Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/299

 

 

 

                             2021/ШЦТ/299

                                                                                              

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Иргэний хариуцагчийн төлөөлөгч: Б.Э

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Х.Ундрах-Оргил, Г.Тамир  

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ, Г.Энхбаяр, В.Удвал, О.Батцэрэн  

Шүүгдэгч: О.Т, Л.О, Д.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Оын Т, Ж овогт Дгийн Э, Г овогт Лгийн О нарт холбогдох эрүүгийн 1812000510224 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвд их эмч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн .........., урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Оын Т/ РД: АЯ.............../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1962 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Архангай аймгийн ............ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Г овогт Лгийн О/РД: ЦГ............./

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 23 настай. эмэгтэй, дээд боловсролтой, эх баригч эмч мэргэжилтэй, Архангай аймгийн ............ оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ж овогт Дгийн Э/РД:АН.............../

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.Т нь 2018 оны 01 сарын 05-наас 06-ны өдрүүдэд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвийн их эмч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа иргэн Т.Аийн бие муудсан гэж дуудлаганд очиж, Т.Аийн биеийг үзэхдээ амин үзүүлэлтийг үзэлгүй, бодит үзлэгийг дутуу хийж, оношийг буруу тавьж, өвчтөнийг эрэмбэлэн ангилахгүйгээр, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж дүгнэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Т.Аийн амь нас хохирсон,

Шүүгдэгч Л.О нь 2017 оны 11 дүгээр сарын 23-наас 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвд их эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа төрсний дараах жирэмсэн эх болох Т.Ат хяналт тавилгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Т.Аийн амь нас хохирсон,

Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 23-наас 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвд их эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа төрсний дараах жирэмсэн эх болох Т.Ат хяналт тавилгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Т.Аийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

*Шүүгдэгч Л.О шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгтээ:

“...Талийгаач Т.А нь 2015 оны 03 дугаар сард манай эмнэлэгт лабронтаар ажилд орж ажилласан. 2017 онд жирэмсний хяналтад орсон хяналтад байх хугацаандаа 6 удаа үзлэгт хамрагдаж зохих ёсны шинжилгээнүүдээ хийлгэж  байсан. 16-ны өдөр төрөх байсан боловч хугацаандаа төрөөгүй, 20-д гаргаж төрсөн. Илүү тээлттэй байсан тул би Архангай аймгийн  нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн байгаа. Талийгаач маань Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн. Тэгээд би Улаанбаатар хот руу 11 дүгээр сарын сүүлээр  аж ахуйн ажлаар явсан. Намайг Улаанбаатар хотоос 12 дугаар сарын дундуур ирэхэд талийгаач маань төрсөн байсан. Тэгээд би мөн 12 дугаар сарын 25-ны үед хүнд өвчтөн хүргэх гээд Хөвсгөл аймгаар дамжиж Улаанбаатар хот руу явсан. Энэ үед буюу 12 дугаар сарын 25-ны үед талийгаач миний өрөөнд орж ирсэн. Манай өрөөн орж ирээд хамт олондоо шинэ жилийн тоорт өгч байна гээд өгөөд гарсан. Тэр үед би эх баригчдаа үзүүлсэн үү эх баригчдаа үзүүлээрэй гэж хэлсэн тэр үед ямар нэг зовуурь шаналгаа байхгүй эрүүл байсан. Тэгээд би Улаанбаатар хотоос 1 дүгээр сарын 04-ний өдөр ирсэн,  тэгээд 01 дүгээр сарын 05-ны өдөр дуудлага ирсэн байсан. Манай түргэн тусламжийн тэрэг болон эмч нар маань тайлан тушаах гээд явсан байсан. Дараагийн эмч явах ёстой гээд Т.А эмчийг хувийн унаагаар дуудлагад явуулсан. Дуудлагаас ирээд эмч нар маань өвчтөнийг ар гэрийнх нь аваад үлдсэн гэж танилцуулж байсан.  Дахин 01 дүгээр сарын 06-ны өдөр дуудлага ирсэн хуваарийн дагуу О.Т эмч эмнэлгийн тэрэгтэй хамт очиж үзээд шатлалын дагуу Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэсэн. Архангай аймагт эмчилгээ хийлгэж байгаад 01 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан байсан...” гэх мэдүүлэг,

 

*Шүүгдэгч О.Тн шүүх хуралдаанд мэдүүлсэн:

“...2015 онд Шинэ ангаах ухааны дээд сургуулийг уламжлалт ангаах ухааны их  эмчээр төгсөөд 2015 оны 11 дүгээр сараас Цэцэрлэг сумын эрүүл мэндийн төвд дотрын эмчээр ажиллаж эхэлсэн. Тус хэргийн тухайд  2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 13 цагийн үед үдийн цайндаа явсан хойгуур А.А эмч над руу ярьсан, яриад дуудлага ирсэн хоёулаа хамт явчихаад ирэх үү гэж хэлсэн. Тухайн үед миний дуудлагын хуваарьтай өдөр байгаагүй. Дуудлагад очоод Т.Аийг би үзсэн. Би амин үзүүлэлтийг нь хянан үзсэн. Би үзэхдээ амьсгал, даралт, зүрхний цохилт, халуун, харж ажиглах, цээж чагнах зэрэг үзлэгийг хийсэн. Зовуурийг нь асуухад өвчтөн маань би 2-3 хоногийн өмнөөс ханиалгаж байсан гэж хэлсэн, халуураад байна гэж хэлсэн би төрсөн эх байсан учраас би доошоо өнгөтэй үнэртэй зүйл гарч байна уу гэж 2 удаа асуухад өвчтөн маань  үгүй гэж хэлсэн би уушгины хатгалгаа гэж онош тавьсан. Өвчтөн маань 2-3 хоногийн өмнө нөхрийн хамт Цэцэрлэг сумын төв орж эмийн сангаас эм авсан байсан. Би өвчтөнийг  халуунтай байсан тул аналгин димдороли, натри хлорид, өрөвслийн эсрэг эм өгсөн. Л.Ог эмч маань эмнэлгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа эмч нартаа дуудлагаар явсан бол өвчтөнийг авч ир гэж хэлдэг байсан. Тэгээд би эмнэлэг рүү авч явъя гэж хэлсэн өвчтөн маань хувцсаа өмсчихсөн байсан аа гэнэт явах аа байсан. Өвчтөн болон ар гэрийн хүмүүс нь Орос тэрэг олоод маргааш нь очъё гэж хэлсэн. Надаас ханиад уу гэж асуусан гэж мэдүүлсэн байна. Тухайн үе нь ханиадны үе байсан тул би эхэндээ уушгины хатгалгаа гэж онош тавьсан. Тэр үед сумын төв рүү аваад явсан бол онош зөвөөр тавигдах байсныг үгүйсгэхгүй, Тэгээд 05-ны өдөр би орхиод явсан. 01 дүгээр сарын 06-ны өдөр дахин дуудлага ирсэн. Дуудлагад очиход биеийн байдал өмнөх өдрийнхөөс хүндэрсэн байсан. Тэгээд сумын төв аваад явсан сумын эмнэлэг авч очоод А.А эмчид үзүүлээд эхо-д харуулсан. ЭХО-д харуулахад шингэн цусархаг байна гэж хэлсэн тэгээд уян зүй тавиад тексометр хийгээд аймгийн эмнэлэг явсан. Аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж ирэхэд яаралтай түргэн тусламжийн Очхүү эмч тосож аваад өвчтөнийг эмнэлэг рүү аваад орсон үүнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй...” гэх мэдүүлэг

 

*Эрүүгийн 1812000510224 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

* Хохирогч Т.Аын өгсөн:

“...2018 оны 01 дүгээр сарын 04-ний орой манай талийгаач эмэгтэй дүү Т.А над руу утсаар залгаж би сумын төвд орчихоод ирлээ цалинтай ээжийнхээ материалыг бүрдүүлж өгчихөөд ирлээ гэж хэлж хуучилж ярьж байсан. Үүнээс хойш 2018 оны 01 дүгээр сарын 06-ны орой 21-22 цагийн орчимд манай талийгаач дүү Т.Аийн нөхөр Э.Гэ утсаар над руу залгаж манайхан сайн Т.Аийн бие өвдөөд байна түргэн дуудсан байгаа гэж хэлсэн. Урьд өмнө буюу 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай дүү нар эмнэлэг дуудаж дуудлага өгч үүний дагуу эмч нар ирж үзчихээд ханиад хүрсэн байна ийм ханиад гадуур байгаа гээд эм тариа бичиж өгөөд явсан гэж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 06-ны орой эмч нар очоод манай талийгаач дүүг сумын эмнэлэгт авч ирээд А эмч ЭХО-д хараад хэвлийн хөндий  шингэнтэй, хүчтэй өвдөлттэй байна гээд дусал залгаж хийж өгөөд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү явуулсан байсан. Талийгаач дүүг минь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Цэцэрлэг сумаас гарч өглөөний 09 цагт эмнэлэг дээр авч ирсэн байсан. Би тухайн үед ар гэрийнхэнтэй нь болно эмч нартай нь байнга утсаар холбогдож байсан. Тухайн үед манай талийгаач дүүг сумын эмч О.Т Архангай аймагт наашаа гараад авч ирсэн. Би 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө талийгаачийн аймгийн эмнэлэг дээр авч ирсэн байх үед нь сумын эмч О.Ттай уулзахад надад хэлэхдээ хэвлийн хөндий шингэнтэй хүчтэй өвдөлттэй байна гэж хэлж байсан. Тэгээд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар талийгаачийг Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлээд эмчилгээ хийсэн. Би сэхээний Э гэх эмчтэй уулзаж асуухад биеийн байдал маш хүнд байна их хүнд, сав нь үрэвсээд идээ нь хамаг цусаар нь дамжсан сээвс болсон байна гэж хэлж байсан. Тэгээд талийгаач хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр эмнэлэгт нас барсан. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар бол холбогдох эмчилгээг бүрэн хийж гүйцэтгэсэн гэж би ойлгож байгаа харин Архангай аймгийн Цэцэрлэг сумын эмч нар талийгаачийн өвчний оношийг зөв тогтоогоогүй, албан үүрэгтээ хайнга хариуцлагагүй хандаж цаг хугацаа алдсаны улмаас миний дүү нас барсан гэж үзэж байна. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар хэлэхдээ цаг хугацаа их алдсан байна ядахдаа нэг хоногийн өмнө энд ирсэн бол амь нас нь аврагдах боломжтой байсан байна гэж хэлж байсан. Хамгийн анх дуудлагаар Архангай аймгийн Цэцэрлэг сумын их эмч О.Т, их эмч А нар ирж манай талийгаач дүүгийн биеийн үзэж оношоо буруу тогтоож ханиад хүрсэн байна гэж онош тавиад ханиадны эм бичиж өгчихөөд явсан байсан. Дараа нь дахин дуудлага өгөх үед эмч нар нь очих боломжгүй гэхээр нь манай дүү нар бид нар бензин маслыг нь хийгээд өгье гэхэд эмч О.Т ирээд үзэлгүй шууд Цэцэрлэг сумын эмнэлэг дээр авч ирээд А гэх эмч нь ЭХО-д харж тэгээд Архангай аймаг руу явуулсан байсан. Архангай аймгийн Нэгдэн эмнэлэгт Э эмч, Д эмч, С эмч, Ө эмч нар үзэж онош тодруулж эмчилгээ хийсэн. Талийгаач дүү минь нөхөр 2 хүүхдийн хамтаар Архангай аймгийн Цэцэрлэг суманд амьдарч байсан. Манай талийгаач дүү Т.А 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн. Эх хүүхдийн эрүүл мэндийг эмч нар нь 7 хоног бүрт үзэж тэмдэглэж байсан бол талийгаачийн биеийн байдал ямар байгааг мэдэх боломжтой байсан боловч эмч нар төрснөөс нь хойш ганц ч удаа очиж үзээгүй. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 05-нд дуудлагаар очих үедээ талийгаачийн биеийн байдлыг үзээд буруу онош тавьж ханиад хүрсэн байна гэж үзээд ханиадны эм бичиж өгөөд явсан, бас цаг хугацаа алдаж албан үүрэгтээ хайнга хариуцлагагүй хандсаны улмаас манай дүү нас барсан гэж үзэж байна. Тухайн үед эмч О.Т, А эмч нар дуудлагаар очиж үзсэн байсан. Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын эмч нарт гомдолтой байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 17-20 дугаар тал/

 

* Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Гийн хохирогчоор өгсөн:

“...2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр манай эхнэр Т.А Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт төрсөн. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хувийн унаагаар Архангай аймагт ирсэн. Тэгээд манай эхнэр төрөөд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр эмнэлгээс гарч хөдөө гэртээ ирсэн. Манай эхнэр уг нь сумандаа төрнө гэж байсан боловч Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Л.О, их эмч А нар Улаанбаатар хот руу явах ажилтай болсон гээд манай эхнэрийг Архангай аймагт төрүүлэхээр болсон. Манай эхнэр ирсэн үедээ биеийн байдал нь хэвийн байж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би өөрийн эхнэрийнхээ хамтаар сумын төв ороод цалинтай ээж хөтөлбөрт материалыг бүрдүүлэх гэж орсон. Тэгээд бид 2 орой нь гэртээ харьсан. Маргааш нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө манай эхнэр босохдоо баруун талын гар мөн хөхний доогуур хатгаж өвдөөд байна гэж хэлж байсан тэгээд үүнээс хойш хэсэг хугацаанд манай эхнэр халуурч эхэлсэн тэгэхээр нь би өөрийн хамаатны эгч Ч.Дг гадаа явж байхаар нь гэртээ дуудаж оруулж ирсэн. Ч.Д эгч манай талийгаач эхнэрийн биеийн байдлыг үзээд түргэн дуудах шаардлагатай юм байна гээд сумын төв рүү Ч.Д эгч утсаар ярьж дуудлага өгсөн. Сумын эмч нар дуудлага хүлээн аваад 1 цаг орчмын дараа ирсэн манай гэр сумын төвөөс 20-д км зайтай байдаг. Дуудлагаар их эмч О.Т, А эмч нар ирсэн эмч нар орж ирээд О.Т эмч халууныг нь үзээд чи өчигдөр зүгээр сумын төв дээр явж байсан биз дээ ийм өндөр халуурдаг ханиад гадуур их байгаа чи ханиад хүрсэн байна гэж хэлсэн. Тэгээд О.Т эмч анелгин диммедрол хийсэн. Урьд өмнө эхнэр бид 2 сумын төв явах байх гээд юмаа бэлдсэн байсан. Тухайн үед манай ээж Ч.Ц О.Т эмчээс ханиад яг мөн үү гэж лавлаж асуухад А, О.Т эмч нар ханиад мөн ийм ханиад гадуур их байгаа 2-3 өдөр халуурдаг гэж хэлсэн. Тэр үед нь би талийгаач эхнэрийнхээ сугыг өргөж үзүүлсэн ганц нэг улаан юм туурсан байна гээд харуулсан тэгсэн чинь О.Т эмч цүнхтэй хэрэгслээ гаргаж ирээд манай эхнэрийг даралтыг үзсэн, тэгээд шууд ороод эмнэлэгт хэвтэх үү гэж асуусан чинь 2 эмч нь гадуур айлаар харна эмнэлэгт хэвтүүлэхгүй гэхээр нь манай Ч.Д эгч ханиад юм бол цээж уушги 2-ыг нь чагнаадхаач гэж хэлж байж О.Т эмчээр талийгаачийн цээж уушгийг чагнуулсан тэгээд 2 эмчээс ханиад баараагүй мөн бол гэрээрээ харзнаж болох уу гэж бид нар асуусан тэгсэн чинь эмч нар болно оо болно гэсэн. Тэгээд нөхөр нь дагаж ороод эм тариаг нь авчих гэж хэлсэн. Тэгээд О.Т эмч эм бичиж өгсөн би сумын төв ороод эмийг нь авсан. О.Т эмч А эмч 2 явахдаа натрийн хлорид залгаад өгчихөөрэй гэж Ч.Д эгчид хэлчихээд нэг натрихлорид өгсөн тэгээд сумын төв орохоороо аваад өгчихөөрэй гэж хэлсэн юм. Би сумын төв ороод эмийг нь аваад натрийнхлоридыг нь О.Т эмчид оруулж өгөхөд яахын яахын хэрэггүй ээ А эмчийг байсан болохоор би тэгж хэлсэн юмаа шаардлагатай бол очоод хийчихгүй юу гэж хэлсэн. Намайг харих үед талийгаачийн биеийн байдал хэвэндээ байсан тэгээд тэр өдрөө эм тариагаа өгөөд хоносон. Маргааш нь үүрээр талийгаач доошоогоо гүйлгэсэн тэгээд өөрөө нэг эм уусан тэгээд үдээс хойш дахиад гүйлгэсэн тэр үед нь Ч.Д эгч  О.Т эмчээс талийгаачийг гүйлгээд байна сая нэг гүйлгэлтийн эсрэг эм өглөө гэж хэлж мэдэгдсэн байсан. Тэгээд оройдоо талийгаачийн биеийн байдал жаахан хүндрээд халуураад  эхэлсэн. Тэгээд 19 цагийн үед би А эмч рүү утсаар залгаж Т.Аийн биеийн байдал хүнд байна ханиад биш юм шиг байна гэхэд А эмч тэгвэл та нар өөрсдөө орж ир гэж хэлсэн. Тэгэхээр нь манай энд даваатай цас орсон байна унаа тэрэг олдохгүй байна аа эмнэлгийнхээ тэргийг нааш нь явуулчхаач би бензинийг нь хийгээд өгье гэхэд А эмч заза тэгвэл юм аа бэлдэж бай гэж хэлсэн. Тэгээд 20 цагийн орчимд О.Т эмч жолоочтойгоо хамт ирсэн. Тэгээд эмч ирээд талийгаачийг аваад сумын төв рүү явсан тухайн үед би болон манай ээж бид 2 талийгаачтай хамт явсан. Тэгээд сумын төв дээр 21 цагийн орчимд очсон. Тэгээд А эмч ЭХО-д харсан тэр үед нь би талийгаачийн биеэр туурсан байсан улаан юмыг хэлэхэд А эмч нөхөр нь дуугүй байж бай өөрөөр нь хэлүүл гэж хэлж байсан. Тэгээд ЭХО-д харчихаад аймгийн төв рүү явуулж тодруулж харуулах юм байна гэж хэлээд 2 шингэн хийгээд аймаг руу авч явахаар болсон. Тэгээд сувилагч нь өвчин намдаах тариа хийсэн тэгээд хийсэн 2 ширхэг шингэн нь шөнийн 03 цагийн үед дууссан. Тэгээд эмнэлгээс гараад шууд аймгийн төв рүү  явсан тухайн үед эмч нь О.Т эмч явж байсан замдаа О.Т эмч талийгаачийн биеийн байдлыг яаж байна ч гэж асуугаагүй үзэж хараагүй тэгээд явсаар байгаад 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө 09 цагийн үед Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирээд манай сумын эмч О.Т талийгаачийг хүлээн авах өрөөнд оруулж өгчихөөд эмч нарт нь хүлээлгэж өгөөгүй буцаад яваад өгсөн. Тэгээд жолооч нь буцах замдаа л байсан. Тэгээд аймгийн эмч нар үзээд Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэх шаардлагатай гээд оруулсан. Тэгээд аймагт эмчилгээ хийгдэж 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр савны хагалгаанд ороод гарч ирээд 2018 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 00 цаг 05 минутад нас барсан. Манай талийгаач эхнэрийг А, Т эмч 2 үзэж байсан. Сэхээний эмч Э эмч хариуцан эмчилгээ хийж байсан. Талийгаач эхнэрийг гэртээ ирсэн цагаас нь хойш манай сумын эмч нар хэн нь ч ганц ч удаа ирж үзэж харж байгаагүй. Тэгээд эх нярайн хяналтын дэвтэр, эх хүүхдийн ягаан дэвтэр дээр ямар ч тэмдэглэгээ хийж байгаагүй, талийгаачийг нас барсны дараа эх хүүхдийн ягаан дэвтэр болон хяналтын дэвтэр хоёрыг манай сумын эмч нар сураад манайхаар 2 удаа очсон байсан над руу эх баригч эмч Д.Э утсаар ярьж хяналтын дэвтэр нь хаана байгаа вэ гэж асууж байсан. Тэгээд Д.Эт тэр хяналтын дэвтрийг нь манай аав гаргаж өгсөн байсан. Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын эмч нар болон Нэгдсэн эмнэлгийн эмч нарт гомдолтой байна. Манай эхнэрийн биеийн байдал хэвийн эрүүл байдаг байсан, урьд өмнө 2015 онд манай эхнэр төрөх үедээ ямар нэгэн байдлаар өвдөж байгаагүй ямар нэгэн хууч өвчингүй эрүүл байсан. Урьд өмнө манай эхнэрийг эргэж тойроогүй байсан атлаа тэр дэвтрийг авах гэж манайхаар 2 удаа очиж над руу утсаар яриад асуугаад байдаг байсан. Уг дэвтрийг авах болсон шалтгаан нь Эрүүл мэндийн газраас асуугаад байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 22-25 дугаар тал/

 

*Гэрч Ц.Эгийн өгсөн:

“...2018 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө 09 цаг 20 минутад Т.А гэх өвчтөн эмчийн хяналтан доор Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Т.А нь Цэцэрлэг сумаас хүргэгдэн ирэх үедээ хэвлийн цочмог өвдөлт гэсэн оноштой ирсэн. Тухайн өвчтөний биеийн байдал маш хүнд шокийн байдалтай байсан тул хүлээн авах яаралтай тусламжийн тасаг дээр шинжилгээ авч эмчилгээ хийсний дараа эрчимт эмчилгээний тасагт шилжүүлж захад судас муу артерийн даралт бага байсан учир төвийн венд гуурс тавьж биеийн байдлыг тогтворжуулсны дараа ЭХО болон рентген мөн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж эмчилгээг үргэлжлүүлж “умайн салстын үрэвсэл үжил үжлийн шок олон эрхтний дутагдал" оношоор эрчимт эмчилгээний тасагт эмийн эмчилгээг үргэлжлүүлсэн. Т.А биеийн байдал хүнд хэвээр 2 хоног эмийн эмчилгээ хийж биеийн байдал сайжрахгүй байсан учир 3-р шатлалын эмч нараас зөвлөгөө авч яаралтай мэс засалд орж умайг авах шаардлагатай гэсэн учир ар гэрт тайлбарлан баталгаа авч 2018 оны 01 дүгээр сарын 09-ний үдээс хойш хагалгаанд орсон. Хагалгаа үргэлжилж байх явцад өвчтөн Т.Аийн зүрх зогссон тэр үед сэхээн амьдруулалд хийж 2 минутын дараа зүрхний үйл ажиллагаа сэргэсэн, хагалгааг дуусгасны дараа эрчимт эмчилгээний тасагт шилжүүлж зохиомол амьсгалын апратанд авсан. Хагалгааны дараа биеийн байдал хүнд байсаар байгаад 2018 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө 00 цаг 05 минутад нас барсан. Тухайн үед талийгаач Т.Аийг Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт Цэцэрлэг сумаас хүргэж ирсэн эмч нар нь надтай уулзаагүй явсан тул би ямар хэн гэдэг эмч нар хүргэж ирсэн талаар мэдэхгүй.  Хамгийн анх хэн гэдэг ямар эмч ямар онош тавьсан талаар мэдэхгүй, Цэцэрлэг сумаас хүргэгдэн ирсэн 13-А маягтад дээр Т.Аийг "Хэвлийн цочмог өвдөлт” гэсэн оноштой ирсэн байсан.  Талийгаач Т.А нь төрсний дараах умайн салстын үрэвсэл үжлээр хүндэрч нас барсан. Талийгаач Т.А нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт төрөх замаар төрөөд эмнэлэгт нэг хоноод эмнэлгээс гарч хөдөө явсан байсан. Амь хохирогч Т.А нь Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирэх үедээ бол биеийн байдал маш хүнд ухаантай орчинтой харьцаатай боловч гар хөл биеийн арьс эрээнтэж, захын цус эргэлт алдагдсан, артерийн дундаж даралт нь 50 мм.муб-аас багассан байсан, шээсний гарц үгүй байсан. Уг шинж тэмдэг нь хүнд шокийн байдлыг илтгэж байна гэсэн үг. Архангай аймгийн Цэцэрлэг сумын эмч нар нь өвчтөний биеийн байдлыг дутуу үнэлж, анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдаж оройтуулж, бүрэн хийж гүйцэтгэж чадаагүй байдалтай өвчтөнг хүргэж ирсэн. Талийгаач Т.Аийн биед ханиад томуу хүрсэн шинж тэмдэг байхгүй байсан. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирэх үед нь цээж гэрэлд харуулсан ямар нэгэн голомт байгаагүй. Эмэгтэйчүүдийн эмч С, Баянмөнх нар үзэж мэс засал хийсэн, мэдээгүйжүүлэх болон эмчлэгч эмч нь миний бие байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 26-28 дугаар тал/

 

*Гэрч Ш.Өгийн өгсөн:

“...2018 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө 103-с над руу утсаар залгаж Архангай аймгийн Цэцэрлэг сумаас хүнд хүн ирсэн байна Рентген ЭХО-д харуулах шаардлагатай байна гэж хэлсэн үүний дагуу эмнэлэг дээр ирсэн. Намайг ирэх үед Т.А гэх эмэгтэйг Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн байсан биеийн байдал нь хүнд байсан тэгээд эмчилгээ хийж биеийн байдал нь бага зэрэг тогтвортой болсны дараа Т.Аийн рентгенд харсан тэр үед Т.Аийн 2 уушгинд голомтод болон нэвчдэст сүүдэр байгаагүй, өрцөн доор хий байгаагүй байсан. Т.Аийг О.Т гэдэг эмч хүргэж ирсэн байсан. Т.А нь анх Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирэх үедээ 13-А маягтан дээр 05; Острый живот буюу Хэвлийн цочмог хам шинж гэх оноштой хэвлийгээрээ хүчтэй өвдөлттэй ирсэн байсан. Би цээж рентгенд харсан тул Т.Аийн биед цаашид ямар оноштой эмчилгээ хийгдсэн талаар мэдэхгүй. Талийгаачийг рентгенд харах үед уушгины хатгаа өвчин байгаагүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 29-31 дүгээр тал/

 

* Гэрч С.Сийн өгсөн:

“...2018-01-07 жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Ц.Э эмч хүнд хүн ирсэн, эхо шинжилгээ хийе гэж дуудсан. Тэгээд очиж үзэхэд өвчтөний биеийн байдал хүнд гар,хөл хөхөрсөн, амьсгал олширсон, хэвлийн нэлэнхийдээ эмзэглэл их, ам, хэл хуурайшсан. Тэгээд эхо-д Д эмчийн хамт харсан. Тэгээд тасагт очин эх барихын тусгайлсан үзлэг хийхэд гадна бэлэг эрхтэн хөгжил зөв, үтрээ уужим, умай бага зэрэг том эмзэглэл ихтэй, дайвар тэмтрэгдэхгүй, хүнхрээ чөлөөтэй эмзэглэл маш их, үзлэг хийхэд бэрхшээлтэй. Доошоо үнэртэй ногоон ялгадас гарна. Хэвлийн булчин чангарлын шинж/+/ байсан. Тэгээд Ц.Э эмчтэй ярилцан шокосс гарах хэрэгтэй гэж эмчилгээ үргэлжлүүлэхээр болсон. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний  өдөр дахин эмч нарын хамтарсан үзлэг хийж 3-р шатлалын эмч нараас зөвлөгөө авахад голомтоо яаралтай авах хэрэгтэй гэх зөвлөгөө өгсөн тул амь насны  заалтаар хагалгаанд орсон. Хагалгааны явцад хэвлийн хөндийг нээхэд умай шаргалтаж өрөвсөж халдварласан байсан тул умайг бүхлээр нь авах хагалгаа хийгдсэн. Тэгээд ерөнхийдөө ажилбар дуусаж Т.Аийг сэхээний тасагт шилжүүлж эмчилгээг үргэлжлүүлсэн. Талийгаач анх ямар оноштой хүргэгдэн ирсэн талаар би мэдэхгүй. Би тасагт хүргэгдэн ирж хэвтсэн байх үед нь ирж үзсэн. Талийгаач эх барихын гаралтай халдвар хордлогын дайрлаг, үжлийн улмаас нас барсан. Талийгаачийн нас барахад хүргэсэн онош өвчинг яг нарийн тодорхойлж хэлэх боломж байхгүй. Уг өвчинг хэзээ ч авсан байж болох юм. Манай төрөх тасгийн эмч Анхчимэг нь Т.Аийг төрүүлж эмнэлгээс гаргасан байсан. Би сүүлд нь өвчтөний түүхтэй уншиж танилцахад Т.А төрөх болон төрсний дараа даралт хэвийн, эх халуураагүй амин үзүүлэлт хэвийн ЭХО-д өөрчлөлтгүй байсан гэж тэмдэглэсэн байсан учир эмнэлгээс гаргасан байсан. Төрсний дараах эхийн хяналтыг анхан шатны эмнэлэг буюу өрхийн эмнэлэг сумын Эрүүл мэндийн төвийн эмч эх баригч нар хянах ёстой. Төрөхөөс гарснаас хойш 3 хоногийн дотор үзэх ёстой, 7 хоногт 1 удаа үзэх, 14 хоногт 2 удаа үзэж эргэх ёстой. Ямар нэгэн эмгэг байвал илрүүлж эмчилгээ хийх хэрэгтэй байдаг. Хариуцан эмчилж байсан эмч нь сэхээний тасгийн их эмч Ч.Э байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-34 дүгээр тал/

 

*Гэрч Ч.Дгийн өгсөн:

“...Манайх хөдөө отор хийж яваад талийгаач болон түүний хадам ээж хоёртой ойролцоо өвөлжиж байгаа. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 13 цагийн орчимд талийгаач  Т.Аийг халуураад гэртээ байж байна та нэг ороод үзээдэхээч гэж хэлсэн би тухайн үед тэдний хотонд очсон байсан. Тэгээд би талийгаачийн гэрт ороод биеийн байдлыг харж ажиглах үед талийгаач тухайн үед их өндөр халуунтай байх шиг байсан тэгэхээр нь би дуудлага дуудаад өгье гээд гэрээс нь гараад талийгаачийн хадам аавынд нь орж утсаар нь сумын их эмч Атэй утсаар ярьж Т.А их халуунтай гарын шөрмөс татсан биеийн арьс улаан өнгөтэй болсон байна гэж дуудлага өгсөн. Тэгээд А эмч тухайн үед нэр, нас, байгаа газрын хаягийг лавлаж асуусан. Тэгээд одоо гарлаа гэж хэлсэн түүнээс хойш дуудлага нэг их удалгүй ирсэн. Тухайн үед А эмч, О.Т эмч 2 ирсэн О.Т эмч талийгаачийн биеийн байдлыг үзээд талийгаачийг ханиадтай байна гэж оношилж хэлж байсан.  А эмч Т.Аийг сумын төв рүү аваад явъя дахин дуудлага гарвал цас ихтэй даваатай учир тэр болгон ирээд байхад хэцүү гэж хэлж байсан тэр үед талийгаачийн хадам ээж Ч.Ц О.Т эмчээс лавлаж баараагүй ханиад мөн үү гэхэд О.Т эмч ийм өндөр халуурдаг ханиад байгаа юмаа ер нь бол 3 хоног халуурна тэгээд очоод шууд хэвтэхгүй гадуур айлаар харж эмчилгээ хийнэ гэж хэлсэн. Тухайн үед талийгаач өөрөө босоод ирчихсэн нөхөр болон хадам ээжтэйгээ ярилцаад сумын төв рүү явахгүй гэрээр эмчилгээ хийлгээд байвал яах бол гэж эмчээс асууж байсан тэгсэн чинь эмч та нар өөрсдөө мэдээ тэгвэл бид хоёртой хамт сумын төв ороод бичиж өгсөн эм тариагаа авчих гээд эм тариа О.Т эмч бичиж өгсөн. Тэгээд талийгаачийн нөхөр Э.Гэ сумын төв рүү дагаж очоод эм тариа авч ирсэн. О.Т эмч үзээд явах үедээ 500 граммтай натрийн хлорид хийгээд өгчих гэж надад хэлсэн. Тэгээд би тэр дуслыг нь хийж өгсөн. Тэгээд талийгаач эм тариагаа хэрэглээд байж байсан тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны орой талийгаачийн бие дахин өвдөөд эмнэлэгт дуудлага өгсөн байсан дуудлага өгөхийнхөө өмнө над руу утсаар Э.Гэ залгаж хэнд дуудлага өгөх вэ гэж хэлэхээр нь би А эмч рүү залгаад хэлчихдээ би О.Т эмч рүү залгаад биеийн ерөнхий байдлын талаар хэлчихье гэж хэлээд би О.Т эмчтэй утсаар ярчхаад гэрээсээ алхаад талийгаачийн гэрт очих үед нэг их удалгүй эмч О.Т жолоочтойгоо хамт ирсэн.  Тэгээд ирж үзээд сумын төв рүү аваад явсан тухайн үед талийгаачтай хадам ээж нь болон нөхөр нь хамт явсан. Тэгээд тэр шөнөдөө аймгийн төв рүү явсан байсан аймгийн төвд ирээд савны хагалгаанд ороод биеийн байдал дээрдэхгүй байсаар байгаад 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан гэж хэлж байсан. Тухайн үед талийгаач өөрийн нөхөр Э.Гэ болон хадам ээж Ч.Ц нартайгаа ярилцаж байгаад ханиад юм чинь гэрээрээ эмчилгээ хийлгэе гээд сумын төв рүү яваагүй үлдсэн. Тэгээд болмооргүй бол сумын төв рүү очъё гэж хэлж байсан.  Тухайн үед талийгаачийн биеийн байдал ер нь хүндэвтэр өндөр халуунтай, арьс улайсан, нүдний салст улайсан, баруун гар бугуй хэсгээрээ шөрмөс нь татсан байдалтай байсан. Талийгаач гэртээ өөрийн нөхөр хүүхдийн хамтаар байдаг. Талийгаачийн хадам аав ээж 2 нь тусдаа гэртээ хамт өвөлждөг. Талийгаач 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхэлж биеийн байдал муудаж эхэлсэн. Урьд өмнө бол ямар нэгэн өвдлөө гэх зүйл сонсогдоогүй. Талийгаач урьд өмнө ямар нэгэн шаналал ярьж байгаагүй би бодохдоо бие сайтай хүүхэд гэж боддог байсан. Талийгаач төрөөд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ ирсэн. Талийгаачийг гэртээ ирсэн цагаас хойш сумын эмч нар ирж эх хүүхэд хоёрын биеийн байдлыг үзлээ гэж би дуулаагүй. Миний дуулснаар төрсний дараах халдвараас шалтгаалсан хүндрэл сээвс гэх оношоор нас барсан гэж ойлгож байгаа...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 35-37 дугаар тал/

 

* Гэрч Ч.Цын өгсөн:

“...2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр манай бэр талийгаач Т.А Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт төрсөн. Талийгаач 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумаас хувийн унаагаар ганцаараа Архангай аймагт ирээд 23-нд төрөөд маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр анх ирсэн унаагаараа буцаад Цэцэрлэг суманд ирсэн байсан. Тэгээд төрж ирээд талийгаач Цэцэрлэг сум Их булаг баг Хөшөөт гэх газар гэртээ байсан. Үүнээс хойш 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр цалинтай ээж хөтөлбөрт хамрагдах материалаа бүрдүүлнэ гээд нөхрийнхөө хамтаар сумын төв рүү явсан. Тэгээд орой нь буцаж ирээд маргааш нь буюу 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө гэнэт халуурсан тэр үед манай хүү Э.Гэ манай эхнэр Т.А халуураад байна гээд манайд орж ирсэн манай хоёрынх нэг газар айл хамт өвөлждөг. Тэгээд талийгаач өндөр халуураад байхаар нь сумын төв рүү эмнэлэг рүү дуудлага өгсөн сумын Эрүүл мэндийн төвийн их эмч А, О.Т гэх 2 эмч ойролцоогоор 1 цагийн дараа ирсэн манайх сумын төвөөс 20-д км зайтай байдаг. Тэгээд манай гэрт А, О.Т эмч 2 манайд орж ирээд О.Т эмч үзээгүй их халуурч байгаа юм байна ийм ханиад гадуур их байгаа гэж хэлээд анилген демидрол тариагаар хийсэн. А эмч сууж байгаад энэ халууныг бууруул цавь суганд нь хүйтэн жин тавь гэж хэлж байсан. Тэгээд эмч нар Т.Аийг сумын төв рүү эмнэлэг рүү аваад явъя гэж хэлсэн. Тэгээд талийгаач Т.А сумын төв рүү явах гээд хувцас хунараа өмсөөд бэлдэж байсан тэр үед нь би тэр 2 эмчээс сайн тодруулж энэ яг ханиад мөн юм уу гэж асуухад О.Т эмч тиймээ ханиад мөн байна аа гэсэн тэгэхээр нь би ханиад юм бол эмнэлэгт очоод шууд хэвтэх үү гэж асуухад очоод шууд хэвтэхгүй гадуур харах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би ханиад юм бол тэгээд очоод шууд хэвтэхгүй юм чинь гэрээрээ эм тариагаа аваад эмчилгээ хийлгэж болох уу гэж асуухад эмч нар болно гэсэн тэгээд талийгаачийг эмнэлэг рүү явуулахаа болиод Э.Гийг сумын төв рүү явуулаад эм тариаг нь авч ирүүлсэн тухайн үед ханиад юм чинь эмч тариагаа уугаад зүгээр болчих байх гэж ойлгож байсан. Тэгээд би эмч нарт хандаж талийгаач гэртээ үлдэх юм чинь цээж уушгийг нь чагнуулаад үзүүлье гэхэд О.Т эмч цээж уушгийг нь чагнаж үзээд гайгүй байна аа гэж хэлж байсан. Тэгээд эмч нар яваад нөхөр Э.Гэ нь хамт явж эмч тариагаа авч ирж эмч тариаг нь цагаар нь өг уулгаж хэрэглүүлж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 06-ны орой 19 цагт дахин халуураад биеийн байдал тааруухан байхаар нь сумын төв рүү А эмч рүү Э.Гэ утсаар ярьж дуудлага өгсөн байсан. А эмчид хэлэх үед та нар өөрсдөө машин тэрэг олоод хүрээд ир гэж хэлсэн байсан тэгэхээр нь бид нарт машин тэрэг олдохгүй даваа давах машин алга бид нар бензин тосыг нь хийж өгье та нар хүрээд ирээч гэхэд за тэгвэл та нар бэлэн байж бай гэж хэлсэн байсан. Тэгээд О.Т эмч жолоочтойгоо эмнэлгийн машинтайгаа  ирээд шууд Т.Аийг аваад сумын төв рүү эмнэлэг явсан би тэр үед хамт явсан. Тэгээд эмнэлэгт очоод А эмч талийгаачийг ЭХО-д харсан тэгээд ямар нэгэн зовуурийн талаар ерөөсөө яриагүй би А эмчтэй уулзаад яасан талаар асуухад аймаг явж тодруулах шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгээд сумын төвийн эмнэлэгт 2 ширхэг дусал хийлгээд дусал хийж дуусаад өвчин намдаах тариа хийгээд сумын эмч О.Т, жолооч Д, талийгаачийн нөхөр Э.Гэ, манай хамаатны хоёр дүү Батболд, Ог бид нарт хамт явсан. Талийгаач замдаа их зовуурьтай явсан тухайн үед эмч ямар нэгэн арга хэмжээ эмчилгээ огт аваагүй яаж байна ч гэж асуугаагүй явсаар байгаад 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө 09 цагт эмнэлэгт дээр хүргэж ирээд хүлээн авах тасагт оруулж өгөөд эмч нартай нь ч уулзалгүй манай сумын эмч гарч ирээд явъя гээд эргээд сум руугаа явсан. Би тухайн үед сумын эмнэлгийн машинтай явсан. Талийгаач Т.Атэй эмнэлэг дээр нөхөр нь үлдсэн. Тэгээд намайг сумын төв дээр ирэх очоод байж байхад над руу утсаар залгаж Т.Аийн биеийн байдал муудаж байна хүүхдүүдээ аваад аймагт хүрээд ир гэж надад хэлсэн тэгээд би хүүхдүүдээ аваад 2017 он 01 дүгээр сарын 10-ны өглөө ирсэн тэр үед талийгаач эмнэлэг дээр савны хагалгаанд орох гэж байсан тэгээд хагалгаанд ороод буцаж гарч ирээд хэсэг байж байгаад талийгаач шөнө 00 цаг өнгөрөөд нас барсан. Тухайн үед эмч нар талийгаачийг ханиад хүрсэн байна гэж бат итгэлтэй хэлж байсан тэгээд сумын төв рүү очоод эмнэлэгт хэвтүүлэхгүй айлаар гадуур харна гээд байхаар нь ханиад юм бол эм тариагаа аваад гэрээр нь өгч болох уу гэж намайг асуухад эмч нар та нар өөрсдөө мэдээ гэж хэлсэн. Тэгээд талийгаачийн нөхөр Э.Гэ эмч нартай хамт сумын төв ороод эмч авч ирсэн. Миний мэдэхээр ямар ч байсан их халуурч байсан. Тухайн үед талийгаач гэртээ өөрийнхөө нөхөр хүүхдийн хамт байсан. Би гэртээ өөрийнхөө охины 1 настай хүүхдийг хардаг болохоор тэр болгон хажууд нь байгаад байж чаддаггүй. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхэлж бие нь өвдөж эхэлсэн. Урьд өмнө ямар нэгэн байдлаар өвдөөгүй. Талийгаач урьд өмнө ямар нэгэн зовуурь шаналал ярьж байгаагүй. Талийгаач гэртээ 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ганцаараа хүрээд ирсэн. Талийгаачийг төрснөөс хойш 42 хонох үед нь сумын эмч нар ирж эх болон нярайг ганц ч удаа үзээгүй. Би талийгаачийг гэртээ ирнэ гээд байхаар нь миний хүү болж байгаа юм уу наанаа хэд хонохгүй юм уу гэхэд зүгээрээ ирсэн унаагаараа эргээд явъя энэ их сайн унаа байна гээд байсан. Тэгэхээр нь би тэгвэл эмч нараасаа сайн асуугаад гарч болно гэвэл ирээрэй гэсэн чинь эмч нар зүгээр болно гэнээ гэж талийгаач хэлж байсан.  2016 оны 09 дүгээр сард хурим хийж манай бэр болж тусдаа гарч амьдарч эхэлсэн. Талийгаач үг дуу цөөтэй төлөв даруу зантай, бие эрүүл мэндийн хувьд ямар нэгэн өвчин шаналал яриад байдаггүй хүн байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 38-41 дүгээр тал/

 

*Гэрч Н.Дгийн өгсөн:

“...Би тухайн өдөр би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв дээр эмнэлгийн тайлан тушаах эмч нарыг тээвэрлээд явж байсан. Намайг байхгүй байх хооронд манай эмнэлгийн эрхлэгч Л.О зохицуулалт хийдэг. Би 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө 10:00 цагийн үед Цэцэрлэг сумаас их эмч Л.Оийн томилгоогоор Архангай аймгийн төвд их эмч Алтанчимэг, бага эмч Г, бага эмч Н, эх баригч Д.Э, вакцинатор Үүрцайх нарын хамт тайлан тушаах ажлаар эмнэлгийн УАЗ Пургон маркийн 07-84 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй аймагт байсан тул тухайн дуудлагад явж чадаагүй. Тухайн үед эмнэлгийн машин байхгүй байсан тул их эмч А өөрийн 88-51 АРА улсын дугаартай хувийн тээврийн хэрэгслээр жолоочийн үүрэг гүйцэтгэж их эмч О.Ттай хамт явсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43 дугаар тал/

 

*Гэрч Б.Бгийн өгсөн:

“...2018 оны 01-р сарын 05-ны өдөр би гараатай байхад 13 цагийн үед санагдаж байна А эмч А дуудлага өгсөн байна. Эмнэлгийн тэрэг байхгүй Архангай аймгийн төв тайлан тушаахаар явсан. О.Тг аваад би машинаараа явахаас гээд эм тариагаа аваад явсан. Би 14 цаг гээд ажлаасаа буусан. Маргааш нь 14 цагт ажилдаа ирэхэд ажлаа хийж байхад оройн 21 цагийн үед санагдаж байна. Алсын дуудлага ирсэн. Тэр үед эмнэлгийн машин аймгаас ирсэн байсан О.Т эмнэлгийн тэрэгтэй явсан. Би дуудлагад явсан хойгуур нь 22 цаг гээд ажлаасаа буусан. Маргааш нь амраад нөгөөдөр нь ажилдаа ирэхэд Т.Аийн биеийн байдал муудаад Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг рүү яаралтай хүргэж өгсөн гэж байсан. Тодорхой юм сайн мэдэхгүй байна төрсний дараах 45 хоногийн эргэлтийн эх баригч эмч хийдэг гэж л ойлголтой байдаг. А эмч эмнэлгийн машин байхгүй өөрийн хувийн машинтай О.Т эмчийг аваад жолоочоор явсан. Эхний дуудлага мэдээлэх өдөр эмнэлгийн машин тайлан тушаахаар ажлаар аймгийн төв явсан байсан. Манай эмч нар ажил мэргэжлийн хувьд чадвартай, зан ааш харьцаа хандлага сайтай. Хүн ялгаварлаж харьцаад байдаггүй. Хамт олонч, багаар ажиллах чадвартай хүмүүс байдаг...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 46-47 дугаар тал/

 

*Гэрч Б.Бийн өгсөн:

“...Манай бэр охин Т.А 2017 оны 11 дүгээр сарын 23-нд Архангай аймгийн төвийн Нэгдсэн эмнэлэгт төрсөн 2017 оны 11 сарын 26, 27 үед санагдаж байна Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хөшөөт гэх газар хөдөө гэртээ ирсэн. 2018 оны 01-р сарын 05-нд манай бэр халуураад сумын эмнэлэгт дуудлага өгсөн. Дуудлагаар О.Т эмч А эмч нар ирсэн гэсэн би хонинд явсан байсан. Ирж үзээд ханиад байна халууныг нь буулга, хүйтэн жин сайн тавь гээд эм, тариа бичээд явсан гэсэн. Манай хүү Э.Гэ эм тариаг нь авахаар мотоциклоор дагаж сумын төвд ирээд эм, тариаг нь авахаар явсан. Маргааш өглөө нь 10 цагийн үед дахин дуудлага өгсөн. Орой 5 цагийн үед эмч ирээд Т.Аийг аваад явсан. Сумын төвд ирээд шөнийн 02 цагийн үед аймаг аваад явсан гэсэн . 2018 оны 01-р сарын 08-нд намайг аймгийн төвөөс яаралтай ир гээд дуудсан, тэгээд би аймагт очсон. Аймагт очсоны дараахан талийгаач өнгөрсөн.  2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дуудлага өгөхөөс өмнө биеийн байдал нь ямар нэгэн зовиургүй, хөнгөн шингэн ханиад шуухинаагүй байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 48-49 дүгээр тал/

 

*Гэрч Ц.Сийн өгсөн:

“...2018 оны 01-р сарын 03-ны өдөр санагдаж байна. Хаан банкны үүдэнд би талийгаач Т.Атэй таарсан тэр үед Т.А төрсөн эхийн мөнгө авах гээд бичиг баримт бөөгнүүлж яваа гэж байсан. Тэр үед биеийн байдал нь зүгээр харагдаж байсан. Тэрнээс хойш би Т.Атэй тааралдаагүй . 2018 оны 01 дүгээр сарын 03, 04-нд өглөө оройны гараатай байсан. 05,06-нд амраад 07-ны өглөө ажилдаа ирэхэд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү Т.Аийг хүргэсэн гэж манай ажилчид ярьж байсан. Тэгэхээр нь би Т.Аийн утас руу залгахад эгч нь авсан. Т.Аийн биеийн байдлыг асуухад онош нь тодорхойгүй эмнэлэгт хэвтсэн шинжилгээ өгч байгаа гэж байсан. Төрсний дараах хяналтыг эх баригч, эмч, хэсгийн сувилагч нар тавьдаг. А эмч дуудлагад хувийн машинаараа жолоочоор явсан гэж байсан. Эмнэлгийн машин аймгийн төв рүү ажлаар явсан байсан. Эмнэлгийн машин байхгүй үед Засаг даргын машинаар, засаг даргын машин байхгүй бол хувийн машинаар явдаг. Манай эмч нарын харилцаа хандлага сайн, багаар ажиллах чадвартай, ажилдаа хариуцлагатай ханддаг. Зөн төлөв сайн хүмүүс байдаг...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 50-51 дүгээр тал/

 

*Гэрч С.Тын өгсөн:

“...Талийгаач Т.А 2017 оны 01-р сарын 05 өдөр дуудлага өгсөн гэсэн тухайн үед би жижүүрт гараагүй байсан дуудлагад О.Т эмч А эмч хоёр яваад авч ирээд аймаг хүргэж өгсөн гэж манай ажилчид ярьж байсан. Би байхгүй байсан болохоор сайн мэдэхгүй байна. Манай эмнэлгийн эмч нар хийх ёстой эмчилгээг хийсэн байх гэж бодож байна. Төрсний дараах хяналт сул байсан байж магадгүй. Эх барих эмч, хэсгийн сувилагч нар тавьдаг.  Тэр талаар сайн мэдэхгүй байна. Тэр хоёрыг л явсан гэж байсан. А эмч өөрийн хувийн машинаар явсан гэж л байсан эмнэлгийн машин аймгийн төв явсан байсан. Эмнэлгийн машин аймгийн төв явсан байсан. Эмнэлгийн машин байхгүй үед өөрсдийн хувийн машинаар явдаг. Дуудлагад явахад эмч нарт хуваарь гэж байдаг, тэр үед О.Т эмч явах байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна эмнэлгийн машин байхгүй. А эмч хувийн машинаараа О.Т эмчтэй явсан гэж л байсан. Манай эмч нар харьцаа сайтай ажилдаа сайн. Хүнтэй ялгаж харьцаад байдаггүй ажилдаа хандах хандлага сайн, сумын ард иргэддээ нэр хүндтэй хамт олонч хүмүүс байдаг...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 52-53 дугаар тал/

 

*Гэрч М.Ггийн өгсөн:

“...2018 он 01 дүгээр сарын 3-с 5-ны хооронд Архангай аймгийн төвд Эмнэлгийн жилийн эцсийн тайлан тушаахаар манай ажлын Үүрцайх, Алтанчимэг, Э.Н, Э бид нар аймгийн төвд байсан. Тэр үед талийгаач Т.А дуудлага дуудсан гэсэн сураг байсан. Бид нарт тайлангаа тушааж дуусаад 01 дүгээр сарын 05-ны шөнө сумандаа ирсэн. Ирээд маргааш нь амарсан нөгөөдөр нь ажилдаа очиход Т.Аийн бие муудаад аймгийн төв хүргэж өгсөн гэж манай ажлынхан ярьж байсан. Аймагт очоод бие нь муу байна гэсэн сурагтай байсан. Би тухайн үед байгаагүй болохоор юу болсон талаар нь сайн мэдэхгүй байна. Эмэгтэйчүүд хариуцсан их эмч Л.О, эх баригч Д.Э нар тавьдаг. А эмч эмнэлгийн унаа байхгүй өөрийнхөө машинаар жолоочоор явсан гэж манай ажлынхад ярьж байсан. Эмнэлгийн машин Архангай аймгийн төв тайлан тушаахаар явсан байсан. Эмнэлгийн машин байхгүй бол засаг даргын машин ,засаг даргын машин байхгүй бол А эмч машинаараа зарим тохиолдолд хувийн унаа гуйгаад явдаг. Дуудлагын хувиар гэж байдаг тэр үед О.Т эмчийн хувиар байсан эсэхийг би мэдэхгүй байна. Би энэ байгууллагад олон жил ажиллаж байна манай эмч нараас янз бүрийн зан гараад байдаггүй ажилдаа хандах хандлага сайтай, ажлын дадлага туршлагатай. Олон жил ажиллаж байгаа. хүнтэй харьцах харьцаа, хандлага сайтай хүмүүс байдаг...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 54-55 дугаар тал/

 

*Гэрч Э.Нийн өгсөн:

“...Би тухайн үед Архангай аймгийн төвд жилийн эцсийн тайлан тушаахаар очсон байсан аймгийн төвд 3 хоноод 4 дэх хоногийнхоо шөнө сумандаа ирсэн. Маргааш нь ажилдаа ирэхэд Т.Аийн бие муудаад аймаг руу аваад явлаа гээд манай ажлынханд ярьж байсан. Аймгийн төвд сэхээнд байгаа гэж байсан. Би сайн мэдэхгүй байна би өөрөө 2017 оны 6 сард төрөөд 2017 оны 10 сард ажилдаа орсон намайг ажилдаа ороход Т.А төрөх гээд амралтаа авсан байсан. Би иргэдэд томууны эсрэг сургалт хийхэд ирж сургалтад сууж байсан тэрнээс хойш Т.Атэй уулзалдаагүй. Би Т.Аийг бие нь муудаад сумын эмнэлэгт ирэхэд нь аймгийн төвд байсан. Манай эмнэлгийн эмч нар үзүүлэх ёстой тусламжаа үзүүлсэн байх гэж бодож байна .Оношны тал дээр би сайн мэдэхгүй байна. Төрсний дараах хяналт сул байсан байж магадгүй. Төрсний дараах хяналтыг Эх барих хариуцсан эмч Л.О, тухайн хэсгийн сувилагч хянадаг тухайн хэсгийн сувилагч нь Т.А өөрөө байсан. Эмнэлгийн машиныг бид нар аймгийн төв аваад явсан эмч машингүй болохоор нь А эмч өөрийнхөө хувийн машинаар жолоочийн үүрэгтэй очсон. Дуудлага гарах үед Архангай аймгийн төвд тайлан тушаах ажлаар эмнэлгийн машиныг аймаг руу аваад явсан байсан. Эмнэлгийн машин байхгүй үед Захиргааны машин зарим үед А эмчийн хувийн машинаар зарим тохиолдолд дуудлага дуудсан хүмүүс нь машинтай бол тэр хүмүүсийн машинаар явдаг. Манай эмч нарт дуудлага мэдээлэлд явдаг хуваарь гэж байдаг, тухайн үед О.Т эмчийн хуваарьт өдөр байсан эсэхийг мэдэхгүй байна эмч нарын хуваарийг эрхлэгч эмч, дүн бүртгэгч хоёр хийдэг. Манай эмч нар бүгд л ажилдаа хариуцлагатай зан ааш төлөв даруу сумын ард иргэдэд нэр хүнд сайтай хүмүүс байдаг...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 56-57 дугаар тал/

 

*Гэрч Д.Эгийн өгсөн:

“...2017 оны 12-р сарын 25, 26-ны үед санагдаж байна Л.О эмчийн өрөөнд Л.О эмч бид хоёр тайлан бичиж сууж байхад Т.А компот, бялуу хоёр барьчихсан орж ирсэн. Тэгээд бид хоёртой мэндэлсэн Л.О эмч Алтай бие нь сайн уу хүүхэд нь том болж байна уу гэсэн Т.А компот бялуу хоёроо Л.О эмчид хамт олондоо өгч байгаа юм гээд өгч байсан. Л.О эмч Алтай яах гэсэн юм бид нар эргэж очиж чадаагүй байхад гээд 29-нд манай шинэ жил болно оо ирээрэй гэж байсан. Тэр үед Т.Аийн биеийн байдал зүгээр харагдаж байсан. Дараа нь 2018 оны 01-р сарын 02-ны багцаанд би захиргаан дээр хүний нөөцөө шивж байхад Т.А орч ирж байсан тэр үед ч биеийн байдал зүгээр л байх шиг байсан. Т.Аийн биеийн байдал муудаад аймаг хүргэж өгөхөд нь би байгаагүй. Т.А бие нь муудаад аймаг уруу хүргэж өгсөн гэж манай ажилчид л ярьж байсан. Энэ талаар сайн мэдэхгүй байна байгууллагын хурал дээр төрсөн болон нярай хүүхдүүдийг байнгын хяналтад эргэж бай гэж ярьж байдаг, нарийн сайн мэдэхгүй байна. Эх баригч эмч , хэсгийн сувилагч хянадаг. Эмнэлгийн машин жилийн эцсийн тайлан тушаахаар мэргэжилтнүүдийг авч явсан байсан. Тэгээд машин байхгүй А эмч өөрийнхөө машиныг бариад О.Т эмчтэй явсан А эмч жолоочоор явсан. Тухайн үед жилийн эцсийн тайлан тушаах ажлаар мэргэжилтнүүдийг авч эмнэлгийн машин аймаг явсан байсан. Эмнэлгийн машин байхгүй үед захиргааны машинаар зарим үед А эмчийн машинаар зарим тохиолдолд хувь хүмүүсийн машиныг гуйгаад явдаг. Алс, ойрын дуудлагын хуваарь гэж байдаг тухайн үед хэний хуваарьт өдөр байсныг би мэдэхгүй байна. Манай эмч нар харилцаа, ажилдаа хандах хандлаг сайн ёс зүйн зөрчил гаргаад байдаггүй. Хамт олонч хүмүүс байдаг...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 58-59 дүгээр тал/

 

*Гэрч Т.Агийн өгсөн:

“...Манай дүү 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр Архангай аймгийн төвд эмнэлэгт төрсөн. Дүүг төрөхөд би Улаанбаатар хотод байсан дүүг төрсний дараа утсаар ярихад биеийн байдал гайгүй өөрөөрөө төрсөн эмнэлгээс гарсан эгчийнд байна гэж байсан. Тэрнээс хойш би холбоо бариагүй байж байгаад 2018 оны 01 дүгээр сарын эхээр аймгийн төвд байдаг манай эгч Т.А над руу яриад Т.Аийн бие маш хүнд байна чи ир гэсэн би хотоос гараад аймагт ирэхэд Т.Аийн бие муу байсан. Би нэг өдөр сахиж хоносон. Тэгээд маргааш нь манай дүү өнгөрсөн. Манай дүү сумандаа бие нь муудаад сумын эмч О.Т аймагт хүргэж өгсөн гэж манай эгч ярьж байсан. Тухайн үеүдэд би өөрийн биеэр байгаагүй болохоор юу болсон талаар нь сайн мэдэхгүй байна. Дүүг халуураад байна гээд дуудлага өгөхөд сумаас А эмч О.Т эмч очсон гэсэн ханиад байна гээд эмч бичиж өгсөн гэж гэр бүлийнхэн хүн ярьж байсан. Төрхөөсөө өмнө биеийн байдал сайн байдаг байсан төрсний дараа нь би утсаар ярихад гаагүй төрсөн гэж байсан. Төрснөөс хойш сар гарангын дараа над руу манай эгч яриад бие нь муу байна гэхээр нь би хотоос аймгийн төвд ирсэн. Төрсний дараа нь би цуг байгаагүй болохоор бие нь ямар байдалтай байсныг сайн мэдэхгүй байна. Эмч нар ярихдаа төрөлтийн үедээ саванд нь юм үлдсэнээс л болоод өвдөөд халуураад байдаг байж л гэж байсан. Би бусад зүйлийг сайн мэдэхгүй байна тухайн үеүдэд цуг байгаагүй хотод байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 60-61 дүгээр тал/

 

*Гэрч Ж.Дгийн өгсөн:

“...Би Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн эх, нярайн тусламж хариуцсан мэргэжилтэн ажлыг 8 дахь жилдээ хийж гүйцэтгэж байна. Манай байгууллага болон Монгол улсын хэмжээнд жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийн тусламж үйлчилгээнд Эрүүл мэндийн сайдын 2014 оны 10 сарын 20-ны өдөр гарсан 338 дугаарт тушаалыг мөрдөж ажилладаг. Уг журам эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан болохоор өдөр тутам үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилладаг юм. Жирэмсэн эхийг төрөөд эмнэлгээс гарч байгаа талаар харьяа сум, баг, өрхийн эмнэлэгт ямар байгууллагын ямар албан тушаалтан мэдэгдэх ёстой гэж албан ёсоор заасан журам, заавар байдаггүй. Гэхдээ манай байгууллагаас Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт төрөөд гарсан хүнийг харьяа сум, баг руу явахад нь мэдэгдэж бай гэсэн чиглэлийг өгч, үүнийг нэгдсэн эмнэлгийн төрөх хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Эрүүл мэндийн газраас 2014 оны 11 сарын 18-ны өдөр Эрүүл мэндийн сайдын 338 дугаар тушаалыг мөрдөж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг Эрүүл мэндийн байгууллагуудад албан бичгээр хүргүүлж байсан. Мөн энэ тушаалыг шинэчлэгдэж батлагдсан талаар эрүүл мэндийн дарга, эмч, эх баригч нарт сургалт явуулж байсан. 338 дугаарт журамд зааснаар төрсний дараах үзлэг, эргэлт, хяналт хийхийг тусгайлан заасан. Үүнд эмнэлгээс гарсны дараа тухайн байгууллага 24 цагийн дотор, 72 цагийн дотор, 7 хоногийн дотор эргэж очиж хяналт үзлэг хийх ёстой. Шаардлагатай тохиолдолд хугацаа харгалзахгүй хэдэн ч удаа үзэж болно. Дараа нь 5-аас 6 дахь долоо хоног буюу 35-аас 42 хоног дээр заавал давтан үзлэгийг хийх ёстой байдаг. Тухайн эх дуудлага өгөөгүй байсан ч дээр заасан хоногуудад тухайн анхан шатны эрүүл мэндийн байгууллага буюу баг, хороо, сумын эрүүл мэндийн ажилтан заавал очиж үзэж байх ёстой...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 171-173 дугаар тал/

 

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 61 дугаартай:

              “...Талийгаач Т.Аийн биед, ямар нэгэн гэмтэл учраагүй байна. Талийгаач Т.А нь, грам / - / сөрөг нянгийн өгсөх замын халдварын улмаас умайн идээт үрэвсэл үүсч, улмаар үжлээр хүндэрч уушиг, элэг, бөөр, дэлүү, бөөрний дээд булчирхай зэрэг эрхтэнүүд гэмтэн, цусархаг хам шинжээр гүнзгийрч халдварын голомт болох умайг тайрч авсан боловч халдвар хордлогын шок болон олон эрхтэний дутагдалаар хүндэрч нас баржээ. Талийгаач нь эмгэг судлалын макро болон микро шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчтэй байгаагүй байна. Талийгаач Т.Аийн үхэлд хүргэсэн шалтгаан болох грам сөрөг нянгийн өгсөх замын халдварын улмаас үүссэн умайн идээт үрэвсэл, 2 талын үрийн гуурсан хоолой, өндгөвчний үрэвсэл нь төрсний дараа үүссэн байна. Талийгаач Т.Аийн төрсний дараах, 1-р шатлалын эмнэлгийн эмч нар буюу Архангай аймгийн Цэцэрлэг сумын ЭМТ-ийн эмч, эмнэлгийн байгууллагын ажилтан нарын эргэлт, хяналт муу, өвчилсөн үед нь зохих стандартын дагуу оношлоогүй, эмнэлгийн яаралтай болон анхны шатны тусламжийг зохих журмын дагуу үзүүлээгүй, хүндрүүлсэн байна. Өвчин хүндэрсэн дээрх тохиолдолд 1-р шатлалын эмнэлэгт эмнэлгийн анхан шатны болон яаралтай тусламжийг зохих журмын дагуу үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй. Т.А нь 2018.01.10-ны 00 цаг 05 минутад нас барсан байна...” гэх дүгнэлт/хх-ийн 187-191 дүгээр тал/

 

*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 280 дугаартай:

“...Урьд гаргасан 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 61 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаач Т.Аийн биед гэмтэл учраагүй байна. Талийгаач Т.А нь нянгийн өгсөх замын халдварын улмаас умайн идээт үрэвсэл үүсч, улмаар үжлээр хүндэрч халдвар хордлогын шок, олон эрхтний дутагдлаар нас баржээ. Талийгаач Т.А нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна. Талийгаач      Т.Ат Архангай аймгийн Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвийн (1 дүгээр шатлалын) эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд нь ЭМС-н 338-р тушаалтын дагуу тусламж үйлчилгээг хийгээгүй байна. Цаг алдалгүй оношийг зөв тогтоох болон онош тодруулахаар дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой байжээ. Талийгаач          Т.А нь 2018.01.10-ны өдрийн 00:05 цагт нас баржээ. Талийгаач Т.Ат Архангай аймгийн эрүүл мэндийн төвийн эмч нар нь үгдэрсэн үжил, үжлийн шокийг оношлох, эмчлэх МЫ36210:2010 стандартын дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлээгүй байна...” гэх дүгнэлт/хх-ийн 198-203 дугаар тал/

 

*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 609 дугаартай:

“...Шинжээч    эмч С.Хишигмаагийн гаргасан 2018.02.01-ний өдрийн 61 дугаартай дүгнэлтийн 7-р заалт үндэслэл муутай, бусад заалтууд үндэслэлтэй байна. Талийгаач Т.А нь умай, түүний дайврын идээт үрэвсэл үжлээр хүндэрснээс халдвар хордлогын шок, олон эрхтний дутагдалд орж нас баржээ. Талийгаачийн            биед гэмтэл тогтоогдсонгүй. ШШҮХ-ийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2018.3.15-ны өдрийн 280 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Цэцэрлэг сумын их эмч О.Т нь Т.Ат 2018.01.05-ны өдөр DS: уушгины хатгалгаа, үений өвдөлт, 2018.01.06-ны өдөр DS: хэвлийн хурц өвдөлт гэсэн онош тус тус тавьжээ. Эмч талийгаачийн өвчнийг оношлоогүй байна. Сумын            эмнэлэгт талийгаачийн өвчнийг оношлох боломжтой. Хавтаст хэргийн материалд талийгаачийг А.А эмч үзсэн, онош тавьсан гэх тэмдэглэл үгүй байна. Цэцэрлэг сумын эрхлэгч эмч Л.О, эх баригч эмч Д.Э нар нь төрсөн эх Т.Ат төрөхийн өмнөх ба төрсний дараах хяналтыг журмын дагуу явуулаагүй байна, тухайлбал жирэмсний хяналтын явцад хийгдвэл зохих шинжилгээнүүд бүрэн хийгдээгүй /эсвэл шинжилгээний хариунуудыг хяналтын картад хавсаргаагүй/, төрсний дараа ЭМС-ын 38-р тушаалын дагуух төрсний дараах идэвхтэй хяналт эхэд огт хийгдээгүй байна. Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн их эмч Ц.Э нь өвчтөн Т.Аийг 2018.01.07-ны өглөө хүлээн авч үзээд DS: умайн үрэвсэл, 2 талын үрийн хоолойн идээт үрэвсэл, үжил, үжлийн оврого, олон эрхтний дутагдал онош тавьж, үрэвсэл, үжлийн эсрэг эмийн эмчилгээ хийжээ. Талийгаачид цаг алдалгүй оношийг зөв тавьж, зохих эмчилгээ хийсэн бол амь нас аврагдах боломж байсныг үгүйсгэхгүй. Цэцэрлэг сумын эмнэлгийн эх баригч төрөхийн өмнөх ба төрсний дараах хяналтыг хангалтгүй хийжээ. 2018.01.05 ба 06-ны өдөр дуудлагаар очсон эмч өвчтөний биеийн байдлыг үнэлж чадаагүй, зөв оношлоогүй ба цаг алдалгүй дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх нь зүйтэй байжээ. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар оношийг зөв тавьсан, өвчтөн хүндэрсэн байсан байх ба үрэвсэл, үжлийн эсрэг антибиотек эмчилгээг журмын дагуу хийгээгүй, 2018.01.09-нд мэс засал хийсэн нь үжлийн голомтыг 2 хоногийн дараа авсан байна. Эмч нарын буруутай үйлдлийг шинжээч эмч нар тогтоохгүй болно...” гэх дүгнэлт/хх-ийн 205-211 дүгээр тал/

 

*Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн:

“...Цэцэрлэг сумын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 2018 оны 01 сарын 05-ны өдрөөс хойш 2018 оны 01 сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Т.Аийн биед үзлэг оношилгоо хийх явцдаа эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь “Эрүүл мэндийн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-д заасан “Үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллана” заалтыг зөрчсөн байна. Их эмч А.А 1 дүгээр сарын 05-ны өдрийн “Төрсөн эх халуураад байна” гэсэн яаралтай тусламжийн дуудлагад жолоочийн үүргийг гүйцэтгэж очсон байх бөгөөд тухайн хугацаанд эхэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар байдалд үнэлгээ, дүгнэлт хийж ажиллаагүй, эмнэлэгт хэвтүүлж эмчлэх талаарх шийдвэрийг олон жил ажилласан туршлагатай эмчийн хувиар гаргаагүй, гэрт нь үлдээсэн. Их эмч О.Т 1 дүгээр сарын 05-ны өдрийн “Төрсөн эх халуураад байна” гэсэн яаралтай тусламжийн дуудлагаар очиж Т.Аийн биед үзлэгийг бүрэн гүйцэд хийгээгүй, биеийн байдлыг дутуу үнэлсэн, зөв оношлоогүй, эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шийдвэрийг гаргаагүй байна. Цэцэрлэг сумын эмнэлгийн мэргэжилтнүүд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь Т.Аийн нас барсан үйлдэлтэй шалтгаант холбоо хамааралтай байна. Үүнд: төрсөн эх Т.А нь биед үүссэн зовуурь шаналгааны улмаас эмнэлгийн тусламж авахаар дуудлага өгсөн ба тухайн үед анхан шатны эмнэлгийн тусламжийг чанартай үзүүлээгүйгээс /үзлэг дутуу хийгдсэн, зөв оношлоогүй, эмнэлэгт хэвтүүлээгүй, гэрт нь үлдээсэн/ эхийн биеийн байдал хүндрэх нөхцөлийг бүрдүүлсэн. Цэцэрлэг сумын эх баригч Д.Э, мөн эрхлэгч эмч Л.О нар нь талийгаач Т.Ат төрөхийн өмнөх хяналтыг журмын дагуу хийгээгүй /хяналтын хугацааны шинжилгээнүүд болон нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийгдээгүй/, төрсний дараах жирэмсэн эхэд тавих хяналтыг хийж гүйцэтгээгүй зэрэг үйлдлүүд нь “Жирэмсэн болон төрсний дараах үед үзүүлэх тусламж үйлчилгээний журам” Эрүүл мэндийн сайдын 338 дугаар тушаалын 3.5.5- д заасан “Хэвийн явцтай жирэмсэн эмэгтэйг хянах, боломжтой бол 20, 32 долоо хоногтойд эх барихын нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах”, 3.5.8-д заасан “Эх нярайг товлолын дагуу гэрээр эргэж зөвлөгөө өгч, үзлэг хийнэ” гэсэн заалтуудыг, “Сум тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа МNS 5081:2013 стандартын 8.8.7-д заасан “Жирэмсэн эмэгтэйн цусны бүлгийг тодорхойлох, төрөлтөнд бэлтгэх, төрсөн эх нярайг гэрийн эргэлтээр хянах, зөвлөгөө өгөх, эхийн амрах байранд амруулах үйлчилгээг эмч, эх баригч нар гүйцэтгэнэ” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Энэ үйлдэл нь талийгаач Т.Аийн нас барсантай шууд бус шалтгаант холбоотой. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлж ажилласан боловч эхийг хэвтэх тухайн хугацаанд эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлээгүй, эмч нарын хамтарсан үзлэгийг зохион байгуулаагүй/хүнд өвчтөн байсан/, эмчилгээ оншилогооны стандартыг мөрдөж ажиллаагүй, үжлийн голомт авах мэс заслыг хугацаа хожимдуулж хийсэн зэрэг эмчилгээ, үйлчилгээний тактик, технологийн алдаа байгаа нь “Эрүүл мэндийн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-д заасан Үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллана” гэсэн заалтыг зөрчсөн байна...” гэх дүгнэлт/хх-ийн 219-220 дугаар тал/

 

*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 218 дугаартай:

“...Т.Ат яаралтай хагалгааг эмчлэгч эмч болон эмч нарын хамтарсан үзлэг хийж 2018.01.08-нд амь насны заалтаар хэвлийн хөндийг нээж шалгах мэс засал хийх шийдвэрийг гаргасан байна. Мэс ажилбар хийх тохиолдол бүрт 3-р шатлалын эмнэлгээс зөвлөгөө авах ёстой гэх журам стандарт байхгүй. Т.Ат 2018.01.08-нд хэвлийн хөндийг нээж, умайг дайврын хамт тайрч авах, хэвлийн хөндийг угааж цэвэрлэн гуурс тавих мэс засал хийгдсэн байна. Эрт цаг хугацаа алдалгүй халдварын голомтыг авах мэс засал хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой байхыг үгүйсгэхгүй...” гэх дүгнэлт/2-р хх-ийн 125-130 дугаар тал/

 

*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 76 дугаартай:

“...Архангай аймгийн ШША-ны шинжээч эмч С.Хишигмаагийн 2018.02.01-ний өдрийн 61 дугаартай дүгнэлтийн 7-р хариултаас бусад нь, ШШҮХ-ийн шинжээч эмч Т.Амартүвшин, Т.Чимэд-Очир, М.Аригуунтөгс нарын 2018.03.15-ны өдрийн 280 дугаартай дүгнэлт, ШШҮХ-ийн шинжээч эмч Т.Амартүвшин, Т.Чимэд-Очир, М.Аригуунтөгс нарын 2019.02.13-ны өдрийн 218 дугаартай дүгнэлт, ШШҮХ-ийн шинжээч эмч Б.У, Ө.Сарангэрэл, Н.Туяа, М.Золжаргал, Ц.Оюун-Эрдэнэ нарын 2018.05.25-ны өдрийн 609 дугаартай дүгнэлт, 2018.10.04-ний өдрийн Архангай аймгийн мэргэжилийн хяналтын газрын ажилтан М.Цгийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2020.01.16-ны өдрийн 20/03 дугаартай ЭМЯ-ны Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт, 2020.05.13-ны өдрийн ЭМЯ-ны Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд Т.Аийн биед үзлэг, оношилгоо, эмчилгээ хийсэн, эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн, халдвар үүсгэгч маш хоруу чанартай байснаас Т.А нас барсан байна гэсэнтэй санал нийлэхгүй байна. 2018.01.05-ны өдрөөс 2018.01,07-ны өдөр хүртэл хугацаанд Т.Аийн биед үзлэг, оношилгоо, эмчилгээ хийсэн тус аймгийн Цэцэрлэг сумын эмнэлгийн эмч, мэргэжилтэн нар өвчтөнд үзлэг хийж оношийг тогтоож чадаагүй, өвчтөний биеийн байдлыг үнэлж чадаагүй байна. Энэ нь “Эрүүл мэндийн тухай” хуулийн 28-р зүйлийн 28.4.3-д заасан”Үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль, тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллана” заалтыг зөрчсөн байна. Шинжээч эмч нар нь хэн, ямар албан тушаалтан эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэдэгт үнэлэлт өгөхгүй. Архангай аймгийн Цэцэрлэг сумын эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид нь Т.Аийн биеийн байдлыг зөв үнэлж, оношийг цаг алдалгүй тогтоож, цаг алдалгүй зохих эмчилгээг хийсэн бол амь насыг аврах боломжтой. Талийгаач Т.Ат жирэмсэн, төрөх үеийн болон төрсний дараах үед тавих хяналтыг Архангай аймгийн Цэцэрлэг сумын эмч, эмнэлгийн ажилтнууд стандартын дагуу үзүүлж чадсан эсэх талаар Архангай аймгийн Мэргэжилийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч дүгнэлт гаргасан байх ба энэ дүгнэлттэй санал нэг байна. Т.Аийг нас барахад хүргэсэн халдвар нь өгсөх замын халдвар тул төрөлттэй шууд шалтгаант холбоогүй байна. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд 2018.01.07-ны өдрөөс хойш 2018.01,10-ны өдөр хүртэл хугацаанд талийгаач Т.Аийн биед үзлэг, оношилгоо, эмчилгээ хийхдээ эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой ямар нэг стандарт, дүрэм, журмыг зөрчөөгүй байна. Төрсний дараа эхэд хяналт тавихад ЭМ-ийн сайдын 2014 оны А/338 тоот тушаалыг мөрдлөг болгоно. ЭМ-ийн сайдын 2014 оны А/338 тоот тушаалын 3.4.9-т эхийн ноцтой хүндэрсэн тухай болон төрөлтийн талаарх мэдээллийг харьяаллын дүүрэг, өрх, сумын эрүүл мэндийн төвд өгнө гэж заасан байдаг бөгөөд мэдээлсэн эсэхтэй хамааралгүйгээр орон нутагт төрсөн эхийг төрсний дараах хяналтад оруулах бүрэн боломжтой. Талийгаач Т.Аийн үхлийн шалтгаан болсон өвчин хэзээ эхэлснийг тогтоох боломжгүй ба харин өвчний шинж тэмдэг 2018.01.05-ны өдрөөс мэдэгдсэн байх боломжтой байна. Халдварын хоруу чанар ямар байсныг хэргийн материалаар тогтоох боломжгүй. Өвчнийг эрт оношилж тохирсон эмчилгээг хугацаа алдалгүй хийсэн бол амь насыг аврах боломжтой байхыг үгүйсгэхгүй...” гэх дүгнэлт/4-р хх-ийн 133-156 дугаар тал/

 

*Эх барих эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20/03 дугаартай:

“...Архангай аймгийн Цэцэрлэг сумын эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд 2018 оны 1-р сарын 5-ны өдрөөс хойш 2018 оны 1-р сарын 7 өдөр хүртэл хугацаанд Т.Аийн дуудахад очиж, биед нь үзлэг хийж, өвчтөний биеийн байдлыг үнэлж, халдвар хордлогын эсрэг эмчилгээг шууд эхлүүлсэн нь сумын эмч мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлж, одоо мөрдөж буй дүрэм журмыг зөрчөөгүй байна. Архангай аймгийн Цэцэрлэг сумын эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн, эмч дуудлагаар очоод л халдвар гэсэн онош тавьж, халдвар хордлогын эсрэг эмчилгээг эхлүүлсэн, аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт 2 хоног мөн л дээрх оношоор эрчимтэй эмчилгээ хийсэн боловч, үр дүнгүй байсан тул мэс заслаар халдварын голомтыг авахад хэвлийн хөндийд 60 мл үрэвслийн шингэнтэй, дотор бэлэг эрхтнүүд үрэвссэн, эмгэг судлалын шинжилгээгээр бүх биед халдвар тархсан байсан зэрэг нь Т.Аийн нас барсан шалтгаан нь халдвар үүсгэгч маш хоруу явцтай байсантай холбоотой. Энэхүү халдвар нь төрөлттэй шууд холбоогүй. Төрөх үеийн халдвар нь төрсний дараа 3-5 хоногт илэрдэг. Талийгаачийн нас барсан шалтгаан нь өгсөх замын халдвартай холбоотой. Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд 2018 оны 1-р сарын 7-ны өдрөөс хойш 2018 оны 1-р сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд талийгаач Т.Аийн биед үзлэг, оношилгоо, эмчилгээ хийсэн нь эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна. Онош нь эд, эсийн шинжилгээгээр батлагдаж байна. Төрсний дараа эхэд хяналт тавих журам ЭМЯ-ны сайдын 338-р тушаалаар батлагдсан байдаг. Талийгаач Т.Аийн нас барсан шалтгаан төрөлттэй холбоогүй. Талийгаач Т.Аийн үхлийн шалтгаан болсон халдварын эмнэл зүйн шинж 2018 оны 1-р сарын 5-нд эхэлсэн. Эмч дуудлага дуудсан өдөр нь очоод халдварын эмчилгээг эхэлсэн, түүгээр ч барахгүй хордлогын эсрэг шингэн хийсэн боловч, эмчилгээ үр дүнгүй байсан нь халдвар үүсгэгч маш хоруу чанартай болохыг харуулж байна. Халдвар үүсгэгчийн хоруу чанар өндөр байхад өвчний тавилан муу байдаг. Эмч дуудлагаар очиж эхний үзлэг хийгээд л халдвар, хордлогын эсрэг эмчилгээ эхлүүлсэн боловч, эмчилгээ үр дүнгүй байсан, Аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт 2 хоног эмчилсэн боловч, эмчилгээ үр дүнгүй байсан зэргээс үзэхэд 2018 оны 1-р сарын 5-ны орой түргэн тусламжийн эмчээр очсон эмч Т нь өвчтөнийг сумын хүн эмнэлэг рүү авч явах гэхэд өвчтөн болон ар гэрийнхэн явахаас татгалзсан нь үхлийн шалтгаантай холбоотой болохыг нотлох боломжгүй...” гэх дүгнэлт/3-р хх-ийн 182-184 дүгээр тал/

 

*Эрүүл мэндийн яамны Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн:

“...Эрүүл мэндийн яамны эх барих эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20/03 тоот дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвийн эмч О.Т, Л.О, Д.Э нар нь 2017 оны 11 дүгээр сарын 23-аас 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Т Аийн биед үзлэг, оношилгоо, эмчилгээ хийсэн байна. Талийгаач 2017 оны 11 сарын 23-нд хэвийн төрөлтөөр төрсөн ба төрсний дараах хяналтыг хийж картанд тэмдэглээгүй боловч төрсөн эхтэй ЭМТ дээр биечлэн уулзах үедээ эх баригч үзүүлж тэмдэглүүлэхийг хүссэн боловч талийгаач өөрөө цааргалан “би зүгээрээ" гээд үзүүлээгүй явсан нь гэрч болон хохирогчийн мэдүүлгүүдээр батлагдсан байна. Нэр бүхий эмч нар нь эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн, дүрэм журам зөрчсөн гэж үндэслэл үгүй байна. Нэр бүхий эмч нар нь эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна. Цэцэрлэг сумын эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд нь эмнэлгийн тусламж үйлчилгээгээ зохих ёсоор үзүүлсэн байх бөгөөд, энэ нь Т.Аийн нас барсантай шалтгаант холбоогүй юм. Эмч О.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дуудлагаар очиж Т.Ат эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд эрүүл мэндийн байдлыг үнэлсэн байна. Ямар онош тогтоосонг хэргийн материалаас харах боломжгүй юм. О.Т нь уламжлалт анагаах ухааны эмч бөгөөд өөрийн мэдлэгийн хүрээнд эмнэлгийн тусламж үзүүлжээ. Хэргийн материалаас харахад их эмч Л.О, эх баригч Д Э нар нь Т.Аийг төрөхийн өмнө жирэмсэн үед 6 удаа үзэж зохих шаардлагатай шинжилгээнүүдийг хийн аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөхийг зөвлөн төрүүлсэн байна. Төрсний дараах үедээ ажил дээрээ 2-3 удаа ирж ямар нэгэн зовиургүй байгаагаа хэлж мэдэгдэж байсан, ялангуяа 2018 оны 01 сарын 04-ны өдөр эмнэлэг дээрээ ирж эх баригчтайгаа уулзаж байсан нь гэрч хохирогч нарын мэдүүлэгт тодорхой байна. Энэ бүгдээс үзэхэд талийгаач Т.А нь эрүүл байсан байна. Дээрх байдлаас дүгнэхэд жирэмсний хөтөч картанд төрсний дараах хяналтыг тэмдэглэн бичээгүй боловч Т.А нь эмнэлгийн хяналтад зохих ёсоор байсан байна. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд нь 2018 оны 01 дүгээр сарын 07-оос 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Т.Ат үзүүлсэн тусламж үйлчилгээ нь биеийн байдал маш хүнд, үжлийн дайрлагатай өвчтөнд үзүүлэх оношилгоо, эмчилгээг зохих журмын дагуу хийсэн ч үжил хүндэрч олон эрхтний дутагдалд орж эмчилгээнд үр дүнгүй, нас барсан байна. Ямар нэгэн дүрэм журам зөрчсөн үйлдэл байхгүй байна. Төрсний дараа эхэд хяналт тавихад Эрүүл Мэндийн Сайдын 2014 оны А/338 тоот тушаалыг мөрдлөг болгон ажиллаж байгаа. Эрүүл Мэндийн Сайдын 2014 оны А/338 тоот тушаалын 3.4.9-т эхийн ноцтой хүндэрсэн тухай болон төрөлтийн талаарх мэдээллийг харьяаллын дүүрэг, өрх, сумын эрүүл мэндийн төвд өгнө гэж заажээ. Хэргийн материалаас үзэхэд аймгийн нэгдсэн эмнэлэг нь сумын ЭМТ-д мэдэгдсэн эсэхийг тодорхойлох боломжгүй байна...” гэх дүгнэлт/3-р хх-ийн 226-229 дүгээр тал/

 

*Шинжээч Т.Чимэд-Очирын өгсөн:

“...Цаг хугацаа алдаж оношилсон учраас өвчтөний биеийн байдал хүндэрсэн байна. Ийм учраас хагалгаа хийх зайлшгүй шаардлагатай болсон. Тухайн хүний биеийг үнэлж хэдийд мэс засал хагалгаа хийхийг эмчлэгч эмч болон эмч нарын зөвлөлийн шийдвэрээр гаргадаг. Иймээс уг хагалгааг цаг хугацаа алдсан гэж үзэх боломжгүй. Тухайн өвчтөнийг оношлохдоо хугацаа алдсан байна. Нэгдсэн эмнэлэгт ирсэн өдөр хагалгааг хийсэн бол амь нас үрэгдэх эсэхийг тогтоох боломжгүй. Тухайн эмнэлгийн эмчилгээний арга барилаас хамаарч тухайн хүний биеийн байдлыг үнэлж дүгнэсний дараа хагалгаа хийх асуудлыг шийднэ. Үнэхээр биеийн байдал хүндэрсэн байсан бол эмчилгээ хийж байгаад хагалгаанд орох асуудлыг шийднэ...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 131-132 дугаар тал/

 

*Шинжээч Б.Угийн өгсөн:

“...Амь хохирогч нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, төрсний дараах шовхрог 40 орчим хоног үргэлжилсэн гарсан 2018.01.03-ны өдрөөс халуурч, хэвлийгээр өвдөж эхэлсэн байна. Талийгаач нь төрсний дараа умайн түүний дайврын үрэвсэл гром сөрөг нянгийн өгсөх замын халдвараас үүсч энэ нь аажимдаа хүндэрч үхэлд хүргэсэн. Үрэвсэл болон үүний үүсэх хугацааг нарийн хэлэх боломжгүй. Төрсний дараа өгсөх замын халдварт авч улмаар нас барсан. Төрсний дараа эх болон нярайг тодорхой хугацаанд эмч байнга хянах ёстой байдаг ба тухайн тохиолдолд төрсний дараах хяналт эхэд хийгдээгүй байна. 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр эмнэлэгт хэвтсэн ба тухайн үед биеийн байдал маш хүнд ухаан санаа бүдгэрсэн шокийн байдалтай байсан. Умайн авах хагалгааг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хийсэн байна. 2 хоногийн дараа хагалгаа хийсэн нь эмчилгээний тактик байх боломжтой бөгөөд хагалгааг эрт хийснээр амь насыг аврах боломжтой гэж үзэхгүй байна. Учир нь өвчтөний биеийн байдал хүндэрсэн үед эмнэлэгт ирж хэвтсэн байна...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 133-135 дугаар тал/

 

*Шинжээч Г.Ан өгсөн:

“...Архангай аймгийн Цэцэрлэг сумын эмч О.Т, А.А, эрхлэгч эмч Л.О, эх баригч Д.Э нар нь Эрүүл мэндийн сайдын 338 дугаар тушаалын дагуу тусламж үйлчилгээг хийгээгүй байна. Би дээрх эмч нарын ажлын байрны тодорхойлолтыг мэдэхгүй байна. Эмч тус бүрээр нь алдаа дутагдлыг нь нарийвчлан тогтоох боломжгүй байна. Ямарч байсан тухайн эхийг жирэмсний дараагийн хяналтад аваагүй байна. Уг нь хяналтад авч үзлэгийг журамд заасны дагуу хийх байсан. Сумын дээрх эмч, эмнэлгийн ажилтнууд журамд заасан үзлэгээ хийж байсан бол талийгаач Т.Аийн өвчнийг эрт илрүүлж дараагийн шатлалын эмнэлэгт яаралтай шилжүүлсэн бол амь нас нь аврагдах боломжтой байсан гэж үзэж байна. Дараагийн шатны эмнэлэгт шилжүүлсэн боловч хугацаа алдсан байсан. Өвчтөн Т.Аийн өвчний оношийг зөв тавьсан байсан боловч оношинд тохирсон эмчилгээг хийж халдварын голомтыг дариу авах шаардлагатай байсан боловч хугацаа алдаж хагалгаа хийсэн байна. 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө 09 цаг 20 минутад Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлсэн байсан. Яаралтай тусламжийн хуудсанд эмч Ц.Э нь үжил, үжлийн шок, бөөрний дутагдал гэсэн онош тавьсан байсан. Ингээд 10 цаг 20 минутад Нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэх эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан. Үүний дараа өдөр нь 2018 оны 01 сарын 08-нд хагалгаа хийсэн нь хугацаа алдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Төрөлт хэвийн явагдсан байсан. Тиймээс төрөх тасагт ямар нэгэн алдаа дутагдал гараагүй байсан. Төрөлтийн түүх нярайн түүх дээр тусгагдсан байх...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 225-227  дугаар тал/

 

*Шинжээч Д.Ягийн өгсөн:

“...Эх барих эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн 20/03 тоот дүгнэлтийг миний бие ахалж 2 хүний хамтаар гаргасан. Тухайн дүгнэлт үндэслэлтэй дүгнэлт мөн. Би эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр 37 дахь жилдээ, мэргэжлийн салбар зөвлөлд ороод 20 гаруй жил ажиллаж байна. Шинжээчийн дүгнэлт гаргах үед хэргийн материалтай танилцахад 2018 оны 01 сарын 05-наас хойш халуурч эхэлсэн байсан. Уг өдрийн маргааш эмч дуудаж үзүүлсэн байсан. Үзсэн эмч халдвар гэж оношлоод антибиотик эмчилгээ цагаар, хордлогын эсрэг шингэн судсаар хийсэн нь оновчтой эмчилгээ болсон байсан. Уг халдвар нь хурц, хоруу чанар өндөртэй үүсгэгчээр үүссэн байна. Халдварын үүсгэгч нь нян юм уу вирус гэдэг нь тодорхойгүй, шинжилгээ 100 хувь тогтоох боломжгүй. Эмэгтэй хүн төрөх үеийн халдвар төрсний дараа 5-с 7 хоногийн дотор илэрдэг. Уг халдвар нь 40 гаруй хоногийн дараа илэрч байгаа учраас төрөлттэй холбоогүй гэж үзсэн. Мөн Т.А нь төрөх явцад хүндрэлгүй төрсөн байгаа нь төрсний дараах халдвар үүсэх эрсдэл багатай байна. Ямар нэгэн хагалгаа, гэмтэл, мэс засал, төрөлт удаан үргэлжлэх гэх мэт хүндрэлгүй явагдсан байсан. Талийгаачийн биед үүссэн халдвар нь бэлгийн замын өгсөх замын халдвар байхыг үгүйсгэх боломжгүй. Т.А төрсний дараа ямар нэгэн хүндрэл байгаагүй. Тухайн үед уг хүн эрүүл байсан болохоор үзлэг ач холбогдолгүй...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 185-186 дугаар тал/  

*Шинжээч О.Бн өгсөн:

“...Шинжээчийн дүгнэлт гаргасан 5 эмч бүгд хавтаст хэргийн материалтай танилцаад дүгнэлтээ гаргасан. Хавтаст хэрэгтэй танилцах үед эмч О.Т, Д.Э, Л.О нарын буруутай, дүрэм журам зөрчсөн, эмчилгээ үйлчилгээ үзүүлээгүй, буруу эмчилсэн гэх зүйл илрээгүй. Жирэмсний хяналтад 6 удаа орж, зохих шинжилгээнүүдийг бүрдүүлж аймгийн төв рүү явж, зөвлөгөө өгсөн, төрсний дараа эмнэлэг дээрээ ирсэн, эх баригчтай уулзаж зовиурь, эмгэгүй хэвийн явж байсан нь хавтаст хэрэгт байх гэрчийн мэдүүлгээр нотлогдож байсан. Үүнээс үзэхэд эмч Л.О эх баригч Д.Э нар үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Дүгнэлтэд энэ талаар тусгасан байгаа. Эмч О.Т нь дуудлага мэдээллээр очиж өвчтөний биеийн байдлыг үзэж өөрийн мэргэжил, мэдлэгийн хүрээнд тусламж үйлчилгээг үзүүлсэн байсан. Ямар эмчилгээ хийсэн нь хавтаст хэрэгт байсан. О.Т эмч уламжлалтын эмч мэргэжилтэй учир өөрийн мэдэх хэмжээндээ эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна гэж үзсэн. Талийгаачийн нас барсан үйлдэлд дээрх эмч нарын буруутай зүйл байхгүй гэж дүгнэлт гаргасан эмч нар зөвшилцөөд дүгнэлтийг гаргасан. Дүгнэлт гаргаад хэсэг хугацаа өнгөрсөн учир дүгнэлт дээр бичигдсэн зүйлийг одоо сайн санахгүй байна. Төрсөн эхэд Эрүүл мэндийн сайдын 2014 оны А/338 тоот тушаалд заасны дагуу үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ уг журам одоог хүртэл албан ёсны хүчинтэй үйлчилдэггүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан байсан. Талийгаач Архангай аймгийн эмнэлэгт төрчихөөд өөрөө сумын төвдөө очоод эх баригчтайгаа уулзаад бие сайн байгаа талаар хэлсэн. Мөн сумын төвд нөхрийн хамт орж ирсэн, ажлынхаа хүмүүст шинэ жилийн тоорт өгсөн, биеийн жингээ үзсэн зэрэг мэдүүлгээр талийгаач төрсний дараа эрүүл, өвчин зовуурьгүй байсан нь тогтоогдож байна. Эх баригч эмч Т.Атэй уулзсан талаараа хяналтын дэвтэр дээр нь тэмдэглэл бичиж, хэвийн байсан талаар нь бичээгүй байсанд ар гэрийн хүмүүсээс эмч нар хяналт тавиагүй гэж гомдол гарахад хүргэсэн байх. Эх баригч эмч болон бусад эмнэлгийн ажилчид Т.Аийн биеийн байдлын талаар хяналтын картад тэмдэглэл бичээгүй байгаа нь эмч эмнэлгийн ажилтны хийх ёстой зүйлээ хийгээгүй гэж үзэх үндэслэл болохгүй. Талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт дээр бичигдсэн амь хохирогч Т.Аийн үхлийн шалтгаан болох хоруу чанар ихтэй грамм сөрөг бактериар үүссэн, умай дайварын өгсөх замын халдвараас үүссэн үжил, үжлийн шок гэж үзсэн байсан. Талийгаачийн биед зовуурь илрэх өдөр буюу эмнэлэгт дуудлага өгсөн өдрөөс анх илэрсэн хугацааг тоолоход төрсний дараах эмчийн хяналтын 42 хоног дууссан байсан нь хавтаст хэрэгт байх баримтаар тогтоогдож байна. Шинжээчийн дүгнэлтүүд болон төрсний дараах хяналтын хугацаа дууссан байсан зэрэг болон бусад гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэж талийгаачийн нас барсан шалтгааныг төрөлттэй холбоогүй, төрснийдараах хүндрэл биш гэж үзэж эмч нарын буруутай зүйл байхгүй гэж дүгнэсэн...” гэх мэдүүлэг/4-р хх-ийн 2-4 дүгээр тал/

 

*А.Аийн яллагдагчаар өгсөн:

“...2018 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр 13 цаг 10 орчим минутын үед 98304114 дугаарын утсаар Т.А нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт баг Хөшөөт гэх газарт өндөр халуурна, гар нь татна гэх дуудлага ирсэн. Т.А нь манай эмнэлгийн ажилтан бөгөөд төрөөд удаагүй байсан юм. Уг дуудлага шууд миний өөрийн гар утсанд ирсэн юм. Би уг дуудлага мэдээллийг өөрийн эхнэр буюу Цэцэрлэг сумын эрүүл мэндийн төвийн дарга От танилцуулсан. Тухайн үед манай сумын эмнэлгийн машин аймгийн төв рүү явсан байсан болохоор намайг хувийн машинаараа эмч О.Тг аваад жолоочийн үүрэг гүйцэтгээд ир гэж хэлсэн. Би бензин тосоо аваад эмч О.Тг аваад удалгүй уг дуудлага явсан бөгөөд 18-аас 20 орчим км газарт цастай замаар өндөр даваа давж цас малтаж байгаад хурдан хугацаанд дуудлагад очсон юм. Т.Аийн гэрт нөхөр Э.Гэ, хадам ээж Ц, хадам эгч Д нар байсан бөгөөд Т.Аийн биед тусламжийг О.Т эмч үзүүлсэн. Би тухайн гэрт байсан хүмүүстэй нутаг орны тухай яриад байж байсан. Тухайн үед Т.Аийн биеийн байдал халуунтай байдалтай харагдаж байсан. О.Т эмч Т.Ат эм, тариа хийгээд биеийн үзээд байх шиг байсан. Би Т.Аийн бие халуунтай харагдаж байсан болохоор Т.Аийг сумын эмнэлэг рүү авч явна шүү гэж санал тавьсан бөгөөд Т.А эмнэлэг явах шинжтэй монгол гутал өмсөөд, дээгүүрээ аль ноосон цамцаа өмсөх вэ гэж ярилцаж байснаа гэнэт явахгүй, үлдэхээр болсон. О.Т эмч Т.Ат одоо явахгүй бол ийм эм тан авна гэдэг байдлаар зөвлөгөө өгөөд байсан. Т.Аийг үлдчихээр дахин дуудлага өгөөд, Т.Аийн хүндэрчих юм биш үү гэдэг утгаар та нар одоо явахгүй бол будилчих юм биш үү гэж хэлэхэд Э.Гэ нь хэлэхдээ цас зудтай байгаа учир болохгүй бол араас чинь орос машин аваад очино гэж хэлсэн учир О.Т эмч бид 2 буцахаар болсон. Би О.Т эмчтэй хамт явах гээд машинд суучхаад явах гэж байхдаа Т.Ат натри хийчихвэл зүгээр юм биш үү гэж хэлэхэд О.Т эмч Дтэй уулзаж зөвлөгөө өгөөд натри хийчхээрэй гээд өгч байх шиг байсан. Т.Аийн гэрт байхад би ар гэрийнхэн хүмүүстэй хууч хөөрөөд байж байсан. О.Т эмч өөрөө үзлэгээ хийгээд байсан, намайг хамтарч үзээч гэж хэлээгүй, надаас зөвлөгөө аваагүй. Би тухайн дуудлагад жолоочийн үүрэг гүйцэтгээд ирсэн. Маргааш өдөр нь буюу 2018 оны 01 сарын 06-ниы24 цагийн үед О.Т эмч намайг дуудаад Т.Аийг аваад ирлээ та унтаж байна уу, ирж үзэх боломж байна уу гэхээр нь би шууд эмнэлэг дээр ирээд Т.Аийг эход хартал хэвлий хэсэг буюу морисийн өнцөг ба дуглааст бага зэрэг шингэнтэй умай нь позитив талдаа харагдсан тул оношийг ерөнхийд нь /острыживот/ гэж тавиад яаралтай мэс заслын эмч шаардлагатай учир Архангай аймгийн эмнэлэгт хүргэх хэрэгтэй гэдгийг хэлсэн. Тэгээд тогтворжуулах эмчилгээ хийгээд шууд аймгийн төв рүү явуулсан. Би Цэцэрлэг сумын эрүүл мэндийн байгууллагад 27 жил эмчээр ажиллаж байна. Тухайн дуудлага 13 цаг 10 орчим минутын үед ирсэн дуудлагыг хүлээж аваад 5-аас 10 орчим минутын дараа дуудлагад гарсан. Замдаа цас ухсан гэхдээ 40 орчим минут л явсан байх гэж бодож байна. Би Т.Аийн гэрт нь очоод хадам ээжтэй нь хууч хөөрч байгаад минутгүй гарсан байгаа биз гэж ярьж байсан. Би өөрийнхөө эзэмшлийн Клугер маркийн 8851 ара улсын дугаартай, бор шаргал өнгийн авто машинаар явсан. Тухайн үед эмнэлгийн машин байхгүй байсан болохоор би жолоочийн үүрэг гүйцэтгэж өөрийнхөө хувийн машинаар явах үүргийг эрхлэгч эмч өгсөн болохоор явсан. Уг дуудлага ирэхээс нэг өдрийн өмнө буюу 2018 оны 01 сарын 04-ний өдөр 13 цагийн үед сумын эмнэлэгт Т.Атэй тааралдсан. Би Т.Атэй мэнд усаа мэдээд бие чинь сайн уу гэж асуухад сайн гэж хэлсэн. Тэр үед Т.А үстэй, гоё малгай өмсчихсөн, зүс царай сайтай зогсож байсан. Тэгээд маргааш өдөр нь гэнэт дуудлага ирэхээр өчигдөр зүгээр байсан хүн юу болов гэж дотроо бодоод их хурдан дуудлагад гарсан. Мөн Т.Аийн дуудлагад эмчээр О.Т эмч явж байгаа болохоор эмчийн урдуур ороод үзэх юм уу, янз бүрийн байдлаар санал хэлээгүй, мөн ар гэрийнхэн хүмүүс намайг үзээд өгөөч гэж хэлээгүй, Ө.Т эмч бас намайг үзээд өгөөч гэж санал тавиагүй учраас би Т.Ат үзлэг хийгээгүй, хийх ч ёс зүй байх ёсгүй юм...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 40-41 дүгээр тал/

 

 

*Яллагдагч О.Тгийн өгсөн:

“...2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өдөр 13:00 цагийн үед өдрийн цайндаа ороод байж байсан чинь А эмч утсаар над руу залгаад Цэцэрлэг сумын Их булаг баг, Асгат гэх газраас дуудлага ирж байна эмнэлгийн машин жолооч аймаг руу ажилтай явсан тул А эмч өөрийн машинаар хоёулаа хамт явчихаад ирье гэж надад хэлсэн. Тэгээд намайг гэрээс ирж аваад бид хоёр замдаа цасанд суугаад цас малтаж явсаар байгаад дуудлагад 15.00 цагийн үед очсон санагдаж байна. Тухайн дуудлагад очоод би өвчтөнд үзлэг хийсэн. Үзлэг хийх явцад ерөнхий биеийн байдал дунд зэрэг өвчтөн халуурсан байдалтай байсан. Тэгээд би өвчин намдаах тариа хийгээд эмнэлэг рүү авч явах хэрэгтэй байна гэж хэлээд авч явах гэж байсан чинь өвчтөн өөрөө хэсэг ажиглаад үзье би явахгүй гэртээ үлдээд дараа нь туулах чадвар сайтай орос машин олоод өөрсдөө аваад явъя гэж байсан. Тухайн үед би өвчтөнтэй хамт түүний эгч болох Цэцэрлэг сумын эрүүл мэндийн төвд эх баригч эмч хийж байгаад тэтгэвэрт гарсан Цэрэндолгор гэх хүн хамт байсан болохоор 500 мг шингэн үлдээгээд эм тариа бичиж өгчихөөд тариаг нь хийчихээд яаралтай аваад сумын төв рүү ороорой гэж хэлсэн. Тэгээд А эмч бид хоёр буцаад явсан. Үүнээс хойш 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 11:00 цагийн үед эмнэлэгт дахин дуудлага ирээд эмнэлгийн машинтай жолоочтойгоо хамт Цэцэрлэг сумын Их булаг багийн Асгат гэх газар очсон.  Т.Аийн хэвлий хэсгээр өвдөөд байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиход өвчтөн Т.Аийн биеийн байдал хүндэрсэн, хэвлийгээр цочмог өвдөлттэй байсан тул өвчин намдаах тариа хийгээд сумын эрүүл мэндийн төвд яаралтай авчирсан. Тэгээд А эмчийг дуудаж өвчтөн Т.Аийг үзүүлсэн. А эмч эход хараад хэвлийд бага зэргийн шингэнтэй байна яаралтай аймгийн нэгдсэн эмнэлэг рүү авч яв гээд тухайн өвчтөнд дексатай 500мг натри, 250 мг ренгер, өвчин намдаах тариа хийгээд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү би эмнэлгийн машинаар авч явсан. Аймгийн нэгдсэн эмнэлэг рүү 2018 оны 01 дүгээр сарын 06-ны орой 00:00 цагийн үед гараад аймгийн төвд 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө 08:00 цагийн үед аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авахад Очхүү эмчид хүлээлгэн өгсөн. Тэгээд би Очхүү эмчтэй хамт өвчтөнг 2 дугаар давхарын сэхээн амьдруулах тасагт өргөж оруулж өгсөн. Тэгээд би хохирогчийн эгч хадам ээж хоёрыг нь аймгийн төвийн гэрт нь эмнэлгийн машинаар хүргэж өгчихөөд сумын төв рүү буцсан.  Би Цэцэрлэг сумын эрүүл мэндийн төвд их эмчээр 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэл 3 жил ажиллаж байна. Би анх дуудлага мэдээлэлд очоод Т.Аээс төрсний дараах үетэй холбоотой үтрээнээс өнгөтэй үнэртэй зүйл гарч байгаа эсэхийг сайн лавлаж 2 удаа асуухад өвчтөн тийм зүйл гараагүй гэж надад хэлсэн. 2 хоногийн өмнөөс ханиалгаж, бие зарайгаад байсан гэж надад хэлсэн. Би тухайн өвчтөнийг үзээд гадна байдлаас нь хараад умайн идээт үрэвсэл үүсч, үжил гэх өвчинтэй байгааг мэдэх боломжгүй юм. Учир нь би эх барих эмэгтэйчүүдийн эмч биш учраас мэдэх боломжгүй. Надтай хамт явсан А эмч намайг үзлэг хийж байхад миний хажууд хамт сууж байсан надад ямар нэгэн заавар зөвлөгөө өгөөгүй. Тухайн өвчтөний ар гэрийн хүмүүст эмнэлэг рүү авч явах хэрэгтэй гэж хэлж байсан.   Манай сумын эх барих эмэгтэйчүүд хариуцсан эмч Л.О, эх баригч Д.Э нар хяналт тавьж үзлэг хийх ёстой байсан. А эмч эмнэлгийн байгууллагад эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байсан, одоо хүүхдийн эмч, эхо хариуцсан эмч зэрэг ажил хийж 20 гаруй жил болж байгаа хүн. Үзлэг хийх үед өвчтөний ар гэрийн хүмүүсээс А эмчээр үзлэг хийлгэхгүй гэсэн асуудал байгаагүй А эмч надтай хамт үзлэгийн явцад хажууд сууж байсан. Тухайн өдөр эмнэлгийн машин Архангай аймгийн төв рүү жилийн эцсийн тайлан тушаахаар дотрын эмч Алтанчимэг, сувилагч Үүрцайх, бага эмч Г, ахлах сувилагч Н нар явсан байсан. Эмнэлгийн машин байхгүй үед дуудлага мэдээлэлд ажилчдын машин болон сумын засаг даргын машинаар явдаг. Тухайн өдөр миний дуудлагад явах ёстой өдөр байгаагүй. А эмч хамт яваад ирье гэхээр нь хамт явсан юм. Манай эмч нарт дуудлагад явах хувиар гэж байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 246-249 дүгээр тал/

 

*Яллагдагч Л.Оийн өгсөн:

“...Талийгаач Т.А нь Архангай аймгийн Цэцэрлэг суманд эрүүл мэндийн төвд лаборант албан тушаалыг 2015 оны 03 сараас 2017 оны 09 сар хүртэл хугацаанд эрхэлж байсан бөгөөд жирэмсэн болоод төрөхийн өмнөх жирэмсний амралтаа авсан. Жирэмсэн байх хугацаандаа Т.А нь Цэцэрлэг сумынхаа эмнэлэгт жирэмсний хяналтад орж Эрүүл мэндийн сайдын 338 дугаар тушаалд заасны дагуу шинжилгээнд хамрагдаж, нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж байсан. Сүүлийн сарын тэмдгээр бол 2017 оны 11 сарын 10-дын үеэр төрөх ёстой байсан. Т.А нь 2 дахь удаагаа төрж байсан бөгөөд эхний төрөлт нь мөн Цэцэрлэг сумын эмнэлэгт төрж байсан бөгөөд би төрүүлж байсан, ямар нэгэн хүндрэлгүй хэвийн төрж байсан. 2 дахь төрөлт нь болоод 2017 оны 11 сарын 17-ны үе болчихсон бөгөөд төрөх хугацаанаасаа 7 хоног илүү тээсэн учраас би Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт төрүүлэхээр шийдвэрлэж 11 сарын 17-ны өдөр шилжүүлэхээр болж сумын эмнэлгийн машинаар хүргэж өгөх гэтэл Т.А нь өөрөө явахгүй, нөхөр явуулахгүй байна хэд хоног сумандаа харъя, төрөхгүй байвал өөрсдийн унаагаар явна гээд байсан. 2017 оны 11 сарын 22-ны өдөр Т.Аийг дахин үзтэл өвдөлт өгөөгүй байхаар нь аймгийн нэгдсэн эмнэлэг рүү хүргэх шаардлагатай нөхөртэй чинь уулзана гэж хэлтэл Т.А гэртээ харьж ирээд би аймгийн төв явахаар боллоо гэсэн. Тэгээд Т.А аймгийн төв рүү явсан бөгөөд би бас албан томилолт аваад Улаанбаатар хот руу явсан. Би Т.Атэй утсаар ярьж мессеж бичиж явсан бөгөөд Т.А нь намайг хот руу орж явахад би аймгийн төвд ирчихсэн өвдөлт өгөөгүй гэж хэлсэн. Би хотод ажил хөөцөлдөж явж байгаад 2017 оны 12 сарын эхээр Цэцэрлэг сумандаа иртэл Т.А нь аймгийн төвд төрөөд сумандаа хүүхдийнхээ хамт ирчихсэн байгаа гэдгийг сумын эх баригч эмчээсээ сонсож мэдсэн Т.Аийн төрсний дараах хяналтыг ажил үүргийн хувиарын дагуу эх баригч эмч Д.Э хийх ёстой байсан бөгөөд үүнийхээ дагуу Т.Ат хяналтаа тавьж байгаа байх гэж би ойлгож байсан. 2017 оны 12 сарын 25-ны үеэр оны эцсийн тайлангаа бичээд өрөөндөө сууж байтал Т.А өөрөө манай өрөөнд орж ирэхээр нь биеийн байдлыг асуухад бие сайн, хүүхэд сайн, удахгүй ажилдаа орно гэж хэлээд хамт олондоо шинэ жилээр өгөөрэй гээд тоорт өгөөд гарсан тухайн үед царай зүс нь хэвийн биеийн байдал хэвийн ямар нэгэн зовиургүй харагдаж байсан. Би 2017 оны 12 сарын 27-ны үеэр сумын эмнэлэгт хэвтэж байсан харвалт өгсөн хүнд өвчтэй хүнийг аймгийн төвөөс эмч нар дуудаж үзүүлээд Улаанбаатар хот руу Хөвсгөл аймгаар дамжуулан хүргэх шаардлагатай болоод Улаанбаатар хот руу 12 сарын 29, 30-ны үеэр хүнд өвчтэй хүнээ аваад явсан бөгөөд 2018 оны 01 сарын 04-ний өдөр Цэцэрлэг сумандаа буцаж ирсэн. 2018 оны 01 сарын 05- ны өдөр 13 цагийн орчимд гэртээ ирээд цайгаа ууж байтал Т.А нь халуураад гар нь татаад байна гэсэн дуудлагыг Д гэдэг хүн өгсөн. Энэ үед манай сумын түргэн тусламжийн машин аймгийн төв рүү өвчтөн хүргэх, тайлан тушаах гээд явчихсан байсан бас сумын Засаг даргын утас холбогдохгүй байсан учир эмч О.Т, жолоочоор нь эмч Аийг хувийн машинтайгаа яваад ир гээд томилон явуулсан. Дуудлагад явсан А эмч хэлэхдээ Т.Аийг авч эмнэлэг рүү ирэх гээд хувцасны өмсүүлээд явах гэтэл хадам ээж, нөхөр нь явуулаагүй, маргааш араас чинь орос машинаар аваад очно гээд А нь үлдсэн гэж хэлсэн. Тийм болохоор би Т.Аийн бие гайгүй юм байна гэж бодсон. Маргааш өдөр нь буюу 2018 оны 01 сарын 06-ны 20 цагийн үед утсаар Т.Аийн бие тааруу байна, халуун нь буурахгүй байна гэж Т.Аийн нөхөр Э.Гэ нь дуудлага өгсөн. Тухайн өдрийн хуваарьт эмч О.Т эмч түргэний машинтай явсан. О.Т нь Т.Аийн авч ирээд эхо-д харах шаардлагатай байна гээд А эмчийг дуудан ирүүлж эхо-д хартал хэвлийд шингэнтэй байна яаралтай аймгийн төв явуул гээд шөнөө аймгийн төв рүү О.Т эмч Т.Аийг авч яваад Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Би Т.Аийн биеийн байдлыг эмч Эгээс нь байнга шахам л асууж байсан бөгөөд их хүнд байгаа гэж хэлж байсан. 2018 оны 01 сарын 10-ны өдөр Архангай аймгийн эмнэлэгт хэвтэж байгаад Т.А нь нас барсан байсан.  Би эрүүл мэндийн байгууллагад 31 жил ажилласан. Цэцэрлэг суманд 27 жил ажиллаж байна. Т.Аийн төрөхийн өмнөх хяналтыг би өөрөө хийж байсан бөгөөд сумандаа нарын мэргэжлийн эмч нарт удаа дараа үзүүлж хяналтын журмын дагуу сайн хийсэн. Аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч Амгалан, Улаанбаатар хотын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Мөнхбаяр нарт Т.Аийг давхар үзүүлж байсан. Би Т.Ат товлолт үзлэг буюу жирэмсэн эхийг 6 удаа хянах ёстой үзлэгээ хийсэн, төрөхийн өмнөх хяналтад ямар нэгэн хүндрэл байгаагүй.  Төрсөн эхийн хяналтыг эх баригч, багийн эмч, хэсгийн сувилагч нар тавьдаг. Би төрсөн эхчүүдэд хяналт тавьж тойрч үзлэг хяналтаа хий гэж сар бүрийн эхэнд бензин өгдөг. Мөн сар бүрийн 25-ны үеэр ажлаа дүгнэж ярилцаад эх эмч буюу надад үзүүлэх шаардлагатай төрсөн эх байвал би гэрт нь очиж үзэх юм уу, дуудаж үдэг. Би Т.Аийн хяналтыг эх баригч Д.Э ажил үүргийнхээ хувиарын дагуу хийж байгаа байх гэж бодсон. Эх баригч Д.Э нь Т.Аийн биеийн байдлыг сайн, муу байна гэдэг байдлаар танилцуулж байгаагүй болохоор би Т.Ат тавих хяналт хэвийн байгаа юм байх гэж бодож байсан. Төрсний дараа эх, хүүхдийг 3 удаа үзэх ёстой байдаг. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эмч нар сум руу Т.Аийг төрөөд явсан талаар хэлж мэдэгдээгүй. Эрүүл мэндийн сайдын 338 дугаар тушаалын дагуу төрсөн эхийг, шилжүүлсэн тухай бичилтийг хийж албан ёсоор шилжүүлэх ёстой байдаг. Энэ үүргийг аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эмч нар биелүүлээгүйг мөн мэдүүлэгт тусгаж байна. Т.А нь эрүүл мэндээ хамгаалах иргэнийхээ үүргийг гүйцэтгээгүй хайнга хандсан гэж бодож байгаа, өөрөө эмнэлгийн ажилтан хүн байж бие нь өвдөж байсан бол тухай бүрдээ эмчилгээ хийлгэж байхгүй хайнга хандсан. Мөн талийгаачийн хадам буюу ар гэрийн хүмүүс нь анхаарал халамж муутай байдаг бөгөөд өвчнийг нь хүндрүүлэхгүйгээр үзүүлж болоогүй юм байхдаа гэж бодож байна. Т.А нь нөхөртэй зодуулчихлаа гээд заримдаа ажилдаа ирдэг байсан. Бас хадмууд нь элдвээр дарамталдаг байсан гэсэн яриаг манай эмнэлгийн ажилчид ярьдаг. Т.А нь анх төрөөд 6 сар болсны дараа эмнэлэг дээр ирээд хоночихсон байсан бөгөөд юу болсон талаар асуутал нөхөр нь зодоод гэрээ түгжээд хөдөө явчихсан гэж надад уйлаад ярьж байсан. Бас жирэмсэн байхдаа нөхөртэй зодуулж байсан гэж яригдаж байсан. Тийм болохоор ар гэрийн дарамтаас болж амь хохирогч өвчнөө нууж байгаад хүндрүүлсэн байх гэж бодож байгаа юм. Мөн Т.А нь надтай уулзаад цалингийн зээл аваад манай нөхрийн эгч тэр мөнгийг авсан би цалингаасаа зээлээ төлдөг юм, цалин буухгүй удаад байна яах вэ гэж ярьж байсан. Талийгаач Т.А нь ар гэрийн хайхрамжгүй байдалд байдаг байсан нь ойлгомжтой байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 9-13 дугаар тал/

 

*Яллагдагч Д.Эийн өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Т.А гэх эмэгтэй Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт төрсөн. Анх хяналтад 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын эрүүл мэндийн төвд жирэмсний хяналтад орсон. Жирэмсний хяналтын хугацаанд 6 удаа үзүүлэх ёстой байдаг бөгөөд хяналтын товлолт үзлэгийн дагуу үзүүлсэн. Жирэмсний хугацаанд их эмч Л.Оийн хамт хяналт тавьдаг байсан. Тухайн жирэмсэн эх Т.А жирэмсний хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагүй. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ойдов гэх жирэмсэн эхийн хамт Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт шилжүүлэх гэсэн боловч өөрөө яваагүй. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Цэцэрлэг сумын их эмч Л.О тухайн жирэмсэн эх Т.Аийг үзээд аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг руу яаралтай явахыг шаардсан. Тэгсэн чинь түүний нөхөр Э.Гэ гэх залуу өөрийн унаагаар аймаг руу авч явна гэж манай эмч Л.От хэлсэн байсан. Тэгээд Т.А гэх эмэгтэй нөхөртэйгөө явалгүй замын унаагаар явж аймаг орсон гэж би сонссон. 2018 оны 11 дүгээр сарын 20-с 21-ний үед Энхтайван гэх жирэмсэн эмэгтэйг аваад Орхон аймгийн төрөх тасагт хүргэж өгөхөөр би явсан. Би 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Цэцэрлэг суманд буцаж ирсэн. Тэгээд би 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Цэцэрлэг сумын захиргааны гадаа Т.А гэх эмэгтэй надтай тааралдахаар нь би эх хүүхдийн биеийн байдлыг асуугаад одоо манай өрөөнд ороод үзүүлчих гэж хэлсэн чинь Т.А би их ажилтай явж байна гээд явчихсан. Тухайн үед Т.А гадна байдлаасаа ямар нэгэн өвдөж шаналсан шинжгүй байсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр, 12 дугаар сарын 20-ны үед байх би өдрийг нь сайн санахгүй байна би өөрийн 94553391 гэсэн дугаараас Т.Аийн хадам аавын дугаар болох 98304114 дугаарын утас руу 2 удаа залгаж эх хүүхдийн биеийн байдлыг асуусан чинь Т.А би үзүүлэхгүй зүгээр байгаа санаа зоволтгүй гэж байсан. Тэгээд энэ явдлаас хойш 2018 оны 12 дугаар сарын 21-нээс 2018 оны 12 дугаар сарын 27-ны хооронд байх би өдрийг нь сайн санахгүй байна манай өрөөнд Т.А орж ирж жингээ үзэхээр нь би танийг орж ирсэн дээр нь биеийг тань үзээд өгье гэж хэлсэн чинь эгч нь яаруу ажилтай явж байна гээд үзүүлээгүй. Би Цэцэрлэг сумын эрүүл мэндийн төвд эх барих эмчээр 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс одоог хүртэл ажиллаж байна.  Амь хохирогч Т.Ат төрөхийн өмнөх хяналтыг би сумын их эмч Л.Оийн хамт товлолт үзлэгийн дагуу хянадаг байсан. Тухайн эх хяналтад байх хугацаандаа биеийн байдал сайн байдаг байсан ба 5 сартай байхдаа өгсөн шинжилгээний хариу хэвийн байсан. Амь хохирогч Т.Ат төрөхийн дараах хяналтыг их эмч Л.Оийн хамт би боломжит бүхий л хугацаанд үзлэг хийх гэж оролдсон боловч Т.А өөрөө зүгээр ямар нэгэн өвчин зовуурь байхгүй би ажилтай байна гэх зэргээр үзүүлдэггүй байсан. Тухайн тохиолдолд хяналт тавьж байгаа эмч үзлэг хийж үзэх үүрэгтэй боловч үзүүлэхгүй гэж дургүйцээд байгаа тохиолдолд үзлэг хийх боломжгүй. Амь хохирогч Т.А өнгө зүс сайтай гадна талаасаа эрүүл мэндийн хувьд хэвийн байх шиг байсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 19-22 дугаар тал/

*Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвийн “Шилжүүлсэн эхийн бүртгэл”1-р хх-ийн 117 дугаар тал/

*Эх баригчийн ажлын байрны тодорхойлолт/1-р хх-ийн 141-144 дүгээр тал/

*Ажлын байрын тодорхойлолт/1-р хх-ийн 146-147 дугаар тал/

*Эмнэлзүй эмгэг судлалын хурлын тэмдэглэл/1-р хх-ийн 164-185 дугаар тал/

*Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас/1-р хх-ийн 63 дугаар тал/

*Эмгэг судлалын шинжилгээний протокол/1-р хх-ийн 85-90 дүгээр тал/

*Түргэн тусламжийн дуудлагын хуудас/1-р хх-ийн 108 дугаар тал/

*Магадалгаа/1-р хх-ийн 154 дүгээр тал/

*Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар/1-р хх-ийн 139 дүгээр тал/

*Алсын дуудлагын хуваарь/2-р хх-ийн 152 дугаар тал/

*Алсын дуудлагад үйлчлэх журам/2-р хх-ийн 154-155 дугаар тал/

*Архангай аймгийн Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай хурлын протокол/2-р хх-ийн 233-234 дүгээр тал/

* Архангай аймгийн Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дугаартай хурлын протокол/2-р хх-ийн 235 дугаар тал/

* Архангай аймгийн Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай хурлын протокол/2-р хх-ийн 241 дүгээр тал/

*Архангай аймгийн Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаартай хурлын протокол/2-р хх-ийн 237 дугаар тал/

* Архангай аймгийн Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвийн хамт олны 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04 дугаартай хурлын протокол/2-р хх-ийн 240 дүгээр тал/

*Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яам Лавлагааны хуудас/3-р хх-ийн 168 дугаар тал/

*Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын тодорхойлолт/3-р хх-ийн 169 дүгээр тал/

*Архангай аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 11 сарын 06-ны өдрийн 26/4164 дугаартай албан бичиг/3-р хх-ийн 170 дугаар тал/

*Эх барих эмэгтэйчүүд судлалын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 20/14 дугаартай дүгнэлт гаргуулах тогтоолын хариу/4-р хх-ийн 83-84 дүгээр тал/

*Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 835 дугаартай “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамж/3-р хх-ийн 145-161 дүгээр тал/

*Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн засаг даргын тодорхойлолт/2-р хх-ийн 73 дугаар тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-65 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Т нь 2018 оны 01 сарын 05-наас 06-ны өдрүүдэд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвийн их эмч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа иргэн Т.Аийн бие муудсан гэх дуудлаганд очиж, Т.Аийн биеийг үзэхээс эхлэн Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэх хүртэл хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Т.Аийн амь нас хохирсон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч О.Т гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Аын”...урьд өмнө буюу 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай дүү нар эмнэлэг дуудаж дуудлага өгч үүний дагуу эмч нар ирж үзчихээд ханиад хүрсэн байна ийм ханиад гадуур байгаа гээд эм тариа бичиж өгөөд явсан гэж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 06-ны орой эмч нар очоод манай талийгаач дүүг сумын эмнэлэгт авч ирээд А эмч ЭХО-д хараад хэвлийн хөндий  шингэнтэй, хүчтэй өвдөлттэй байна гээд дусал залгаж хийж өгөөд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү явуулсан байсан. Талийгаач дүүг минь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 цагаас Цэцэрлэг сумаас гарч өглөөний 09 цагт эмнэлэг дээр авч ирсэн байсан. Тухайн үед манай талийгаач дүүг сумын эмч О.Т Архангай аймагт наашаа гараад авч ирсэн. Би Би сэхээний Э гэх эмчтэй уулзаж асуухад биеийн байдал маш хүнд байна их хүнд, сав нь үрэвсээд идээ нь хамаг цусаар нь дамжсан сээвс болсон байна гэж хэлж байсан. Тэгээд талийгаач хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр эмнэлэгт нас барсан. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар бол холбогдох эмчилгээг бүрэн хийж гүйцэтгэсэн гэж би ойлгож байгаа харин Архангай аймгийн Цэцэрлэг сумын эмч нар талийгаачийн өвчний оношийг зөв тогтоогоогүй, албан үүрэгтээ хайнга хариуцлагагүй хандаж цаг хугацаа алдсаны улмаас миний дүү нас барсан гэж үзэж байна...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Гийн“...Сумын эмч нар дуудлага хүлээн аваад 1 цаг орчмын дараа ирсэн манай гэр сумын төвөөс 20-д км зайтай байдаг. Дуудлагаар их эмч О.Т, А эмч нар ирсэн эмч нар орж ирээд О.Т эмч халууныг нь үзээд чи өчигдөр зүгээр сумын төв дээр явж байсан биз дээ ийм өндөр халуурдаг ханиад гадуур их байгаа чи ханиад хүрсэн байна гэж хэлсэн. Тэгээд О.Т эмч анелгин диммедрол хийсэн. Урьд өмнө эхнэр бид 2 сумын төв явах байх гээд юмаа бэлдсэн байсан. Тухайн үед манай ээж Ч.Ц О.Т эмчээс ханиад яг мөн үү гэж лавлаж асуухад А, О.Т эмч нар ханиад мөн ийм ханиад гадуур их байгаа 2-3 өдөр халуурдаг гэж хэлсэн. Тэр үед нь би талийгаач эхнэрийнхээ сугыг өргөж үзүүлсэн ганц нэг улаан юм туурсан байна гээд харуулсан тэгсэн чинь О.Т эмч цүнхтэй хэрэгслээ гаргаж ирээд манай эхнэрийг даралтыг үзсэн, тэгээд шууд ороод эмнэлэгт хэвтэх үү гэж асуусан чинь гадуур айлаар харна эмнэлэгт хэвтүүлэхгүй гэхээр нь манай Ч.Д эгч ханиад юм бол цээж уушги 2-ыг нь чагнаадхаач гэж хэлж байж О.Т эмчээр талийгаачийн цээж уушгийг чагнуулсан тэгээд 2 эмчээс ханиад баараагүй мөн бол гэрээрээ харзнаж болох уу гэж бид нар асуусан тэгсэн чинь эмч нар болно оо болно гэсэн. Тэгээд нөхөр нь дагаж ороод эм тариаг нь авчих гэж хэлсэн. Тэгээд О.Т эмч эм бичиж өгсөн би сумын төв ороод эмийг нь авсан....Тэгээд маргааш нь 20 цагийн орчимд О.Т эмч жолоочтойгоо хамт ирсэн. Тэгээд эмч ирээд талийгаачийг аваад сумын төв рүү явсан тухайн үед би болон манай ээж бид 2 талийгаачтай хамт явсан. Тэгээд сумын төв дээр 21 цагийн орчимд очсон. Тэгээд А эмч ЭХО-д харсан тэр үед нь би талийгаачийн биеэр туурсан байсан улаан юмыг хэлэхэд А эмч нөхөр нь дуугүй байж бай өөрөөр нь хэлүүл гэж хэлж байсан. Тэгээд эмнэлгээс гараад шууд аймгийн төв рүү  явсан тухайн үед эмч нь О.Т эмч явж байсан замдаа О.Т эмч талийгаачийн биеийн байдлыг яаж байна ч гэж асуугаагүй үзэж хараагүй тэгээд явсаар байгаад 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө 09 цагийн үед Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирээд манай сумын эмч О.Т талийгаачийг хүлээн авах өрөөнд оруулж өгчихөөд эмч нарт нь хүлээлгэж өгөөгүй буцаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Эгийн“...2018 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө 09 цаг 20 минутад Т.А гэх өвчтөн эмчийн хяналтан доор Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Т.А нь Цэцэрлэг сумаас хүргэгдэн ирэх үедээ хэвлийн цочмог өвдөлт гэсэн оноштой ирсэн. Тухайн өвчтөний биеийн байдал маш хүнд шокийн байдалтай байсан тул хүлээн авах яаралтай тусламжийн тасаг дээр шинжилгээ авч эмчилгээ хийсний дараа эрчимт эмчилгээний тасагт шилжүүлж захад судас муу артерийн даралт бага байсан учир төвийн венд гуурс тавьж биеийн байдлыг тогтворжуулсны дараа ЭХО болон рентген мөн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж эмчилгээг үргэлжлүүлж “умайн салстын үрэвсэл үжил үжлийн шок олон эрхтний дутагдал" оношоор эрчимт эмчилгээний тасагт эмийн эмчилгээг үргэлжлүүлсэн. Амь хохирогч Т.А Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирэх үедээ бол биеийн байдал маш хүнд, ухаантай орчинтой харьцаатай боловч гар хөл биеийн арьс эрээнтэж, захын цус эргэлт алдагдсан, артерийн даралт нь 50 мм багассан, шээсний гарцгүй байсан. Уг шинж тэмдэг нь хүнд шокын байдлыг итгэж байна, Архангай аймгийн Цэцэрлэг сумын эмч нар өвчтөний биеийн байдлыг дутуу үнэлж, анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдаж оройтуулсан, бүрэн гүйцэтгэж чадаагүй байдалтай өвчтөнг хүргэж ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Дгийн“...Т.А их халуунтай гарын шөрмөс татсан биеийн арьс улаан өнгөтэй болсон байна гэж дуудлага өгсөн. Тухайн үед А эмч, О.Т эмч 2 ирсэн О.Т эмч талийгаачийн биеийн байдлыг үзээд талийгаачийг ханиадтай байна гэж оношилж хэлж байсан.  Талийгаачийн хадам ээж Ч.Ц О.Т эмчээс лавлаж баараагүй ханиад мөн үү гэхэд О.Т эмч ийм өндөр халуурдаг ханиад байгаа юмаа ер нь бол 3 хоног халуурна тэгээд очоод шууд хэвтэхгүй гадуур айлаар харж эмчилгээ хийнэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмнэлзүй эмгэг судлалын хурлын “...асуулт: танай эмнэлэг өвчтөндөө уян зүү тавиад, замдаа шингэн сэлбээд ирэх боломж байдаг уу, өвчтөн шоктой биеийн байдал маш хүнд ирсэн, хариулт эмч Т: тийм боломж байгаа, асуулт: та өвчтний амь нас аюулгүй байдлыг ханган аюулгүй тээвэрлэх байсан, уян зүү тавиад антиботик, шингэн сэлбэн, хүчилтөрөгч өгөн, мониторт холбон тээвэрлэдэг бид дээ гэхэд, эмч О.Т: хариулаагүй... гэх тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7  шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “....тус аймгийн Цэцэрлэг сумын эмнэлгийн эмч, мэргэжилтэн нар өвчтөнд үзлэг хийж оношийг тогтоож чадаагүй, өвчтөний биеийн байдлыг үнэлж чадаагүй байна. Энэ нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28-р зүйлийн 28.4.3-д заасан ”Үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль, тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллана” заалтыг зөрчсөн байна. Архангай аймгийн Цэцэрлэг сумын эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид нь Т.Аийн биеийн байдлыг зөв үнэлж, оношийг цаг алдалгүй тогтоож, цаг алдалгүй зохих эмчилгээг хийсэн бол амь насыг аврах боломжтой....” гэх  76 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Тг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хүний амь нас хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч О.Тг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Харин Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.О, Д.Э нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь хэрэгт авагдсан хохирогч Т.Аын “..2018 оны 01 дүгээр сарын 04-ний орой манай талийгаач эмэгтэй дүү Т.А над руу утсаар залгаж би сумын төвд орчихоод ирлээ цалинтай ээжийнхээ материалыг бүрдүүлж өгчихөөд ирлээ гэж хэлж хуучилж ярьж байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч Гийн “... Манай эхнэр ирсэн үедээ биеийн байдал нь хэвийн байж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би өөрийн эхнэрийнхээ хамтаар сумын төв ороод цалинтай ээж хөтөлбөрт материалыг бүрдүүлэх гэж орсон. Тэгээд бид 2 орой нь гэртээ харьсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Эгийн “... “...2017 оны 12-р сарын 25, 26-ны үед санагдаж байна Л.О эмчийн өрөөнд Л.О эмч бид хоёр тайлан бичиж сууж байхад Т.А компот, бялуу хоёр барьчихсан орж ирсэн. Тэгээд бид хоёртой мэндэлсэн Л.О эмч Алтай бие нь сайн уу хүүхэд нь том болж байна уу гэсэн Т.А компот бялуу хоёроо Л.О эмчид хамт олондоо өгч байгаа юм гээд өгч байсан. Л.О эмч Алтай яах гэсэн юм бид нар эргэж очиж чадаагүй байхад гээд 29-нд манай шинэ жил болно оо ирээрэй гэж байсан. Тэр үед Т.Аийн биеийн байдал зүгээр харагдаж байсан. Дараа нь 2018 оны 01-р сарын 02-ны багцаанд би захиргаан дээр хүний нөөцөө шивж байхад Т.А орч ирж байсан тэр үед ч биеийн байдал зүгээр л байх шиг байсан...” гэх мэдүүлэг, *Гэрч Ц.Сийн  “...2018 оны 01-р сарын 03-ны өдөр санагдаж байна. Хаан банкны үүдэнд би талийгаач Т.Атэй таарсан тэр үед Т.А төрсөн эхийн мөнгө авах гээд бичиг баримт бөөгнүүлж яваа гэж байсан. Тэр үед биеийн байдал нь зүгээр харагдаж байсан... гэх мэдүүлэг, шинжээч эмч Д.Янжинсүрэнгийн өгсөн “...Эмэгтэй хүн төрөх үеийн халдвар төрсний дараа 5-с 7 хоногийн дотор илэрдэг. Уг халдвар нь 40 гаруй хоногийн дараа илэрч байгаа учраас төрөлттэй холбоогүй гэж үзсэн. Мөн Т.А нь төрөх явцад хүндрэлгүй төрсөн байгаа нь төрсний дараах халдвар үүсэх эрсдэл багатай байна. Ямар нэгэн хагалгаа, гэмтэл, мэс засал, төрөлт удаан үргэлжлэх гэх мэт хүндрэлгүй явагдсан байсан. Талийгаачийн биед үүссэн халдвар нь бэлгийн замын өгсөх замын халдвар байхыг үгүйсгэх боломжгүй. Т.А төрсний дараа ямар нэгэн хүндрэл байгаагүй. Тухайн үед уг хүн эрүүл байсан болохоор үзлэг ач холбогдолгүй...” гэх мэдүүлэг  шүүгдэгч Д.Эийн яллагдагчаар өгсөн “...Амь хохирогч Т.Ат төрөхийн дараах хяналтыг их эмч Л.Оийн хамт би боломжит бүхий л хугацаанд үзлэг хийх гэж оролдсон боловч Т.А өөрөө зүгээр ямар нэгэн өвчин зовуурь байхгүй би ажилтай байна гэх зэргээр үзүүлдэггүй байсан. Тухайн тохиолдолд хяналт тавьж байгаа эмч үзлэг хийж үзэх үүрэгтэй боловч үзүүлэхгүй гэж дургүйцээд байгаа тохиолдолд үзлэг хийх боломжгүй. Амь хохирогч Т.А өнгө зүс сайтай гадна талаасаа эрүүл мэндийн хувьд хэвийн байх шиг байсан...” гэх мэдүүлэг,  Амь хохирогч Т.Аийг нас барахад хүргэсэн халдвар нь өгсөх замын халдвар тул төрөлттэй шууд шалтгаант холбоогүй талаар гаргасан  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7  шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 76 дугаартай дүгнэлт. “...Талийгаач Т.Аийн нас барсан шалтгаан төрөлттэй холбоогүй. Талийгаач Т.Аийн үхлийн шалтгаан болсон халдварын эмнэл зүйн шинж 2018 оны 1-р сарын 5-нд эхэлсэн. Эмч дуудлага дуудсан өдөр нь очоод халдварын эмчилгээг эхэлсэн, түүгээр ч барахгүй хордлогын эсрэг шингэн хийсэн боловч, эмчилгээ үр дүнгүй байсан нь халдвар үүсгэгч маш хоруу чанартай болохыг харуулж байна...” гэх Эх барих эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20/03 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд амь хохирогч Т.Аийн эрүүл мэндийн байдал 2018 оны 01 сарын 05-ны өдрөөс өмнө хэвийн байсан, шүүгдэгч,  Л.О, Д.Э нар нь төрсний дараа эхэд Эрүүл мэндийн сайдын 2014 оны А/338 тоот тушаалд зааснаар зохих хяналт тавиагүй үйл баримт тогтоогдогдож байгаа боловч шүүгдэгч Л.О, Д.Э  нар төрсөн эхэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй нь  амь хохирогчийг үхэлтэй шалтгаант холбоогүй, амь хохирогчийн үхлийн шалтгаан болсон өвчин нь төрөлттэй хамааралгүй байх бөгөөд тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 46.723.116 төгрөгийг мөн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт ирж очихдоо хэрэглэсэн бензин, хоол, буудалд буусан зардлыг нэхэмжлэх талаар түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан хохирол төлбөртэй хамааралтай нотлох баримтуудыг шинжлэн судалж уг баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй хамаарал бүхий 2-р хавтаст хэргийн 183, 184, 207, 208, 209, 212 дугаар хуудсанд авагдсан баримтууд, 4-р хавтаст хэргээс 237, 238, 239, 240 дүгээр хуудсанд авагдсан баримтаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хамааралтай баримтыг үнэлэн нийт 2.281.817 төгрөгийг тухайн хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон Архангай аймгийн Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн газраас гаргуулан хохирогч Э.Гэд олгох нь зүйтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс Хаан банкнаас авсан малчны зээлийн үлдэгдэл 14.564.000 төгрөгийг хувьд малчны зээлий гэрээг хэрэгт хавсаргаж ирүүлсэн, уг гэрээний зээлийн эргэн төлөлтийн хуваарьт 2018 оны 01 сарын 03-ны өдөр сүүлийн төлөлт хийхээр заасан байх бөгөөд өөр малчны зээлийн гэрээ хэрэгт авагдаагүй, хэдэн төгрөгийн зээл төлсөн нь тодорхойгүй, мөн талийгаачийн оршуулгын зардал, буяны цайллага, буяны ажилд ном уншуулсан гэж байгаа боловч холбогдох баримт авагдаагүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй, нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн, том хүү Мөнхсүлдийг эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн, эгч Б.Шүр-Эрдэнийн цалингийн зээл, өмгөөлөгчид төлсөн хөлс болон өмгөөлөгчийн замын зардал, хоол унаа буудлын хөлс нийт 12.940.320 төгрөгийн нэхэмжлэлийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамааралгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгов. Иргэний хариуцагч байгууллага өөрт учирсан хохирлыг шүүгдэгч О.Тгаас нэхэмжлэх эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шинжээчид төлөх зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарч байх тул тус хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тгаас 150.000/нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж Монгол эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоонд олгож тус тус шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч О.Тд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүний эмчийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, торгох ял оногдуулан, уг ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн шүүгдэгч О.Тд оногдуулсан ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар өршөөн хасч өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна. Учир тус Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт ялаас хасуулах ялтан энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна гэж заасан байна. Шүүгдэгч О.Тгийн зүгээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлээгүй болно.

 

Шүүгдэгч О.Т, Л.О, Д.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 3 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г овогт Лгийн О, Ж овогт Дгийн Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.О, Д.Э нарыг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Б овогт Оын Тг эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

 

            3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тн эмчийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6000/зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000/зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тд оногдуулсан 6000/зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000/зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг 2/хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Архангай аймгийн Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвөөс 2.281.817/хоёр сая хоёр зуун наян нэгэн мянга найман зуун арван долоо/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Гэд олгож, түүний нэхэмжлэлээс 12.940.320/арван хоёр сая есөн зуун дөчин мянга гурван зуун хорь/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг, иргэний хариуцагч өөрт учирсан хохирлыг шүүгдэгч О.Тгаас нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тгаас 150.000/нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж Монгол эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоонд олгосугай.

 

7. Шүүгдэгч О.Т, Л.О, Д.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Т, Л.О, Д.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             П.ГАНДОЛГОР