| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2018/00687/И |
| Дугаар | 484 |
| Огноо | 2018-02-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 484
| 2017 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 101/ШШ2018/00484 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: хотхон өөрийн байранд оршин байрлах ******* ******* ХХК-ийн /*******/,
Г*******ыг /*******/ шүүхийн журмаар эрэн сурвалжуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч С.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Энхбаяр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэн А.Г*******тай FLA no:016 тоот санхүү түрээсийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулж, 115,000,000 төгрөгийн үнийн дүнтэй ******* улсын дугаартай М-бенз Жи 500 загварын автомашиныг худалдахаар тохиролцож урьдчилгаа 60,000,000 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулсан. Гэтэл урьдчилгаа 60,000,000 төгрөгийг төлөлгүй, 50 хувь болох 30,000,000 төгрөгийг төлж, үлдсэн төлбөрийг 4 сарын хугацаанд төлж барагдуулахаар гэрээ байгуулсан.
Гэрээнд заасан хугацаанд төлөх ёстой нийт 120,858,758 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна. Хариуцагч А.Г******* нь хаягтаа байдаггүй, манайд өгсөн иргэний үнэмлэхийн хаягаар нь хоёр удаа очиход эмэгтэй хүн хаалга тайлж тийм хүн байдаггүй гэсэн, мөн түүний *******, ******* дугаараар ярихаар “уурхайд байна, удахгүй өгнө” гэдэг, манай компаниас залгахад дуудлага авдаггүй, өөр дугаараас бид ярьдаг байсан. Бас манай ажилтан Энхтайваны гүүрэн дээр машинтай зөрж таараад утсаар ярихад “уурхайд байна” гэж хэлсэн байсан. Одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжлуулж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* ******* ХХК, А.Г*******ыг эрэн сурвалжуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ автомашин худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг гаргуулахаар А.Г*******ад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дурдсан хаягт оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй байна гэх тайлбарыг гаргаж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1558 дугаартай захирамж, 016 тоот Санхүүгийн түрээсийн гэрээг хавсралтын хамт шүүхэд нотлох баримтаар гаргаж А.Г*******ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч ******* ******* ХХК Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т зааснаар хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд буюу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн тул хүсэлтийг хянан хэлэлцэх үндэслэлтэй.
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1558 дугаартай захирамжаар ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Г*******ад холбогдох 120,858,758 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-т зааснаар хүлээн авахаас татгалзсан байх тул хүсэлтийг хангаж 1966 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн Боржигон овгийн Амгаасэдийн Г*******ыг эрэн сурвалжилж түүний байгаа газрыг олж тогтоох ажиллагааг шүүхийн журмаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн тодорхойлсноор болон хэрэгт цугларсан баримтыг үндэслэн А.Г*******ын хамгийн сүүлд амьдарч байсан хаягийг Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж 21 дүгээр байрны 83 тоот хаяг гэж үзэж Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст эрэн сурвалжлах ажиллагааг явуулахаар даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Г******* /регистрийн дугаар:*******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар А.Г*******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ