Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 00232

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 01 өдөр          Дугаар 182/ШШ2018/00232          Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 03-53 тоотод оршин суух, Боржигон овогт Балжирдоржийн Эрдэнэчимэг /РД:ИЮ73091907/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн үндэстний гудамж 5/1, Засгийн газрын II байранд байрлах, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,

 

Хариуцагч: Бүгд найрамдах Солонгос улс, Сөүл хот, Жүнгү дүүрэг, Тэгеру 320, S/W барилга 6, 9 давхарт байрлах, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв /хуулийн этгээдийн регистрийн дугаар 6007643/-д холбогдох,

 

“Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны харъяа Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16/03 тоот тушаалыг хүчингүй болгуулж, “Бүгд Найрамдах Солонгос Улс дахь нэг цэгийн үйлчилгээний төвийн мэргэжилтэн”-ний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж, тэдгээр дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэрэндулам нар оролцов.

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэгийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Эрдэнэчимэг миний бие 2011 оны 10 дугаар сарын 01-ээс эхлэн Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Нэг Цэгийн Үйлчилгээний Төвд /хуучнаар хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны мэргэжилтэн/ мэргэжилтнээр ажиллаж байсан.

Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөр эрхэлж буй Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалан хуулийн дагуу хөдөлмөрийн харилцаанд оролцох талаар дэмжлэг туслалцаа болон Бүгд Найрамдах Солонгос Улсын хуулийн зөвлөгөөг үзүүлэх Монгол Улсын Хөдөлмөрийн Яамны /хуучин нэрээр/ бодлого зорилгыг таниулан хэрэгжүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэдэг байсан. Уг албанд хөдөлмөр эрхэлж байх хугацаандаа идэвх зүтгэлтэй мэдлэг туршлагын хувьд чанартай сайн гүйцэтгэж хүний нутагт ядарч зүдэрсэн олон Монгол иргэдийн өргөдлийг хүлээн авч хуулийн хүрээнд шийдвэрлэн барагдуулж ирснийг минь үнэлж, 2014 онд “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан" одон медаль, Байгууллагын сайшаалын үнэмлэх, Баярын бичиг зэрэг шагналаар удаа дараа шагнагдаж байсан.

Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газраас /хуучнаар Хөдөлмөр Эрхлэлтийн Судалгаа Мэдээллийн Үндэсний төв/ ирсэн төлөөлөгчид нь 2016 оны Монгол Улсын Засгийн газрын “Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах татан буулгах тухай” 55 дугаар тогтоол, Хөдөлмөр, Нийгэм хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны А/157 дугаар тушаалыг үндэслэсэн “Ажлаас чөлөөлөх тухай” мэдэгдлийг гардуулж өгсөн.

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн үед халагдах мэдэгдэл аваагүй, халагдалгүй үлдсэн мэргэжилтнүүдээс ажлын комисс байгуулан хурал хийж, бусад ажилчдад болон Б.Эрдэнэчимэг надад 2016 оны 12 дугаар сарын            12-ны өдрийн 16/03 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг танилцуулж ажлаа хурдан хүлээлгэн өгөхийг шаардсан.

Гэтэл ийнхүү бөөнөөр нь хүмүүсийг халсан атлаа буцаагаад 12 хүнийг шинээр ажилд авч, хуучин орон тоон дээр дахин хүмүүсийг ажиллуулж эхэлсэн.

Би Монгол улсын төрд хоёргүй сэтгэлээр олон жил тухайн мэргэжил дээр ажилласан туршлагатай хүний хувьд аливаа байгууллагын хүний нөөц, боловсон хүчний бодлого дээр шийдвэр гаргахдаа төрийн алба тогтвортой, тасралтгүй, чанарын өндөр түвшинд явагдах ёстой гэдэг зарчмыг нэн тэргүүнд баримтлах ёстой гэж үздэг. Гэтэл улс төрийн удирдлага солигдсоноор мэргэшсэн ажилтнаа халаад тухайн ажлын нөхцөл байдлыг мэдэхгүй хүнийг томилж, тухайн байгууллагаар үйлчлүүлж буй Иргэдийн эрх ашигт халтай шийдвэрийг гаргаж буйд харамсалтай байна.

Мөн уг тушаалын үндэслэл болгоод буй 2016 оны Монгол Улсын Засгийн газрын “Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах татан буулгах тухай” 55 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.7-д зөвхөн “2 төвийг нэгтгэх, нэгтгээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа “БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв” болгох тухай зохицуулсан байтал нэгтгээд, дахин нэмж хүн халсан нь засгийн газрын тогтоолын агуулгыг өргөжүүлж, эрх хэмжээгүйгээр бусдыг эрхэнд халдсан үйлдэл болсон.

Дээр нь үндэслээд буй Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д нэгтгэсний улмаас хүн халагдсан агуулгыг зохицуулаагүй заалт болно.

Иймд Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16/03 дугаар 1 тушаалыг хүчингүй болгож, “Бүгд Найрамдах Солонгос Улс дахь нэг цэгийн үйлчилгээний төвийн мэргэжилтэн”-ээр ажилд эгүүлэн тогтоож, сарын цалин хөлс 2,524,500 төгрөг буюу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж, тэдгээр дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай” 55 дугаар тогтоолоор “Хөдөлмөрийн яамны (хуучин нэрээр) харьяа “Бүгд Найрамдах Солонгос Улс дахь нэг цэгийн үйлчилгээний төв” болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны (хуучин нэрээр) харьяа “Бүгд Найрамдах Солонгос Улс дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төв”-ийг татан буулгаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа “Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв”-ийг шинээр байгуулсан.

Шинээр байгуулагдсан Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дүрэм, бүтэц, орон тооны дээд хязгаарыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/157 дугаар тушаалаар баталсан юм. Уг төв нь 14 албан хаагчийн орон тоотойгоор батлагдсан бөгөөд зарим орон тоо хасагдаж, цөөрсөн болно.

Мөн Б.Эрдэнэчимэг нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/Ш32017/00518 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, мөн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183/Ш32017/03003 дугаартай шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Энэ нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг нь Хөдөлмөр нийгэм хамгааллын яам болон Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Нийгмийн Хамгааллын үйлчилгээний төвд тус тус холбогдуулан “Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны харъяа Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16/03 тоот тушаалыг хүчингүй болгуулж, “Бүгд Найрамдах Солонгос Улс дахь нэг цэгийн үйлчилгээний төвийн мэргэжилтэн”-ний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж, тэдгээр дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2011 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 131 дүгээр тушаалаар Бүгд Найрамдах Солонгос Улс дахь төлөөлөгчийн газарт мэргэжилтнээр 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдон ажиллаж байсан байх бөгөөд Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Нэг цэгийн үйлчилгээний төвийн даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/002 дугаар тушаалаар Хөдөлмөрийн харилцаа, Гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр Б.Эрдэнэчимэгийг томилж, Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16/03 дугаар тушаалаар мэргэжилтэн Б.Эрдэнэчимэгийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2011 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 131 дүгээр тушаал, Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Нэг цэгийн үйлчилгээний төвийн даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/002 дугаар тушаал, Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16/03 дугаар тушаал, Б.Эрдэнэчимэгийн Нийгмийн даатгалын дэвтэр зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг нь Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Нэг цэгийн үйлчилгээний төвийн Хөдөлмөрийн харилцаа, Гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх хугацаанд Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Тэнүүн нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16/03 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Монгол Улсын Засгийн газрын “Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай” 2016 оны 55 дугаар тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв”-ийн зохион байгуулалтын бүтэц, дүрэм батлах тухай” А/157 дугаар тушаал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/157 дугаар тушаалаар баталсан “БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв”-ийн зохион байгуулалтын дүрэм”-ийн 3.4 дэх хэсгийг тус тус үндэслэл болгожээ.

 

            Ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалдаа “... Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөрийн яамны (хуучин нэрээр) харьяа “БНСУ дахь нэг  цэгийн үйлчилгээний төв”-ийн мэргэжилтэн Балжирдоржийн Эрдэнэчимэгийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэж нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэгийг ажлаас чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Ажлаас чөлөөлөх тухай” мэдэгдлийг гардуулж өгсөн.

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн үед Б.Эрдэнэчимэг надад 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16/03 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг танилцуулж ажлаа хурдан хүлээлгэн өгөхийг шаардсан.

Гэтэл ийнхүү бөөнөөр нь хүмүүсийг халсан атлаа буцаагаад 12 хүнийг шинээр ажилд авч, хуучин орон тоон дээр дахин хүмүүсийг ажиллуулж эхэлсэн.

Мөн уг тушаалын үндэслэл болгоод буй 2016 оны Монгол Улсын Засгийн газрын “Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах татан буулгах тухай” 55 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.7-д зөвхөн “2 төвийг нэгтгэх, нэгтгээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа “БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв” болгох тухай зохицуулсан байтал нэгтгээд, дахин нэмж хүн халсан нь засгийн газрын тогтоолын агуулгыг өргөжүүлж, эрх хэмжээгүйгээр бусдыг эрхэнд халдсан үйлдэл болсон.

Дээр нь үндэслээд буй Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д нэгтгэсний улмаас хүн халагдсан агуулгыг зохицуулаагүй заалт болно...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор “Хөдөлмөрийн яамны (хуучин нэрээр) харьяа “Бүгд Найрамдах Солонгос Улс дахь нэг цэгийн үйлчилгээний төв” болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны (хуучин нэрээр) харьяа “Бүгд Найрамдах Солонгос Улс дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төв”-ийг татан буулгаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа “Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв”-ийг шинээр байгуулсан.

Шинээр байгуулагдсан Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дүрэм, бүтэц, орон тооны дээд хязгаарыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/157 дугаар тушаалаар баталсан юм. Уг төв нь 14 албан хаагчийн орон тоотойгоор батлагдсан бөгөөд зарим орон тоо хасагдаж, цөөрсөн болно.

Мөн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү....” гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагч Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаад гардуулж, хариу тайлбар ирүүлэх хугацааг 14 хоногоор тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд  хэргийг шийдвэрлэнэ” гэж заасныг танилцуулсан боловч хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа эсэх талаарх хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Шүүх хариуцагч “Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбаатар болон хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж нарт 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 13 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хариуцагч нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.  

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заажээ.

 

Ажил ологчийн ажлаас чөлөөлсөн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тушаалыг нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр буюу хуульд заасан хугацаанд  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 183/ШЗ2017/00518 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж тус шүүхийн шүүгч 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШЗ2017/03003 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанцэцэг нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл гадаад улсад зорчсон болох нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17/163 дугаар тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Тэрчлэн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг хэтрүүлээгүй гэж үзнэ.

 

Ажил олгогчийн 16/03 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан байгууллага татан буугдсан, ажилтны ажлын байрны орон тоо хасагдсан, орон тоог цөөрүүлсэн эдгээр үндэслэлийн алинаар Б.Эрдэнэчимэгийг ажлаас халж байгааг тодорхойлон заагаагүй ба хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Монгол Улсын Засгийн газрын Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай 2016 оны 55 дугаар тогтоолоор БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв татан буугдсан ... гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй ... гэх үндэслэл зааж, мэтгэлцэж байгаа болно.

 

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолын 1.7-д Хөдөлмөрийн яамны /хуучин нэрээр/ харьяа БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хуучин нэрээр /харьяа БНСУ дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийг нэгтгэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв болгож, өөрчлөн зохион байгуулжээ.

 

Өөрөөр хэлбэл өмнө нь Хөдөлмөрийн яамны харьяанд байсан БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв, Хүн амын, хөгжлийн нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийг нэгтгэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагааг явуулахаар болгосон байна.

 

Дээрх тогтоолыг хэрэгжүүлэхээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/157 дугаар тушаал гарч, уг тушаалын нэгдүгээр хавсралтаар тус төвийн дүрмийг хоёрдугаар хавсралтаар зохион байгуулалтын бүтэц, орон тооны бүдүүвчийг баталж, 2 дахь заалтаар батлагдсан орон тооны хязгаарт багтаан ажилтнуудыг томилох, цалин нэмэгдлийг тогтоох, байгууллагын дотоод журам, ажилтны ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж ажиллахыг тус төвийн даргад үүрэг болгож, тушаалын хэрэгжилтэд хяналт тавихыг төрийн нарийн бичгийн даргад үүрэг болгожээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажил олгогч орон тоо, бүтцийн өөрчлөлтийн улмаас хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж буй ажилтанд ийнхүү цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж тус тус заажээ.

 

Ажил олгогч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Бүгд Найрамдах Солонгос улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэгт ажлаас халах тухай мэдэгдлийг 1 /нэг/ сарын өмнө түүнд мэдэгдсэн гэж үзэхээргүй байна.

 

Учир нь хэрэгт авагдсан 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай Сонсох ажиллагааны талаар мэдэгдлийг Б.Эрдэнэчимэгт 2016 оны 11 сарын 16 цаг 38 минутад хүлээлгэн өгөв гэх баримт нь ажил олгогч хуульд заасны дагуу нэг сарын өмнө нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэгт мэдэгдсэн гэж үзэх үндэслэл болохгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан зохицуулалтад нийцэхгүй хууль зөрчсөн гэж үзлээ. /хх-ийн 8 дугаар тал/

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/157 дугаар тушаалын хавсралтаар БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн бүтэц, орон тооны бүдүүвчийг баталсан байх ба тус төсвийн нийт орон тоог 14 хүртэл байхаар тогтоосон байна. /хх-ийн 29-33 дугаар тал/

 

Гэвч дээрх тушаалын дагуу БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар ажил албан тушаалын жагсаалт, ажлын байрны тодорхойлолт болон албан тушаалын лавлах, хөдөлмөрийн норм норматив, үндсэн цалингийн сүлжээ, болон бусад холбогдох журам-ыг баталж мөрдүүлээгүй байна.

 

Ажил олгогч нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэр гаргах эрхтэй боловч, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлүүд бодиттойгоор бий болоогүй байхад ажилтныг урьд эрхэлж байсан ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.

 

Шинэ бүтцээр шинэчлэн байгуулагдсан БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь 14 орон тоотой байх ба Хөдөлмөрийн харилцаа, Гадаадын хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн нь Хөдөлмөр эрхлэлт, гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн гэж нэршлийн хувьд өөрчлөгдсөнөөс гадна, уг орон тоонд өөр бусдыг авч ажиллуулж байгаа болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Бүгд Найрамд Солонгос Улс дахь нэг цэгийн үйлчилгээний төвийн даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/002 дугаар тушаал, ажлын байрны тодорхойлолт, сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/157 дугаар тушаал болон тушаалын хавсралтууд зэргээр тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан албан тушаал, ажлын байр нь шинээр батлагдсан орон тооны бүтцээр түүний гүйцэтгэж байгаа ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар ажил олгогч нь ажилтныг ажлаар ... хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох зэрэг хуулиар болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Аж ахуйн нэгж байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж заажээ.

 

Иймд шинээр зохион байгуулагдсан буюу эрх, үүргийг шилжүүлэн авсан ажил олгогч буюу БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ямар нэгэн байдлаар цуцлах эрхгүй.

 

Хариуцагч байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Б.Эрдэнэчимэгийн ажлын байр, орон тоо хасагдсан, эсхүл цөөрүүлсэн нь гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул 16/36 тоот тушаал үндэслэлгүй байна.

 

Иймд Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16/03 дугаар тушаалаар Б.Эрдэнэчимэгийг мэргэжилтний ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй тул Б.Эрдэнэчимэгийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоов.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ажил ологчийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16/03 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлдээ дурдсан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш, харин ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл тул дээрх тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.

 

            Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэгийг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 32,827,500 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэгийн сарын дундаж цалин 2,524.500 төгрөг байхаар тооцов. /хх-ийн 5 дугаар тал/

 

Ажилгүй байсан бүх хугацаа нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр /13 сар/ хүртэл байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу Б.Эрдэнэчимэгийн ажилгүй байсан 13 сарын цалинтай тэнцэх хэмжээний олговорт 32,818,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагч Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасантай нийцүүлэн /70,200 төгрөг+322,042 төгрөг/ нийт 392,242 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын өгсөн тайлбар, хэргийн үйл баримтаас үзэхэд хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байх ба хариуцагч нь хөдөлмөрийн харилцааны оролцогч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдох Б.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн /хөдөлмөрийн харилцаа, Гадаад хамтын ажиллагаа хариуцсан гэх/ мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яаманд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 32,818,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай

           

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэгийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд даалгасугай.

           

            4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 392.242 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

           

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              И.АМАРТӨГС