Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 138/ШШ2018/00055

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2018         01          15                                               138/ШШ2018/00055

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******т холбогдох

Гэрээнээс татгалзаж 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 10 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, хариуцагч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ахтай 2017 оны 9 сарын 01-ний өдөр гэрээ байгуулан 8000 боодол өвс худалдаж авахаар тохиролцсон. Нэг боодол өвсийг 2500 төгрөгөөр тооцон 20.000.000 төгрөг төлөхөөр болсон. Гэрээ байгуулсан өдрөө 16.000.000 төгрөгийг бэлнээр төлж, 1.500.000 төгрөгийг өмнө нь дансаар шилжүүлсэн байсан. Нийт 17.500.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 2.500.000 төгрөгийг гэрээний нөхцөл биелэгдэж дууссаны дараа өгөхөөр тохиролцсон. Гэрээг байгуулахдаа ******* ахын өөрийнх нь хадлан дээр очсон. Тухайн үед гэрийнх нь гадаа 1800 орчим боодол өвс, гэрээс нь баруун хойш чиргүүл дээр ачсан, бас нуруулдсан өвс байсан. Өөрийнх нь хэлж байгаагаар энэ бүгд нийлээд 3000 орчим боодол өвс байна, 3-4 хоногийн дараа 4000 боодол өвс бэлэн болчихно, бэлэн болохоор нь шууд аваарай гэхээр нь би тохиролцоонд хүрч гэрээ байгуулсан юм. Үүнээс хойш тогтсон хугацаандаа 4000 боодол өвсөө авахаар очиход ******* ах “хүнээс мөнгө авчихсан байсан юм, мөнгөнийхөө оронд байсан өвсөө өгчихлөө” гэхэд нь нуруулдсан өвснөөс  нь анх удаагаа 653 боодол өвс ачиж явсан.

Энэ үед ******* ахын газар дээрээс дахин өвс хадах боломжгүй болсон байсан. Бидний гэрээний нөхцөл хангагдахгүй байдалд хүрсэн учир бид дахин амаар гэрээ байгуулсан. ******* ах миний хадлан хадахаар зөвшөөрөл авсан талбайд өвс хадаж миний худалдан авах ёстой өвсийг бэлтгэх, мөн уг газар дээрээс хадсан нийт өвсний 50 хувийг надад өгөхөөр тохиролцсон. Газраа ашиглуулж байгаа хүний хувьд би 50 хувийн ашиг авах ёстой гэж үзсэн. Тухайн үед хадлангийн үйл явц удаашралтай байсан учир найз нөхдийн хамт дэм тус болж байсан. Гэтэл ******* ах 8000 боодол өвс бэлтгэж өгөх боломжгүй боллоо, 5000 боодол өвс бэлтгэж өгье гэсэн санал гаргасны дагуу бичгээр хийсэн гэрээний нөхцөлд амаар өөрчлөлт хийсэн. Тэгээд 5.000.000 төгрөгийг буцаан өгсөн. Би өөрийнхөө хадлангийн газраас нийт 6856 боодол өвс ачсан. Тохиролцсоны дагуу 6856 боодол өвсийг 50, 50 хувиар хуваахад 3428 боодол өвс болно. Энэ 3428 боодол өвс нь миний газраа ашиглуулсаны хөлс юм. ******* ах өөрт ногдох 3428 боодол өвс дээр өмнө ачсан 653 боодол өвсөө нэмээд нийт 4081 боодол өвс надад өгсөн. Үлдэх 919 боодол өвсөө 2500 төгрөгөөр тооцохоор 2.297.500 төгрөг болж байна. Миний хувьд өвсөө авахгүй, мөнгөө нэхнэ. Гэрээний 3.7-д худалдагч талаас гэрээ цуцалсан тохиолдолд хүлээн авсан мөнгөн дүнд 20 хувийн торгууль төлнө гэж тохирсон. Энэ дагуу 5.000.000 төгрөгийн 20 хувь болох 1.000.000 төгрөг, 919 боодол өвсний үнийн 20 хувь болох 459.500 төгрөг, мөн 919 боодол өвсний үнэ 2.297.500 төгрөг, нийт 3.757.000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлээс 243.000 төгрөгийг нэхэхгүй гэв.

 

Хариуцагч М.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутагт 2017 оны 8 сарын дунд үеэс хадлан, тэжээл бэлтгэхээр гэр бүлээрээ гарсан юм. 2017 оны 9 сарын 01-ний өдөр *******тэй гэрээ байгуулан 20.000.000 төгрөгөөр 8000 боодол өвс бэлтгэн худалдахаар тохирсон. Энэ үед би хадландаа гараад удаагүй байсан ба 1800 орчим боодол өвс бэлтгээд нуруулдсан байсан. *******  нь 2017 оны 9 сарын 01-ний  өдөр гэхэд надад 17.500.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. 10 сарын 05-ны өдөр гэхэд 8000 боодол өвс бэлтгэж өгөөд үлдэгдэл тооцоогоо хийхээр тохирсон. Би гэрээнд заасан хугацаанд 8000 боодол өвсийг бэлтгэн хадлангийн талбайд боож /буудаж/ орхисон ба ******* өөрөө нуруулдаж, тээвэрлэж байсан. 2017 оны 9 сарын 09-ний өдөр ******* нь бидэнд хандан 8000 боодол өвсөө болъё, 5000 боодол болгоё гээд надад өгсөн 17.500.000 төгрөгнөөсөө 5.000.000 төгрөгийг буцаан авсан. Би *******эд нийт 7509 боодол өвс бэлтгэж өгсөн. *******ийн зөвшөөрөлтэй хадлангийн газар дээр хадлан хадсан нь үнэн. Гэхдээ хадсан өвснийхөө 50 хувийг *******эд өгнө гэж тохироогүй. Хадсан өвснийхөө 50 хувийг *******эд ашиг гэж өгөөд, мөн 5000 боодол өвсийг нь бэлтгэж өгөхөөр тохирох юм бол надад ямар ч ашиг байхгүй шүү дээ. Харин ч би *******эд 2000 гаруй боодол өвс илүү өгсөн байгаа. Торгуулийн мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Миний хувьд *******ийн нэхээд байгаа мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч М.*******аас 4.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 243.000 төгрөгөөр багасган, 3.757.000 төгрөг нэхэмжилсэн байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулбал, нэхэмжлэгч Х.******* нь гэрээнээс татгалзаж 919 боодол өвсний үнэ 2.297.500 төгрөгийг буцаан гаргуулах, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө хүлээх хариуцлага 1.459.500 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилжээ. Харин хариуцагч М.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

 

Талууд 2017 оны 9 сарын 01-ний өдөр бичгээр гэрээ байгуулан хариуцагч М.******* нь 8000 боодол өвс бэлтгэн нийлүүлэхээр, нэхэмжлэгч Х.******* нь 1 боодол өвсийг 2500 төгрөгөөр тооцон нийт 20.000.000 /хорин сая/ төгрөг төлөхөөр тохиролцжээ.

 

Гэрээ байгуулах үед Х.******* нь өвсний үнээс 17.500.000 төгрөгийг төлсөн боловч талууд амаар тохиролцон гэрээний нөхцлөө 5000 боодол өвс бэлтгэхээр өөрчилсөн байх бөгөөд хариуцагч М.******* нь өвсний үнээс 5.000.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байна.

Дээрх үйл баримт нь талуудын тайлбар, бичгээр хийсэн гэрээ зэргээр тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

 

Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1,  196 дугаар зүйлийн 196.1.2-д заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ байгуулагджээ.    

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул талууд харилцан тохиролцон гэрээний нөхцлийг өөрчлөх эрхтэй болно.

Энэ дагуу талууд 5000 боодол өвс бэлтгэн нийлүүлэхээр гэрээний нөхцлөө өөрчилсөн байна.  

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч М.******* 5000 боодол өвс бэлтгэн нийлүүлэх, нэхэмжлэгч Х.******* 5000 боодол өвсний үнэ 12.500.000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Нэхэмжлэгч Х.******* нь 5000 боодол өвсний үнэ 12.500.000 төгрөг төлөх үүргээ 2017 оны 9 сарын 1-ний өдөр буюу гэрээ байгуулагдах үед биелүүлсэн учир М.*******аас 5000 боодол өвс шаардах эрхтэй болно.

 

Харин нэхэмжлэгч нь М.******* надад 5000 боодол өвс нийлүүлэхээс 919 боодол өвс дутуу нийлүүлсэн учир өвсний үнэ 2.297.500 төгрөгийг буцаан гаргуулна гэснийг хариуцагч эс зөвшөөрч Х.*******эд 7509 боодол өвсийг бэлтгэн нийлүүлсэн, гэрээний үүргээ биелүүлсэн гэж маргадаг.

 

Нэхэмжлэгч Х.******* нь М.*******аас 7509 боодол өвс хүлээн авснаа үгүйсгэдэггүй боловч 3428 боодол өвс нь газраа ашиглуулсаны хөлсөнд авсан гэж тайлбарладаг.

 

Талуудын маргаж буй гол үндэслэл нь: Нэхэмжлэгчийн “...М.*******ын зөвшөөрөлтэй газраас хадлан хадах боломжгүй болж, миний хадлан хадах зөвшөөрөл авсан газраас М.******* үргэлжлүүлэн хадлангаа хадсан, уг газраас хадсан өвсний 50 хувийг би газар ашиглуулсаны хөлсөнд авах, М.******* өөрт оногдох хэсгээс 5000 боодол өвсийг төлөхөөр амаар тохиролцон гэрээний нөхцлөө өөрчилсөн” гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэж маргадаг.

 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан.

Гэтэл хариуцагч М.******* гэрээний нөхцлийг өөрчилсөн гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Иймд гэрээний гол нөхцөлд өөрчлөлт оруулсан, талууд хэлэлцэн тохиролцсон гэж үзэх боломжгүй бөгөөд хариуцагч М.******* 5000 боодол өвс бэлтгэн нийлүүлэх үүргээ биелүүлсэн байна гэж үзлээ.

 

 Мөн нэхэмжлэгч Х.******* нь хариуцагчаас 2017 оны 9 сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний 3.7-д заасны дагуу 5.000.000 төгрөгийн 20 хувь болох 1.000.000 төгрөг, 2.297.500 төгрөгийн 20 хувь болох 459.500 төгрөг буюу нийт 1.459.500 төгрөг нэхэмжилсэн.

Гэрээний 3.7-д “...Худалдагч талаас гэрээ цуцалсан тохиолдолд хүлээн авсан мөнгөн дүнд 20 хувийн торгууль төлнө” гэж заажээ.

Талууд 8000 боодол өвс бэлтгэн нийлүүлэхээр гэрээ хийсэн боловч гэрээний хугацаанд гэрээний нөхцлөө харилцан ярилцан өөрчилснийг гэрээ цуцлагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн хариуцагч талаас гэрээг цуцалсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Х.*******ийн гэрээнээс татгалзаж 919 боодол өвсний үнэ 2.297.500 төгрөгийг буцаан гаргуулах, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө хүлээх хариуцлага 1.459.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн           115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон      ТОГТООХ НЬ:

 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.*******т холбогдох гэрээнээс татгалзаж 919 боодол өвсний үнэ 2.297.500 төгрөгийг буцаан гаргуулах, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө хүлээх хариуцлага 1.459.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Нэхэмжлэгч Х.******* нэхэмжлэлийн шаардлагаа 243.000 төгрөгөөр багасгасан болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн  хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

                4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.   

 

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                             С.ГАНЧИМЭГ