Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 00078

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                                              Б.Цагаанцоож

             Улсын яллагч                                                            Э.Энхбат

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                           Б.Мөнгөн

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                                            М.Хувцагаан

                         Шүүгдэгч                                                                            Б.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Мөнхбаярт холбогдох 201618020135 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 14-02-72 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хуацай овогт Бадамсүхийн Мөнхбаяр РД: /РЭ:94071010/.

 

Б.Мөнхбаяр нь 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг руу “11-97” УНЕ улсын дугаартай “Тoyota prius-20” маркын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн хоорондох зайг барьж яваагүйгээс Замын хөдөлгеөний дүрэм зөрчин эсрэг урсгалд орж Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд “97-99” УБХ улсын дугаартай “Тоёото Камри” маркын тээврийн хэрэгсэл жолоодон явсан Г.Нямжавын тээврийн хэрэгслийн урдаас мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас “11-97” УНЕ улсын дугаартай “Тoyota prius-20”  маркын тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Г.Цэндсүрэнгийн амь нас хохирсон, мөн тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Б.Тэргэл болон “97-99” УБХ улсын дугаартай “Тоyota camry” маркын тээврийн хэрэгсэлд зорчин явсан жолооч Г.Нямжав, зорчигч Н.Цэлмэг, Э.Алтанчимэг нарын биед тус тус хөнгөн гэмтэл учруулж, Г.Нямжавын эзэмшлийн “97-99” УБХ улсын дугаартай “Тоyota camry”  маркын тээврийн хэрэгсэлд 2948000 төгрөгний шууд хохирол тус тус болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнхбаяр мэдүүлэхдээ: … Хөвсгөл аймаг, Улаанбаатар хот хоёрын хооронд жижиг машинаар хааяа хүн зөөдөг байсан. Хөвсгөлд амьдардаг Бооёо гэх ахтай утсаар яриад би Хөвсгөл орох ажилтай болчихлоо та надад хүн олж өгөөч гэхэд Бооёо ах Хөвсгөл явах гурван хүн байгаа чи тэр хүмүүсийг аваад явах юм  уу гэсэн. Би зөвшөөрч Баярт гэх хүнийг настай ээж, хүүхдийн хамт авч явахаар болсон. Үнэ хөлсөө ярилцаад маргааш хэдэн цагаас хаанаас гарахаа тохирсон. 2016 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 10 цагийн үед Бэлхээс Баярт ах, Цэндсүрэн эгч хоёрыг аваад “Home” плазагийн ойролцоох хотхоноос нэг охиныг аваад “Монос” эмийн сангаас шатахуунаа дүүргээд хотоос гарсан. Төв аймгийн Баянчандмань суманд Баярт ах, Цэндсүрэн эгч хоёр нэг аяга цай уучихаад бие засаад хөдөлсөн. “Урьхан” дээр зогсож хоол идэх үү гэхэд Тэргэл би өглөө хоол идчихсэн гээд Баярт ах, Цэндсүрэн эгч хоёр хоолоо аваад явж байгаа гэсэн. Би Эрдэнэт хот орж хоол идэхээр болоод “Урьхан” дээрээс замын эсрэг талын шатахуун колонкоос бензин аваад цаашаа явсан. Баруунхараа өнгөрөөд өгсүүр замаар уруудаж явтал миний урд явсан “Соната-6” маркын машины өмнө нэг том ачааны машин хөдөлж байсан уу, зогсож байсан уу гэдгийг би анзаараагүй, ямар ч байсан чиргүүлтэй нэг машин байсан. Зам дагуу 2 ачааны том машин зам дагуу зогсож байсан. “Соната-6” маркын авто машин миний яг урд явж байсан. Би араас нь үл ялиг тормоз гишгээд явж байсан. Тухайн үед зам засвартай байсан бололтой машины урд дугуй орчихоор том нүх ухчихсан нүхний тагийг аваад замын хажуу руу хаячихсан байсан. Миний урд явж байсан машин тэр нүхэн дээр ирээд гэнэт тормозлосон. Би сандараад араас нь орчихвий гэж бодоод баруун тал руугаа дарах гэтэл замын хажуу руу шороон замтай ховилтой байснаас машиныхаа хамрыг дөнгөж гаргаад зогсоё гэж бодсон боловч зүүн талруугаа дараад зам тээврийн осол гаргасан. Миний буруугаас болж осол гарсан учраас үнэхээр их гэмшиж байна. Иймд аль болох хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Мөнгөн мэдүүлэхдээ: … 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн өглөө ах, хүүхэдтэйгээ, ээжтэй хамт Хөвсгөл рүү явна гэж ярьж байсан. Өмнө нь Хөвсгөл хамт явж байсан жолоочтой намайг утсаар ярихад тэр жолооч явна гэж байсан боловч надтай холбогдохгүйгээр манай ахтай яриад Улаанбаатар, Хөвсгөл 2-ын хооронд тээвэр хийдэг жолооч гээд ахад Мөнхбаярын утсыг өгсөн юм байна лээ. 2016 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 10 цагт тэд нар хотоос гарсан гэдгийг нь би мэдэж байсан. 15 цагийн үед ах над руу залгаад машинтай мөргөлдчихлөө ээж жаахан тааруухан байх шиг байна. Ярьж чадахгүй, амьсгалж чадахгүй байна Улаанбаатар хот руу явж байгаа машинд суулгаад хот орох уу гэхээр нь тэг гэж ярьж байтал Баруунхараагийн эмнэлгээс эмч ирж байна эмчид үзүүлж байж болъё гэж ах хэлсэн. Эмч ээжийн толгойг 6-7 газар зүсэгдсэн байгаа учраас оёдол тавина гээд эмнэлэг рүү авч явсан гэсэн. Тэр хооронд эмчтэй яриад ээжийг Улаанбаатар руу авч явсан нь дээр үү, Дархан руу авч явсан нь дээр үү гэж асуусан. Гэтэл эмч нь Улаанбаатар луу явахад яах болдоо гэсэн. Тухайн эмнэлэгт хянагдаж байгаад Улаанбаатар луу гарсан ч 20 цагийн үед биеийн байдал нь муу болж ухаан алдсан ер нь тааруу боллоо гэж хэлсэн. 10 минутын дараа ээжийг нас барсан гэж хэлсэн. Манай ээж архаг хууч өвчингүй, хөнгөн шингэн, туранхай жижигхэн хүн байсан. 77 настай ч гэсэн өвчин хууч хэлж байгаагүй. Бид нар эрүүл мэндэд нь байнга анхаарал халамж тавьдаг. Энэ хавар ханиад хүрэхэд нь хотод авчирч эмчлүүлж байсан. Мөнхбаярыг ээж, ах хоёрыг очиж авах үед нь манай хүргэн ах ээжийн суудлын бүсийг зүүлгэж өгөөд суудлын бүсийг нь байнга зүүлгэж байгаарай чи настай хүн, хүүхэд авч явж байна шүү гэж хэлсэн үгийг нь Мөнхбаяр ерөөсөө тоогоогүй юм байна. Мөнхбаяр нь тээврийн хөлсөө авсан хэрнээ зорчигчийн аюулгүй байдлыг хангах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Хэрвээ суудлын бүсээ зүүсэн бол өнөөдөр ээж минь амьд сэрүүн байх байсан болов уу гэж бодоод л сууж байна. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгийг уншиж байхад их хурдтай явж байсан нь харагдаж байна. Миний ээжийн авсан гэмтлийг харахад уг машин хурдтай явж байсан харагддаг. Хурдтай явж байсан болохоор эсрэг урсгал руу орсон байх гэж бодож байна. Оршуулгын зардал 9250000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс “Мандал” даатгалаас 5000000 төгрөг, өөрөө 4250000 төгрөг шилжүүлсэн. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолтой байна, ял шийтгэлийн талаар хэлэх зүйлгүй, хэргийг хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү гэв.

            Мөрдөн байцаалтанд Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Мөнгөн мэдүүлэхдээ: … 2016 оны 06 дугаар сарын 26-ны өглөө манай ээж, ах, түүний хүүхэд гурав Хөвсгөл аймаг руу явна гээд гарсан. Тэгтэл үдээс хойш 15 цагийн үед байх манай ах Баярт над руу утсаар яриад сууж явсан машин маань мөргөлдчихлөө, осолд орлоо гэхээр нь та нарын бие гайгүй юу гэж асуухад ээжийг машинаас гаргасан, толгой нь зүсэгдсэн цус гарч байна гэсэн ... хэсэг хугацааны дараа эмч ирж үзлээ толгойд нь оёдол тавихаар байна гэж хэлсэн, сумын эмнэлэг дээр очлоо гэж хэлсэн. Эмнэлэг дээр очсоных нь дараа эмчтэй нь утсаар ярьсан чинь толгойд нь оёдол тавьсан, хүчил төрөгч өгч байна, уушиг нь шажигнаж дуугараад байна, цээжний гэмтэл авсан байж магадгүй гээд Дархан-Уул аймаг руу зөөвөрлөх үү Улаанбаатар хот руу зөөвөрлөх үү гэж ярилцаж байгаад Цэнд эгч Улаанбаатар хот руу шууд явахаар боллоо гайгүй хүрчих байх гэхээр нь ... би Улаанбаатар хотоос гараад явж байтал эгч над руу яриад ээжийн бие болохоо байлаа эмч найдваргүй гэж байна, амь тариа хийлээ гэж хэлсэн ... Төв аймгийн Баянчандмань сумын төвд уулзахад ээж нас барсан байсан. ... Гомдолтой байна оршуулгын зардалд 9240980 төгрөгний зардал гарсан, энэ мөнгийг баримтаар нэхэмжилж байна. Уг хэргийг хуулийн дагуу үнэн зөв, түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү гэж хэлмээр байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27-р хуудас/.

           Мөрдөн байцаалтанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Нямжав мэдүүлэхдээ: … 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хагас, бүтэн сайн өдрийн амралтаар Сэлэнгэ аймгийн Сайхан суманд амьдардаг хамаатныдаа эхнэр Алтанчимэг, охин Солонго, Цэлмэг нарын хамт өөрийн хувийн “97-99” УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. ... Улаанбаатар хот руу буцаж Баянгол сумын нутаг дэвсгэрт явж байтал өөдөөс том ачааны машин ирж байсан, араас нь хоёр суудлын машин цувраад ирж байгаа харагдаж байсан. Ачааны машинтай яг зөрөх үед араас нь явж байсан хоёр машины арынх нь “Тoyota prius-20” маркын машин урсгал сөрөөд миний явж байсан эгнээнд гэнэт орж ирээд яах ийхийн зуургүй миний машины зүүн урд талын хэсгийг мөргөж осол хэрэг гаргасан. ... Миний машин унаж болохооргүй эвдэрсэн, үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэхэд 3.518.000 төгрөгний хохирол тогтоогдсон, мөн үнэлгээний мөнгө 102.000 төгрөг, машинаа Улаанбаатар хот руу зөөвөрлөж буулгасан 200.000 төгрөг, эхнэр, хүүхдийн хамт нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж шинжилгээ хийлгэж онош тодруулахад 790.200 төгрөгний зардал гарсан тул нийт 4.673.200 төгрөгний зардал нэхэмжилж байна. ... Миний нэхэмжилж байгаа мөнгийг хурдан гаргаад өгчихвөл надад ямар нэгэн санал гомдол байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 30-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Алтанчимэг мэдүүлэхдээ: … 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нөхөр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас Улаанбаатар хот руу буцаж явсан юм. Яг осол гарах үед бага зэрэг зүйрмэглээд унтаад явж байхад гэнэт түс, тас хийгээд явчихсан, сэрээд хартал манай машин мөргөлдөөд замын хажууд хөндлөн хараад зогсчихсон байсан. ... Уг осол хэрэг нөгөө талын жолоочийн буюу“Тoyota prius-20” маркын машиныг жолоодож явсан жолоочийн буруугаас болж гарсан гэж бодож байна. ... Миний бие зүгээр, надад ямар нэгэн хүнд гэмтэл учраагүй зөөлөн эдийн хөнгөн гэмтэл учирсан, одор эдгэрээд зүгээр болж байна. Би нийт 190.000 төгрөгний эмчилгээ, оношлогоо хийлгэсэн уг мөнгийг гаргаад өгчихвөл надад ямар нэгэн санал, гомдол байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 32-р хуудас/

             Мөрдөн байцаалтанд гэрч Б.Баярт мэдүүлэхдээ: … 2016 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 10 цагийн орчим уг жолооч ээж, охин, бид 3-ыг гэрээс ирж аваад Улаанбаатар хотоос гараад “Урьхан” цайны газар орохын өмнөхөн нэг шатахуун түгээх станц дээр зогсож машиндаа масло нэмээд надаас зардал болох 180000 төгрөг авсан. Энэ үед манай ээж машинаас бууж бие засаад машин дотор орж халуун савтай цайнаасаа 1 аяга цай уугаад хөдөлсөн. ... Ингээд явж байхад гэнэт унтаад сэрсэн юм шиг осол болоод өнгөрчихсөн, охин маань миний дэргэд толгойгоо бариад доошоо тонгойгоод сууж байсан. Харин ээж маань урд талын суудал дээр царай нь эвгүй болчихсон дуу нь гарахгүй сууж байсан. ... Жолооч залуу алчуур барьчихсан ээжийн толгойноос гарсан цусыг арчаад зогсож байсан. Би ачаанаасаа подволк гаргаж ирээд толгойг нь боогоод машинаас буулгах гээд машиных нь хаалгыг татсан чинь онгойхгүй байсан. ... Түргэн тусламжийн машин ирээд ээж, охин хоёрыг суулгаад Баянгол сумын эмнэлэг рүү аваад явсан. Намайг “Харейр” машинтай хүмүүс эмнэлэг хүргэж өгсөн. ... би Улаанбаатар хотод байдаг эгч, дүү нар луугаа осол болсон талаар утсаар мэдэгдсэн. ... ээжийн биеийн байдал хүнд байна гээд тус сумын эмч хүргэж өгөхөөр болоод өөрийнхөө машинд суулгаад явж байхад 124-ийн даваа даваад Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт явж байхад ээжийг нас барлаа гэж хэлсэн. ... би осол гарахыг нүдээрээ хараагүй болохоор аль жолоочийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсныг мэдэхгүй байна. Гэхдээ осол гарсны дараа машинаас буугаад харахад бид нарын зорчиж явсан “Тoyota prius-20” маркын машины жолооч урсгал сөрж орсон байдалтай харагдаж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч Б.Тэргэл мэдүүлэхдээ: … би зам тээврийн осол гарсан талаар сайн санахгүй байна. ... миний биеийн байдал зүгээр байгаа осолд орсны дараа эмнэлгээр явж оношлогоо, шинжилгээ хийлгэсэн 300000 төгрөгний зардал гарсныг “Тoyota prius-20” маркын машины жолооч ах Б.Мөнхбаяр гэж хүнээс авсан. Одоо надад ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-р хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ¹ 29 ….                  

Дүгнэлт: 1.Талийгаач Г.Цэндсүрэнгийн цогцост дэлүүний язрал, баруун 1,2,3,4,5,7,8-р хавирга, зүүн 1,2,3,4,5,6,7,8,9,10,11-р хавирганы хоёрлосон хугарал, толгойн хуйх, дух, зүүн шанаанд язарсан шарх, зүүн хацар, баруун хөлийн өвдөг, шилбэнд зулгаралт, дух, цээжний баруун гарын шуу, баруун, зүүн хөлийн өвдөгний үе, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл шарх нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд зам тээврийн осолын үед үүсгэгдэх боломжтой.

           3. Талийгаач нь цээж хэвлийн хөндийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.

           4. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. /ХХ-ийн 39 дүгээр хуудас/

           Шинжээчийн дүгнэлт 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №9209

           Дүгнэлт: 1. Тэргэлийн биед тархи доргилт, зүүн хацар, гуя, баруун шилбэ, зүүн мөр, цээжинд цус хуралт, зулай, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

           3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 49-р хуудас/

           Шинжээчийн дүгнэлт 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №9095

           Дүгнэлт: 1. Н.Цэлмэгийн биед зүүн доод зовхи, зүүн хацар, баруун суганы зулгаралт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 56-р хуудас/

           Шинжээчийн дүгнэлт 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №9093

           Дүгнэлт: 1. Г.Нямжавын биед цээж хэвлийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 65-р хуудас/

           Хөдөлгөөний аюулгүй байдал хангах албаны ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Сүхбаатарын гаргасан шинжээчийн №39 тоот дүгнэлт /ХХ-ийн 75 дугаар хуудас/.

          “Итгэлт Эстимэйт ХХК”-ийн Автомашин техникийн үнэлгээний №72488 тоот тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 68-72-р хуудас/.

           Шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №51 тоот дүгнэлт: ...

“Тoyota prius-20” маркын 11-97 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Мөнхбаяр нь МУ-ын ЗХД-ийн 2. Жолоочийн үүрэг 2.3 Б /хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 8. Тээврийн хэрэгсэл байрлан явах 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 8.11. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. 9. Тээврийн хэрэгслийн хурд: 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн гэх дүгнэлт /ХХ-ийн 75 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Б.Мөнхбаяр нь ял шийтгэгдсэн эсэх талаар ЦЕГ-ын МСТТ-ийн Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 96 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 92 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг руу “11-97” УНЕ улсын дугаартай “Тoyota prius-20” маркын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн хоорондох зайг барьж яваагүйгээс Замын хөдөлгөөний дүрэм зөрчин эсрэг урсгалд орж Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд “97-99” УБХ улсын дугаартай “Тоyota camry”  маркын тээврийн хэрэгсэл жолоодон явсан Г.Нямжавын тээврийн хэрэгслийн урдаас мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас “11-97” УНЕ улсын дугаартай “Тoyota prius-20” маркын тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Г.Цэндсүрэнгийн амь нас хохирсон, мөн тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Б.Тэргэл болон “97-99” УБХ улсын дугаартай “Тоёото Камри” маркын тээврийн хэрэгсэлд зорчин явсан жолооч Г.Нямжав, зорчигч Н.Цэлмэг, Э.Алтанчимэг нарын биед тус тус хөнгөн гэмтэл учруулж, Г.Нямжавын эзэмшлийн “97-99” УБХ улсын дугаартай “Тоёото Камри” маркын тээврийн хэрэгсэлд 2948000 төгрөгний шууд хохирол тус тус болгоомжгүйгээр учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас Г.Цэндсүрэнгийн амь нас хохирсон, мөн тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Б.Тэргэл болон “97-99” УБХ улсын дугаартай “Тоyota camry” маркын тээврийн хэрэгсэлд зорчин явсан жолооч Г.Нямжав, зорчигч Н.Цэлмэг, Э.Алтанчимэг нарын биед тус тус хөнгөн гэмтэл учруулж, Г.Нямжавын эзэмшлийн “97-99” УБХ улсын дугаартай “Тоёото Камри” маркын тээврийн хэрэгсэлд 2948000 төгрөгний шууд хохирол тус тус болгоомжгүйгээр учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокурор энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  нь тохирсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүгдэгч Б.Мөнхбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан тодорхой хугацаагаар хасч, хорих ялаар шийтгэх, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн  байдал зэргийг ял хөнгөрүүлөх нөхцөл байдалд тооцон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг хавтаст хэрэгт хавсаргасан байх тул хохирол төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Б.Мөнхбаярын №809664 дугаартай “В” ангилалын жолоодох эрхийн үнэмлэх хураагдан ирсэн ба эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрїїгийн Байцаан Шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дїгээр зїйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зїйлийн 296.1, 297 дугаар зїйлийн 297.1, 298 дугаар зїйлїїдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                 ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Хуацай овогт Бадамсүхийн Мөнхбаярыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар Б.Мөнхбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын  хугацаагаар хасч, 03 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтлан Б.Мөнхбаярт оногдуулсан 03 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүдэгч Б.Мөнхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 330 дугаар зүйлийн 330.1.3-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Мөнхбаярын №809664 дугаартай “В” ангилалын жолоодох эрхийн үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих шийдвэр гүйцэтгэлийн  албанд хүргүүлж, энэ тухай прокурорт мэдэгдэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дах хэсэгт заасныг баримтлан 1197 УНЕ улсын дугаартай “Toyota prius-20” загварын тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгсэлийг эзэмшигч Бадамсүх овогтой Мөнхбаярт буцаан олгосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Б.Мөнхбаярт оногдуулсан 03 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Б.Мөнхбаярт хяналт тавихыг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст  даалгасугай.                                

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мөнхбаярт урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.    

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг  гардуулснаас  хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Ж.ЭРДЭНЭБАТ.