Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 381

 

                                                                                                                                   

 

 

 

 

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2018/00381

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоот оршин байх Ё.Ц ХХК-ийн // нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд оршин байх Нт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.Ц ХХК-ийн төлөөлөгч Ц.А, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Онар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ё.Ц ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/06899 дүгээр захирамжаар “Ё.Ц” ХХК Я.Б нараас 500,000,000 төгрөг гаргуулж, д олгохоор шийдвэрлэсэн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 164 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч ******* 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 194 тоот шинжээч томилох тухай тогтоолын дагуу “Хөрөнгө үнэлгээний төв” нь төлбөр төлөгчийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн*******, *******,******* тоотод байрлалтай 876 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үйлдвэрийн барилга **************нд байрлах 3033/6130 нэгж талбар бүхий 20,000 м.кв газрын хамт эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнийг тогтоохоор шинжээчээр томилогдсон.

Тухайн компанийн мэргэшсэн үнэлгээчин ******* нь обьект дээр ирж ажлласан бөгөөд Баянзүрх дүүргийн*******, *******,******* тоотод байрлалтай 876 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилга, 20,000 м.кв газрын хамт 847700000 төгрөгөөр буюу зах зээлийн бодит ханшаас хэт доогуур буюу тэрбум гаруй төгрөгөөр багаар үнэлж, “Ё.Ц” ХХК болон Я.Б нарын эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар албадан дуудлага худалдааны доод үнийг тухайн шинжээчийн дүгнэлтэд дурдсан үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоодог тул миний болон манай компанийн хөдлөх хөрөнгүүдийг хэт үнэгүйдүүлсэн нь миний эрх эшгийг ноцтой зөрчигдөхөд хүргээд байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 он/ 55 дугаар зүйлийн 55.7-т талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэжээ. Шийдвэр гүйцэтгэгч ******* нь үнэлгээний талаарх тайланг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдэж, гарын үсэг зуруулсан болно. Иймд Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 20/01 дугаартай эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчийн хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-ний 3.1.1-т зааснаар “Нэхэмжпэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс буюу “Ё.Ц” ХХК-д холбогдох хэсгээс 74,025,000 төгрөг, Я.Бт холбогдох хэсгээс 89,684,000 төгрөг, нэмэлт зардлаас 11,500,000 төгрөг, нийт 175,209,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан” байдаг. Өөрөөр хэлбэл нь 450,000,000 төгрөгийг “Ё.Ц” ХХК-иас, 50,000,000 төгрөгийг иргэн Я.Баас гаргуулахаар гэрээний 3.1.1 -т зааснаас тодорхой харагддаг.

Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдаагүй. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 53.1, 53.3, 53.6-д заасныг зөрчин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. /Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах үед 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хүчин төгөлдөр болоогүй байсан тул өмнөх хуулийн зохицуулалтыг баримтлав/ Өөрөөр хэлбэл Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53.2, 53.3, 53.4-т заасан журмын дагуу процессын ажиллагааг явуулаагүй. 50,000,000 төгрөгийг төлөх ёстой Я.Б нь ямар эд хөрөнгөө төлбөрт өгөх тухай саналаа гаргах, цаашлаад хөдлөх эд хөрөнгө болон бусад хөрөнгөөс төлбөрийг төлөх, өөрөө сонголт хийх боломжтой байхад энэ талаар төлбөр төлөгчийн хүсэлтийг аваагүй, тодруулахгүйгээр шууд “Ё.Ц” ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн үйлвэрлэлийн үл хөдлөх эд хөрөнгөд халдан битүүмжлэн, хурааснаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017/ 4.1, 3.1-т заасныг зөрчсөн явдал болсон. Иргэн Я.Бын 50,000,000 төгрөг төлөх ажиллагаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа огт явагдаагүй ба 500,000,000 төгрөгийн өр төлбөртэй холбогдуулан Ё.Ц ХХК-ийн гол үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулдаг үл хөдлөх эд хөрөнгөд шууд халдсан байдаг. “Ё.Ц” ХХК, иргэн Я.Бын эзэмшил, өмчлөлд өр төлбөрийг төлж барагдуулахад бусад боломжтой зүйл байсан эсэхийг зохих журмын дагуу нягтлах ажиллагааг хийгээгүй. Иймд эвлэрлийн гэрээний дагуу иргэн Я.Бын төлөх ёстой 50,000,000 төгрөгийн өр төлбөрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа огт явагдаагүй, Я.Бт иргэнийх нь хувьд 50,000,000 төгрөгийн өр төлбөрийг төлөх талаар шийдвэр гүйцэтгэх албанаас мэдэгдэл өгөх болон бусад ажиллагааг огт хийгээгүй.

 “Ё.Ц” ХХК-ийн эзэмшил, өмчлөлд 450,000,000 төгрөгийн төлбөрийг төлөх боломжтой бусад хөрөнгө байгаа эсэхийг шийдвэр гүйцэтгэх байгууллага нь нягтлаагүй, мөн шийдвэр гүйцэтгэх албаны хуулиар тогтоосон журам, дарааллыг зөрчин, компанийн амьжиргааны эх үүсвэр болох үл хөдлөх эд хөрөнгө, үйлдвэрлэлийн барилга руу шууд халдаж /битүүмжлэн, хураах, үнэлгээ тогтоолгох/, үндэслэлгүй бага үнээр үнэлгээ тогтоолгож дуудлага худалдаагаар борлуулахыг завдсан нь “Ё.Ц” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг илтэд зөрчсөн үйлдэл болсон.

Үүнээс гадна “шинжээчийн үнэлгээ нь хуульд нийцээгүй, шударга бус үнэлгээ болсон талаар тодорхой тайлбарласан болно. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн өдрийн 6899 дүгээр захирамж, “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” 2017.05.04-ний өдрийн 8027 дугаар захирамж, 2017.05.04-ний өдрийн 796 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу явуулсан ажиллагаа нь хууль зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Уранбилэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/06899 дүгээр захирамжаар “Ё.Ц” ХХК Я.Б нараас 500,000,000 төгрөг гаргуулж, д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 17261225 дугаар тогтоолоор үүсгэж, холбогдох газраас лавлагаа авч, Ё.Ц ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй *******,*******, ******* гудамж,******* тоот хаягт байрлалтай 876 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үйлдвэрийн барилга, мөн 20,000 м.кв талбайтай газрын хамт 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 17/01 тоот актаар битүүмжлэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг өгсөн.

Тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул битүүмжилсэн хөрөнгийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 17/02 тоот хураах тогтоол үйлдэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хасагт зааснаар өмчлөгч болон төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилон зах зээлийн үнэлгээг тогтоолгосон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар дүгнэлтээ гаргасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд зааснаар явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ё.Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэрэг тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06899 дугаартай захирамжийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагчаар оролцож байгаа болно. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд албадан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хүсэлт гаргасанаас хойш төлбөр төлөгч нь ямар ч төлбөр төлөөгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаагаас шалтгаалан төлбөр авагчийн эрх ашиг ноцтой зөрчигдөж төлбөрийг төлүүлж чадахгүй хохирсоор байдаг.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хийлгэсэн хөрөнгийн үнэлгээнд төлбөр авагчийн зүгээс маргадаггүй бөгөөд нэгэнт хөндлөнгийн байгууллага хөрөнгийг үнэлсэн тул үнэн зөв гэдэгт эргэлзэхгүй байна. Гаргасан үнэлгээ нь ч тэр зах зээлийн бодит ханшийн түвшинд гарсан гэж үздэг. Нэхэмжлэгчийн зүгээс үнэлгээг л хүлээн зөвшөөрөөгүй байх ба хэрхэн яагаад хүлээн эөвшөөрөхгүй байгаа талаараа бодитой үндэслэл гаргаагүй байна. Ерөөсөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, сунжруулах, биелүүлэхгүй байх санаа зорилготой байна гэж үзэхээс өөр аргагүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ё.Ц ХХК, хариуцагч Нт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагчаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж нэхэмжлэлээс татгалзжээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 6899 дугаартай захирамжаар хариуцагч Ё.Ц ХХК, Я.Б нар нэхэмжлэгч д 500,000,000 төгрөг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 796 дугаартай гүйцэтгэх хуудас, мөн өдрийн 8027 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 17/01 тоот, мөн оны 06 дугаар сарын 02-ны өдөр 17/02 тоот мэдэгдлээр тус тус төлбөр барагдуулахыг төлбөр төлөгч нарт мэдэгдсэн байна. /хэргийн 30, 43-46, 58 дахь тал/

Хариуцагчийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 17/01 тоот “Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол”, тэмдэглэл, мөн оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 17/02 тоот “Эд хөрөнгийг хураасан тогтоол”, тэмдэглэлээр тус тус Ё.Ц ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн*******, ******* гудамж******* тоотод орших 876 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн дугаартай үйлдвэрийн зориулалттай сэндвич барилга, мөн хаягт оршин байх Ё.Ц ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 3038/5133 дугаартай 20,000 м.кв талбайтай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газрыг тус тус битүүмжилж, хураажээ. /хэргийн 58-63 дахь тал/

Нэхэмжлэгч 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр үйлдвэрийн барилга, газрын үнэлгээг 4,000,000,000 төгрөгийн үнэтэй тухай санал өгсөн, төлбөр өвөгч мөн өдөр үнийн саналыг зөвшөөрөхгүй шинжээч томилуулах хүсэлт гаргаж, хариуцагч 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 194 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилж, шинжээч 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 413 тоот дүгнэлтээр Ё.Ц ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн*******, ******* гудамж******* тоотод орших 876 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн дугаартай үйлдвэрийн зориулалттай сэндвич барилгыг 847,700,000 төгрөгөөр үнэлжээ. /хэргийн 9, 48-55 дахь тал/

Харин 194 тоот тогтоолд дурдсан Баянзүрх дүүргийн*******, ******* гудамж******* тоотод орших 20,000 м.кв талбайтай, эзэмших эрх бүхий үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газрыг хэрхэн, хэдэн төгрөгөөр үнэлсэн эсэх нь тодорхойгүй байна.

Шинжээчийн дүгнэлтийн 6.4-т “Газрын хэмжээг шинжээч томилох тогтоолд 20,000 м.кв гэсэн боловч үл хөдлөх эд хөрөнгө байгаа хэсгийн талбайг оруулж тооцов” гээд газрын хэмжээг 10,850 м.кв гэжээ. Дүгнэлтэд Өртгийн хандлагын аргаар 10,850 м.кв газрыг 325,500,000 төгрөгөөр үнэлсэн боловч дүгнэлтийн 6-д заасан дүгнэлт хэсэгт оруулаагүй, эсхүл 847,700,000 төгрөгийн үнэлгээнд орж байгаа нь тодорхойгүй болжээ. Мөн зах зээлийн харьцуулах аргын үнэлгээ хэсэгт “барилгажих чөлөөтэй талбайг 4,300 м.кв” гэж тооцон 129,000,000 төгрөгөөр үнэлж ерөнхий дүгнэлтэд хамтатган /129,000,000+718,700,000=847,700,000/ оруулсан байна.

Ийнхүү шинжээч, 194 тоот тогтоолд заасан ажиллагаа бүрэн биш хийсэн, хоёр үл хөдлөх эд хөрөнгийн нэгийг /газар/ хэрхэн үнэлсэн нь тодорхой бус байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчингүй болсон/ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.17-д заасан ажиллагаа буюу мөн хуулийн тавдугаар бүлэг, 63 дугаар зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулах тодорхой ажиллагааг явуулах, энэ ажиллагаатай холбоотой хийгддэг бусад ажиллагааг /албадан дуудлага худалдааны үнэ, дэнчингийн хэмжээг тодорхойлох г.м/ хийх боломжгүйд хүргэж байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд барилга, газрыг хурааж улмаар төлбөр төлөгч нар төлбөрөө сайн дураар барагдуулаагүй тохиолдолд дээр дурдсан хөрөнгийг албадан дуудлага хуралдаанд оруулах нь шийдвэр гүйцэтгэх үндсэн ажиллагааны нэг юм.

Гэтэл Баянзүрх дүүргийн засаг даргын 2012 оны А/139 тоот захирамжаар нэхэмжлэгч Ё.Ц ХХК-д 20,000 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэхээр олгосон тус газрыг хэсэгчлэн хуваагаагүй, тус бүрт нь эзэмших эрх олгогдоогүй байхад 10,850 м.кв талбайг 325,500,000 төгрөгөөр, 4,300 м.кв талбайг 129,000,000 төгрөгөөр тус тус үнэлснийг нийт 20,000 м.кв газрын үнийг тодорхойлсон гэж үзэхгүй, үнэ тодорхойлсон арга нь ойлгомжгүй болжээ.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцтэгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу шинжээч хөрөнгийн үнэлгээг хуульд нийцүүлэн явуулаагүй гэж үзэх үндэслэлтэй тул Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн байдлаар явуулах боломжгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 3 тэрбум төгрөгийн үнэтэй үл хөдлөх эд хөрөнгийг 847,700,000 төгрөгөөр үнэлсэн нь хэт үнэгүйдүүлсэн гэх гомдлыг үндэслэлгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шаардлагын энэ үндэслэлээ нотлоогүй байна. Мөн нэхмжлэгчийн төлөөлөгчийн шинжээч хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг зөрчин үнэлгээний өртгийн, жишиг үнийн аргыг хэрэглэж орлогын аргыг хэрэглээгүй гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхгүй. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “хөрөнгийн үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн энэ хуульд заасан журмын дагуу хөрөнгийн үнэлгээ хийх аргыг бие даан сонгох” эрхийг шинжээчид олгосон ба үнэлгээчин мөн хуулийн 8 дугаар зүйлд зааснаар хоёр ба түүнээс дээш аргыг хэрэглэхээр хуулчилсан нь заавал бүх аргыг хэрэглэх тухай ойлголт биш юм.

Иймд нэхэмжлэгч Ё.Ц ХХК-ийн хариуцагч Нт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангаж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ё.Ц ХХК-ийн хариуцагч Нт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангаж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 413 тоот үнэлгээг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Ё.Ц ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ