Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 105

 

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:          

 

      Улсын яллагч                                          Д.Нямдэлэг

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                        А.Отгонбаяр

      Нарийн бичгийн даргаар                                 Б.Урангоо нар  оролцов.

 

           Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бордууд овогт Буянжаргалын Баттулгад холбогдох эрүүгийн 201618000220  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

           Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Увс аймгийн Зүүнговь суманд 1983 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, баяд, боловсролгүй, мэргэжил жолооч, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3-р баг Тийрэг гэх газарт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Бордууд овогт Буянжаргалын Баттулга /РД: ОД-83022817/,

 

           Шүүгдэгч Б.Баттулга нь 2016 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс З.Ганхүүгийн 1 тооны бярууг 02-15 СБА улсын дугаартай “Киа Бонго” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тодорхойлох нь

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

  1. Шүүгдэгч Б.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 07-р сарын  30-нд  сэжигтнээр  өгсөн:  ...2016 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг ороод буцахдаа Шаамар сум дайраад Цагааннуур орох замд Орхон голын эрэг дээр 10-д тооны үхэр байхаар нь тэр үхэрнүүд дотроос нэг бярууг оосорлоод авч явах гэж байтал нэг машинтай хүн гараад ирэхээр нь эзэн нь гэж бодоод нөгөө бяруугаа тавиад явуулсан юм. Тэгсэн тэр машинтай хүн над дээр ирээд “энд цэнхэр портертой хүмүүс харагдсан уу” гэхээр нь “үгүй” гэсэн чинь буцаад яваад өгсөн. Тэгээд би энэ хүн сэжиг авчихлаа гэж бодоод нөгөө бяруугаа оосорлосон оосортой нь хаяад Цагааннуур сум руу явсан. Тэгээд маргааш нь Шаамар сумын хэсгийн төлөөлөгч намайг дуудаж байна гээд би бусдын мал хулгайлсан гээд цагдаад байцаагдаж байгаа юм. Би үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 26-р ху/,

2.Шүүгдэгч Б.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 08-р сарын 11-нд яллагдагчаар өгсөн: ...Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнөх мэдүүлэг дээрээ бүх зүйлээ үнэн зөвөөр ярьсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 28-р ху/,

 3. Шүүгдэгч Б.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 08-р сарын 18-нд дахин яллагдагчаар дахин өгсөн: ...2016 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01 цагийн үед би өөрийн эзэмшлийн 02-15 СБА улсын дугаартай Бонго автомашиныг жолоодон Шаамар сумын гүүрний наахан голын эрэг орчим байх айлын хашааны гадна хэвтэж байсан үхэрнүүдээс 1 тооны улаан халзан охин бярууг хэвтэж байхад нь барьж аваад өөрийн олсоор эвэрнээс нь уяж ногтолсон. Ингээд бярууг хөтөлж машин руугаа явж байх үед машины гэрэл тусаад жижиг машинтай хүн ирж байгаа харагдахаар нь бярууг тавиад уяатай нь тэр чигт нь явуулсан. Ингээд машиндаа ороод сууж байхад нэг ах машинтайгаа ирээд “энд загас барьж байгаа цэнхэр өнгийн портер машинтай хүмүүс харагдав уу” гэхээр нь би “хараагүй” гэхэд намайг “юу хийж байгаа юм бэ” гэж асуухад “загас барих гэж байна” гэж хэлэхэд машинаа хөдөлгөөд яваад өгсөн. Ингээд би хэсэг зогсож байгаад машинаа асаагаад Цагааннуур сум руу гэр лүүгээ явсан. Тухайн үед би Сэлэнгэ аймаг ороод буцах замдаа айлын бярууг хулгай хийж авах гэж Шаамар суманд зогссон. Айлын хашаанаас 200 орчим метрийн зайд машинаа зогсоосон байсан. Би өөрөө уяа барьж алхаж очоод бярууг хэвтэж байхад нь барьж авсан юм. Машинтай хүн гараад ирнэ гэж бодоогүй байсан. Айлын хашаанаас бярууг хөтөлж яваад ойроцоогоор тал замдаа орсон 100 орчим метр явж байсан. Бяруу явж өгөхгүй байсан ба бярууг чирж явах гэж удсан юм. Машинд дөхөж очиход 100 орчим метр зайтай байсан. Би өмнө нь хүний мал маллаж байгаад бярууг нь чононд бариулчихсан юм. Гэтэл намайг “сайтар мал хараагүй гэж “бярууг төл” гэсэн юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 30-р ху/,

   4. Шүүгдэгч Б.Баттулгын 2016 оны 08-р сарын 26-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ... Би худлаа мэдүүлсэн юм. Би хүний мал маллаж байгаад бярууг нь чононд идүүлж өрөнд орсон зүйл байхгүй. Хүний бярууг чононд идүүлсэн өрөндөө хүний бярууг авах гэж байсан гэдэг маань худлаа мэдүүлчихвэл арай гайгүй юм болов уу гэж бодсон. Тухайн үед машинтайгаа ганцаараа явахад машины гэрэлд айлын гадна үхэрнүүд байгаа харагдахаар нь үхэр хулгай хийх санаа гэнэт төрөөд айлын бярууг хашааных нь гаднаас барьж авч ногтолж уяад машин руугаа чирж хүчээр авч явахаар татаж байхад машины гэрэл айлын цаанаас тусах шиг болохоор нь бярууг тавьж явуулаад машиндаа очиж суусан. Гэтэл машинтай хүн миний машин дээр ирээд “энд загас барьж байгаа цэнхэр портертэй хүмүүс байна уу” гэж асуухаар нь “би загас барих гээд байж байна” гээд явуулсан юм. Ингээд хэсэг хугацааны дараа машинаа хөдөлгөж явсан. Айлын хашааны гадна хэвтэж байхад нь барьж авсан юм. Тухайн айл голтой их ойрхон байна лээ. Голын дэргэд байгаагүй бол айлын хашааны гадна хэвтэж байсан тэр айлын үхэр болоод л хашааных нь гадна хэвтэж байсан байх.

...2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд өөрийн гэртээ байж байгаад ахын худалдан авсан үхрийг тээвэрлэж өгөхөөр Зүүнбүрэн сум руу өглөөний 09 цагийн үед явсан. Зүүнбүрэн суманд 10 цагийн үед очоод ахын худалдан авсан үхрийг машиндаа ачаад малын эмч Хишгээгээс гарал үүслийн бичиг аваад шууд Сэлэнгэ рүү явсан ба 13 цагийн үед очсон шиг санагдаж байна. Ахын худалдаж авсан үхрийг гэрийнх нь хашаанд буулгаж өгөөд төрсөн эгч Наташагийнд очоод хоол унд хийлгэж зурагт үзэж хэвтэж амарч байгаад оройны 23 цаг өнгөрөөд Цагааннуур сум руу явахаар ганцаараа гарч явсан. Ингээд явах замдаа айлын үхэр хашааныхаа гадна хэвтэж байгааг хараад машинаа айлаас наахан замаас гаргаж зогсоогоод машинаас цагаан өнгийн олс уяа аваад улаан халзан зүсмийн бяруу хэвтэж байхад нь барьж аваад ногтолж уяад машин руугаа авч явахаар хүчээр татаж явах үед машины гэрэл айлын цаанаас гарахаар нь бярууг тэр чигт нь уяатай нь явуулаад машиндаа очиж суусан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 63-р ху/,          

 5.Шүүгдэгч Б.Баттулгын 2016 оны 08-р сарын 31-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Миний хулгай хийхээр завдсан он, сар, өдөр мал ачиж авсан өдөр хоорондоо зөрөөд байна. Үүний учрыг хэлж мэдэхгүй байна. Би үхэр тээвэрлэж Сэлэнгэ рүү өгөөд буцах замдаа айлын үхэр хашааныхаа гадаа харагдахаар нь аваад явчихъя гэсэн санаа гэнэт төрөөд хулгайлж авахаар үхрийг ногтолж уяад байж байхад машины гэрэл тусахад тавьж явуулсан. Тухайн үед ийм л зүйл болсон. Анхнаасаа хулгай хийх санаа зорилготой Шаамар сум очоогүй. Харих гэж явах замд үхэр таарсан юм. Би Сэлэнгэ аймагт 2016 оны 06 дугаар сард л 1 удаа ирсэн санагдаж байна. Ахын үхрийг Зүүнбүрэн сумаас Сэлэнгэ рүү машинаараа тээвэрлэж авчирч өгөөд эгчийнд байж байгаад явсан өдөр л ирсэн. Үүнээс өмнө болон хойш Сэлэнгэ огт ороогүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 64-р ху/,   

   6.Шүүгдэгч Б.Баттулгын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Би Сэлэнгэ аймгийн Шаамар суманд явж байгаад голын эрэг дээр байсан айлын үхрийг олсоор оосорлоод авч явах гээд дийлэхгүй байсан учраас уяатай нь орхиод машин руугаа явсан. Тэгээд цаашаа Цагааннуур сум руу шууд явсан. Үхрээ эврээр нь оосорлоод би үхрийг дийлэхгүй байсан учраас авч яваагүй. Би тухайн үед айлын үхэр хараад гэрийнх нь гаднаас машиндаа байсан олсыг авч очоод нэг бярууг ногтлоод машин луугаа чирсэн. Машинаа гэрээс нь 200-гаад метрийн хол тавьсан байсан. Тэгээд машины гэрэл хараад бяруугаа оосортой нь тавьчихсан. Намайг эрэн сурвалжилсан гээд надаас мөнгө нэхэхэд  Шаамар сумын цагдаад 350.000 төгрөг өгсөн. Ял шийтгэлийг хөнгөлж өгөөч. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин ийм асуудал гаргахгүй. гэх мэдүүлэг,

  7.Хохирогч З.Ганхүүгийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 08-р сарын 02-ны  өдөр өгсөн:  ...Би Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий 2 дугаар багт тугалтайгаа нийлээд 20 тооны үхэр малладаг. 2016 оны 06 дугаар сарын 23-ны орой 19 цагын орчим үхрээ саагаад гэртээ орж хоолоо идчихээд 21 цагийн орчим тугалтай 4 үнээ болон 8 үхрийн хамтаар хашаад үлдсэн 8 үхрийг гадаа хэвтэж байхаар үлдээсэн юм. Тэгээд би 22 цаг 30 минутын орчим унтаад өгсөн. Тэгтэл шөнийн 00:00 цагийн орчимд миний утсанд 99242212 дугаараас дуудлага ирсэн. Аваад ярьтал манай нутгийн залуу Г.Наранбаатар байсан. Тэр хэлэхдээ “Ганхүү эгчээ би танай гэрийн гадаа байна, та гараад ирээч танай үхрийг чинь хулгайч хулгайлах гэж байна” гэсэн. Тэгэхээр нь би гараад хартал манай улаан халзан бярууг эвэрнээс нь ногтолж уясан байсан. Би гайхаад байж байтал Г.Наранбаатар “энэ бяруу танай бяруу мөн үү, голын эргээс үхэртэйгээ ирээд нийлчихлээ, та миний машинд хурдан суу, бяруу ирсэн зүгт голын эрэг дээр цагаан өнгийн машинтай баруун аймгийн аялагтай хүн байсан гялс очиж харья” гэсэн. Би машинд суугаад очтол тухайн бонго байхгүй байсан. Тэгэхээр нь би санаа зовоод одоо эзэн нь олдохоосоо өнгөрлөө гэж хэлтэл “Ганхүү эгчээ битгий санаа зов би өөрийнхөө гар утсан дээр машины дугаарыг авсан байгаа, одоо очоод уяатай байгаа бярууны чинь зургийг аваад цагдаад өгье” гэсэн. Гэрийн гадаа ирээд бярууны зургийг дарсан, өглөө зургийг цагдаагийн байгууллагад өгсөн. гэх мэдүүлэг, / хх-ийн 14-р ху/,

  8.Гэрч Н.Лувсанцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 08-р сарын 03-ны өдөр өгсөн: ...2016 оны 06 дугаар сарын 23-ны орой гэгээ тасарч байхад би аргамжсан бяруугаа авч хашаандаа оруулах гээд явж байтал манай гэрийн баруун талаас цагаан өнгийн Бонго маркийн машин дотор нь жолоочоос гадна нэг хүн суусан баруун хойшоо чиглэлтэй голын эрэг тал руу явж байсан. Би хараад манай Шаамарын машин биш байна гэж бодож байсан. Гэтэл маргааш өглөө манай хөрш болох З.Ганхүү “улаан халзан бяруугаа хулгайд алдах шахлаа манай бярууг оосорлочихсон байсан” гэсэн. Тухайн үед би 2 бяруу алдчихсан байсан. Тэгээд би сураг ажиг тавьтал урд орой миний харсан цагаан өнгийн машинтай гадаад байдал нь таараад байсан. Тэгэхээр нь би Ганхүүд хандан “би тэр машиныг өчигдөр харсан” гэж хэлсэн. Гэтэл манай нутгийн залуу Г.Наранбаатар зургийг авсан байсан. гэх мэдүүлэг, /хх-ийн 15-р ху/,

   9.Гэрч Г.Наранбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2015 оны 12-р сарын 02-ны өдөр өгсөн:  ...2016 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих орой Ардчилсан намын сонгуулийн ажилд томилогдоод жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэр өдөр Сэлэнгэ аймаг Шаамар сум Охиндий 2 дугаар багийн гудмаар гадны улсын дугаартай тээврийн хэрэгслүүд яваад байсан. Тэрийг шалгах зорилгоор өөрийн 43-78 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр гудмаар явж байтал голын эрэгт тулаад гудмаар баруун тийш эргээд 300 метр орчим явж байтал улаан халзан шүдлэн үхэр доголж явж байгаа харагдахаар нь зогсож байгаад сайн хартал ногтлож уясан бяруу, уясан оосор дээрээ гишгээд доголж яваа юм шиг харагдаад гудам руу орсон. Тэгэхээр нь үхрийн ирж байгаа зүгийн эсрэг зүүн зүг рүү явтал машины гэрэлд цагаан өнгийн машин орж ирсэн. Тэгэхээр нь гэрлээ тусгаад очиж зогсоод машинаасаа буухгүйгээр гэрлээ унтаахгүйгээр машины зургийг авчихаад бууж очоод хартал цонх нь онгорхой суудлаа хойшоо болгосон нэг хүн харагдсан. Надад энэ хүн малын хулгай хийж байж магадгүй гэж бодоод “цэнхэр портертой загас барьж байгаа хүмүүсийг харсан уу” гээд тэр залуугаас хуурамч асуулт асуутал “хараагүй” гэсэн. “Чи энд юу хийж байгаа юм бэ” гэтэл “загас барьж байна” гэсэн. Тэгж хэлэхээр нь би “за за” гэж хэлээд машиндаа суугаад үхрийн явсан гудам руу явтал нөгөө бяруу маань 10 тооны үхэр дунд орсон зогсож байсан. Тэгтэл тэр айлын эзэнг би таних учир гэрийн эзэн рүү 99242212 дугаараас З.Ганхүүгийн дугаар болох 95984365 дугаар луу залгаад “үхрийг чинь хулгай авч байна, би танай гадаа байна гараад ир” гэсэн чинь “одоо гарлаа” гээд утсаа тасалсан. 5 минут орчим болох хооронд би ногттой байсан улаан халзан бярууных нь зургийг нь аваад байж байтал Сүрэн, Ганхүү нар гараад ирэхээр нь “энэ танай бяруу мөн үү” гэтэл “тийм байна” гэсэн “хойно голын эрэг дээр танай үхрийг нэг Бонготой залуу ачаад явах гэж байна, суу явья” гэтэл нөхөр нь болох Сүрэн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд очоод зөрчил гаргах гээд байхаар нь би орхиж явах гээд нилээн цаг авсан нөхрийг үлдээгээд Ганхүүтэй цагаан Бонго байсан газар очтол нөгөө машин хөдөлсөн байсан. Миний бодлоор машин жолоодож байсан хүн гэрлээ асаалгүй явсан байх би айлын эзэнг хүлээж байхдаа хөдлөөд явчихаж магадгүй гээд хараад байтал огт гэрэл асаагүй. Тэгээд би буцаж гэрт нь хүргэж өгөөд бярууных нь зургийг авсан. 02-15 СБА улсын дугаартай цагаан өнгөтэй өндөрлөөтэй Бонго G2 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Жижиг долгионтой богино үстэй, улаан шардуу арьсны өнгөтэй намхан биеийн хөгжил сайтай, нас нь 30 очим насны, баруун нутгийн аялгатай хүн байсан. гэх мэдүүлэг, /хх 17-р ху/,

10.Гэрч Б.Наташагийн 2016 оны 08-р сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ... Үхэр тээвэрлэж авчирсан гэж ярьдаг өдрөө л манайд ирж байж байгаад орой харихаар гарч явсан өмнөх өдөр нь болон дараа өдөр нь манайд ирээгүй. Сэлэнгэ аймагт ирвэл манайд л ирж байдаг юм. Ахынд бол очоод байдаггүй. Би эгч нь учир хувцас хунарыг нь угааж өгөөд хоол унд хийж өгөөд явуулдаг. Сэлэнгэд найз нөхөд гэж хүн байхгүй. Үхэр авчирч өгсөн гэх өдөр манайд ирээд явснаас хойш нилээн удаж байж дахин манайд ирсэн. Үхэр авчирсан гэх өдрөөс өмнө ирээгүй удсан байсан. Хааяа хааяа даа нэг орж ирдэг юм. Тэрнээс байнгын Цагааннуур суманд малаа малладаг юм. Б.Баттулгад өөрийн нэг машин байгаа. Өөр эд хөрөнгө гээд байх зүйл байхгүй. Мал хунар байхгүй. Миний хэдэн тооны малыг маллаад Цагааннуур суманд байдаг юм. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 61-р ху/,         

  11.Шүүгдэгч Б.Баттулгын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 23-р ху/, сэжигтнээр тооцох тогтоол, /хх 25-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, /хх 26-р ху, яллагдагчаар татах тогтоол, /хх 27-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 28-р ху/, ял өөрчлөн буюу нэмж сонсгох тогтоол, /хх 51-р ху/, яллагдагчийн байцаасан тэмдэглэл, /хх 52-53-р ху/, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, /хх 24-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, /хх 37-р ху/, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, /хх 38-р ху/, битүүмжилсэн хөрөнгөнд үнэлгээ хийсэн “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээ, /хх 39-40-р ху/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, /хх 65-70-р ху/, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт, /хх 41-р ху/,  эд мөрийн баримтаар тооцож  хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зураг, /хх 42-43, 45-46–р ху/,хураан авах тогтоол, /хх 44-р ху/, хулгайд алдагдсан гэх эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт, /хх 9-р ху/,тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх 10 –р ху/, жолоочийн лавлагаа, /хх 11-р ху/,  шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа,  /хх 74-р ху/, зэрэг болно.

 

 Шүүгдэгч Б.Баттулга нь 2016 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс З.Ганхүүгийн 1 тооны бярууг 02-15 СБА улсын дугаартай “Киа Бонго” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт  шүүгдэгчийн ...Ингээд бярууг хөтөлж машин руугаа явж байх үед машины гэрэл тусаад жижиг машинтай хүн ирж байгаа харагдахаар нь бярууг тавиад уяатай нь тэр чигт нь явуулсан, /хх 30-р ху/, ...Тухайн үед машинтайгаа ганцаараа явахад машины гэрэлд айлын гадна үхэрнүүд байгаа харагдахаар нь үхэр хулгай хийх санаа гэнэт төрөөд айлын бярууг хашааных нь гаднаас барьж авч ногтолж уяад машин руугаа чирж хүчээр авч явахаар татаж байхад машины гэрэл айлын цаанаас тусах шиг болохоор нь бярууг тавьж явуулаад машиндаа очиж суусан, ...Ингээд явах замдаа айлын үхэр хашааныхаа гадна хэвтэж байгааг хараад машинаа айлаас наахан замаас гаргаж зогсоогоод машинаас цагаан өнгийн олс уяа аваад улаан халзан зүсмийн бяруу хэвтэж байхад нь барьж аваад ногтолж уяад машин руугаа авч явахаар хүчээр татаж явах үед машины гэрэл айлын цаанаас гарахаар нь бярууг тэр чигт нь уяатай нь явуулаад машиндаа очиж суусан юм, /хх 63-р ху/, гэх мэдүүлгүүд, ...хохирогч З.Ганхүүгийн ...Аваад ярьтал манай нутгийн залуу Г.Наранбаатар байсан. Тэр хэлэхдээ “Ганхүү эгчээ би танай гэрийн гадаа байна, та гараад ирээч танай үхрийг чинь хулгайч хулгайлах гэж байна” гэсэн. Тэгэхээр нь би гараад хартал манай улаан халзан бярууг эвэрнээс нь ногтолж уясан байсан. Би гайхаад байж байтал Г.Наранбаатар “энэ бяруу танай бяруу мөн үү, голын эргээс үхэртэйгээ ирээд нийлчихлээ, та миний машинд хурдан суу, бяруу ирсэн зүгт голын эрэг дээр цагаан өнгийн машинтай баруун аймгийн аялагтай хүн байсан гялс очиж харья” гэсэн. Би машинд суугаад очтол тухайн бонго байхгүй байсан. Тэгэхээр нь би санаа зовоод одоо эзэн нь олдохоосоо өнгөрлөө гэж хэлтэл “Ганхүү эгчээ битгий санаа зов би өөрийнхөө гар утсан дээр машины дугаарыг авсан байгаа, одоо очоод уяатай байгаа бярууны чинь зургийг аваад цагдаад өгье” гэсэн, /хх 14-р ху/, гэх мэдүүлэг,  гэрч Г.Наранбаатарын ... Тэр өдөр Сэлэнгэ аймаг Шаамар сум Охиндий 2 дугаар багийн гудмаар гадны улсын дугаартай тээврийн хэрэгслүүд яваад байсан. Тэрийг шалгах зорилгоор өөрийн 43-78 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр гудмаар явж байтал голын эрэгт тулаад гудмаар баруун тийш эргээд 300 метр орчим явж байтал улаан халзан шүдлэн үхэр доголж явж байгаа харагдахаар нь зогсож байгаад сайн хартал ногтлож уясан бяруу, уясан оосор дээрээ гишгээд доголж яваа юм шиг харагдаад гудам руу орсон. Тэгэхээр нь үхрийн ирж байгаа зүгийн эсрэг зүүн зүг рүү явтал машины гэрэлд цагаан өнгийн машин орж ирсэн. Тэгэхээр нь гэрлээ тусгаад очиж зогсоод машинаасаа буухгүйгээр гэрлээ унтаахгүйгээр машины зургийг авчихаад бууж очоод хартал цонх нь онгорхой суудлаа хойшоо болгосон нэг хүн харагдсан, гэх мэдүүлэг, /хх 17-р ху/,  болон бусад нотлох баримт болох мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Иймд шүүгдэгч Б.Баттулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32-р зүйлийн 32.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-д заасан “...машин механизм хэрэглэн хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 Шүүх хууль сануулагдан өгсөн гэрч, хохирогч нарын мэдүүлэг  зэрэг нь үнэн зөв, эргэлзээгүй, үндэслэлтэй баримтууд мөн гэж үзлээ.

 Шүүгдэгч Б.Баттулгад прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул уг зүйл ангиар ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа  хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч  нь  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, хуульд заасан хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй  байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49-р зүйлийн 49.2-д  ...”гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг заавал хураана” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Баттулгыг хулгайн гэмт хэрэг үйлдэхийг завдахдаа “машин механизм хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлтэй байгаа боловч шүүгдэгч Б.Баттулгын үйлдэл нь туйлдаа хүрээгүй төгсөөгүй завдалт байсан тул түүний эзэмшлийн тээврийн хэрэгслийг заавал хураах шаардлагагүй гэж үзлээ. Иймд хавтаст хэргийн 37-р хуудсанд  битүүмжлэгдсэн 02-15 СБА улсын дугаартай, цагаан өнгийн “Киа Бонго” маркийн автомашиныг болон хавтас хэргийн 45-р хуудсанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн № 009221366 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт эзэмшигч Б.Баттулгад буцаан өгөх нь зүйтэй.

  Шүүгдэгч Б.Баттулга нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон  хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 7 метр 60 см урт олсыг /хх 42-р ху/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй  гэсэн болохыг тус тус  дурьдах нь зүйтэй.

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р  зүйлийн  290.3, 294,295, 296, 297, 298-р зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ  нь:

 1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэхь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Бордуй овогт Буянжаргалын Баттулгыг мөн хуулийн ерөнхий ангийн 32-р зүйлийн 32.3-д заасныг журамлан, тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “...машин механизм хэрэглэж хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60-р зүйлийн 60.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баттулгын эд хөрөнгийг хураахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баттулгад оногдуулсан  01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн  дэглэмтэй  хорих ангид  эдлүүлсүгэй.

4. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Баттулга нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134-р зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хавтаст хэргийн 37-р хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож 02-15 СБА улсын дугаартай, цагаан өнгийн “Киа Бонго” маркийн автомашиныг болон хавтас хэргийн 45-р хуудсанд  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн № 009221366 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Б.Баттулгад буцаан олгосугай.

 6. Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  88-р зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 7 метр 60 см урт олсыг /хх 42-р ху/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болмогц устгасугай.

 7.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баттулгад оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.      

 8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.5-дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгуулагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг шүүгдэгч  Б.Баттулгад сануулсугай.

 9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баттулгад хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.    

10.Шүүгдэгч Б.Баттулгад урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүсүгэй.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

12. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос  хойш 7 хоногийн дотор  тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, уг тогтоолын хувийг прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч болон хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 303.2, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306-р зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас  хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид бусдын батлан даалтанд өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            С.НОЛХООСҮРЭН