| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2019/0069/Э |
| Дугаар | 36 |
| Огноо | 2019-04-17 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 36
В.Ө-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2019/0069/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Б.Батсүх
Нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолтой В-гийн Ө-т холбогдох 1818007790010 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч В.Ө-ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Ш- овогт В-гийн Ө-.
Шүүгдэгч В.Ө- нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн М.Л-ыг “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэх зарын дагуу хуурч 1.770.000 төгрөг авсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 25-ны 75 дугаар шийтгэх тогтоолоор:
-Шүүгдэгч Ш- В-гийн Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдпыг нуух замаар төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-.д зааснаар шүүгдэгч В.Ө-т хорих ял оногдуулахгүйгээр, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсч,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5.д зааснаар шүүгдэгч В.Ө-ийн тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хууль бус визний үйл ажиллагаа эрхлэхийг хориглох хязгаарлалт тогтоож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч В.Ө- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, шүүгдэгч В.Ө-ийн тэнссэн 2 жилийн хугацаанд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдаж... шийдвэрлэжээ.
Шүүгдэгч В.Ө- давж заалдах гомдолдоо:
...Би гэм буруугийн талд ямар нэг маргаан асуудал байхгүй, гэмт хэрэгт холбогдсондоо чин санаанаасаа гэмшиж дүгнэлт хийсэн. Дахин ийм асуудал гаргахгүй байж чадна. Хохирол болох 1.220.000 төгрөгийг М.Л-д төлж барагдуулсан. Мөнгөний бололцооноос болж М.Л-гийн материалыг визэнд оруулсан хугацааг оролцуулаад 6 сарын хугацаанд мөнгийг өгч чадаагүй нь үнэн.
Харин би М.Л-гаас визний зуучлалын мөнгө гэж 2018.02.05-нд 350.000 төгрөг аваад ажил бүтээгүй болохоор 2018 оны 03 сарын сүүл, 04 сарын эхээр 1 сар гаруй хугацааны дараа М.Л-д мөнгийг буцааж өгсөн нь түүний мэдүүлэгт тодорхой байгаа.
Миний гомдлын гол санаа бол шүүхээс 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг багасгаж, хамгийн доод хугацаагаар тэнсч өгнө үү.
Би 2 жилийн хугацаанд ийш тийш явж чадахгүй, шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад дуудагдах болоод байгаа юм. Би Солонгосын “Галсан ёог ганг” зочид буудалд гэрээгээр ажиллаж амьдрал ахуйгаа залгуулж, гэрийнхэндээ дэм болдог. Энэ ажил маань алдагдах гээд байна.
Миний насны хүн дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй, хохирол төлбөрийг барагдуулсан, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа зэрэг байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 2 жилийн хугацаагаар тэнссэнг багасгаж, доод хугацаагаар болгож өөрчлөлт оруулж өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:
...Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд өөрчлөлт оруулах эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал учир давж заалдах гомдолтой холбогдуулан гаргах саналгүй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч В.Ө-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагааг хянаж үзвэл:
Шүүгдэгч В.Ө- нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн М.Л-ыг “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэх зарын дагуу хуурч түүнээс 1.770.000 төгрөг залилсан авсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Түүний үйлдэл нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт болох хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, хохирогч М.Л-, гэрч Ц.Б-, Б.Г- нарын мэдүүлэг болон В.Ө- рүү шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх шүүгдэгчид хуульд заасан ял шийтгэл оногдуулсан нь түүний гэм бурууд тохирчээ
Гэвч шүүгдэгч В.Ө-ийн гаргасан ...Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй., хохирол төлбөрийг барагдуулсан., хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа., харин ахуй амьдралын хувьд Солонгос улсын “Галсан ёог ганг” зочид буудалд гэрээгээр ажиллаж амьдрал ахуйгаа залгуулж, гэрийнхэндээ дэм болдог.., энэ ажил маань алдагдах гээд байгаа байдлыг харгалзан үзээд тэнсэнгийн хугацааг багасгаж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, түүнд анхан шатны шүүхээс ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг багасгаж 1 жил болгон энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : :
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2., 3., 4 дүгээр заалтын:
...“2 /хоёр/ жилийн”... гэснийг ...“1 /нэг/ жилийн”... гэж өөрчлөн., тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “...хууль бус визний үйл ажиллагаа эрхлэхийг хориглох, хязгаарлалт тогтоох...” гэснийг хасаж, тогтоох хэсгийн бусад бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч В.Ө-ийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
3.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР