Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2014/0046

 

2014 оны 01 сарын 23 өдөр                    Дугаар 46                        Улаанбаатар хот

 

Н.Н-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, гуравдагч этгээд Х.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан хийж, Увс аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, Н.Н-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдааны 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/07 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын 15-д холбогдох хэсэг буюу “Жаргалант сумын автодромын зориулалтаар 2 га газрыг эзэмшүүлэх” гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Уг тогтоол нийтийн эрх ашгийн төлөө үйлчлэх эрх зүйн акт, мөн Газрын тухай болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль аймгийн 2012 оны газар зохион байгуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, аймгийн 2012 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний газар эзэмшүүлэх ашиглах, газрын кадастрын зургаар баталгаажуулан нийтэд ил тод байлган сурталчлахыг Засаг даргад даалгасан заалттай гэжээ.

Гуравдагч этгээд Х.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2012 оны газар зохион

байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үйлдвэр үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх газрын хэмжээг тогтоож, тогтоолын 1 дүгээр хавсралтаар Жаргалант сумын Рашаант багт 2 га газрыг Автодромын зориулалтаар эзэмшүүлэхээр заасан. Үүний дагуу дуудлага худалдаагаар маргаан бүхий газрыг хуулийн дагуу эзэмшсэн гэжээ.

Увс аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 24 дүгээр зүйлийн 24.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Н.Н нь 1991 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Барилгын материалын үйлдвэрийн удирдах ерөнхий газрын харьяа Ховд аймгийн ХМҮ-ийн дарга Б.А-ийн 12 дугаар тушаалын дагуу актлагдсан уурын зуухны барилгыг 117500 төгрөгөөр худалдан авч зориулалтыг нь өөрчилж агуулах болгон ашиглаж байгаа хууль ёсны өмчлөгч болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн 000119082 дугаартай гэрчилгээгээр нотлогдоно. Уг объектын хос яндан байрлаж буй газрыг давхцуулж олгосон, мөн орц гарцыг хаан газар олгосон болох нь кадастрын зураг болох гуравдагч этгээд Х.Б-ийн Ховд аймаг дахь сум дундын шүүхэд Н.Н-д холбогдуулан хос яндангийн суурь бүхий газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэл зэргээр нотлогдож байгаа юм. Уг газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүх хүлээн аваад хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн байгаа юм.

Гэтэл захиргааны хэргийн шүүхээс Н.Н-ийн хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг маргаан бүхий газрыг ХМҮ-т эзэмшүүлсэн Ховд аймгийн Жаргалант сумын засаг дарга н.Б-ийн хүчин төгөлдөр захирамж байдаг юм. Дээрх захирамжаас үүдэн Н.Н-д газрын албаны мэргэжилтнүүд тухайн орчим газарт эзэмшүүлэх боломжгүй гасан тайлбарыг өгч байснаас шалтгаалан өдийг хүртэл уг газар нь хэн нэгний эзэмшилд олгогдоогүй байсан юм. Шүүхийн шийдвэрийг үндэслэх хэсэгт Ховд аймгийн ИТХ-ын 2011 оны 9-р хуралдааны тогтоолоор батлагдсан 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөлтөд тусгагдсан ч Жаргалант суманд автодромын зориулалтаар иргэн, аж, ахуйн нэгж байгууллагад 2 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрийн улмаас нэхэмжлэгч Н.Н-ийн хууль ёсны ашиг, сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул гэж дүгнэсэн нь шүүх хэргийн нөхцөл байдлыг зөв дүгнээгүйн улмаас алдаатай шийдвэр гаргажээ гэж дүгнэхэд хүргэж байна.

Учир нь 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Жаргалант сумын нутаг дэвсгэрт авто дром гэсэн байршилд 2 га газрыг үйлдвэр үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр утга агуулгын илэрхий алдаатай тусгагдсан байгаа болохоос биш Жаргалант суманд 2 га газрыг эзэмшүүлэхээр тусгагдаагүй юм.

Иймд Увс аймгийн захиргааны хэргийн шүүхийн 21 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах үүргээ хангалтгүй хэрэгжүүлснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Н нь Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдааны 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/07 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын 15-д холбогдох хэсэг буюу “Жаргалант сумын автодромын зориулалтаар 2 га газрыг эзэмшүүлэх” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ. Уг тогтоолоор аймгийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталжээ.

Нэхэмжлэгчээс “өөрийн өмчлөлийн газар орох, гарах гарцгүй болсон, миний эзэмшлийн 2 яндан байрладаг газрыг бусдад эзэмшүүлсэн” хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж, маргажээ.

  1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 32.5.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь маргаан бүхий актын улмаас ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тухайгаа нэхэмжлэлдээ тодорхой тусгах ёстой. Нэхэмжлэгчийн маргаж байгаа газар зохион байгуулалтын төлөвлөгөө буюу “Жаргалант сумын автодром” гэх байршилд 2 га газар эзэмшүүлэхээр төлөвлөж байгаа заалт нь нэхэмжлэгчийн ямар эрхийг хэрхэн зөрчсөн нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл “автодром” гэсэн байршил нь нэхэмжлэгчийн эзэмшлийн хос яндан байрлаж байгаа газрын хаана нь байгаа болох, энэ нь нэхэмжлэгчийн эрхийг яаж зөрчсөн нь тодорхойгүй, захиргааны байгууллагаас энэхүү газрын байршлыг буруу тусгасан болохоо хүлээн зөвшөөрч байжээ.

  1. Захиргааны хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсэж байгаа, захиргааны актын улмаас үүссэн үр дагавар, хохирлыг хэрхэн шийдвэрлүүлэхийг хүсэж байгаа тухайгаа нэхэмжлэлдээ тодорхой нэрлэн заах, нөгөө талаас шүүхээс нэхэмжлэлийн үндэслэлийг зөв тодорхойлж, түүний үндсэн дээр шүүхээс талуудын маргаж байгаа асуудлаар нотлох баримт цуглуулах үүрэгтэй.

Энэ тохиолдолд нэхэмжлэгчээс “зөрчигдсөн эрхээ өөрийн эзэмшлийн хос яндангийн доорх газрыг бусдад эзэмшүүлсэн, эзэмшил газартаа орох гарах гарц байхгүй” гэж маргасан байхад шүүх энэ захиргааны актыг хэн гаргасан болохыг, нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулж, хэргийг хянаагүй байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 23 дугаар зүйлийн 23.4.3 дэх хэсэгт зааснаар газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргах, орц гарцыг шийдвэрлэх эрх бүхий этгээд нь Засаг дарга, Газрын алба байх тул аймгийн Иргэдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний холбогдох хэсэгт маргаснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж үзэж, маргаж байгаа эрх хэрхэн сэргэх эсэх нь тодорхойгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргаж байгаа эрхийг нь зөрчсөн гэх захиргааны акт аль болох, уг захиргааны актыг хэн гаргасан зэрэгт эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

  1. Анх Н.Н нь уурын зуухны актлагдсан барилгыг худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлсэн байх бөгөөд энэхүү барилга нь 324 мкв хэмжээтэй, барилгыг агуулахын зорилгоор ашигладаг болох нь Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрийн даргын 1991 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар тушаал, 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Улмаар Жаргалант сумын Засаг даргын 2010 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 3 дугаар захирамжаар нэхэмжлэгчид уурын зуухны доорх газрыг агуулахын зориулалтаар эзэмшүүлжээ.

Гэтэл уг худалдан авсан уурын зуухны барилга гэдэгт нэхэмжлэгчийн маргаж байгаа хос яндан багтсан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгчээс “миний хөрөнгө буюу хос яндан байгаа” гэж, гуравдагч этгээдээс “яндан гэж байхгүй, хогийн савны цэг байгаа” гэж маргажээ.

З. Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч эдгээд нарын тайлбараас үзэхэд хос яндан байрлах газар нь нэхэмжлэгчийн уурын зуухны газраас тусдаа байрладаг болох нь тогтоогдож байх ба энэ асуудлаар талууд маргаагүй байна.

Шүүх 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Х.Б, Н.Н нарын эзэмшил газарт үзлэг хийсэн байх ба ингэхдээ талуудын маргаагүй зүйл болох нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа газрыг хэмжсэн болохоос талуудын маргаж байгаа хос яндан байрлах газар хаана байгаа, хэдий хэмжээний газар болох, уг газар бодит байдалд хос яндан байгаа эсэх, хэрэв байгаа бол хэний хөрөнгө болох зэргийг шалгаж тодруулаагүй буруутай байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4 дэх хэсэгт зааснаар шүүх талуудын маргаж байгаа үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгөх, холбогдох нотлох баримтыг цуглуулах замаар хэргийг шийдвэрлэх ёстой.

Гэтэл энэ тохиолдолд шүүх талуудын маргаж байгаа гол үндэслэл болох хос яндангийн доорх газар хэний эзэмшлийн болох, хаана байрлаж байгаа, бусдын газартай давхацсан эсэх, түүнчлэн “орох гарах гарцгүй болсон” гэх үндэслэлийг шалгаж тогтоогоогүй байна.

Нэхэмжлэгчийн “Ханын материалын үйлдвэрийн эзэмшил газартай давхцуулан газар олгосон” гэх тайлбарыг нарийвчлан шалгаж, газрын давхцал байгаа эсэх, энэхүү маргаанд ач холбогдолтой эсэх талаас нь судлах нь зүйтэй.

  1. Түүнчлэн гуравдагч этгээд Х.Б нь “Н.Н-д холбогдуулан хос яндан байгаа газрыг чөлөөлүүлэх" тухай нэхэмжлэлийг иргэний шүүхэд гаргасан болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байна.

Эндээс захиргааны байгууллага ямар учраас бусдын хөрөнгө оршин байгаа газрыг өөр этгээдэд эзэмшүүлэх шийдвэр гаргасан болохыг шалгаж тодруулах шаардлагатай.

  1. Нэхэмжлэгчээс “захиргааны байгууллага надад зөвхөн уурын зуухны барилгын доорх газрыг эзэмшүүлсэн, орчны газрыг эзэмшихээр хүсэхэд “нийтийн эзэмшлийн газар” гээд надад газар олгодоггүй байсан” гэж маргажээ. Гэтэл шүүх энэ талаар нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулаагүй, хэзээ хэрхэн хүсэлт гаргасан, үүнд захиргааны байгууллагаас ямар хариу өгч байсан зэргийг шалгаж, тогтоогоогүй байна.

Иймд, дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 -т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Увс аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхэд буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй