Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2017/02265

 

А.Мөнхболорын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2017/01953 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Х х т” ОНӨААТҮГ-т холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох,  ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

   Нэхэмжлэгч А.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: А.М нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс “Х х т” ОНӨААТҮГ-т хүний нөөц, бичиг хэргийн ажилтны албан тушаалд томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орж, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр  гэрээгээ шинэчилсэн. Тус байгууллагад 1 жил 5 сарын хугацаанд ажиллахдаа ажилдаа алдаа дутгадал гаргаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хариуцлагатай, бүрэн гүйцэт, чанартай биелүүлж, хяналт шалгалтуудад хангалттай үнэлгээ авч байсан. Гэтэл 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс байгууллагын захирал солигдож шинээр томилогдсон дарга болох Б.Ичинхорлоо 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн “чи халагдах өргөдлөө өг, чамтай хамтран ажиллахгүй, өөрийн ажилтныг авч ажиллуулна” хэмээн өдөр бүр дарамт шахалт үзүүлж, өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө бичүүлэхээр сүрдүүлж, ёс зүйгүй аашилж байсан төдийгүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүрэгт ажлыг өөр ажилтнуудаар гүйцэтгүүлж, шударга бусаар хандсан. Захирал Б.Ичинхорлоо нь ажлаа авснаас хойш 1 сарын хугацаанд нийт 10 ажилтныг дарамталж, өөрсдөөр нь ажлаас халагдах өргөдлийг бичүүлсэн. Би 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр цаашдаа энэ албан тушаалдаа ажиллах сонирхолтой, ямар нэг байдлаар ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авч гарах хүсэлтэй байгаагаа захиралд хүргүүлсэн боловч зүгээр өргөдлөө өгөөд яв гэж дарамталсан. Өдөр бүрийн дарамт шахалтаас сэтгэл санааны хямралд орж, энэхүү шударга бус үйлдлийг тэвчихгүй болсон тул эмчилгээ хийлгэхээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахад заавал өөрийн хүсэлтээр гэж засаж бич гэж шаардсан. Би дээрх болсон үйл явдлыг 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга М.Отгонбаяр, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан нарт өргөдлөөр хүргүүлсэн. Ингээд 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр захирал өрөөндөө дуудаж чиний эмчилгээ хийлгэхээр гаргасан өргөдлийг үндэслэн өнөөдрөөс эхлээд ажлаас чөлөөллөө гээд Б/18 дугаартай тушаалыг танилцуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд намайг үндэслэлгүй  дарамт шахалтаар хүчээр халсан тул “Х х т” ОНӨААТҮГ-ын хүний нөөц, бичиг хэргийн ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Х х т” ОНӨААТҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: А.М эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэх хүсэлтэй байгаа тул ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гаргасны дагуу хүсэлтийг нь үндэслэн “Х х т” ОНӨААТҮГ-ын захирлын Б/18 дугаар тушаалаар хүний нөөц, бичиг хэргийн ажилтны үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Чөлөөлөгдсөн тушаалаа тэр өдрөө гардан авч, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ажил хүлээлцэж акт үйлдсэн. Байгууллагаас ажлаас гарах хүртэл ямар нэгэн дарамт шахалт учруулсан зүйл байхгүй, А.М нь 4 дүгээр сарын 24-нөөс 30-ны өдрийг хүртэл Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, гараад физик эмчилгээ үргэлжлүүлэн хийлгэх шаардлагатай, ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авсан тул ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан гэх зүйлгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.М “Х х т” ОНӨААТҮГ-ын хүний нөөц бичиг хэрэг хариуцсан ажилтнаар эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч А.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...гэрч Ш.Сансармөнхийн мэдүүлгийг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдээлэл гэж үзэх боломжгүй, шууд бус дамжмал байдалтай, мөн өөр байдлаар нотлогдоогүй тул шүүхээс үнэлээгүй, шийдвэрийн үндэслэл болгоогүй дурдах нь зүйтэй" гэжээ. Хэдийгээр нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын дарга Ч.Однасан нарт гаргасан өргөдөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй боловч нэхэмжлэгч иш татах, гэрчийн мэдүүлэгт дурьдагдсан ажлаас өргөдлөө өгөөд гар гэсэн дарамт шахалт байгаа эсэхийг тогтоох, нотлоход ач холбогдол бүхий баримт юм. Тиймээс гэрчийн мэдүүлгээр нотлогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй.

Дээрх баримт нотлох баримтын шаардлага хангаагүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой бол шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтыг шаардах зорилгоор шүүх хурлыг хойшлуулах, хэргийн үйл баримтыг тогтоох боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийн үйл баримтыг тал бүрээс тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэлийг  бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч А.М нь хариуцагч “Х х т” ОНӨААТҮГ-т холбогдуулан хүний нөөц, бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргажээ.

 

А.М нь хариуцагч “Х х т” ОНӨААТҮГ-ийн захирлын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар хүний нөөц, бичиг хэргийн ажилтнаар томилогдон хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад ажил олгогчийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/18 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар ажилтны өөрийнх нь хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлөгджээ. /хх-ийн 4-6, 54-55/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дах хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөгдөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1 дэх хэсэгт заасан хугацаанаас өмнө цуцалж болно гэжээ. Хэргийн 30 дугаар талд авагдсан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг А.М өөрийн гараар бичсэн гэдэгт талууд маргаагүй, харин өөрийн хүсэлтээр, гадны дарамт шахалтгүйгээр хүсэл зоригоо илэрхийлсэн эсэхэд маргажээ. Уг бичгийн хүсэлтэд хөдөлмөрийн гэрээг “ ..,2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс ажлаас чөлөөлөхөөр” хугацааг тодорхойлсон, ажил олгогч уг хугацааг хүлээн авч хөдөлмөрийн гэрээг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс цуцласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дах хэсэгтэй нийцжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсэгт зааснаар хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглодог. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээ нь хэлцлийн нэг хэлбэр болохын хувьд гэрээг байгуулах, цуцлах хүсэл зоригоо гэрээний талууд гадны дарамт, хүчирхийлэлгүйгээр хэрэгжүүлж илэрхийлэх ёстой юм.

 

 Тухайн тохиолдолд нэхэмжлэгч А.М нь дээрх хүсэлтийг өөрийн хүсэл зоригийн дагуу бичээгүй, байгууллагын удирдлагын зүй бус дарамт, шахалтан дор бичсэн  гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй юм.

 

Дарамтад орсны улмаас Нийслэлийн удирдлагуудад бичсэн гэх өргөдлийг тухайн өргөдөл гаргасан газраасаа хэлбэрийн шаардлага хангуулан гаргуулж авах, өргөдлийнхөө хариуг авч хавсаргах, сиди бичлэгийг шаардлага хангасан хэлбэрээр гаргах эсхүл үзлэг хийлгэх талаар хүсэлт гаргах зэрэг бүх эрх нь нэхэмжлэгчид нээлттэй байсан бөгөөд  өөрийнх нь гаргах боломжтой баримтууд байжээ.

 

Хариуцагч байгууллагын удирдлага нэхэмжлэгч А.М дарамт шахалт үзүүлж байсан нь хэлбэрийн шаардлага хангасан баримтаар нотлогдоогүй, гэрч шууд нотлоогүй тул түүнийг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэж дүгнэж нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

 

Хэргийн оролцогчийн шүүхэд гаргасан нотлох баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай бөгөөд төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой зохигч өөрөө бүрдүүлэх боломжгүй байвал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасны дагуу шүүхийн журмаар бүрдүүлэх боломжтой юм. Дээр дурдсанаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга М.Отгонбаяр, “Х х т” ОНӨААТҮГ-д гаргасан гэх хүсэлтүүдийг бичмэл нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргаагүй, нотлох баримт бүрдүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд нотлох баримт бүрдүүлж, хэргийн үйл баримтыг тогтоохоор шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хойшлуулах боломжтой байсан, ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2017/01953 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар  нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ДАВААДОРЖ

             ШҮҮГЧИД                                                   Д.ЦОГТСАЙХАН

                                                                                   Ш.ОЮУНХАНД