Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/63

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, Улсын яллагч Б.Төрболд, Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд /цахим/, Шүүгдэгч Т.Доржлхагва нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т.Доржлхагвад холбогдох 2224000000024 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1994 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, Завхан аймгийн Баянхайрхан сумын Төөнт багт оршин суух хаягтай, урьд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Цэхэр овогт Төмөрбаатарын Доржлхагва, регистрийн дугаар ИВ94080414.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Доржлхагва нь 2022 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумын Төөнт багийн нутаг Хөх шарт гэх газарт Х.Сосортой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь модоор цохиж эрүүл мэндэд зүүн хөмсөгний урд хэсгээс доош доод зовхины доод хэсэг хүртэл хагас ташуу шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: Шүүгдэгч Т.Доржлхагва нь 2022 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумын Төөнт багийн нутаг Хөх шарт гэх газарт Х.Сосортой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь модоор цохиж эрүүл мэндэд зүүн хөмсөгний урд хэсгээс доош доод зовхины доод хэсэг хүртэл хагас ташуу шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: - Хохирогч Х.Сосорын: “...Би 2022 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумын Төөнт багийн нутаг дэвсгэр Хөх шарт гэх газарт манай төрлийн залуус болох Доржлхагва, Баасандорж нар манай гэрт ирээд миний ээж Цэрэндаш, эмээ Мянганаа /Мягмарсүрэн/ нарт золгочхоод би энэ 2 хүнтэй хамт хөдөө айлуудаар золгуут хийхээр хамт явсан юм. Тэгээд хэдэн айл хэсчхээд Доржлхагвын өөрийн гэрт очоод тэндээсээ би ганцаараа явах гэтэл би чамайг хүргээд өгнө, чи манай ах Баасандоржоос ганц шил архи авчих гээд байхаар нь Баасандоржоос Доржлхагва бид хоёр нэг шил архи аваад замаараа Дэрэмээ гэх айлд очиж золгочхоод манайх руу явсан. Ингэж явах замдаа бид хоёр нөгөө нэг шил архи ууж явсаар байгаад дуусгасан. Доржлхагва нь буцаж явна гээд байхаар нь чи унт гэтэл унтахгүй байсан. Тэгээд манай хөгшин ээж Мянганаа /Мягмаржавын/-ын гэрт ороод би тэнд байсан ээж болон бусад хүмүүсийг та нар гэр орондоо орж унт гээд хөөж гаргасан. Тэгээд буцаж гарч ирээд Доржлхагватай гэрийн гадна зодоон цохион хийсэн. Тэгээд манай дүү бид хоёрыг салгаад Доржлхагва гүйгээд алга болчихсон. Би морио эмээлийг нь авч өвслөх гээд явж байтал Доржлхагва хонины хашааны үүдэнд сууж байхаар нь “чи энд юу хийж сууж байгаа юм бэ” гэтэл юу хийдэг юм гээд миний нүүрэн дундуур модоор цохиод миний нүүр хамрын дээд хэсгийг зад цохисон. Миний нүүрнээс цус гоожоод тэр үед нь би гэр рүүгээ гүйгээд Дүү Жадамбад ахыг нь Доржлхагва ингээд хаялаа гэж хэлээд буцаж гарч ирээд Доржлхагвыг хайж морио унаад өвсний хашааны хажууд явж байх үед дахин намайг бүдүүн шургаагаар ууцан дундуур цохиод мориноосоо унасан. Тэгээд надад мэдэх зүйл байхгүй нэг мэдэхэд л эмнэлэг цагдаа болсон байсан. Т.Доржлхагва ах бид хоёр сайн дураараа эвлэрсэн, надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан тул Т.Доржлхагвад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 62- 65-р хуудас/, - Гэрч Ч.Чимэддамбын: “...Шинийн нэгний өдөр би нутгийн хөгшин Мягмаржав /Мянганаа/ гэх айлд золгуут хийчхээд орой гэр рүүгээ явах гэж байтал Цэрэндашийн хүүхэд Сосор болон эдний хамаатан болох Доржлхагва нар золгуут хийгээд архи ууцгаасан согтуу ирсэн. Тэгээд Сосор ээжтэйгээ жоохон ам зөрөлдөөд эмээгийнхээ гэрт байсан хүмүүсийг хөөж туугаад байхаар нь би гараад өвөлжөөний арын хад өөд нь өгсөөд хаданд хонь, ямаа үлдчих байх гэж харчихаад түр амраад сууж байтал хүмүүс зодолдоод байгаа бололтой чанга дуугаралдаад, морь маландаа мордож давхилдаж орлилдоод байхаар нь хэсэг сууж байгаад хаднаас буугаад өвсний хашааны хажуугаар явах үед Сосор ухаантай үгүй нь мэдэгдэхгүй нүүрнээс нь цус гарсан хэвтэж байхаар нь дүү Жадамбад нь ах чинь энд ийм байдалтай байна гэж хэлчихээд Мягмаржав эгчийн гэрт орсон. Тэгээд удаагүй байтал л Сосор ухаан алдсан Доржлхагва модоор цохисон, ухаан орохгүй байна эм тариа, сумын төв рүү эмч дууд энэ тэр болсон. Ямартай ч Сосорын нүүрнээс маш их цус гарсан. Тэнд байсан хүмүүс л модоор цохисон гээд байсан. Хамар нь дээд хэсэгт 2 хөмсөгний дундаа тасарсан, нүүр нь тэр чигтээ цус болсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/, - Гэрч Х.Жадамбын: “...Би өөрийн гэрт унтаж байх үед Сосор болон Доржлхагва нар зодоон хийсэн байсан. Тэгээд нэг сэрхэд хүмүүс орилолдоод байхаар нь гараад хартал манай ах Сосор болон Доржлхагва нар зодоон хийгээд байх үед нь би салгасан. Тэгээд гэрт ороод байж байтал Чимэддамба ах орж ирээд танай ах Сосор хашааны хажууд ухаангүй байна гэхээр нь очтол бос ч чадахгүй биеээ даахгүй байсан. Сосор ахыг Доржлхагва ах уурганы хугархай нарийн модоор нүүрэн дундуур нь цохисон гэсэн. Хамарны дээд хэсэгт 2 хөмсөгний дундаа тасарсан, нүүр нь тэр чигтээ цус болсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71-р хуудас/, - Гэрч М.Цэрэндашийн “...Тэгээд шөнө 23 цагийн орчим манай хүүхэд Сосор болон Доржлхагва нар манай гэрт ирсэн. Би өөрийн ээж болох Мягмаржавынд унтаж байх үед Сосор болон Доржлхагва нар зодоон хийсэн байсан. Тэгээд нэг сэрхэд хүмүүс орлилдоод байхаар нь гараад хартал манай хүүхэд Сосорыг Доржлхагва гэгч өвсний хашааны хажууд, хашааны бараг 4 метр урттай байх шургаагаар ууцан дундуур нь цохиж байхад нь би салгасан. Тэгээд Доржлхагвыг чи одоо яв гээд өөрийн хүүхэд Дарамын хамт морийг нь аваачиж өгөөд гэрт орж ирээд сууж байтал манай хүүхэд Жадамба ээжээ Сосор ах ухаангүй хашааны хажууд хэвтэж байна гэнэ Дамба /Чимэддамба/ ах сая хараад надад хэлээд би эмээгийн гэрт оруулчихлаа гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гартал Доржлхагва яваагүй байхаар нь чи хүүхэд алаад хаячихлаа явж эм олж ир гээд уйлж туйлаад загнахад Доржлхагва мориндоо мордож яваад ирээгүй. Сосор ухаан орохгүй хэсэг удсан тэгээд эмнэлэг болон Цагдаагийн байгууллагад хандсан. Сосорыг Доржлхагва эхлээд уурганы хугархай нарийн модоор нүүрэн дундуур нь цохисон гэсэн тэрийг нь бол би хараагүй гэрт байсан болохоор харин дараа нь газарт унасан байх үед нь бүдүүн шургаагаар нуруун дундуур нь нэг удаа цохиж байхыг нь харсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77-р хуудас/, - Шүүгдэгч Т.Доржлхагвын: “...2022 оны 2 дугаар сарын 2-ны өдөр би Сосорын хамт айл хэссэн. Тэгээд түүнийг гэрт нь хүргэж өгөөд тэднийд бид хоёр нэг шил архи хувааж уусан. Сосорын ээж нь гаднаас орж ирээд та хоёр нийлж архи уулаа гээд загнасан. Тэгсэн Сосор ээж рүүгээ юм хэлээд байхаар нь ахын дүү болохгүй гэсэн над руу дайраад эхлэхээр нь би босож ирээд барьцалдаж авсан. Миний дээрээс дараад цохих үед тэнд байсан Жадамба, Бийбуу нар бид хоёрыг салгасан. Би зодуулж байхаар гараад явъя гэж бодоод хонины хашаа руу ортол Сосор морио эмээлж байхдаа миний нас барсан аавын нэрээр дуудаад, чи энд нуугдаж байна уу гээд хүрээд ирэхлээр нь би газраас нарийн мод аваад нүүр хэсэг рүү нь цохисон. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...Би гэм буруугаа өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Надад оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, - Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 000000090 дугаартай: “...Х.Сосорын биед гэмтэл учирсан байна. Х.Сосорын биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байх боломжтой гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой зүүн хөмсөгний урд хэсгээс доош доод зовхины доод хэсэг хүртэл хагас ташуу шарх гэмтэл тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Х.Сосорын биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 11-12-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Т.Доржлхагва нь хохирогч Х.Сосорын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна. Иймд Т.Доржлхагвыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна. - Хохирлын талаар: Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Сосорын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Т.Доржлхагва нь түүнд учруулсан хохирлоо төлж барагдуулсан болох нь хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн “...Т.Доржлхагва ах бид хоёр сайн дураараа эвлэрсэн, надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг болон Х.Сосорын Хаан банкны 5497... дугаартай дансанд 500,000 төгрөгийн хохирол төлсөн баримт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх: Шүүгдэгч Т.Доржлхагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Т.Доржлхагва гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй учир түүнд холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эд мөрийн баримтаар хураагдсан 116.8 см урттай, 2.5 см диаметрийн хэмжээтэй уурганы үзүүр гэх мод 1 ширхэг, 224.5 см урттай, 3.5 см диаметрийн хэмжээтэй шургааг мод 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна. Шүүгдэгч Т.Доржлхагвад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цэхэр овогт Төмөрбаатарын Доржлхагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Доржлхагвыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Доржлхагвад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Доржлхагва нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Т.Доржлхагва нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 116.8 см урттай, 2.5 см диаметрийн хэмжээтэй уурганы үзүүр гэх мод 1 ширхэг, 224.5 см урттай, 3.5 см диаметрийн хэмжээтэй шургааг мод 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.Доржлхагвад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ