| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2022/0069/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/64 |
| Огноо | 2022-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, Улсын яллагч Б.Төрболд, Шүүгдэгч Ж.Алтанхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж.Алтанхуягт холбогдох 2223000000066 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ногоо тарьдаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамтаар Завхан аймаг Улиастай сум Өлзийт баг Өгөөмөр хэсэг 1 дүгээр гудамж 12 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Цагаан Толгой овогт Жамцын Алтанхуяг, регистрийн дугаар ИЭ76021711
. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Алтанхуяг нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Улиастай сум Чигэстэй баг Хөдөө Аж Ахуйн хэсэг 8-802 тоот хашаанд оршин суух иргэн С.Өлзийбатын гэрт түүний хүү Ө.Цэдэвсүрэнг “Хүүхэд уруу татдаг” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж доод эрүүний зүүн 1 дүгээр шүдийг унагасан буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Уг хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: Шүүгдэгч Ж.Алтанхуяг нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Улиастай сум Чигэстэй баг Хөдөө Аж Ахуйн хэсэг 8-802 тоот хашаанд оршин суух иргэн С.Өлзийбатын гэрт түүний хүү Ө.Цэдэвсүрэнг “Хүүхэд уруу татдаг” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж доод эрүүний зүүн 1 дүгээр шүдийг унагасан буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: 1. Хохирогч Ө.Цэдэвсүрэнгийн “...2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 17 цаг өнгөрч байхад би хажуу талын айлдаа байж байсан манай ээж Алтанцэцэг намайг дуудаад “Манайд Алтанхуяг ирчихсэн агсам тавиад байна” гэхээр нь би гэр рүүгээ ортол Алтанхуяг намайг “Чи муу пязда хүүхэд хот руу дагуулж явчхаад” гээд намайг заамдаад авахаар нь би Алтанхуягийг чирч гаргаад байж байтал манай аав Өлзийбат ээжийг тоосгоор цохино гээд хөөхөөр нь би аавын барьж байсан тоосгыг булааж аваад аавыг хажуу тийш нь дугтарсан чинь уначихсан юм. Тэгсэн намайг хажуугаас Алтанхуяг барьж аваад аав бас бос ч ирж намайг бариад зогсож байтал Алтанхуяг гараараа миний эрүү шүд хэсэг рүү нэг удаа цохисон. Алтанхуягт цохиулаад миний үүдэн доод нэг шүд угаараа хугарч санжигнаж унахад бэлэн болж буйлан дээрээ тогтож байгаа. ...Алтанхуяг миний ам, эрүү хэсэг рүү нэг удаа гараараа цохиж миний үүдэн шүдийг хугалсан. Алтанхуягт цохиулснаас болоод миний үүдэн доод нэг шүд хугарсан, эрүү хэсэг өвдөлттэй, ар дагз, цээж хэсэг хөндүүр байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 8, 53-54-р хуудас/, 2. Гэрч С.Алтанцэцэгийн “...2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн үед нөхөр Өлзийбат бид 2 гэртээ байж байхад Мөнхбат, Алтанхуяг нар манайд орж ирсэн юм. Тэгээд Мөнхбат нь дэлгүүр рүү архи авахаар явсан. Алтанхуяг манайд орж ирэхдээ согтуу байсан. Алтанхуяг гэнэт манай хүүхдийг “Танай хүүхэд хүүхэд уруу татдаг, Лаалаа Сандагийн хулгайч нараа та нарт дээрэлхүүлэхгүй” гээд орилоод байсан. Тэр үед манай хүүхэд гаднаас орж ирээд Алтанхуягийг “Яагаад айлд орж ирээд агсам тавиад байгаа юм” гээд Алтанхуягтай барьцалдаад авсан. Тэгсэн аав нь “Би хүүхдээ мэднэ” гээд хүү Цэдэвсүрэнг бариад автал урдаас нь Алтанхуяг Цэдэвсүрэнгийн ам хэсэг рүү цохисон. Тэр үед Цэдэвсүрэнгийн шүд нь хугарч амнаас нь цус гараад байсан. Тэгээд манай хүүхэд амаа дараад зогсож байтал аав нь Цэдэвсүрэнг шанаа толгой руу нь “Би хүүхдээ мэднэ” гээд хэд хэдэн удаа цохиж авсан. Тэгээд би цагдаа дуудсан юм. Алтанхуяг Цэдэвсүрэнгийн ам руу нь гараараа цохиж шүдийг нь хугалсан.” гэх мэдүүлэг /ххийн 10-11-р хуудас/, 3. Гэрч С.Өлзийбатын “...2022 оны 02 сарын 09-ний өдөр манайд хүн хөдөөнөөс ирээд би архи задлаад тэр архинаас нь хэд татсан байсан. Тэгээд эхнэртэйгээ 2-лаа гэртээ байж байтал 16 цагийн үед байх гаднаас Алтанхуяг нэг залуутай хамт согтуу ирсэн юм. Тэгээд би тэр хоёрт задалсан байсан архиа хийж өгөөд тэр 2 ууж дуусаад Алтанхуягтай хамт ирсэн залуу дэлгүүр орохоор гарсан. Гэтэл Алтанхуяг том том дуугараад “Танай хүүхэд манай хүүхдийг уруу татдаг” утгатай юм яриад орилоод байсан. Тэр үед манай эхнэр цагдаа дуудна гээд гарсан. Гэтэл гаднаас манай хүү Цэдэвсүрэн зөрж орж ирээд “Алтанхуяг гуай яагаад том дуугараад байгаа юм” гээд Алтанхуягийг бариад авсан юм. Тэгэхээр нь би хүүхдээ “Яахаараа чи том хүний урдаас том дуугардаг юм” гээд 2, 3 удаа гараараа шанаа хэсэг рүү цохисон. Тэр үед Алтанхуяг манай хүү хоёр нэгнийгээ цохиод байсан. Тэгээд цагдаа ирээд Алтанхуяг бид хоёрыг эрүүлжүүлсэн. Алтанхуяг Цэдэвсүрэн нар нэгнийгээ цохиж аваад зууралдаад байсан. Хэн хэнийхээ аль хэсэг рүү юугаар цохисныг би анзаараагүй, гараараа л нэгнийгээ цохисон байх.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/, 4. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 000000097 дугаартай “...Ө.Цэдэвсүрэнгийн биед доод эрүүний зүүн 1 дүгээр шүдний булгаралт, зүүн чихний ар хэсэгт хуйханд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтэл нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүнд зодуулсны улмаас үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд 5 хувиар нөлөөлнө. Иргэн Ө.Цэдэвсүрэнгийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.52.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 16-17-р хуудас/, 5. Шүүгдэгч Ж.Алтанхуягийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би Мөнхбатын хамт архи уугаад явж байгаад 17 цагийн үед байх Өлзийбат ахынд ороод золгоод байж байсан чинь хүүхэд Цэдэвсүрэн нь гаднаас орж ирээд би Цэдэвсүрэнтэй маргалдсан. Цэдэвсүрэн намайг барьж аваад цохиод авахаар нь би зөрүүлээд нэг удаа нүүр хэсэг рүү нь цохисон юм. Би Цэдэвсүрэнгийн нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон, нэг шүд нь хугарсан байсан. ...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Надад оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй учир шүүх хуралдаанд оролцохгүй” тухайгаа илэрхийлсэн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Ж.Алтанхуяг нь хохирогч Ө.Цэдэвсүрэнгийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна. Иймд Ж.Алтанхуягийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, бусадтай харилцах харилцаа хандлага болон нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна. - Хохирлын талаар: Хохирогч Ө.Цэдэвсүрэн нь шүүгдэгчээс 250,000 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүгдэгч Ж.Алтанхуяг төлсөн болох нь хохирогч Ө.Цэдэвсүрэнгийн мөрдөн байцаалт өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх тайлбар болон шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх: Шүүгдэгч Ж.Алтанхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Ж.Алтанхуяг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй учир түүнд холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цагаан Толгой овогт Жамцын Алтанхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Алтанхуягийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Алтанхуягт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Алтанхуяг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Ж.Алтанхуяг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ж.Алтанхуягт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ