгрөгийн цалин авч байсан бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс хойшхи цалин 1.598.825 төгрөг, 2016 оны 11, 12 сар, 2017 оны 1-12 дугаар сарын цалин нийт 26.469.433 төгрөгийг хариуцагч тал болох х-ээс нэхэмжилж байна. Мөн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

    Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г.Б-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Шүүх хуралдаан дээр харилцан тохиролцож Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 30 дугаартай “Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар 3 заалт бүхий нөхцлийг хүлээн зөвшөөрч тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Г.Б-ийг дуудаж төрийн захиргааны ангилалын албан тушаалын ажлын байранд ажилд оруулах тухай санал тавьсан боловч саналыг хүлээн авч ирж уулзаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 26.469.433 төгрөг нөхөн төлөх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж, дэвтэрт бичилт хийх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 30 дугаартай “Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар 3 заалт бүхий нөхцлийг хүлээн зөвшөөрч тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Г.Б-д цалин хөлсийг нь бууруулахгүйгээр, төрийн албанд ажиллуулах талаар анал тавьсан боловч, төрийн захиргааны ангилалын ажилд орно гээд татгалзсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч х-д холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацааны цалин 26.469.433 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 30 тоот шүүгчийн захирамжаар 1. х-ийн 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” А/428 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Б-ийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2, 23.5 дахь хэсэгт зааснаар төрийн албанаас чөлөөлөх тухай захирамжийг хариуцагч гаргаж түүнийг төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэх, 2. Нэхэмжэгч Г.Б-д ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл, цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговрыг шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тасалбар болгон хуульд заасны дагуу хариуцагч буюу х-ээс тооцон олгох, 3. Нэхэмжлэгч Г.Б-ийг 2017 оны 1 дүгээр улиралд багтааж х-аас бусад төрийн захиргааны ангиллын албан тушаалын ажлын байраар хангахаар тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулж, иргэн Г.Б-ийн нэхэмжлэлтэй, Д.Б-д холбогдох 124/2016/0023/з дугаар индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

      Хариуцагч нь “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, ажлын байр санал болгосон боловч нэхэмжлэгч Г.Б нь тухайн ажлын байранд орж ажиллаагүй” гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй.

      Харин Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 185 тоот “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, Увс аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 1/87 тоот “Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Батжаргал танаа” гэх албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл гэх баримт 3 хуудас, өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн “Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Мягмаржав, шийдвэр гүйцэтгэгч Бат-Орших нарт гаргасан гомдол зэрэг баримтуудыг нэхэмжлэгчээс өгсөн бөгөөд эдгээр баримтуудаас харахад шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байгаа болох нь тогтоогдож байна.

     Нэхэмжлэгч Г.Б-ийн нийгмийн даатгалын дэвтрээс харахад ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх сүүлийн 3 сар буюу 2016 оны 4 дүгээр сард 2.135.749 төгрөг, 2016 оны 5 дугаар сард 1.776.472 төгрөг, 2016 оны 6 дугаар сард 1.776.472 төгрөг ба үнийн дүнгээс нэг сарын дундаж цалинг тооцоход 1.896.231 төгрөг байна.

      Ингээд 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд нийт 28.146.059 төгрөг байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 26.469.433 төгрөгийг Увс аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгох нь үндэслэлтэй гэж үзэв.

      Мөн нэхэмжлэгч Г.Б нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг даалгахыг хүссэн бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заажээ.

      Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Б-ийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч х газарт даалгаж шийдвэрлэлээ.

      Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсгүүдэд нэхэмжлэгч Г.Б-ийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 290.297 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч х газраас 290.297 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгох нь зүйтэй. 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч х газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 26.469.433 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.

       2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Б-ийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч х газарт даалгасугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсгүүдэд нэхэмжлэгч Г.Б-ийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 290.297 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч х газраас 290.297 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрл эх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.БОЛОР