| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/05070/И |
| Дугаар | 403 |
| Огноо | 2018-01-30 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 403
| 2018 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 101/ШШ2018/00403 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, М.Ж нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,******* оршин байрлах Т К ХХК-д // холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл олох байсан цалин хөлс 12,000,000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг даалгах, хариуцагчийн өмнөөс бусдад төлсөн 5,353,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.Ж миний бие нь Т К ХХК-д 2015 онд ерөнхий менежерийн албан тушаалыг хашиж байсан. Тухайн үед харилцан тохиролцон хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээнд 2015 оны 01 дүтээр сарын 05-ны өдрөөс эхлэн 2016 оны 01 дүтээр сарын 05-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай, нэг сарын үндсэн цалинг 1,500,000 төгрөг байхаар тохиролцон байгуулсан.
Гэвч 2015 оны 11 сарын 11-ний өдөр гаргасан Т К ХХК-ийн гүйцэтгэх захиралын “Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай” тушаал гарсан бөгөөд тус тушаалд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1 буюу ‘'талууд харилцан тохиролцсон, мөн хуулийн 38.1.2 “ажил олгогч санаачилсан” гэх үндэслэлээр цуцалсан нь хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэж ажлаас халсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2-р зүйлийг баримталсан бол тус хуулийн 40.1 дэх аль нэг үндэслэлийг авах ёстой байсан боловч алийг нь ч аваагүй нь тус тушаал дээр харагдаж байна.
Мөн 2015 оны 09 сарын 13-ны өдөр манай компани Мэргэн хангал ХХК-тай түрээсийн гэрээ бангуулан тээврийн хэрэгсэл түрээсэлсэн бөгөөд тус түрээсийн төлбөрийг манай компани төлөөгүй бөгөөд миний бие Т К ХХК-өмнөөс 2015 оны 10 сарын 13-ны өдөр төлж дуусгасан байдаг.
Түүнчлэн 2015 оны 10 сарын 03-ны өдөр Т К ХХК-ийн гүйцэтгэх захирал Солох ******* компанийхаа өмнөөс ХХК-иас усан тенийг 1,400,000 төгрөгөөр мөн тус компаниас 2015 оны 10 сарын 04-ний өдөр шахалтын насосыг 140,000 төгрөгөөр нийт 1,540,000 төгрөгөөр нэг өдрийн дараа худалдаж авах нөхцөлтэйгээр худалдаж авсан байдаг. Бараа бүтээгдэхүүнийг тухайн үед би даргын тушаалын дагуу ажил руугаа авч явсан юм. Тус компаниас барааны төлбөр болох мөнгийг удаа дараа Т К ХХК руу залгаж байсан боловч тухайн үед манай компанийн утас холбогдохгүй байсны улмаас дээрх барааг авч явсан түүнчлэн ерөнхий менежерын алба хашиж байсан гэдэг утгаар тухайн барааны төлбөрийг би хувиасаа гаргасан. Дээрх өр төлбөрийн асуудал гарч ирснээс үүдэн Т К ХХК надад нийт 5,353,000 төгрөгийн өртэй болсон боловч энэхүү мөнгийг төлөхөөс зайлшийн мөн намайг ажлаас болно.
Иймд шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл олох байсан цалин хөлсийг гаргуулан авах, ажилд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг даалгах, Т К ХХК-ийн өмнөөс бусдад өгсөн 5,353,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч компанийн удирдлагын зүгээс цаашид сунгах шаардлагагүй гэж үзсэн. Нэхэмжлэгч тухайн үед буюу Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 30 хоногийн хугацаанд шүүхэд болон бусад эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй нь өөрөө хүсэл зоригоо илэрхийлж хөдөлмөрийн харилцааг дуусгасан үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгч нь хуульд заасан шаардлага гаргах хугацаандаа шүүх болон бусад эрх бүхий байгууллагад ажлаас үндэслэлгүй халагдсан, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосонд гомдол гаргаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Манай байгууллагын өмнөөс бусдад төлбөр төлсөн гэх боловч төлсөн эсэх нь тодорхойгүй, ямар байгууллагад ямар зориулалтаар төлбөр хийсэн нь тодорхойгүй, шаардах эрхгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч М.Ж, хариуцагч Т К ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл олох байсан цалин хөлс 12,000,000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг даалгах, хариуцагчийн өмнөөс бусдад төлсөн 5,353,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М.Ж, хариуцагч Т К ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, хариуцагч Т К ХХК-ийн ерөнхий менежерээр ажиллажээ.
Хариуцагч Т К ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай” 01 тоот тушаалаар нэхэмжлэгч М.Жыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар ажлаас халжээ.
Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлийн аль нэгийг заавал баримталсан байх үүрэгтэй бөгөөд ийнхүү баримтлаагүй бол ажилтныг хууль бусаар ажлаас халсан гэж үзнэ. Мөн ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасны дагуу ажлаас халсан тушаалыг ажилтанд өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ түүнийг ажлаас халсан тухай 01 тоот тушаалыг нотлох баримтаар шүүхэд гаргасан, мөн тушаалыг гардуулсан эсэх талаар зохигч маргаагүй тул нэхэмжлэгч 2015 оны “Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай” 01 тоот тушаалд заасан 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор гардан авсан гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд ажлаас халсан тушаалыг гардаж авсан боловч өөрийн эрх, ашиг зөрчигдсөн үеэс эхлэн буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэлээр мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан нэг сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүй буюу дээрх үндэслэлээр тушаалыг гардан авсан үеэс хойш 23 сарын хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Мөн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн, уг хугацааг сэргээн тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргаагүй бөгөөд энэ талаархи шаардлага, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй, үндэслэл бүхий хүсэлтийг шүүхэд гарагаагүй байна.
Иймд нэхэмжлэгч М.Жын хариуцагч Т К ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл олох байсан цалин хөлс 12,000,000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч, хариуцагч Т К ХХК-д ажиллаж байх хугацаандаа тус компанийн нэрийн өмнөөс 5,353,000 төгрөгийг бусдад төлсөн тухай тайлбарлаж, 5,353,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч шаардлын үндэслэлээ нотолж ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 25 тоот тайлбарт, тус компанийн 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1,400,000 төгрөгийн, 04-ний өдрийн 140,000 төгрөгийн зарлагын баримт, мөн ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 17/04 тоот тайлбар, тус компанийн 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 3,813,000 төгрөгийн нэхэмжлэхийг тус тус нотлох баримтаар гаргаж тухайн баримтуудад дурдсан нийт 5,353,000 төгрөгийг хариуцагчийн нэрийн өмнөөс дээрх хоёр хуулийн этгээдэд төлсөн гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотолжээ.
Хариуцагч тал 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэгтэй танилцсан боловч татгалзлаа нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд болон шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтыг нотлох баримтаар үгүйсгэж няцаагаагүй тул мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу энэ талаархи нэхэмжлэгчийн тайлбарыг бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэж үзнэ.
Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагчийн ХХК, ХХК нарт төлөх өр төлбөрийг нэхэмжлэгч төлснөөр хариуцагч үүргээс чөлөөлөгдсөн болох нь ХХК, ХХК-иудын тайлбараар нотлогдож байх тул хариуцагч Т К ХХК-иас 5,353,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Жт олгох нь зүйтэй.
Хариуцагчийн төлөөлөгч 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагт товлогдсон шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг хүссэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлййн 496.1-д заасныг баримтлан хариуцагч Т К ХХК-иас 5,353,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Жт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар нэхэмжлэгч М.Жын хариуцагч Т К ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл олох байсан цалин хөлс 12,000,000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,800 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т К ХХК-иас 100,800 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч М.Жт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ