Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 00304

 

 

 

 

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2018/00304

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                             

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Т.Энхтуяа,  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, Хүрээ хотхон 00 тоотод байрлах, “С нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, Хүрээн хотхон 00тоотод оршин суух, Ө-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 1.117.530 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Гэрэлмаа, иргэдийн төлөөлөгч Р.Дашдаваа, шүүх хуралдааны нарийн даргаар Б.Мандшир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүрэг,  дугаар хороо, Хүрээ хотхон 00 тоотод байрлах С ХХК-ийн оффист хэвлэл болон сонин хэвлэлийн бүх төрлийн хэвлэлийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компанийн үйл ажиллагаа явуулж буй Чингэлтэй дүүргийн  дугаар хороо, Хүрээ хотхон 00 тоотод байршилтай 00 метр квадрат талбайтай, 10 өрөө ажлын байранд дээд давхарын айл болох Ч.Ө-ийн гэрээс 2017.09.26-ны өдөр ус алдсаны учраас манай байгууллагад хохирол учраад байна. Үүнд:

Санхүүгийн өрөөний хана, таазны замаск, эмульс норсон.

Коридорын болон эх бэлтгэлийн өрөөний хана, тааны замаск, эмульс норсон, паркетан шал норж зааг гарсан,

Агуулах 3 өрөөний хана, таазны замаск, эмульс норж хуурсан

Хэвлэж худалдаалахаар бэлтгэсэн 9 дүгээр ангийн Англи хэл, түүхийн сурах бичиг норж гэмтсэн. Дээрх хохиролын үнэлгээг Мөнх эстимэйт ХХК-иар хийлгэсэн бөгөөд нийт хохиролын хэмжээ 917.530 төгрөг, үнэлгээний зардал 200.000 төгрөг нийт 1.117.530 төгрөгийг хариуцагч Ч.Ө-өөс гаргуулж өгнө үү гэв.

            Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

            Нэхэмжлэгч “” ХХК нь хариуцагч Ч.Ө-д холбогдуулан  гаргасан ус алдсаны улмаас учирсан гэм хорын хохиролд 1,117,530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч С ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй Чингэлтэй дүүргийн дугаар хороо, Хүрээ хотхон тоотод байршилтай 250.12 метр квадрат талбайтай, 10 өрөө ажлын байранд дээд давхрын айл болох Ч.Ө-ийн гэрээс 2017.09.26-ны өдөр ус алдсаны улмаас санхүүгийн өрөөний хана, таазны замаск, коридорын болон эх бэлтгэлийн өрөөний хана, тааны замаск, эмульс норсон, паркетан шал норж зааг гарсан, агуулах 3 өрөөний хана, таазны замаск, эмульс норж хуурсан хэвлэж худалдаалахаар бэлтгэсэн 9 дүгээр ангийн англи хэл, түүхийн сурах бичиг зэрэг нь норж хохирол учирсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, М ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, фото зургууд, Ө ХХК-ийн ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоосон акт зэрэг баримтуудаар нотлогдлоо.

Хариуцагч Ч.Ө нэхэмжлэлийн хувийг гардаж авч эрх, үүрэгтэйгээ танилцсан боловч шүүхээс тогтоосон хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай шүүхэд бичгээр тайлбар болон холбогдох нотлох баримт гаргаж өгөөгүй.

 

Хариуцагч Ч.Ө нь эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 0  дугаар хороо, 0 байрны 00 тоот орон сууцны өмчлөгч болох нь Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн  хэлтсийн лавлагаа, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 Хариуцагч Ч.Ө 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар түүний өмчлөлийн орон сууцнаас ус алдсан нь өөрийнх нь гэм буруугаас болоогүй гэдгийг нотлоогүй тул гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзлээ.

М ХХК-ийн үнэлгээний тайлангаар нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, 00 байр, 0 тоотод байршилтай 250.12 м.кв талбайтай, 7 тоотод ус алдсаны улмаас гарсан хохирлын хэмжээ нь 917,530 төгрөг байх тул хариуцагч Ч.Ө-с гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгох нь зүйтэй.

 

            Нэхэмжлэлийн шаардлагаас М ХХК-иар хийлгэсэн үнэлгээний ажлын хөлс 200,000 төгрөгийг нотлох баримтгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хариуцагч Ч.Ө-ийн хаягаар шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг хүргүүлж гардуулсан, хариуцагч Ч.Ө-тэй шүүгчийн туслах утсаар ярьж шүүх хуралдааны товыг сануулахад тэрээр өөрөө шүүх хуралдаанд хүрэлцэн ирэхгүй, өөрийгөө оролцуулахгүйгээр хэргийг хэлэлцэхийг зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ч.Ө-өөс 917,530 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

           

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн төлсөн 31,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ө-өөс 26,571 төгрөг гаргуулж С ХХК-д олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч шийдвэрийг гардан авснаас хойш14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                        ШҮҮГЧИД                                       Ж.БАЙГАЛМАА

 

                                                                                                Т.ЭНХТУЯА