Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 201/МА2017/00039

 

    Ц.Оы нэхэмжлэлтэй, “Н Ө”

  Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Я.Алтаннавч, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн, хариуцагч байгууллагын төлөөлөгч З.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 23-ны өдрийн 138/ШШ2017/00975 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч байгууллагын төлөөлөгч З.Цогбаярын давж заалдах гомдлоор Ц.Оы нэхэмжлэлтэй, “Н Ө” Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 5797577 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 11 сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 31-43 тоот байрыг худалдаж аваад 11 жил болж байна. Сүүлийн 7-8 жилийн хооронд дээврээс ус их хэмжээгээр алдсаар ирсэн. Дээврээс орж ирж байгаа ус гэрт маань их хор нөлөө үзүүлж байгаа. Хана тэр чигээрээ хөгзөрсөн, таазны онгорхойгоор янз бүрийн хорхой шавьж орж ирэн гэрт үүрлэсэн байна. Тааз цөмөрч, улмаар гэрэл цахилгаангүй болсон. Би цахилгаанаа залгуулахад цахилгааны утаснуудыг ил гаргаж залгахаас өөр аргагүй болж цахилгааны утаснууд ил задгай орчинд бид амьдарч байна. Бороо орохоор энд тэндгүй хувин саваа тосож, нойтон чийгтэй орчинд амьдарч байна. Манайх 2015 оны 7 сард гэртээ 1434134 төгрөгийн, 2016 онд 4363443 төгрөгийн иж бүрэн засвар хийсэн. Энэ талаар тухай бүрт нь орцны жижүүрээр дамжуулан СӨХ-н даргатай уулзаж өөрт нь харуулсан боловч засвар хийнэ гэж хэлэхээс өөр арга хэмжээ аваагүй. Сүүлдээ бороо орохоор манай гэр бүлийнхэн айдастай байдаг болсон. Би ус алдах бүрт жижүүрээ дуудаж байнга мэдэгддэг. Би З.Ц даргыг ажлаа авах үед  манай дээрээс ус ихээр алддаг шүү, та энэ талаар ажил хийгээрэй гэж анхааруулж хэлж байсан. Сүүлийн жилүүдэд гэр орондоо амьдрахад хүнд болоод байна. Гэртээ засвар хийх шаардлагатай учраас мэргэшсэн төсөвчнөөр төсөв хийлгүүлсэн. Иймд дээврээс ус алдсаны улмаас манай гэрт учраад байгаа засварын мөнгө болох 5797577 төгрөгийг “Н-Ө” Сууц өмчлөгчдийн холбооноос гаргуулах хүсэлтэй байна. Манайх орон сууцны төлбрөө бүрэн төлсөн гэжээ.

Хариуцагч “Н-Ө” Сууц өмчлөгчдийн холбоог төлөөлж тус холбооны гүйцэтгэх захирал ажилтай З.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Н-Ө” СӨХ-ны захирлаар ажиллаад 1 жилийн нүүрийг үзэж байна. Манай СӨХ-д хамгийн гол тулгамдаад байгаа асуудал нь байрны дээврээс ус ихээр алддаг асуудал юм. “Н-Ө” СӨХ-ны хариуцсан байшингуудын 50 хувийнх нь дээврээс ус алдаж байгаа. Энэ талаар холбогдох байгууллагад нь удаа дараа хандсан боловч манай Н-Ө СӨХ-д ямар нэгэн төсөв баталж өгөөгүй. Харин манай “Н-Ө” СӨХ-г өөрсдийнхөө хөрөнгөөр дээврээ янзал гэж үүрэг өгөөд байгаа. Дорнод аймгийн насжилт өндөртэй байшингуудын дээврийг төрөөс засварлаж байгаа. Мянгатын байшингууд энэ засварт хамрагдаж чадаагүй. Гэвч бид өөрийн чадлаараа дээврээс нь ус гоождог байшингуудын дээвэр дээр засвар хийсэн. Байшингийн дээвэр дээр засвар хийдэг мэргэжлийн хүнээр нэг удаа, байрны дежур нараар нэг удаа 31 дүгээр байрны дээвэр дээр засвар хийсэн. Яг энэ айлын дээрээс бол дээвэр цоорхой ус гоожоогүй. Харин уг байшингийн дундын заагаас ус урсаж айлууд руу ус гоождог учраас би тэр дундын заагыг л очиж харна уу гэхээс айл болгонд ус гоожиж байгааг очиж харах алба байхгүй. Миний бие ажил хүлээн авснаас хойш иргэдээс ирсэн гомдол мэдээллийг бүртгэх бүртгэлтэй болсон. Харин нэхэмжлэгч надад нэг ч удаа манай дээврээс ус гоожлоо гэж мэдэгдэж бүртгүүлж байгаагүй. Нэг удаа байрны гадаа таарахдаа манай дээврээс ус алдаад байгаа гэж хэлж байсан. Мөн нэхэмжлэгч нь 2014 оны 6 сараас хойш одоог хүртэл СӨХ-ны төлбөрөө төлөөгүй бөгөөд СӨХ-ны төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй. Манай талаас нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа мөнгийг өгөх боломж байхгүй. Нэхэмжилсэн мөнгийг өгнө гэвэл манай СӨХ 3 жил ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 5797577 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 23-ны өдрийн 138/ШШ2017/00975 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 229 дугаар зүйлийн 229.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч “Н-Ө” Сууц өмчлөгчдийн холбооноос бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 3478546 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2319031 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Оы улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 107711 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н-Ө” Сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид 70607 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Од олгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч З.Ц давж заалдах гомдолдоо:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 23-ны өдрийн 138/ШШ2017/00975 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ... Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхдээ бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хэлэлцээгүй, барилгын хяналтын байгууллагын дүгнэлт гаргуулаагүй, 2014 оноос хойш улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт хүсч хандаагүй, СӨХ нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах талаар үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулах үүргээ биелүүлээгүйгээс дээврээс их хэмжээний ус гоожсон явдал нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан шалтгаан болсон гэж үзжээ.

1. Хариуцагч байгууллагын зүгээс ...бүх гишүүдийн хурлыг жил бүр зарлан хуралдуулдаг бөгөөд ирц хүрээгүйн улмаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хэлэлцүүлж чадаагүй. Нэхэмжлэгч өөрөө бүх гишүүдийн хуралд ганц ч удаа оролцож байгаагүй болно.

2. ... 2017 онд шүүхээс шийдвэр гарч МХГ-аас дүгнэлт гаргуулсан ба түүнд 31-р байшингийн дээвэрт зайлшгүй их засвар хийх шаардлагатай ба СӨХ дангаар дээврийн засварын ажлыг хийх боломжгүй гэж дүгнэсэн.

3. 2009 онд 1 удаа, 2014 онд 3 удаа улсын болон орон нутгийн төсвөөс дээврийн засварын ажлын санхүүжилт хүсч хандаж байсан баримтыг шүүхэд өгсөн.

4. СӨХ-ны зүгээс дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах талаар “ДБЭХС” ХК, “Дорнод НАА” ОНӨААТҮГ зэрэг үйлчилгээний мэргэжлийн байгууллагуудтай гэрээ байгуулан ажилладаг бөгөөд дээврийн засварын ажлыг хийдэг мэргэжлийн байгууллага гэж байдаггүй, дээврийн ажилд мэргэшсэн хүмүүсийг хөлслөн ажиллуулахад хүрдэг ба энэ талаарх баримт нотолгоог шүүхэд гаргаж өгсөн гэж үздэг.

5. ... хууль дүрэм, норм стандартын заалтуудыг нэхэмжлэгч зөрчиж 2 өрөөг нэгтгэж 1 өрөө болгон засварлуулсан байгаа нь хучилтын хавтангийн бат бэх байдалд нөлөөлж, цууралт үүсэхэд нөлөөлсөн гэж үзэж байгаа бөгөөд шүүх энэ талаар анхаарч үзээгүй байна.

6. Нэхэмжлэгч Ц.О нь сүүлийн 7-8 жил дээврээс ус алдаж байгаа гэж гомдол гаргаж байгаа боловч ...засвар үйлчилгээний зардал хуваарилах бүх гишүүдийн хуралд ирж саналаа өгдөггүй, мөн засвар үйлчилгээний хураамжид төлөгдөх мөнгөө ч өгөхгүй олон сар жил болдог зэргээр иргэний үүргээ биелүүлэхгүй явж ирсэн ба өөрийн өмчдөө хүний юм шиг хандчихаад дараа нь СӨХ-ны хийх ажил, та нар миний өмчийн бүрэн бүтэн байдал, тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэж хандаж байна. ... Өөрийн зүгээс иргэний үүргээ биелүүлээгүй байхад бид нэхэмжлэгчид үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй юу. Ийм байсаар байтал шүүхээс нэхэмжлэлийг 40 хувиар багасгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

7. ...СӨХ нь төсвийн орлогогүй, үндсэн хөрөнгөгүй, гишүүдийн засвар үйлчилгээний хураамжид төвлөрүүлсэн мөнгөөр санхүүждэг ашгийн бус байгууллага учраас тухайн сардаа засвар үйлчилгээнд зарцуулагдан дуусдаг бөгөөд энэ нь сар сардаа дансанд орохоос биш бэлэн байдаггүй оршин суугчдын гар дээр байгаа мөнгө. Оршин суугчид өөрсдийн эрх ашгийн төлөө үйлчилгээ авах гэж биш энэ айлд өгөх гэж мөнгө төлөх болж байгаа ба нэхэмжилсэн мөнгийг төлөхийн тулд засвар үйлчилгээний хураамжийг өөр ямар ч зардалд зарцуулахгүйгээр 3-5 сар хадгалсны дараа барагдуулах боломжтой болно. Энэ хугацаанд СӨХ-ны үйл ажиллагаа бүрэн зогсох, хуулиар хүлээсэн үүрэг болох засвар үйлчилгээний хураамжаа төлж иргэний үүргээ биелүүлсэн бусад оршин суугчдын үйлчилгээ авах эрх зөрчигдөхөд хүрэх юм. Энэ байдлыг шүүхээс анхаарч үзээгүй байна. Шүүхийн шийдвэр, нэхэмжлэгчийн гаргасан гомдолтой холбогдуулан гаргаж буй дээрх татгалзал үндэслэлийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 23-ны өдрийн 138/ШШ2017/00975 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч “Н-Ө“ сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан “бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 5797577 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн  холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаар Хэрлэн сумын 7 дугаар багийн 31 дүгээр байрны дээврээс борооны ус гоожсоны улмаас тус байрны 43 тоотод оршин суух нэхэмжлэгч Ц.Оы эд хөрөнгөнд хохирол учирсан болох нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар Сууц өмчлөгчдийн холбоо нь “... нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах” үүрэгтэй байхаар зохицуулжээ.

Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “ ... орон сууцны байшингийн дээвэр, дээврийн хонгил зэрэг эд хөрөнгө” зэрэг нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар заажээ. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.8, 12 дугаар зүйлийн 12.4.2, 16 дугаар зүйлийн 16.5, 16.6-д зааснаар Сууц өмчлөгчдийн холбоо ямар үйл ажиллагаа явуулахыг хуулиар зохицуулсан байна. Гэтэл “Н Ө” сууц өмчлөгчдийн холбоо хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Ц.Оы эд хөрөнгөнд хохирол учирчээ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасантай нийцэж байна.

            Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Хариуцагч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70607 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч “Н Ө” сууц өмчлөгчдийн холбооны давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 сарын 23-ны өдрийн 138/ШШ2017/00975 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Н Ө” сууц өмчлөгчдийн холбооноос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70607 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Л.НАРАНБАЯР

                       ШҮҮГЧИД                                                             Я.АЛТАННАВЧ                                                                                                                                                      З.ЭНХЦЭЦЭГ