| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Туяа |
| Хэргийн индекс | 166/2019/0062/Э |
| Дугаар | 37 |
| Огноо | 2019-04-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 37
Х.Ж-, Т.Б- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2019/0062/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Д.Энхтуяа
Шүүгдэгч Х.Ж-, Т.Б-
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаа, Ж.Туяа
Нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 61 дугаар шийтгэх тогтоолтой, Т-ын Б-, Х-ийн Ж- нарт холбогдох, 1818008900553 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, урьд нь 2017 оны 9 дүгээр сарын 05-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Б- овогт Т-ын Б-,
Монгол Улсын иргэн, урьд нь:
- 1996 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2.д зааснаар 1 жил хорих ялаар шийтүүлж, Өршөөлийн хуулиар суллагдсан,
- 1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3.д зааснаар 1 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- 1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 2.д зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийттүүлж, 10 сар 12 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
- 2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3.д зааснаар 1 жил б сар 12 хоног хорих ялаар шийттүүлж, ялын хугацаа дуусаж суллагдсан,
-2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдэж, 9 сар 20 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
- 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 2 жил 4 сар хорих ялаар шийтгэгдэж, 1 жил 6 сар 22 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3.д зааснаар 3 жил 5 сар хорих ялаар шийтгэгдэж, 10 сар 8 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Х- овогт Х-ийн Ж-.
Шүүгдэгч Т.Б-, Х.Ж- нар нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр архи ууж улмаар дахин архи уух архины мөнгө олох зорилгоор Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн Хөтөл хороолол, Тоосгоны үйлдвэрийн агуулахын жижиг модон цонхыг эвдэж, шүүгдэгч Т.Б- дотогш нэвтрэн орж хохирогч Т.Б-гийн эзэмшлийн 120 амперын хүчин чадалтай 4 ширхэг аккумуляторыг авч, шүүгдэгч Х.Ж- гаднаас нь авч бусдад 104.000 төгрөгөөр худалдан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 61 дугаар шийтгэх тогтоолоор:
- Шүүгдэгч Х- Х-ийн Ж-, Б- Т-ын Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3., 3.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар шүүгдэгч Х.Ж-д 1 /нэг/ жил 1 /нэг/ сар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар шүүгдэгч Т.Б-д 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1., 2.д заасныг журамлан шүүгдэгч Т.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 268 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар 3 хоног хорих ялаар тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 2 жил 1 сар 3 хоног хорих ял, шүүгдэгч Х.Ж-д оногдуулсан 1 жил 1 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдаж,
- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичх эрхтэйг дурдаж,
- Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ж-, Т.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Хохирогч Т.Б- давж заалдах гомдолдоо:
...Т.Б- манай дүү Т.Б-ыг харж ханддаг бөгөөд Т.Б- нь цус харвасан. Би 2 хөлөндөө хиймэл үетэй гэр хороололд амьдардаг болохоор мод хагалахаас авахуулаад хүнд байдалтай байна. Учир нь дүү бид хоёр хоёулаа өвчтэй тул бид хоёрыг асарч хандах хүнгүй учраас амьдрахад хэцүү байгаа тул Т.Б-ын ялын хугацааг багасгаж өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.Ж- тайлбартаа:
Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Т.Б- тайлбартаа:
Хийсэн хэрэгтээ гэмшиж байна., ахуй амьдралыг харгалзан үзэж ялаас хасаж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Ж.Туяа тайлбартаа:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.д зааснаар Т.Б-д оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.Ж-ы өмгөөлөгч Н.Баярмаа тайлбартаа:
Ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Энхтуяа дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.Б-, Х.Ж- нарт холбогдох эрүүгийн хэргийг хохирогч Т.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагааг хянаж үзвэл:
Шүүгдэгч Т.Б-, Х.Ж- нар нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр архи ууж согтуурсан үедээ дахин архи уух архины мөнгө олох зорилгоор Дархан сумын Малчин багийн Хөтөл хороололд үйл ажиллагаа явуулдаг шүүгдэгч Т.Б-ын төрсөн эгч Т.Б-гийн Тоосгоны үйлдвэрийн агуулахын жижиг модон цонхоор нэвтрэн орж 120 амперын хүчин чадалтай хуучин 4 аккумуляторыг цонхоор гаргаж, шүүгдэгч Х.Ж- гаднаас нь тосож авч 104.000 төгрөгөөр худалдан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Тэдний үйлдэл нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт болох хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн шүүгдэгч нарын өөрсдийн мэдүүлэг, хохирогч Т.Б-, гэрч Х.Н-, П.Г- нарын мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээ хийсэн дүгнэлт болон тухайн үед болсон үйл баримтаар нотлогдож тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх шүүгдэгч нарт хуульд заасан ял оногдуулжээ.
Шүүгдэгч Х.Ж-д оногдуулсан ял тохирсон бөгөөд шүүгдэгч Б.Б-ын хувьд үйлдсэн хэргээ үнэн зөв хүлээн мэдүүлж, гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан., мөн хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан мөн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу 1 жил 3 сар хорих ял оногдуулж, энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах боломжтой байна.
Иймд хохирогч Т.Б-гийн гаргасан ...шүүгдэгч Н.Б- нь миний төрсөн дүү., миний биеийн эрүүл мэнд муу, хөлөндөө хиймэл үетэй байнга эмнэлгээр явдаг., ах Т.Б- нь цус харавсан түүнийгээ хардаг.., бидний энэ амьдралын хүнд байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан оногдуулсан ялаас хасаж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 61 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2., 3., 4 дугаар заалтыг:
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар шүүгдэгч Х.Ж-ыг 1 жил 1 сар хорих., шүүгдэгч Т.Б-ыг 1 жил 3 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй... гэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1., 2.д заасныг журамлан шүүгдэгч Т.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сар хорих ял дээр Дархан- Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 268 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 сар 07 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 4 сар 7 хоног хорих ялаар шийтгэсүгэй ...гэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 1 жил 4 сар 7 хоног хорих ял, шүүгдэгч Х.Ж-д оногдуулсан 1 жил 1 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй... гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Хохирогч Т.Б-гийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
3.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Ц.ТУЯА