| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2017/0060/Э |
| Дугаар | 62 |
| Огноо | 2017-11-09 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.******* Шүүгдэгч М.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Завхан аймгийн Прокурорын газраас 2002 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох 201713000047 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Завхан аймгийн Алдархаан сум ******* багт оршин суудаг, одоогоор Завхан аймгийн Улиастай сум Өлзийт баг ******* хэсэг ******* тоотод түр оршин сууж байгаа, улсаас явсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын *******, Регистрийн дугаар: *******, М.******* нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан буюу орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
2017 оны 04 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн тоотод оршин суух иргэн Ж.ийн амбаараас 11.9 килограмм жинтэй 4 ширхэг бугын эвэр алдагдсан хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч Ж.ийн “...2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байх өглөө босоод ажилдаа явчихаад байж байсан чинь манай хашаанд цуг байдаг дүү над руу залгаад амбаарын цонх онгорхой шилийг чинь аваад тавьсан байна ороод үзсэн чинь бугын эвэрнүүдийг чинь аваад явсан байна гэсэн. Тэгээд очсон чинь манай хашаанд байдаг амбаарын цонхны шилийг аваад дотор талд нь тавиад тэгээд дотроос нь 4 эвэр байсныг аваад явчихсан байсан. 2017 оны 03 сарын 20-ны хавьцаа Богдын гол өгсөж явж олсон эвэр байгаа юм. Эвэр алддагийн урд өдөр би амбаараас мотоцикл орж авахад эвэр байсан, цонхны шил бүтэн байсан... Би тухайн үед хэмжээд тавьчихсан байсан тэгэхэд 11 кг 900 грамм болж байсан юм. 3-н эвэр нь 6 салаа, нэг жижиг нь 4 салаа байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.ын “... 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өглөө ажлаасаа буугаад гэртээ ирсэн чинь манай ахын амбаарны цонх нь онгорхой, тагласан байсан шил нь байхгүй байсан. Тэгээд яагаад онгойсон юм бол гэж бодоод гэрээс түлхүүр аваад орж үзсэн чинь амбаарт байсан эвэр нь байхгүй байхаар нь ахад хэлсэн. Амбаарын зүүн буланд брезентэн өрхөн доор байсан 3 том, 1 жижиг эвэр алга болсон байсан. Тус эврийг 2017 оны 03 дугаар сарын дундуур хангай явж “Өвт” гэх газраас түүсэн. Амбаарын цонхыг бөглөсөн бөглөөс нь байхгүй байсан тэрүүгээр л орсон байх хаалга, цоож нь зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч А.гийн “2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байх нэг залуу надтай уулзаад та эвэр авч байгаа юм уу гэж асуухад авч байна гэж хэлсэн чинь та дэнжээс очоод 4 эвэр аваадхаач гэж хэлсэн. Тэгээд тэр хүүхэдтэй Дэнжид нэг хашааны гадаа очоод нөгөө хүүхэд ороод эвэр аваад гараад ирсэн. Тэгээд хиллэж үзсэн чинь 9.5 кг болж байсан санагдаж байна. Тэгээд тэр хүүхдэд 320.000 төгрөг өгөөд эврээс аваад явсан. Одоо эвэрнүүд байхгүй, хот руу ачуулчихсан. Тухайн эвэрнүүд байгалийн жамаар унасан эвэрнүүд байсан. Гайгүй шинэвтэр эвэр, нэг эвэр нь арай хуучирсан байж болзошгүй байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.ын “... Би 2017 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Богдын гол багийн нутагт хадмынд хоносон. Маргааш нь ахтай хамт ямаа самнах гээл Идэр сум явсан. Би хөдөө ямаа самнаж байгаад ирсэн чинь Хадмын амбаараас эвэр алга болсон байна гэж байсан... Би *******тай эвэр хулгайлах талаар яриагүй, хадмын амбаарт эвэр байна лээ гэж л ярьсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч О.гийн “Бугын эврийг тусад нь тогтоож, үнэлэх үнэлгээ байдаггүй. Хэрэв буга алж, устгаж зориудаар авсан тохиолдолд тухайн буганы экологи, эдийн засгийн үнэлгээгээр үнэлдэг юм. Тиймээс унасан эврийг тухайн зах зээлд байгаа ханшаар нь үнэлдэг. Бугын эвэр унасан тохиолдолд түүхэд ямар нэгэн зөвшөөрөл хураамж, авдаггүй...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн “хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрхи хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол зэрэг нөхцөл байдлыг нотолж байгаа энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх хуралдаанаар хэлэлцээд шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Түүнчлэн шүүгдэгч М.******* нь хэргээ хүлээн мэдүүлж гэм буруугийн талаар маргахгүй байгааг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч М.*******ын хулгайн үйлдлийн улмаас хохирогч Ж.ид 476000 төгрөгний хохирол учирсан болох нь экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдож байна. М.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн энэ мэдүүлгүүд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн гэрчүүдийн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болгох боломжтой. Шүүгдэгч М.******* нь орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хангалттай нотлогдож байх тул 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч М.*******ын үйлдсэн орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн үйлдлийн шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлсан байр, агуулахад нэвтэрч” гэсэн үйлдлийн шинжтэй дүйцэж байгаа бөгөөд энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ялаас хүндэрч байх тул 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч М.*******т ял шийтгэл оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. М.*******ыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирлын хэр хэмжээ, хувийн байдал болон хохирогчийн “хохирлоо бүрэн барагдуулж авсан. Одоо санал гомдолгүй ”гэсэн хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүний иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдаж түүний хувьд оногдох хөрөнгөнөөс битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5,1.6,1.8, 4,5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ын эд хөрөнгөнөөс хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
5. 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд М.*******т хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Цагдаагийн байгууллагад үүрэг болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүний иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч М.*******т 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр авсан хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 150000 төгрөгний үнэ бүхий хагас автомат угаалгын машин 1 ширхэг, 80 литрийн багтаамжтай хөлдөөгч 1 ширхэгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА