Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******ад холбогдох 1723000400029 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1992 онд Завхан аймгийн Улиастай сумд төрсөн, тусгай дунд боловсролтой, 26 настай, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Завхан аймгийн *******хаан сумын ******* багт оршин суух хаягтай, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын үйлчилгээ аж ахуйн тасагт жолооч ажилтай, одоогоор Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн ******* хэсэгт түр оршин суух, ******* овогт *******ийн ******* РД: ******* Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу иргэн Д.*******ын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн ******* хэсэгт орших өөрийн гэртээ иргэн Д.*******ыг шалтгаангүйгээр зодсон хэргийн үйл баримт нь хохирогч Д.*******ын энэ талаараа мэдүүлсэн “...найз *******тэй хамт явж байгаад нэг танихгүй айлд орсон. Тэр айлын эзэн нь гэсэн нэг согтуу залуу байж байгаад бид хоёрыг оронгуут манай эхнэрийг олоод ир гэхээр нь ******* гэрээс гараад явсан. Тэгээд бид 2 гэрт үлдээд байж байтал тал шил архинаас надад 2 рунк архи хийж өгөөд өөрөө ч бас уусан. Архи уухын өмнө намайг хэний хүүхэд вэ энэ тэр гээд жаахан юм ярьж сууснаа гэнэтхэн босож ирээд миний зүүн талын нүд, ам руу цохисон. Тэгээд толгой руу хундагаар цохисон уу гэлтэй цус гоожсон. Тэгээд намайг барьж аваад чирээд дахиж толгой руу ч өшиглөсөн. Би залуу хүүхдийг яагаад ч хүчрэхгүй юм билээ зугтах гээд чадахгүй байсан... Бид 2-ын дунд муудалцах асуудал болоогүй...” гэсэн мэдүүлэг, Гэрч Х.ын “... манай нөхөр 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө 08 цагийн үед өөрийнхөө гэртээ согтуу ирсэн. Тэгэхээр нь би бага хүүгээ өгчихөөд ээжийг урдаас нь тосох гээд гараад явсан. Тэгээд ээжийг тосчихоод хамт ирсэн чинь манайд нэг хүнд зодуулчихсан байж байсан. Намайг ороод иртэл нөгөө хүнийг баруун хөлөөрөө эрүү, нүүр рүү нь өшиглөсөн. Тэгээд ширээгээ цохиод хагалчихсан. Би гайхаад юу болоод байгаа юм бэ гээд байж байтал удаа ч үгүй эхнэр нь гээд нэг хүн цагдаа дагуулж ирээд манай нөхрийг авч явсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч П.гийн “...2017 оны 09 сарын 01-ний өглөө би ажилдаа 07 цаг өнгөрөөгөөд гарчихсан байж байтал 08 цаг өнгөрч байхад утас дуугараад ******* над руу залгаад ******* айлд орчихсон, айлынх нь хүн ааш зан муутай байна, аваадхаач гэхээр нь би гэрийг нь заалгуулаад ******* гэх айлд ороход манай нөхрийг зодсон бололтой нүүр нь хавдчихсан, цус болчихсон байхаар нь би цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдож байна. Хохирогч, гэрчүүдээс хуульд заасан журмаар мэдүүлэг авсан, тэд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенийхээ мэдүүлгийг нотолсон, хэрэг гарах үеийн үйл баримтанд шууд хамааралтай байх тул шүүх дээрх мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлэсэн болно. Дээрх үйлдлийн улмаас хохирогч Д.*******ын биед хөнгөн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 201720174 дугаартай “Иргэн Д.*******ын биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд, зүүн чамархайн ар дээд хэсэгт, доод уруулын баруун дотор талд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд хавдар, цус хуралт, зүүн бугалганы гадна дээд хэсэгт, хэвлийн урд хэсэгт, багана нурууны зүүн талд 10-11-р хавирганы орчим цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогдоогдож байна. Иймд шүүгдэгч Б.*******ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүх Б.*******ыг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Б.*******ад холбогдох 1723000400029 дугаартай хэргийг 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл шаардлагагүй гэж үзлээ Шүүгдэгчээс хохирогч Д.******* хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.4, 1.5, 4,5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б. *******ад оногдуулсан 500/ таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000/ таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1/нэг/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгчийн торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.*******ад 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгчийн хувьд оногдох хөрөнгийг битүүмжилсэн 2017 оны.......... өдрийн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч Б.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА