Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2019/ДШМ/31

 

2019 оны 04 сарын 16 өдөр                        

    2019/ДШМ/31                                                            Зуунмод

 

 

 

Л.О-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Энхмаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхгэрэл,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Гансүх, Р.Атарцэцэг,

Шүүгдэгч Л.О ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, шүүгч Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн, 2019 оны 02 сарын 15-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Л.О-т холбогдох 201419000281 дугаартай 5 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.О, түүний өмгөөлөгч П.Буманзаяа нарын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1980 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, .... тоотод оршин суух хаягтай, урьд 1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг 3 жил тэнсэж хянан харгалзсан, 2000 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3,  241 дүгээр зүйлд зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 04 сарын 15-ны өдрийн 119 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 40 000 төгрөгөөр торгох ялаар, 

Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 06 сарын 11-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 9 сарын 11-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Л.О , /РД:М..14/.

Шүүгдэгч Л.О  нь ялтай байхдаа согтуугаар 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Өгөөмөрийн 3-17 тоот хашаанд Ц.Цэнд-Аюушийг цээжин тус газар нь хутгалж, санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.О-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 02 сарын 15-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор: 

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.О ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж,

Шүүгдэгч Л.О ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.О ыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.О-т оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О ын урьдчилан цагдан хоригдсон 590 /таван зуун ерөн/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, түүнд авсан хязгаарлалт тогтоох тухай/ Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах/ таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, бусдын баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж, 

             Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар замын зардал 805000 төгрөгийг шүүгдэгч Л.О аас гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхгэрэлд олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар саарал өнгийн футволк 1 ширхэг, цагаан өнгийн цамц 1 ширхэг, ногоон алаг өнгийн дисант даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн бүс /цэрэг бүс/ 1 ширхэг, хөх өнгийн цагаан судал бүхий дотоож 1 ширхэг, шаргал өнгийн оймс 1 хос, шар оруулгатай хар өнгийн пүүз 1 хос болон бор өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг устгахыг Төв аймгийн шүүхийн Тамгын газарт даалгаж, туршилт хийх ажиллагааны бичлэг бүхий СД 3 ширхэг, Л.О ын дахин байцаалтын СД 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь хавсаргаж,

Шүүгдэгч Л.О ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхгэрэлд 11800000 төгрөг төлснийг тус тус дурьдаж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус даалгаж,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарлаж,

Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Л.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.О  гаргасан давж заалдах гомдолдоо: “... Энэ үед Цэнд-Аюуш надад хандаж “чи түрүүнээс хойш надтай юм ярихгүй, дуугарч ядаад, намайг үл тоож байна тэ” гэхээр нь “би чамайг танихгүй юм чинь юу ярих билээ” гэхэд “намайг Алтанбулагийн хар Бухаа гэдэг, чи намайг Алтанбулагаас асуугаарай за юу? Би чамд мэдүүлнээ гээд” ухасхийн босч ирээд миний дээр гарч суугаад намайг хэд хэд цохиж асан. Тэгэхэд Алтан-Оргил, Отгонбаяр хоёр босч ирээд Цэнд-Аюушийн хоёр талаас нь татаж салгахад Цэнд-Аюушийн биенээс хутга унаж байсан. Ингээд би босоод “чи намайг яалаа гэж цохиж байгаа юм” гэхэд “би чамайг ална” гээд байхаар нь би Алтан-Оргилыг явъя гэж хэлээд хаалгаар гарах үед хойно хөлийн чимээ гарахаар нь Алтан-Оргилыг гэж бодоод эргээд хартал Цэнд-Аюуш зүүн гартаа хутга барьсан байдалтай далайгаад дайрсан. Би сандарсандаа хутгатай гарын бугуйнаас бариад автал баруун гараараа миний майкны захнаас заамдан боосон. Би өөдөөс чиглэх хутгатай гарыг өөрөөсөө холдуулах гэж хоёр гараараа мушгин түлхэхэд довжоон дээр гишгүүр алдаж, Цэнд-Аюушийн баруун гараараа боосон майкны захаас татаж унахад би гарыг мушгиж түлхсэн чигээрээ давхралдаж унаад өндийхөд баруун мөр тус газар нь хутга зоогдсон байсан. Би тухайн үед маш айж, шоконд орсон байсан учир өөрийн мэдэлгүй сандраад хутгыг сугалж хаясан. Хутгыг сугалахад цус гарч ирээд юу болчихвоо гэж хэлээд намайг холд гээд түлхсэн. Тухайн үед миний майкны зах сунаад сэмэрч урагдсан байсан учир майкаа тайлж газар хаяад хашааны хаалганы хажууд зогсож байхад Отгонбаяр над руу ирсэн. Ирэхээр нь би “яаж байна, гайгүй юу” гэж асуухад Отгонбаяр “цээжнээс нь цус гараад байна” гэхэд би “охин минь төрөөд хоёрхон сар болж байгаа, сайхан амьдаръя гэж бодож байсан, гайтай юм боллоо” гэж хэлсэн. Отгонбаяр “цус гараад тогтохгүй байх шиг байна. Гэхдээ муугаар бодоод яахав, эмч дуудсан удахгүй ирэх байх, чи жаахан тайвшир” гэж байсан. Ороод сууж байтал гадаа хүн дуугараад манай ах Л.О  орж ирээд юу болсон юм бэ? ах нь замдаа явж байгаад сонсоод ирлээ. Тэр хүн чинь нас барсан гэж байна. Нас барсныг сонсоод маш их цочирдож, шууд цагдаа руу өөрийн биеэр очиж болсон явдлын талаар бүгдийг нь мэдүүлсэн. Ингээд цагдаа дээр нэг хоноод маргааш нь шинжээч миний биед үзлэг хийж, учирсан гэмтлийн талаар тэмдэглэл хөтөлж, үс, хумснаас авч тэр өдрөө буюу 2014 оны 05 сарын 24-ний өдөр Төв аймгийн цагдан хорих байранд авчирч хорьсон. Сонинмөнх прокурор, шинжээч эмч Болор, хэрэг бүртгэгч Баярбат нар байсан. 2015 оны 03 сарын 03-нд анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил чанга дэглэмтэй хорих ялаар шийтгүүлснийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүй, нотлох баримт дутуу байна гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Цагдаагийн ахмад Дагвадорж мөрдөн байцаах ажиллагаа явуулж, 2 удаа шинжээч томилж хэргийн газар туршилт хийн дүгнэлт гаргуулж, 1 удаа Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулан дүгнэлт гаргуулсны дараа 2017 оны 11 сарын 08-ны өдөр анхан шатны шүүхээр дахин хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дэх хэсэгт заасан зүйл ангийг өөрчилж, 94.1 дэх зүйл ангиар зүйлчилж ялласан нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг 2018 оны 03 сарын 09-ний давж заалдах шатны шүүх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын  гомдлын дагуу анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасанг анхан шатны шүүх 2019 оны 02 сарын 15-нд дахин хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дэх хэсгээр зүйлчилж, шийдвэрлэн 8 жилийн нээлттэй хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь: Цэнд-Аюушийг агсан тавьж, цохиж нүдэхэд нь эсэргүүцэл үзүүлж, янз бүр бололгүй, больё гээд гараад явж байтал дахин араас хутга барьж дайрч, алахыг завдсан. Энэ үйлдэл нь гэрт байхдаа ална хутгална гэж ярьж байсан үгээ хэрэгжүүлэх гэсэн Цэнд-Аюушийн хууль бус үйлдэл гаргаж байгааг  нотолж байгаа. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан, гэрт байсан гэрчүүдийн удаа дараа өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байгаа. Хэрэгт ач холбогдол өгөөд байгаа Алтан-Оргилын мэдүүлэг нь хэрэг учрал болсны дараах үйл явдлыг яриад байгаа болохоос Цэнд-Аюуш бид хоёрын хооронд яг юу болсонг харсан, гэрчилсэн мэдүүлэг байдаггүй. Мөн Алтан-Оргилын мэдүүлэгт Л.О ын гар цус болсон байсан гэж мэдүүлсэн байдаг. Тухайн үед миний гар цус болоогүй. Энэ нь хэргийн газар ажилласан шинжээч, прокурор хэрэг бүртгэгч нарын надаас авсан үс, хумснаас авч шинжилсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Цэнд-Аюуш нь багаж хэрэгсэл барьж, ажил хийхдээ баруун, зүүн аль ч гараараа багажаа барьж ажил хийдэг байсан гэж гэрч М.Мөнх-Эрдэнийн болон мөн гэрч Чинбадрахын “Цэнд-Аюуш нь баруун, зүүн гэлтгүй багаж хэрэгсэл барьдаг байсан гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Хууль бус зураг бичлэг бүхий СД-н дээр тулгуурлан шинжээч эмч Г.Энхбаатарын гаргасан дүгнэлт хууль бус болж байна. Энэ шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болохыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж шийдвэр гаргасан нь хэт яллах талыг баримталж шийдсэн гэж үзэж байна. Мөн ийм хууль бус дутуу хагас бичлэгтэй СД-г нотлох баримт болгож шийдсэн шүүхийн тогтоол нь өөрөө хууль бус  болсон. Анхан шатны шүүх хэргийг шийдэхдээ “Л.О т нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдэхэд амь хохирогчийн хууль бус, зүй  бус үйлдлээс гэмт хэрэг үйлдэгдсэн” гэж дүгнэлт гаргачхаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсгээр ялласан үндэслэлээ тодорхой заагаагүй байна. Хохиролд 11 800 000 төгрөг төлсөн, сүүлд гарсан унаа, машины зардал болох 805 000 төгрөгийг төлж барагдуулна. Иймд давж заалдах шатны эрхэм шүүх бүрэлдэхүүн та бүхнээс хэргийн эргэлзээтэй байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, буцааж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа гаргасан давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 15-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна.

1. Л.О ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Гэмт хэрэг нь хүний ухамсарт сэтгэхүйн янз бүрийн өөрчлөлт хувьслын тодорхой тохиолдолд үйлдэгддэг ба гэмт хэргийн шинжид субъект өөрийн үйлдэл, эс үйлдэхүйд хандсан ухамсар хүсэл зоригийн хандлага буюу гэм бурууг тодорхойлох нь гарцаагүй болдог. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирогч эхлээд хутга барьж довтолгооныг Л.О ын зүг хийсэн нь нотлогддог бөгөөд хутгалагдсан хутга нь талийгаачийн хутга болох нь тогтоогдсон байдаг. Хутга талийгаачийн хутга гэх мэдүүлэг, гэрч Х.Уянга, Ж.Гүнцэцэгийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 36-р акт, 461-р шинжээчийн дүгнэлт зэргээр Л.О  нь бусдыг санаатай алсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь дээрх нотлох баримтаар бол хэрэг учрал болсны дараа Т.Алтан-Оргил, Н.Отгонбаяр гарч ирсэн ба хохирогч, холбогдогч хоёрын хооронд чухам ямар үйл явдал өрнөөд нэгийнх нь амь нас яаж хохирсон юм бэ? ямар шалтгаант холбоо байж болох вэ? гээд олон асуудал гарах ба хэргийн гарсан байдлаас харахад хохирогч эхлээд Л.О  луу хутгатай дайрсан гэдэг, эргүүлээд Л.О  хутгатай гарын барьж, мушиган дарсан, энэ үед давхрладаж унахад хохирогч хутгалагдсан байсан. Тэнд байсан ганц гэрч нь холбогдогч өөрөө байдаг. Үүнийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт байдаггүй. Талийгаач, холбогдогч хоёр давхрладаж унаад хутга зоогдсон байхыг холбогдогч хараад талийгаачийн биенээс сугалж аваад байж байхад Т.Алтан-Оргил гарч ирж харснаар гэрч нарын мэдүүлгүүд өрнөдөг. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

2. Шүүх эмнэлгийн 641 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэл муутай байна. .. дээрх туршилтын ажиллагаагаар тогтоогдсон, байрлалаар давхралдаж унасан тохиолдолд хутганы шарх үүсэх боломж муутай .. гэсэн дүгнэлтийг яллах талын нотлох баримтад тооцсон болно гэсэн боловч шинжээч эмч Г.Энхбаатарын шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэгтэй харьцуулалт хийж дүгнээгүй болно. Үндэслэл нь 2017 оны 11 сарын 08-ны өдрийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны үед Г.Энхбаатар мэдүүлэхдээ ..

Улсын яллагч: 7 цагийн байрлалаар хутганы шарх үүсэх боломж муутай гэсэн байна.

Шинжээч: баруун эгэмний шарх нь баруун эгэмний цаана байгаа хураагуур судсыг гэмтээсэн тул доороос дээш чиглэлтэй шарх байсан. Боломж муутай гэж үзсэн нь хүний өөрийн гар хүрэх боломжгүй газар буюу ар нуруу ч юм уу байвал шарх үүсэх боломжгүй гэж дүгнэж болно.

Улсын яллагч: хутганы ир гарын шууны дагуу байгаа нь 7 цагийн чигтэй байрлалаар хутгалагдах боломжтой юу гэхэд

Шинжээч: Гар мушгисан тохиолдолд боломжтой

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: ... хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн миний ах солгой гартай бие гээд байгаа. шүүгдэгч өөрөө сая мэдүүлэхдээ нэг гараараа хутгатай гарыг сугиад нөгөө гараар түлхсэн гээд байгаа. Ийм байрлалаар шарх үүсэх үү гэхэд

Шинжээч: 7 цагийн байрлал дээр гар мушгисан тохиолдолд үүсэх боломжтой, өөрийгөө хутгалах боломжгүй, хүч үйлчилж байж үүснэ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Шүүгдэгч талийгаачийн хутгатай гар руу түлхсэн гэж байгаа. Энэ үед шарх үүсэх боломжтой юу гэхэд

Шинжээч: Гар мушгисан тохиолдолд л үүснэ. Тэрнээс эгцээрээ бол боломжгүй .. гэж шинжээч гаргасан дүгнэлтээ маш тодорхой тайлбарласан байхад, мөн Л.О  удаа дараагийн мэдүүлэгтээ .. гарыг нь мушгиад түлхсэн ..” гэж өгсөн байдагтай харьцуулалт, дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Мөн шинжээч эмч О.Болороо мэдүүлэхдээ: Талийгаач зүүн гартаа хутганы ир ирмэг хэсгийг доош нь харуулж, ишнээс доош нь харуулж бариад тэрнийг гар хэсгийг нь мушгиж дээрээс нь дарж унахад үүсэх боломжтой гэмтэл ба талийгаач хутгаа баруун гартаа барьсан байсан тохиолдолд уг шарх үүсэх боломжгүй ... гэснийг дүгнэхэд дээрх хутгалсан, хутгалагдсан гэх үйлдэл нь илэрхий харагдах бөгөөд талийгаачид учирсан гэмтэл нь шууд чигээрээ орсон биш харин гар мушгиж дараад унахад үүсэх боломжтой байна. Талийгаач, холбогдогч 2 хоорондоо ноцолдох /хутга булаацалдсан/ холбогдогч хутгатай гарыг нь мушгин холдуулах хөдөлгөөн хийжээ. Талийгаач хутга барьж өөрөө довтолсон гэх үйлдэл нь тогтоогдсон гэж үзэхээр байна. Талийгаачийн ар нуруунд зулгаралт үүссэн байдаг ба энэ нь давхралдаж унах үед үүссэн байхыг үгүйсгэхийн аргагүй юм. Л.О , өмгөөлөгч миний хувьд ч хүний амь насыг хохироогоогүй гэж мэтгэлцээгүй. Харин уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3-р зүйлд зааснаар гэм буруугийн аль хэлбэрт хамаарах вэ? талийгаач хутга бариад Л.О  луу дайрсан, хутгатай гарыг нь холдуулах зорилгоор гарыг мушгиж дарах үед довжоо гишгэж, тээглээд унасан. Унаад харахад эгэмнийх нь доор хутга зоогдсон байсан. Хутгыг нь сугалж авсан гэх мэдүүлгээр бол гэм буруугийн санаатай хэлбэр байна гэх үндэслэлгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3-р зүйлийн 3 дахь хэсэгт “ ... эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно. Хамгийн гол нь анхан шатны шүүх “ ..шүүгдэгч Л.О ын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “ эн хуулийн 91.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан ..” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзсэн боловч шүүхийн тогтоолд дурьдсан нотлох баримтуудаар дүгнэхэд учир дутагдалтай байна. Иймд 2019 оны 02 сарын 15-ны өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхмаа гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Туршилтын ажиллагааг бичсэн СД-г нотлох баримтаас хасуулъя гэж яриагүй. Яллах дүгнэлтэндээ оруулж ирээгүй л гэж хэлсэн. Энэ СД нь хууль зөрчсөн нотлох баримт биш. Үнэлж дүгнэх нь шүүхийн эрх хэмжээний л асуудал. Хэрэгт авагдсан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харахаар хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлсөн байж болохоор байдаг. Шинжээчийн 461 дүгээр дүгнэлт нь бусад шинжээчийн гаргасан дүгнэлтүүдийг үгүйсгэдэггүй, эрс зөрүүтэй дүгнэлт гараагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэстэй гарсан тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхгэрэл гаргасан тайлбартаа: Л.О  нь санаатай хүний амь насыг хохироосон. Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөн байна гэж үзэж байна. Хаалттай хорих ангид ялыг эдлүүлэхээр давж заалдах гомдол гаргасан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Гансүх гаргасан тайлбартаа: Хохирогч гомдолтой байгаа. Шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээхгүй байгаа. Хаалттай хорих ангид, ялыг нэмэгдүүлж эдлүүлэх гомдлын асуудал байгаа. Үндсэн хуулийн цэцээр давж заалдах шатны шүүх ял хүндрүүлэхтэй холбоотой заалт түдгэлзсэн учир хэрэглэх боломжгүй болж байх шиг байна. Хэргийн талаар тогтоогдсон. Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг гаргасан тайлбартаа: Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэсгүй гэж үзэж байгаа. Энэ хэргийг санаатайгаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж хийсэн, хүндрүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг шүүх хийсэн гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.О  гаргасан тайлбартаа: Зөрүүтэй нотлох баримтаар яллахаар оруулж ирсэнд гомдол гаргасан. Би энэ хэргийг үйлдээгүй. Яагаад удаа дараа шинжээчийн дүгнэлт гараад байгаа юм бэ. Учир дутагдалтай санагдаж байна. Атарцэцэг өмгөөлөгч хавтаст хэрэгт байхгүй зүйл яриад байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа гаргасан тайлбартаа: Нотолбол зохих байдал тогтоогдоогүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр яллаж шийдвэрлэсэнд гомдол гаргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмт хэрэг нотлогдоогүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Л.О-т холбогдох хэргийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхгэрэл, шүүгдэгч Л.О , шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүй бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Шүүгдэгч Л.О  нь 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Өгөөмрийн 3-17 тоот хашаанд Ц.Цэнд-Аюушийг цээжин тус газарт нь хутгалж, хүнийг санаатай алсан гэмт хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль ёсны байна.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан шүүгдэгч Л.О ын “Хууль бус зураг, бичлэг бүхий СД дээр тулгуурлан гаргасан шинжээч эмч Г.Энхбаатарын дүгнэлт хууль бус болж байна. ..Мөн хууль бус дутуу хагас бичлэгтэй СД-г нотлох баримт болгож шийдсэн шүүхийн тогтоол өөрөө хууль бус болсон” гэсэн гомдлын үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэх шинжээч томилох” тогтоолын дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №461 дүгнэлтийг шинжээч эмч Г.Энхбаатар, Ц.Бадрал, Н.Энхцолмон нарын бүрэлдэхүүнтэйгээр, хавтаст хэргийн материалд үндэслэн гаргасан байна. Уг дүгнэлтээр “2017 оны 06-р сарын 03-ны өдрийн Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч И.Ганболорын гаргасан №63 дугаартай дүгнэлт үндэслэл муутай байна. ... Дээрхи туршилтын ажиллагаагаар тогтоогдсон байрлалаар давхралдаж унасан тохиолдолд хутганы шарх үүсэх боломж муутай. Талийгаач Ц.Цэнд-Аюушийн цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх нь биеийн урд талаас босоо, хэвтээ аль ч байрлалд үүсэх боломжтой. /3-р хавтаст хэргийн 216-р тал/” гэжээ. Мөн 2016 оны 05-р сарын 24-ний өдрийн туршилт хийх тогтоолд үндэслэн 2016 оны 5-р сарын 24-нд Төв аймгийн Заамар сумын Хайлаастын 3-р баг Өгөөмөрийн 3-17 тоот хашаанд туршилт хийн тэмдэглэл үйлдэж, туршилтын ажиллагааг гэрэл зураг, видео бичлэгээр баталгаажуулан хэрэгт хавсаргасан байна.

Хэрэг учрал гарахын өмнө Төв аймгийн Заамар сумын Хайлаастын 3-р баг Өгөөмөрийн 3-17 тоот хашаанд байх байшинд амь хохирогч Ц.Цэнд-Аюуш нь шүүгдэгч Л.О ыг цохьсон талаар:

Гэрч Т.Алтан-Оргил: “Тэгээд бид тавуулаа үлдээд архиа ууж байтал талийгаач гэнэт Л.О ын нүүрэнд нь хэд хэд цохих шиг болсон. Тэгэхээр нь бид нар салгасан... Тэр үед талийгаач нэлээн согтчихсон хүмүүс рүү агсраад байсан. ...Тэр үед хойд /хоймор хэсэгт/ хүмүүс цохилцох чимээ гарсан. Эргээд хартал талийгаач Л.О ын дээр нь гарчихсан гараараа нүүр хэсэгрүү нь цохиж байсан. ...” /1-р хавтаст хэргийн 48, 51 дүгээр тал/,

Гэрч Ж.Эрдэнэбаатар: “...тэгээд бид нар архиа ууж байхад талийгаач гэнэт босож ирээд Сэлэнгийн Отгоог 2-3 удаа цохих шиг болсон. Тэгэхэд би орон дээр хэвтэж байсан. Нүүрлүү нь хамар амруу нь цохих шиг болсон.” /1-р хавтасны 53-р хуудас/,

Гэрч Н.Отгонбаяр: “...тэгээд байж байтал Бухаа гэнэт Сэлэнгийн Отгооруу агсраад 2 удаа гараараа ам хэсэгт нь цохих шиг болсон. Тэгэхээр нь бид нар тэр хоёрыг салгасан. Тэгтэл Сэлэнгийн Отгоо Бухаад намайг яалаа гэж ингэж байгаа юм бэ гээд гомдлын үг хэлээд байсан.” /1-р хавтасны 56-р хуудас/ гэж тус тус гэрчилжээ.

Талийгаач Ц.Цэнд-Аюуш шүүгдэгч Л.О ыг цохьсон үйл явдлын дараа шүүгдэгч Л.О  талийгаач Ц.Цэнд-Аюушийг хутгалсан талаар:

гэрч Т.Алтан-Оргил: “Л.О  талийгаачийг хутгалах үед хажууд нь хэн ч байгаагүй. Хутгалчаад талийгаачийн дээрээс хутгаа бариад хоёр гар нь цус болчихсон босч байхад нь би харсан.” /1-р хавтастны 48-р хуудас/,

Гэрч Ж.Эрдэнэбаатар: “...Бодож үзэхэд бид нар 5-лаа байшинд байж байгаад Сэлэнгийн Отгоо түрүүлээд гадагшаа гарсан. Араас нь талийгаач Цэн-Аюуш гарсан. Байшинд Оргио, Бүдүүн Отгоо, бид гурав үлдсэн. Тэгэхээр гадаа талийгаачтай байсан Сэлэнгийн Отгоо л хутгалсан.” /1-р хавтасны 54-р хуудас/,

Гэрч Н.Отгонбаяр: “...Сэлэнгийн Отгоо хутгалсан. Яагаад гэвэл гадаа Отгоог гарсны дараа Бухаа араас нь гарсан. Байшинд Оргио, Маам бид гурав үлдсэн. Тийм болохоор Сэлэнгийн Отгоогоос өөр хүн байх боломжгүй. Мөн Сэлэнгийн Отгоогийн цээж нь нүцгэн байсан. Мөн би талийгаачийг муу байна. Ер нь хэцүү болсон гэхэд их шаналж байсан.” /1-р хавтасны 57-р хуудас/ гэж гэрчилж мэдүүлсэн байна.

Мөн түүнчлэн талийгаач Ц.Цэнд-Аюуш нь хутгалагдсаны дараа ямар байдалтай байсан талаар гэрч Т.Алтан-Оргилын: “Амьсгаатай байсан ба ам нь хөдлөөд байсан. Тэрнээс юм хэлээгүй ба байшингийн хаалганы чигтэй дээшээ хараад цээжний баруун хэсэгт хутганы шарх учирсан. Тэрнээс нь их цус гарч байсан.” /3-р хавтасны 48-р хуудас/ гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №461 дүгнэлт болон анхан шатны шүүх хуралдаанаар судлагдсан бусад баримтуудаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн 2019 оны 02 сарын 15-ны өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.О ын урьдчилан цагдан хоригдсон хоногийг зөв тооцсон байх тул Шүүгдэгч Л.О ын “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд урьд цагдан хоригдсон хоногийг 590 гэж бичсэн нь цагдан хорих байрны тоо бүртгэлийн бодсон хоногтой 11 хоногийн зөрүүтэй байгаа тул энэ хоногийн зөрүүг арилгаж өгнө үү” гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй байна.   

Шүүгдэгч Л.О-т анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялаар шийтгэж, хорих ял эдлүүлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээж аваагүй болно.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхгэрэл, шүүгдэгч Л.О  болон түүний өмгөөлөгч П.Буманзаяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 15-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхгэрэл, шүүгдэгч Л.О  болон түүний өмгөөлөгч П.Буманзаяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч Л.О ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 59 /тавин ёс/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.БОЛОРМАА

                   ШҮҮГЧИД                                                                      Т.ЭНХМАА

                                                                                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ