Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 104

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч  С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:     

Улсын яллагч                                                             Д.Нямдэлэг

Шүүгдэгч Д.Мягмардаваагийн  өмгөөлөгч          А.Ариунзаяа                              

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                     Ц.Наранчимэг

Хохирогчийн өмгөөлөгч                                           Г.Амартүвшин

Нарийн бичгийн дарга                                             Б.Урангоо нар  оролцов.

         Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түмэн овогт Дамдинжавын Мягмардаваад холбогдох 201618000199 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 07-нд Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ  аймгийн Ерөө сумын 3-р баг, Бугант төвийн 1-15 тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ Бугант тосгоны хүүхдийн цэцэрлэгийн туслах багш ажилтай байсан, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл, 2004 онд Сэлэнгэ амйгийн сум дундын шүүхээро эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан. бие эрүүл, ухаан мэдрал бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Түмэн овогт Дамдинжавын Мягмардаваа, /РД:ДЮ-85050773/,

          Шүүгдэгч Д.Мягмардаваа нь 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр согтуугаар Сэлэнгэ аймгийн Ерөө сум, 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг дэвсгэрт 22-27 УББ улсын дугаартай “Аксент” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад 2 настай Ө.Мөнгөншагайг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                      Тодорхойлох нь ;

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Үүнд;

1.Сэжигтэн Д.Мягмардаваагийн 2016 оны 7-р сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн.  ...Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд эхнэр хүүхдийн хамт Ерөө голын эрэг рүү 18 цагийн үед очиж голын усанд орж сэрүүцэж эхнэр бид  хоёр  0,5 литрийн “Улаанбаатар” нэртэй тал шил архийг хувааж уусан. Голын эрэг дээр хэсэг сууж байгаад Бугант тосгоны төв рүү оройн 20 цаг орчим гэр рүүгээ харихад ЕБС-ийн урдуур буюу ертөнцийн зүгээр зүүн чиглэлтэй зам дээр явж байтал 2 хүүхэд зам хөндлөн гүйгээд гарахаар нь би тоормоз гишгэж машины хурдаа сааруулаад гүйгээд өнгөрсөн хүүхдийн араас машинд дайруулах нь уу гэж бодоод эргээд харахад машин юм мөргөчихсөн. Энэ үед Эрдэнэцэцэг эгч “хүүхэд дайрчихлаа” гэж орилж байгаа сонсогдсон. Би машинаа шууд зогсоогоод хартал хүүхэд байгаагүй. Гэтэл машины баруун доод талд цагаан подволктой, цэнхэр өнгийн шорттой 2-3 орчим насны эрэгтэй хүүхэд хэвтэж байхаар нь түүнийг тэврэхэд айж сандраад уйлаад байсан. Ойр орчим хүүхдийн эцэг эх нь байгаагүй. Хүүхдийг яаралтай Бугант тосгоны эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн. Удаагүй ээж эмээ 2 нь ирж уулзсан. Гадаа гэрэлтэй, гэгээтэй, зам чөлөөлтэй байгалийн ямар нэгэн үзэгдэл байгаагүй. Хөдөлгөөнд саад учруулах замын эвдрэл мал амьтан байгаагүй. Би эхнэртэйгээ хамт тал шил “Улаанбаатар” нэртэй архи хувааж уусан. Уусан архиндаа учиргүй согтуу байгаагүй. Юу болсон талаар тодорхой санаж байна. Машины урдуур гүйсэн 2 хүүхдийн араас харж байгаад замаа харалгүй хүүхдийг мөргөчихсөн. Энэ миний буруу. Уг 2 хүүхдийг би танихгүй. 3-4-р ангийн сургуулийн насны том хүүхдүүд харагдсан. Тээврийн хэрэгслийг 2015 оны 10 дугаар сард Базардарь гэж хүнээс худалдаж авсан. Миний эзэмшлийн машин байгаа юм. Авто оношлогоо үзлэгт хамрагдсан. Машины тоормоз эд ангиуд бүрэн ажиллагаатай. Эд анги механик гэмтлээс болж осол гараагүй гэж бодож байна. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээрээ шилжүүлэх зав бололгүй шилжүүлээгүй байгаа. Шилжүүлэхэд маргаантай асуудал байхгүй. Мөнгөншагай сургуулийн хашаанаас гараад явж байсан болов уу, машины баруун хэсэгт мөргүүлсэн. Хүүхдийг замын зорчих хэсгийн хаана явж байсныг хараагүй. Мөргүүлсэн хүүхэдтэй хамт явж байгаа хүн байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 44-р ху/,

2. Шүүгдэгч Д.Мягмардаваагийн 2016 оны 08-р сарын 03-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд эхнэр хүүхдийн хамт Ерөө голын эрэг рүү 18 цагийн үед очиж голын усанд орж сэрүүцэж эхнэр бид 2 0,5 литрийн “Улаанбаатар” нэртэй тал шил архийг хувааж уусан. Голын эрэг дээр хэсэг сууж байгаад Бугант тосгоны төв рүү оройн 20 цаг орчим гэр рүүгээ харихаар ЕБС-ийн урдуур буюу ертөнцийн зүгээр зүүн чиглэлтэй зам явж байтал 2 хүүхэд зам хөндлөн гүйгээд гарахаар нь би тоормоз гишгэж машины хурдаа сааруулаад гүйгээд өнгөрсөн хүүхдийн араас машинд дайруулах нь уу гэж бодоод эргээд харахад машин юм мөргөчихсөн. Энэ үед Эрдэнэцэцэг эгч “хүүхэд дайрчихлаа” гэж орилж байгаа сонсогдсон. Би машинаа шууд зогсоогоод урдуур хартал хүүхэд байгаагүй. Гэтэл машины баруун доод талд цагаан подволктой, цэнхэр өнгийн шорттой 2-3 орчим насны эрэгтэй хүүхэд хэвтэж байсан. Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 2 настай хүүхэд мөргөж зам тээврийн осол гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Би 0,5 литрийн тал шил архи уусан. Уусан архиндаа учиргүй согтоогүй. Болсон үйл явдлын талаар тодорхой санаж байна. Уг архийг эхнэртэйгээ хувааж уусан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 47-р ху/,

3.Шүүгдэгч Д.Мягмардаваагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 06 дугаар сарын 29-нд эхнэр хүүхэдтэйгээ гол орж 2 хундага архи уусан. Тэгээд гэр рүүгээ харих замдаа болгоомжгүйгээсээ болоод сургуулийн хашаанаас хүүхэд гарч ирэхийг анзаараагүй дайрчихсан. Эхлээд хүүхэд дайрчихлаа гэж бодоогүй, чулуу л дайрчих шиг болсон. Эхлээд 2 хүүхэд зам хөндлөн гүйгээд гарахад нь хааз хасаад тэр хоёр хүүхдийг хойноос машинд дайруулчих вий  хойноос нь хараад эргэж харах мөчид юм мөргөчихсөн. Энэ үед Эрдэнэцэцэг эгч “хүүхэд дайрчихлаа” гэж орилж байгаа сонсогдсон. Тэгээд машинаасаа буугаад хүүхдийг хартал машины доор хонхорт орсон байсан учир машины ар хэсгээр татаж авахад гадна гэмтэл бэртэл харагдаагүй. Хүүхдийн харгалзах хүн байхгүй байсан тул шууд эмнэлэг рүү авч явсан. Тэгээд цагдаа ирээд согтуурлыг шалгахад 0,69 бүхэл гарсан. Бугантын эмнэлгээс Дарханы эмнэлэг, тэндээс гэмтлийн эмнэлэгт аваачсан. Тэгээд хувийн эмнэлэгт 10 хоног хэвтүүлсэн. Энэ бүх хугацаанд би цуг явалцаж байсан. Одоогоор гарсан гэх эмчилгээний зардалд 2.280.000 төгрөг өгсөн. Цаашид энэ хүүхдийг эрүүл саруул болоход нь тусалж эмчилгээний зардлыг боломжоороо төлж өгч байна. 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр согтуугаар жолоо барьсандаа харамсаж байна. Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү.гэх мэдүүлэг,

4. Хохирогчийн хууль ёснй төлөөлөгч Ц.наранчимэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 20 цаг 30 минутын орчим би сонгуулийн үйл явцыг ажиглагчаар явж байхад манай хүн “хүүе зээ хүү маань авто осолд орсон байна” гэж хэлэхээр нь эмнэлэг хүү явж байтал охин Өлзийсайхан маань уйлчихсан яарч сандраад тосгоны эмнэлэг рүү гүйгээд орчихсон. Би ардаас нь ороход Мягмардаваагийн эхнэр Отгоо миний зээ хүү Мөнгөншагайг тэвэрчихсэн сууж байхаар нь “юу болсон” талаар асууж Мягмардавааг машинаараа зээ хүү маань дайрчихсан болохыг мэдсэн. Зээ хүүгээ харахад ямарч уйлах дуу чимээ гаргахгүй цонхийсон сууж байсан. Тэгээд Мягмардаваа надтай юм ярих гээд байхаар нь би Мягмардавааг “зайл цаашаа” гэж хэлээд хүүхдээ үзүүлсэн чинь “гадна гэмтэл алга байна” гэж хэлэхээр нь би осол гарсан газрын бичлэг үзэх гэсэн боловч хэсгийн төлөөлөгч Эрдэнэбилэг “камер ажиллахгүй байгаа” гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотод очиж үзүүлэхэд “тархины шугаман хугарал үүссэн байна” гэж хэлсэн. Улаанбаатар хотод үзүүлж байхад шүүгдэгч хамт байсан. Өнөөдөр хохиролгүй гэж байгаа боловч цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Шүүгдэгчийн талаас 2.280.000 төгрөгний хохирол төлсөн гэдэгт маргаан байхгүй. Залуу хүнийг шоронд явуулах хүсэлгүй байна. Ажлаа хийж байвал манай хүүхдийн цаашид гарах эмчилгээний зардлыг төлж өгөхөд амар байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй орхиж өгөөч гэсэн саналтай байна. гэх мэдүүлэг,

5.Гэрч Ц.Наранчимэгийн 2016 оны 7-р сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Болсон явдлын талаар ярихад 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн орчим зээ хүү Мөнгөншагай маань манай ажил дээр ээжтэйгээ хамт ирээд  явсны дараа удаагүй 30 орчим минутын дараа 20 цаг нилээн өнгөрсөн үед намайг тосгоны эрүүл мэндийн төвийн урдуур явж байтал охин Өлзийсайхан уйлчихсан яарч сандраад тосгоны эмнэлэг рүү гүйгээд орчихсон. Би ардаас нь ороход Мягмардаваагийн эхнэр Отгоо миний зээ хүү Мөнгөншагайг эмнэлэг дотор тэвэрчихсэн сууж байхаар нь юу болсон талаар асуухад Мягмардаваа машинаараа зээ хүү маань дайрчихсан болохыг мэдсэн. Зээ хүүгээ харахад толгойн араас нь бага зэрэг цус гарчихсан, дух, толгой, тохой орчим шалбарсан байдалтай ямарч уйлах дуу чимээ гаргахгүй цонхийсон сууж байсан. Б.Мягмардаваагаас хүүхэд хаана мөргөсөн талаар асуусад сургуулийн зам дээр мөргөсөн гэж хэлсэн. Яг мөргөсөн газар нь Өлзийсайханы гэртэй ойрхон байдаг. Энэ асуудлыг би шалгуулахаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Гэрээсээ гарахад сургуулийн хашаа ойрхон байдаг. Сургуулийн урьд хашаанд байнга тоглодог. Ганцаараа зам гарч тоглох гэж байгаад мөргүүлсэн. Миний хувьд гомдолтой байна. Энэ асуудлыг хуулийн дагуу үнэн зөв шалгуулах хүсэлтэй байна. Ө.Мөнгөншагайг эмчлүүлэхэд гарсан зардал мөнгө болох 2.754.200 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлтэй холбоотой баримт байхгүй. Цаашид эмчилгээтэй холбоотой зардлыг нэхэмжлэх болно...гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р ху/,

6.Гэрч Н.Өлзийсайхан 2016 оны 07-р сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгонд нөхөр Мөнгөншижиртэй 3 жилийн өмнө танилцаж нодлин жилээс өрх тусгаарлан амьдрах болсон. Бид 2 нас 10 сартай нэг хүүтэй. Нөхөр маань Болд төмөр Ерөө гол ХХК-д ээлжийн ажилтай. 2016 оны 06 дугаар сарын 29-ны өдөр нөхөр гэртээ байгаагүй. Ээлжийн ажилдаа яваад 9 хонож байсан. Хүү Мөнгөншагай бид 2 гэртээ өдөржингөө өнжиж орой 19 цагийн орчим Бугант тосгоны төвд ээжийн ажилд дээр очоод удаагүй гэртээ харьцгаасан. Би гэртээ ороод гэрээ цэвэрлэх зуур хүүгээ хашаан дотроо ганцааранг нь тоглуулаад үлдээсэн. Удаагүй манай найз Гүнцэнгэл манай гэрт орж ирээд “хүүхэд чинь  машинд дайруулчихлаа, эмнэлэг рүү аваад явсан” гэж хэлсэн. Ингээд би шууд эмнэлэг рүү явах замд ээжтэй тааралдаад бид 2 эмнэлэг рүү ороход Мягмардаваагийн эхнэр хүүхэд тэврээд сууж байхад би хүүгээ тэврэхэд уйлахгүй, надтай ярихгүй, толгойн ар хэсгээс цус гарсан, дух тохой, зүүн өвдөг шалбарсан байдалтай байсан. Ингээд сумын эмнэлэгт үзүүлээд маргааш нь Улаанбаатар хотод Бриланс эмнэлэгт томографын зураг авалт хийлгэсэн. Энэ асуудлыг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандсан. Эмнэлэг дотор Мягмардаваа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь илт мэдэгдэж байсан. Замын хөдөлгөөнд оролцоход харгалзах хүн байгаагүй. Гэрийн хашаан дотор ганцаараа тоглож байгаад сургуулийн урд хашаан дотор тоглох гэж байгаад машинд мөргүүлсэн. Өөрөө өмнө нь гэр сургуулийн хашаа хооронд ганцаараа яваад тоглочихдог. Ингээд өөрөө мэдэж сургуулийн хашаа руу явсан. Хэн нэгэн хүн дагуулж яваагүй, би түүнийг явж тогло гэж хэлээгүй. Сайн дураараа яваад энэ асуудал боллоо. Наранчимэг нь миний төрсөн ээж. Өөрөөр хэлбэл Ө.Мөнгөншагайгийн эмээ нь юм. Нөхөр бид 2 ажлын зав бололцоо байхгүй учраас эмээг нь хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулах болсон...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-р ху/,

7.Гэрч Ч.Гүнцэнгэлийн 2016 оны 07-р сарын 30-ны  өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 20 цаг орчим намайг сургуулийн урд явж байтал тэнд байсан хүн “хүүхэд дайрчихлаа, Өлзийгийн хүүхэд байна” гэж хэлэхээр нь би Өлзийг таних учраас гэр рүү нь ороод “танай хүүхдийг эмнэлэг рүү аваад явсан байна. Яаралтай очоорой” гэж хэлээд явсан. Би хүүхдийг ямар машин мөргөсөн, хэн гэж жолооч байсан болохыг мэдэхгүй. Би гудамжинд танихгүй хүн тэгж ярихыг сонсоод би Өлзийд яаралтай хэлье гэж бодоод хэлсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг,/хх-ийн 49-р ху/,

8.Гэрч Т.Эрдэнэцэцэгийн 2016 оны 07-р сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Болсон явдлын талаар ярихад 2016 оны 06 дугаар сарын 29-ний оройн 20 цаг өнгөрч байхад намайг Бугант тосгоны ерөнхий боловсролын сургуулийн урд гудамжинд сонгуулийн сурталчилгааны эргүүлд явж байхад сургуулийн урд гудамжнаас ягаан өнгөтэй, 22-27 УББ улсын дугаартай суудлын машин гарч ирээд ертөнцийн зүгээр зүүн зүгт чиглэн явж байгаад зам хөндлөн гарч, сургуулийн хашаанаас эсрэг тал руу гүйж явсан цагаан өнгийн подволк өмссөн 2-3 орчим насны эрэгтэй хүүхдийг урд талаараа мөргөхөд хүүхэд машин доогуур орчихсон. Машин дотроос Мягмардаваа, эхнэр Отгоо нарын хамт бууж ирээд хүүхдийг машин доороос гаргахад хүүхэд уйлаад байсан. Хүүхдийг харахад гар, дух орчим шалбархайтай харагдсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх учирсан болохыг мэдэхгүй. Би удаагүй ажлаа хийгээд явсан учраас цаашаа юу болсон болохыг мэдэхгүй. Би Мягмардавааг цэцэрлэгийн багш гэдэг утгаар нь танина. Найз, садан төрөл биш. Хүүхэд мөргөхөөс өмнө машиныг харахад  Мягмардаваа өөрөө жолоодож явсан. Түүний эхнэр хажуугийн урд суудал дээр сууж байсан. Өөр хүн байгаагүй. Дайруулсан хүүхдийг би Өлзийсайханы хүүхэд  болохыг сүүлд мэдсэн. Хүүхэд замаар ганцаараа гүйсэн. Ойр орчимд нь хамт явж байгаа, тоглож байгаа хүүхэд харагдаагүй. Мягмардаваагаас архи согтууруулах ундаа үнэртэж байсан....гэх мэдүүлэг, /хх-ийн 36-р ху/,

9.Гэрч Ж.Базардарийн 2016 оны 07-р сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд  өгсөн:  Уг тээврийн хэрэгсэл нь миний эзэмшилд бүртгэлтэй байгаа. Уг нь бол надад ямар ч хамааралгүй болсон машин байгаа юм. Учир нь би Д.Мягмардаваад тээврийн хэрэгслийг зарж борлуулсан, одоо бидний хооронд мөнгө төгрөгийн үлдэгдэл тооцоо байхгүй. Надад уг машин хамааралгүй, нэг зав, зай гарвал шилжүүлэг хийх л байсан. Уг тээврийн тээврийн хэрэгсэл нь Д.Мягмардаваагийн өмч гэсэн үг. Надад 22-27 УББ улсын дугаартай Аксент маркийн машинтай холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг, /хх-ийн 40-р ху/,

10.Гэрч Д.Лхагвадоржийн 2016 оны 08-р сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд  өгсөн: ...Д.Мягмардаваа нь миний төрсөн ах байгаа юм. Бид нар эцэг эхээс 4-үүлээ. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг Бугант тосгонд эхнэр Отгоо, 2 настай хүүгийнхээ хамт амьдардаг. Д.Мягмардаваа тосгондоо хүүхдийн цэцэрлэгт туслах багш ажилтай. Хувьдаа 22-27 УББ улсын дугаартай “Аксент” маркийн тээврийн хэрэгсэлтэй. 2014 онд жолооны курс төгсөж жолооч болсон. Түүнээс хойш тээврийн хэрэгсэл жолоодох болсон.  ... ...гэх мэдүүлэг, /хх-ийн 41-р ху/,

11.Толгойн компьютерт томографийн шинжилгээний дүгнэлт хэсэгт:

1.Шинжилгээний техник Гавал яс болон тархины эдийн 0,75 мм нарийвчлалтай гурван тэнхлэгийн дагуу /аксийль, корональ, сагиталь/ зүслэгүүд болон ясны 3D компьютерт томографийн шинжилгээ хийсэн болно.

2.Шинжилгээнд: Дагзны ясны суурь хэсэг улмаар дагзны төвгөр дайрсан шугаман хугаралтай. Одоогийн байдлаар хугарлын доор эпидурал болон субдурал цус хуралтууд тодорхойлогдохгүй.

3.Тархины эдийн бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу хавантай. 2 талын хажуугийн ховдлууд болон III, IV ховдлуудын байрлал хэлбэр хэмжээ хэвийн. Тунгалаг таславчинд 2,4 см урт, 0,6 см өргөн, 1,5 см гүн зузаан хэмжээтэй, +6HU нягтралтай уйланхайт өөрчлөлт тодорхойлогдоно. /төрөлхийн/

4.Баруун талд чамархай дагз хэсгийн субарахнойдаль зайнууд намссан.

5.Бага тархинд бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Голын бүрдэл хазайлтгүй. Гавал яс болон 2 талын нүдний ухархайд гэмтлийн гаралтай бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Нүдний ухархайн арын зайд эмгэг өөрчлөлт үгүй. Нүдний гадна ба дотно шулуун булчингууд болон харааны мэдрэл хэвийн.

6.2 талын гайморовын хөндийн салстууд тархмал зузаарсан.

7.Хамрын бусад дайвар хөндийнүүдийн агааржилт хэвийн.

8.Хоёр талын хөхлөг сэртэнгийн агааржилт ердийн.

9.Дагз хэсгийн зөөлөн эдэд хаван хавдартай.

Санал: Гэмтлийн эмчийн зөвлөгөө авах. гэх дүгнэлт /хх-ийн 51-р ху/,

                      12. Бүсэлхий нуруны компьютерт томографийн шинжилгээнд:

1.Бүсэлхийн лордоз хадгалагдана.

2.Бүсэлхийн нугалмуудад гэмтлийн болон бүтцийн эмгэг өөрчлөлтгүй.

3.Нугалмуудын их биеийн байрлал хэвийн.

4.Нугалмуудын их биеийн хэлбэр, хэмжээ хэвийн, гадаргуу жигд.

5.Нугалам хоорондын арын үений зай хэвийн, гадаргуу жигд.

6.Нугалам хоорондын диск болон нугалмуудын эргэн тойрны зөөлөн эдэд бүтцийн эмгэг өөрчлөлтгүй.

      Санал: Гэмтлийн эмчийн зөвлөгөө авах. гэх дүгнэлт /хх-ийн 52-р ху/,  

  13.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг          хийсэн 2016 оны 07-р сарын 08-ны өдрийн  № 768 тоот актын дүгнэлт хэсэгт:

      1.Ө.Мөнгөншагайгийн биед дагзны ясны суйр, дагзны төвгөр дайрсан шугаман хугарал, зулай, багз, бүсэлхий, баруун шуу, зүүн өвдөгт зугаралттай шинэ гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

     3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

     4. Цаашид эрүү мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. гэх дүгнэлт,/хх-ийн 54-р ху/,

  14.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 07-р сарын 19-ний өдрийн  № 69 тоот актын дүгнэлт хэсэгт:

1.Зам тээврийн осол мөн /Зам тээврийн осол гэдэг нь зам тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал. Д.Мягмардаваа нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно.

А/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалт, 9.2 жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн зүйл заалт зөрчсөн нь осол гарахад шалтгаалсан.

2. Тээврийн хэрэгсэлийн хурдыг тогтоох боломжгүй.

3. Д.Мягмарсүрэн нь 2014 оны 8-р сарын 9-ний өдөр жолооч болсон В ангиллийн /982232/ тоот жолооны үнэмлэхтэй, уг үнэмлэх нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодоход тохирч байна.

4. Д.Мягмардаваа нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн, 2.7 жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно.

А/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалт, 9.2 жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн зүйл заалт зөрчсөн.

5. Иргэн Ө.Мөнгөншагай нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна. Ө.Мөнгөншагайгийн асран хамгаалагч Н.Өлзийсайхан нь Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7-д эцэг эх арсан хамгалаагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх.

 Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3. Явган зорчигчийн үүрэг 3.3-д Сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд харгалзаж яваа хүн нь хүүхдийг хөтөлж тэвэрч явна гэсэн заалтыг зөрчсөн.

- Жолооч Д.Мягмардаваа нь МУ-ын ЗХД-ийн дараах заалтуудыг зөрчсөн. МУ-ын ЗХД-ийн 2.7-д “Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно.

 а/согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9.2-д Жолооч хөдөлгөөнд аюул саад, бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна гэсэн зүйл заалтуудыг зөрчсөнөөс  зам тээврийн осол гарсан гэж үзэж дүгнэлт гаргав. гэх дүгнэлт, /хх-ийн 59–р ху/,

            15.Шүүгдэгч Д.Мягмардаваагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 73-р ху/, сэжигтнээр тооцох тогтоол, /хх 43-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 44-45-р ху, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол, /хх 46-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 47-р ху, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 5-7-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 8-14-р ху/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, /хх 15-17-р ху/,  эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 25-р ху/,  эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах  тогтоол, /хх 27-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, /хх 28-р ху/, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, /хх 19-р ху/, шүүгдэгчийн согтуурлыг шалгасан тухай тэмдэглэл, /хх 24-р ху/, шүүгдэгчийн  урьд нь шийтгүүлж байсан талаархи баримт, /хх  56-р ху/, хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар, /хх 88-р ху/, хохирогчийн эмнэлэгт үзүүлж тухай, /хх 65-70–р ху/, хохирогчоос ирүүлсэн хохирлын тухай баримт, /хх 71-72-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний  болон жолоочийн үнэмлэхний хуулбар  /хх 19-р ху/, шүүгдэгчийн ажил хийдэг талаархи баримт, /хх78-р ху/,зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч Д.Мягмардаваа нь 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр согтуугаар Сэлэнгэ аймгийн Ерөө сум, 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг дэвсгэрт 22-27 УББ улсын дугаартай “Аксент” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад 2 настай Ө.Мөнгөншагайг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь

         Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хууль сануулагдан асуугдсан гэрчүүдийн мэдүүлгүүдтэй тохирч, шинжээчийн гаргасан дүгнэлт, зам тээврийн ослын акт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэн, хохирогчоос ирүүлсэн хохирлын тухай баримт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул   гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

      Шүүгдэгч  Д.Мягмардаваад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа  хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч  нь  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, энэ гэмт хэргийг үйлдэхдээ  согтуурсан үедээ болон мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон, хуульд заасан  ял оногдуулах нь  зүйтэй.

       

           Энэ хэрэгт шүүгдэгч  Д.Мягмардаваа нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хавтаст хэргийн 26-р хуудсанд эд мөрийн баримтаар хураагдсан №00632130 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон хавтаст хэргийн 27-р хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 22-27 УББ улсын дугаартай “Аксент” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Д.Мягмардаваад эргүүлэн  олгох, шүүгдэгч Д.Мягмардаваагийн №982232 тоот жолоочийн үнэмлэхийг Замын Цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мягмардаваад гомдол, саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэснийг болон шүүгдэгчээс хохирогч талд бүгд 2.280.000 төгрөгний хохирол баргдуулсан зэргийг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  246-р зүйлийн 246.2,  283,  284,  286, 290 дүгээр зүйлийн 290.3, 293-р зүйлийн 293.2, 294, 295, 296,  297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага   болгон    ТОГТООХ  нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Түмэн овогт Дамдинжавын Мягмардавааг мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам согтуугаар зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Д.Мягмардаваагийн тээврийн  хэрэгсэл  жолоодох  эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар  хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мягмардаваад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Мягмардаваа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан хавтаст хэргийн 26-р хуудсанд эд мөрийн баримтаар хураагдсан № 982232 тоот жолоочийн үнэмлэхийг Сэлэнгэ аймгийн Замын Цагдаагийн газарт хүргүүлсүгэй. 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134-р зүйлийн 134.10-д зааснаар  хавтаст хэргийн 27-р хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 22-27 УББ улсын дугаартай “Аксент” маркийн тээврийн хэрэгслийг болон №00632130 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус  эзэмшигч Д.Мягмардаваад  эргүүлэн  олгосугай.

7. Хохирогч Ө.Мөнгөншагайд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь  цаашид эмчилгээ хийлгэвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мягмардаваад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын  хугацаагаар хянан харгалзсугай.      

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.3, 61.5-дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгуулагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг ялтан  Д.Мягмардаваад сануулсугай.

10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Мягмардаваад хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.    

11.Шүүгдэгч Д.Мягмардаваад урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.   

12.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

13.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос  хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор, ялтан, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад  даалгасугай.

14. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, ялтан, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

15. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  306-р зүйлийн 306.1  дэх   хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас  хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН