Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 03

 

                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7-р багт оршин суугч, иргэн Х.Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдох

Гуравдагч этгээд: Т.Б

“Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/37 тоот тушаал хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Ц, хариуцагч Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие Х.Ц нь 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 2 дугаар сар хүртэл Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын "Гэр бүл, хүүхэд, залуучуудын сургалт, судалгаа" хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад "Залуучуудын хөгжлийг дэмжих тухай" хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор 2018 оны 2 дугаар сарын 1-ны өдрөөс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх "Залуучуудын хөгжлийн төв"-ийн сургалт хариуцсан ажилтнаар ажиллаж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс сурах, мэргэжил дээшлүүлэх зорилгоор чөлөө авч явсан. Миний сурахаар явсан хугацаанд СО\/ID-19 цар тахал дэгдсэний улмаас суралцаж чадаагүй. Миний бие сургалт хариуцсан ажилтнаар ажиллаж байх хугацаандаа 2019 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл тус газрын "Хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан" мэргэжилтний албан тушаалыг хавсран гүйцэтгэж байсан. Би 2020 оны 4 дүгээр сард ирж ажилдаа орох хүсэлт тавихад миний ажиллаж байсан үндсэн орон тоо болох "сургалт хариуцсан ажилтан"-ны орон тоон дээр өөр хүн ажиллаж байгаа тул хавсран гүйцэтгэж байсан "Хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан" мэргэжилтний орон тоон дээр орох санал тавихад миний бие төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтад орж тэнцэж нөөцөд бүртгэлтэй байсан тул харилцан зөвшилцөж тус албан тушаалд томилогдон ажиллаж байсан боловч 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр надад мэдэгдэх хуудас өгөлгүй 7 дугаар сарын 1-ны өдрөөр ажлаас чөлөөлсөн тушаал ажпын ширээнд тавьсан байсан. Иймд миний бие холбогдох дээд байгууллага болох төрийн албаны Увс аймаг дахь салбар зөвлөлд 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр бичгээр хандсан. Төрийн албаны Увс аймаг дахь салбар зөвлөл надад хариу ирүүлээгүй тул хариу авахаар холбогдох албан тушаалтантай утсаар холбогдоход өргөдлийг чинь энэ долоо хоногт судлан шийдвэрлэж хариу өгнө гэсэн хариу хэлсэн тул төрийн албаны Увс аймаг дахь салбар зөвлөлийн хариу ирүүлэхийг хүлээхгүйгээр шүүхэд хандаж байна. Иймд тус тушаалыг хүчингүй болгож ажилгүй байсан үеийн цалинг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус байгууллагын төрийн үйлчилгээний ажилтан Х.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Улаанбаатар хотод 3 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэн суралцах хүсэлттэйгээр 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл чөлөө авсан. Манай байгууллага нь уг албан хаагчийг суралцаж байгаа нь үнэн тохиолдолд ажлын байрыг хэвээр хадгалах ёстой боловч ажилтан Х.Ц нь суралцаагүй Солонгос улсад гарч ажиллах виз гаргуулсан байсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Б шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч Х.Ц нь тус байгууллагын төрийн үйлчилгээний ажилтнаар ажиллаж байгаад 2019 оны 10 дугаар сарын 30-аас 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Улаанбаатар хотод эмчилгээтэй байгаа ээжийгээ асрахаар 1 сарын цалинтай чөлөө авсан.

Х.Ц нь үргэлжлүүлэн Улаанбаатар хотод 3 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэн суралцах хүсэлттэйгээр 2019 оны 11 дүгээр сарын 30-аас 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл чөлөө хүссэн .

Уг ажилтан урт хугацааны чөлөө хүссэн тул өргөдлийг хянан хэлэлцээд судалж үзэхэд, суралцаж байгааг нь нотлох баримт бичиг байхгүй, Солонгос улсад гарч ажиллах виз гаргуулсан байсан тул чөлөө олголгүй ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч Х.Ц нь тухайн үед уг шийдвэртэй холбоотой ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй, эргэж холбоо бариагүй учир манай байгууллага шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн. Нэхэмжлэгч Х.Ц нь төрийн захиргааны орон тоо буюу хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтний орон тоонд ажиллах ёстой гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл 2011 оноос хойш хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтнээр Т.Б ажиллаж байгаад ажлын хэрэгцээ шаардлагаар 2019 онд Гэр бүлийн боловсрол, сэтгэл зүй хариуцсан мэргэжилтнээр байгууллага дотроо сэлгэн ажилласан. Уг орон тоо нь сул орон тоо болсон тул Х.Цын мэргэжилтэй уялдуулан амаар зөвшилцөн /ажил хавсарган гүйцэтгэх тушаал шийдвэр тухайн үед гараагүй/ хавсарган гүйцэтгэж байгаад 2019 оны 11 сарын 01-нээс 2020 оны 3 дугаар сарын 01 хүртэл чөлөө хүсэн ажлын байраа орхин яваад 2020 оны 4 дүгээр сард ирж дахин ажиллах хүсэлт тавьсан.

2020 оны 2 сард байгууллагын бүтэц, орон тоо шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан томилгоо хийгдэж Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтнээр  Т.Б томилогдсон байсан. Т.Б нь хүүхэд асрах чөлөөтэй байсан тул оронд нь Х.Цын хүсэлтийг харгалзан үзэж өөртэй нь зөвшилцөн түр ажиллуулсан” гэжээ.

Гуравдагч этгээд Т.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Т.Б нь 2011 оны 9 дүгээр сарын 13-нд Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газарт Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтнээр анх ажилд орсон бөгөөд 2018 оныг дуустал хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2019 онд Гэр бүлийн боловсрол, сэтгэлзүй хариуцсан мэргэжилтнээр ажилласан.

2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 9 дүгээр сар хүртэл жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байсан ба 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ажилд буцаж орохдоо Хүүхдийн хөгжил, оролцоо зорилтот бүлгийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж байна.

Энэ хугацаанд хөгжил оролцоо хариуцсан мэргэжилтний албан тушаалд түр ажиллаж байсан Х.Ц нь нэхэмжлэл гаргасан тул Төрийн албаны тухай хуулийн дагуу ТЗ-5 зэрэглэлийн албан тушаал дээр 10 дахь жилдээ шаардлага ханган ажиллаж байгаа миний эрхийг хамгаалж хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Нэхэмжлэгч Х.Ц шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Би 2016 оны 10 дугаар сараас Увс аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвийн сургалт хариуцсан мэргэжилтнээр 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төрийн захиргааны албан тушаал дээр ажиллаж байсан. Энэ хугацаанд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль батлагдаж, хуулийн хэрэгжилттэй холбогдуулан 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс Увс аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвийн сургалт хариуцсан ажилтан болж төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдсон. Чөлөө авах хугацаа хүртэл буюу 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан мэргэжилтний ажлыг хавсран гүйцэтгэж байсан. Н.Т.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан мэргэжилтний ажлыг гүйцэтгэж байгаад 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Гэр бүлийн боловсрол сэтгэл зүй хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад жирэмсний амралтаа аваад явсан. Тэр хугацаанд би Хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан мэргэжилтэн болон Увс аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвийн сургалт хариуцсан мэргэжилтний ажлыг давхар гүйцэтгэж байсан. Давхар ажил хийж байсан боловч хуулийн хүрээнд нэмэлт цалин урамшуулал авч байгаагүй. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргад ээжийгээ асрах мөн цаашид суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлж 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл чөлөө хүссэн хүсэлт өгсөн. Даргын хувьд аман байдлаар зөвшөөрч 1 сарын цалинтай чөлөө өгсөн боловч 1 сарын цалингаа өгөөгүй. Би 1 сарын хугацаанд Улаанбаатар хотын 62 дугаар сургуулийн багш нартай хамтран Солонгос улсад мэргэжил дээшлүүлж явсан. 2020 оны 2 дугаар сард Улаанбаатар хотод ирэх ёстой байсан боловч Ковид-19 халдварт өвчний тархалттай холбогдуулан тусгаарлалтад ороод 2020 оны 4 дүгээр сард ирсэн. Увс аймагт ирээд Увс аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Нтай уулзаж, хуучин ажиллаж байсан сургалт хариуцсан мэргэжилтний ажилд эргэж орох гэсэн боловч дарга Б.Н “хуучин ажил дээр чинь өөр хүн томилогдсон байгаа. Чи Төрийн албаны нөөцөд бүртгэлтэй байгаа учир өөрийн ажилтайгаа хавсран гүйцэтгэж байсан хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаал дээрээ түр томилогдон ажиллаж бай. Төрийн захиргааны албан тушаал дээр 3-6 сарын хугацаанд ажиллаж байж жинхлэгдэх тушаал гарна” гэж хэлсэн. Дарга бид хоёр хоорондоо зөвшилцсөний үндсэн дээр би Төрийн албаны салбар зөвлөл дээр очиж “төрийн албан хаагчийн нөөцөд байгаа гэсэн бичиг баримтаа аваачиж өгөөд 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс түр томилогдсон тушаал аваад ажиллаж байсан.

Хариуцагч А.Б тухайн үед байгууллагын хүний нөөц хариуцсан мэргэжилтний албан тушаал эрхэлж байсан тул намайг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өрөөндөө дуудаад ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн. Дарга Б.Н манайг дуудаж уулзаж, бичгээр ямар нэгэн хариу өгөөгүй. Би үдийн цайнд яваад иртэл ажлаас чөлөөлөх тушаал ширээн дээр байсан. Дарга Б.Н надад ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгөөгүй.  Миний шүүхэд нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь:

1. 2020 оны 10 дугаар сард жирэмсний амралтаас орж ирсэн Н.Т.Бийг хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан мэргэжилтэн болгох гэж байсан бол яагаад хоёр сарын өмнө буюу 2020 оны 7 дугаар сард намайг ажлаас эрт чөлөөлсөн болох нь ойлгомжгүй байна.

2.Н.Т.Б нь жирэмсний амралт авахаас өмнө гэр бүлийн боловсрол сэтгэл судлалын мэргэжилтний албан тушаал эрхэлдэг байсан байж жирэмсний амралтаас буцаж орохдоо яагаад хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдсон болох нь ойлгомжгүй байна.

3. Увс аймгийн Засаг даргын захирамжаар 2020 оны 2 дугаар сард байгууллагын бүтэц орон тоо шинжлэн батлагдаад бүх албан тушаалтнууд томилогдсон байдаг. Тэр үед Н.Т.Бийг томилсон тушаал байдаггүй.

Увс аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Н бид хоёр анх зөвшилцөхдөө: хуучин ажиллаж байсан сургалт хариуцсан мэргэжилтний албан тушаалаасаа татгалзаж, хавсран гүйцэтгэж байсан хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан мэргэжилтэн дээрээ 3-6 сарын дараа жинхлэгдэх зөвшилцөл хийсэн учир ажиллаж байсан. Намайг ажлаас чөлөөлөхдөө жирэмсний амралтаас орж ирэх гэж байгаа тул ажлаас чөлөөлж байна гэсэн тайлбар хийсэн. Бүтэн нэг жилийн хугацаанд хавсран гүйцэтгэж байсан хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан мэргэжилтнээс чөлөөлсөн учир шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Х.Ц нь 2016 онд Увс аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвийн сургалт хариуцсан мэргэжилтнээр 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төрийн захиргааны албан тушаал дээр ажиллаж байсан. Энэ хугацаанд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль батлагдаж, хуулийн хэрэгжилттэй холбогдуулан 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс Увс аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвийн сургалт хариуцсан ажилтан болж төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдсон. Х.Ц нь Төрийн албаны Увс аймаг дахь салбар зөвлөлд гомдол гаргасан байсан тул холбогдох баримт бичиг, хариу тайлбарыг хүргүүлсэн. Төрийн албаны Увс аймаг дахь салбар зөвлөлөөс Х.Цт зохих хариуг өгсөн байсан.

Х.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр цалинтай чөлөө хүссэн өргөдөл бичиж өгсөн. Тус өргөдөлд Улаанбаатар хот руу өвчтэй ээжийгээ асрах шаардлагатай байх тул цалинтай чөлөө олгож өгнө үү гэсэн агуулгатай чөлөө хүссэн өргөдөл өгсөн. Дарга Б.Н өргөдлийг хүлээн авч Х.Цтай зөвшилцөөд хүндэтгэх үзэх шалтгаантай байх тул цалинтай чөлөөг нь өгсөн байдаг. Гэхдээ манай байгууллагын дотоод журамд урт хугацааны цалинтай чөлөө авах боломжгүй байдаг. Чөлөөний хугацаа дууссан байхад Х.Ц нь ажилдаа ирэхгүй дахин “Улаанбаатар хотод 3 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэн суралцах болсон тул цалингүй урт хугацааны чөлөө олгож өгнө үү” гэсэн өргөдөл гаргасан байдаг. Гэтэл Х.Ц шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Солонгол улс руу мэргэжил дээшлүүлэх сургалтад явахаар байгууллагаас урт хугацааны чөлөө авсан талаар тайлбар гаргаж байна. Манай байгууллагад Х.Ц нь Солонгос улс руу гарч суралцах гэж байгаа талаараа мэдэгдээгүй. Мөн өөрийн гаргасан өргөдөл дээрээ дурдаагүй байсан.

Төрийн албаны тухай хуульд “төрийн албан хаагч нь 6 сараас дээш хугацаагаар суралцах шаардлага гарвал урт хугацааны чөлөө олгож, суралцаж байгаа нь үнэн бол ажлын байрыг нь хэвээр хадгалах хуулийн зохицуулалттай байдаг.

Манай байгууллагын зүгээс Х.Цын 3 сарын хугацаатай чөлөө хүссэн өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж үзэхэд Улаанбаатар хотод суралцаж байгаа гэсэн нотлох баримт байгаагүй. Солонгос улс руу ажиллахаар виз гаргуулсан байсан. Х.Цыг чөлөө хүссэн өргөдөл гаргахад дарга Б.Н амаар чөлөө олгоно гэж хэлсэн байдаг боловч албан ёсоор чөлөө олгосон тушаал шийдвэр байхгүй. Х.Ц ажилдаа ирэхгүй байсан тул хяналт шалгалт хийж үзтэл Солонгос Улс руу гарах виз гаргуулсан байсан учир ажлын байраа орхин явсан шалтгаанаар ажлаас нь чөлөөлж орны хүнийг албан тушаалд нь томилсон байдаг.

Х.Ц нь ажлаас чөлөөлөгдөх тушаалаа мэдсэн байтлаа эргэж ямар нэгэн хариу мэдэгдэж гомдол гаргаагүй учир тухайн үеийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн. Х.Цын Улаанбаатар хотод 3 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэн суралцах болсон тул цалингүй урт хугацааны чөлөө олгож өгнө үү гэсэн өргөдлийн хугацаа 2020 оны 3 дугаар сард дуусах ёстой байсан. Гэтэл 2020 оны 4 дүгээр сард Х.Ц ажил дээр ирж буцаад ажилд томилогдох хүсэлтэй байна гэж газрын дарга Б.Нтай ирж уулзсан. Х.Цын өмнө нь ажиллаж байсан төрийн үйлчилгээний албан тушаалаас чөлөөлж өөр хүн авсан байгааг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Х.Ц хүний нөөцөд бүртгэлтэй байсан учир төрийн захиргааны албан тушаалын түр орон тоонд ажиллах санал тавихад Х.Ц хүлээн зөвшөөрсөн байдаг. Тухайн төрийн захиргааны сул албан тушаал дээр тусгай шалгалт зарласны дараа шалгалтад 1 дүгээр байранд орсон хүн төрийн захиргааны албан тушаалд жинхлэгдэх эрхтэй болох учир төрийн захиргааны түр албан тушаалд Х.Цыг жинхлэх боломжгүй. Харин түр ажиллуулах боломжтой байсан. Х.Ц нь газрын дарга Б.Нтай зөвшилцөж хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан мэргэжилтний түр албан тушаал дээр ажиллахаар болж тушаал гарсан. 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Засаг даргын захирамжаар манай байгууллагын бүтэц шинэчлэн батлагдсан учир бүтэц орон тоон дээр байгаа хүмүүсийг бүгдийн чөлөөлж, тухайн байгууллагад ажиллаж байсан ээлжийн амралттай ажилтан буюу хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтнуудыг бүгдийг нь оролцуулж томилгоо хийгддэг учир 2020 оны 2 дугаар сарын 10-нд томилгоо хийгдсэн. Шинэ бүтцийн дагуу томилгоо хийгдэж байгаа тул хүний нөөцийн шалгалт өгч тэнцсэн, шатлан дэвшүүлэх боломжтой ажилтнуудыг судлан үзээд томилгоо хийгдсэн. 2020 оны 2 дугаар сард шинэ бүтцийн дагуу Н.Т.Бийг гэр бүлийн боловсрол сэтгэл зүй хариуцсан мэргэжилтнээс чөлөөлж, тухайн орон тоонд хүний нөөцөл бүртгэлтэй Ц.Оюун-Эрдэнийг томилж, Н.Т.Бийг хүүхдийн хөгжил оролцоо буюу эрсдэлтэй хүүхэд хариуцсан мэргэжилтнээр томилсон байдаг. Н.Т.Бийн хүүхэд асрах чөлөө дуусаагүй байсан тул томилоод эргээд чөлөөлсөн. 2020 оны 4 дүгээр сард Х.Ц нь хүүхэд асрах чөлөөтэй байсан Н.Т.Бийн оронд түр ажиллахаар даргатай зөвшилцөж түр тушаалаар ажиллаж байсан. Х.Ц нь хэдийгээр төрийн албаны нөөцөд байгаа боловч тухайн албан тушаал дээр тусгай шалгалт зарлуулж байж шинэчлэгдэх ёстой. Х.Ц түр тушаалаар ажиллаж байгаад 2020 оны 7 дугаар сард ажлаас чөлөөлөх тушаал нь гарсан. Ажлаас чөлөөлөх тушаал гарахаас өмнө би тухайн үед хүний нөөц хариуцсан ажилтан байсан тул Х.Цыг өрөөндөө дуудаж сонсох ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Т.Бийн тушаал шийдвэрүүд хэрэгт авагдсан байгаа” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Ц тус шүүхэд хандан “Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/37 тоот тушаал хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс сурах, мэргэжил дээшлүүлэх зорилгоор чөлөө авч явсан. Хуучин ажиллаж байсан сургалт хариуцсан мэргэжилтний албан тушаалаасаа татгалзаж, хавсран гүйцэтгэж байсан хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан мэргэжилтэн дээрээ 3-6 сарын дараа жинхлэгдэх зөвшилцөл хийсэн учир үргэлжлүүлэн ажиллах боломжтой. Н.Т.Б нь жирэмсний амралт авахаасаа өмнө гэр бүлийн боловсрол, сэтгэл судлалын мэргэжилтний албан тушаал эрхэлдэг байсан байж жирэмсний амралтаас буцаж орохдоо яагаад хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдсон болох нь ойлгомжгүй байна” гэж тодорхойлсон ба  тэрээр Увс аймгийн  Гэр бүл , хүүхэд залуучуудын хөгжлийн газрын төрийн захиргааны албан тушаал буюу “Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн”-ий ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Х.Ц нь 3 сарын чөлөө хүссэн өргөдөлдөө Улаанбаатар хотод мэргэжил дээшлүүлэх сургалтад гурван сарын хугацаатай хамрагдах хүсэлтэй байгаа тухайгаа илэрхийлсэн байдаг. Ажлаас чөлөөлсөн шийдвэртэй маргаагүй. Мөн чөлөө хүссэн өргөдлийн хугацаа дууссаны дараа буюу 4 дүгээр сард ажилд томилогдох хүсэлт гаргаж, газрын дарга Б.Нтай зөвшилцөн хүүхэд асрах чөлөөтэй байсан Н.Т.Бийн оронд түр тушаалаар ажиллаж байсан” гэжээ.

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын гаргасан тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогчоос гаргасан нэмэлт тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Гуравдагч этгээд Т.Бид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд өөрийг нь оролцуулахгүйгээр хуралдааныг явуулж өгөх тухай хүсэлтийг ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч талаас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан болохыг тэмдэглэв.

Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Нгийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/37 тоот тушаалаар “Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн” Х.Цыг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.3.4 дэх хэсэгт зааснаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Х.Цыг анх 2016 оны 10 дугаар сард Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “Гэр бүл, хүүхэд, залуучуудын сургалт, судалгаа” хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулсан ба улмаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор тухайн байгууллагын бүтэц, орон тоонд өөрчлөлт орж, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвийн сургалт хариуцсан ажилтан”-аар төрийн үйлчилгээний албан тушаалд томилжээ.

Х.Ц нь шүүхэд “сургалт хариуцсан ажилтнаар ажиллаж байх хугацаандаа Т.Бийг өөр ажилд сэлгэн ажиллуулсан тул түүний эрхэлж байсан “Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн”-ий ажлыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хавсран гүйцэтгэж байсан” гэсэн тайлбар гаргасан ба хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрсөн байгаа боловч холбогдох “ажил үүргийг хавсран болон түр орлон гүйцэтгүүлэх” тухай тушаал, шийдвэрийг гаргаагүй байна.

Тэрээр 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгууллагын удирдлагадаа хандан “Улаанбаатарт эмчилгээтэй байгаа ээжийгээ асрах зорилгоор 1 сарын хугацаатай цалинтай чөлөө хүсэж” өргөдөл, хүсэлт гаргажээ. Хариуцагч уг хүсэлтийн дагуу “Х.Цт нэг сарын чөлөө олгосон” гэх тайлбар ирүүлсэн боловч бас л холбогдох тушаал, шийдвэрийг  гаргаагүй байна. Харин түүний “11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар хотод 3 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах” тухай хүсэлт, өргөдлийг хянан хэлэлцэж, судалж үзээд суралцаж байгааг нь нотлох баримт бичиг байхгүй, Солонгос улсад гарч ажиллах виз гаргуулсан гэдэг үндэслэлээр чөлөө олгохгүйгээр Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/25 дугаартай тушаалаар “Залуучуудын хөгжлийн албаны сургалт, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан” ажлаас нь чөлөөлсөн болох нь тогтоогдож байна.

 Х.Ц нь ТҮ-6 зэрэглэлийн “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвийн сургалт хариуцсан ажилтан”-аар ажиллаж байх хугацаандаа ТЗ-5 зэрэглэлийн “Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн” гэсэн орон тоог Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дахь хэсэгт зааснаар “Албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагч нь үндсэн албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр албан үүргийнхээ зэрэгцээ түр орлох албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлж, үр дүнг хариуцна” гэж заасны дагуу түр орлон гүйцэтгэж байсан гэж үзэхээр байгаа боловч тэрээр үндсэн албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөр түр орлон гүйцэтгэж байсан албан тушаалаасаа давхар чөлөөлөгдөж  хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгч “чөлөө хүссэн 3 сарын хугацаа хэтрүүлж, 2020 оны 04 дүгээр сард Улаангомд ирсэн учраас “Залуучуудын хөгжлийн албаны сургалт, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан” ажлаас чөлөөлсөн тушаалтай маргаагүй” гэж шүүх хуралдаан дээр тайлбарласан байна.

Иймээс шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Х.Цыг “Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн”-ий ажлаас чөлөөлсөн Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын  2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/37 тоот тушаалын хууль зүйн үндэслэл, үйл баримтад дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэв.

Увс аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга нь Х.Цын хүсэлтийг харгалзан үзэж  өөртэй нь зөвшилцөн Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.3.4 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 ду гаар сарын 25-ны өдрийн 472 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/43 дугаар захирамжийг үндэслэн 2020 оны 4 сарын 15-ны өдрийн Б/30 дугаартай тушаалаар түүнийг “Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоон дээр түүнийг түр томилжээ.

Увс аймгийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн А/43 тоот захирамжаар Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зохион байгуулалтын зураглал, бүтэц орон тоог шинэчлэн баталснаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 2 сарын 10-ны өдрийн Б/05 тушаалаар жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байсан Т.Бийг Хүүхдийн хөгжил, оролцоо, зорилтод бүлгийн хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилж, Б/07 тушаалаар Т.Бид хүүхэд асрах чөлөөг үргэлжлүүлэн олгох   тушаал гарчээ. Үүнээс үзэхэд хүүхэд асрах чөлөөтэй байсан Т.Бийн орон тоон дээр Х.Цыг түр томилсон байх ба өөрөөр хэлбэл “Хүүхдийн хөгжил, оролцоо, зорилтод бүлгийн хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоо нь сул орон тоо болох нь тогтоогдохгүй байна.

 Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.4 дэх хэсэгт “жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэх” зааснаар хүүхэд асрах чөлөөтэй байсан Т.Бийн Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтний орон тоон дээр төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй Х.Цыг түр томилж, чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэлт хийхэд хариуцагч Увс аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5, 43 дугаар зүйлийн 43.3.4 дэх хэсэгт зааснаар “Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн Х.Цын түр орлон гүйцэтгэх хугацаа дуусгавар болсон” гэж үзэж ажлаас чөлөөлснийг буруутгах боломжгүй гэж үзлээ.

Иймээс нэхэмжлэгч Х.Цын “Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилд түр томилох” тухай Б/37 тоот тушаалыг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулаад нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5, 43 дугаар зүйлийн 43.3.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Цын “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 7 сарын 01-ний өдрийн “Ажилд түр томилох” тухай Б/37 тоот тушаалыг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1,  47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.ОЮУНГЭРЭЛ